Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаар тушаалын хавсралт

 

ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ

ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого явуулахтай холбогдсон харилцааг Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулна.

 

Хоёр.Галт зэвсгийн тооллого явуулах

2.1.Галт зэвсгийн тооллого явуулах ажлыг Цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ зохион байгуулна.

2.2.Ажлын хэсэг нь галт зэвсгийн тооллого явуулах удирдамж, төлөвлөгөө гарган холбогдох алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллана.

2.3.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого явуулах ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчилна.

2.4.Ажлын хэсэг галт зэвсгийн тооллогыг зохион байгуулахдаа бусад байгууллагатай хамтран ажиллаж, тооллого, бүртгэлийг зохион байгуулах ажилд бүх шатны Засаг дарга нар дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

2.5.Иргэн, хуулийн этгээд тооллого зохион байгуулагдах хугацаанд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг дараах баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлнэ. Үүнд:

          2.5.1.Галт зэвсгийн гэрчилгээ;

          2.5.2.Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/;

          2.5.3.Галт зэвсгийг биет байдлаар авч ирэх.

2.6.Ажлын хэсэг нь дараах ажлыг зохион байгуулна:

2.6.1.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийг гаргаж, бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг илрүүлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл цуглуулж, бусад албадыг мэдээллээр хангах;

2.6.2.Галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх;

2.6.3.Галт зэвсгийн тооллогын дүнг улсын хэмжээнд нэгтгэн цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулна.

 

Гурав. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг

3.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага дараах үүргийг хүлээнэ.Үүнд:

3.1.1.Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд галт зэвсгийн тооллого явуулах ажлын хэсэг байгуулж, улсын хэмжээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэгт тооллого явуулах удирдамжийн дагуу салбар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.1.2.Галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллого явуулж, бүртгэлд хамрагдаагүй нуугдмал, галт зэвсгийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээтэй болгох ажлыг зохион байгуулж галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн мэдээллийн сан, судалгааг шинэчлэх, галт зэвсгээр үйлдэгдсэн нуугдмал гэмт хэргийг илрүүлэх;

3.1.3.Галт зэвсгийн тооллогын ажлыг зохион байгуулахдаа иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг нэг бүрийг /гол төмөр, сангийн анги, замагны дугаар/ гэрэл зургийн аргаар баримтжуулж, материалд хавсаргах;

3.1.4.Тооллогын явцад Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасан үндэслэл тогтоогдвол галт зэвсэг, сумыг тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар баримтжуулан хураан авч, Цагдаагийн төв байгууллагын холбогдох нэгжид хүргүүлнэ.

3.1.5.Галт зэвсгийн тооллогын дүн мэдээг нэгтгэн, тогтоосон хугацаанд ажлын хэсэгт ирүүлэх.

 

Дөрөв. Хүлээлгэх хариуцлага

4.1.Галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй иргэн, хуулийн этгээдэд Галт зэвсгийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.

 

----оОо----