Хэвлэх DOC Татаж авах

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн

А-105 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

УРГАМАЛ, ТҮҮНИЙ  ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдээс зах зээлд бэлтгэн нийлүүлж буй ургамал, түүний  гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, таримал ургамлын үр, суулгацын гарал үүслийг тогтоох, хүнсний сүлжээний бүх үе шатанд чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор бүртгэл, хяналтын тогтолцоо, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэхүү журмыг  таримал болон байгалийн ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээд, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон бүх шатны мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид  дагаж мөрдөнө.

1.3. Зөвхөн гэр бүлийн хэрэгцээндээ зориулан тариалсан, хураасан, түүсэн таримал болон байгалийн ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн энэхүү журамд үл хамаарна.

1.4 Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог хуульд тодорхойлсны дагуу дор дурьдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

1.4.1. “анхан шатны үйлдвэрлэл эрхлэх” гэж - хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.7-д заасныг;

1.4.2.  “таримал ургамал” гэж – ургамал хамгааллын тухай хуулийн 3.1.2-д заасныг;

1.4.3.  "үр" гэж –таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 3.1.2-д заасныг;

1.4.4   “ургамлын өвчин” гэж – ургамал хамгааллын тухай хуулийн 3.1.4 –д заасныг; 

1.4.5   “хөнөөлт шавж” гэж – ургамал хамгааллын тухай хуулийн 3.1.5 –д заасныг; 

1.4.6   “хөнөөлт мэрэгч амьтан” гэж - ургамал хамгааллын тухай хуулийн 3.1.6–д заасныг; 

1.4.7   “ургамал хамгаалах бодис” гэж – Ургамал хамгааллын тухай хуулийн 3.1.8-д заасныг.

1.5.Хог ургамал гэдэгт тухайн талбайд тариалж буй ургамлаас өөр ургамлыг ойлгоно.

1.6.Ургамал, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гэж тариалангийн үйлдвэрлэлд болон хүнс, тэжээлд хэрэглэх, борлуулах, зориулалт бүхий   таримал болон байгалийн ургамал түүний үр, жимс, цэцэг, иш, навч, үндэс, тарьц, суулгацыг ойлгоно.

 

Хоёр. Зах зээлд борлуулах ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох гарал үүслийг бүртгэж гэрчилгээжүүлэх

 

2.1.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дор дурдсан иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг нь харгалзан энэхүү журамд заасан дагуу гарал үүслийг хянан бүртгэж гэрчилгээ олгоно. Үүнд:

2.1.1.Өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд ургуулсан ургамал, түүний  гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд худалдах гэж байгаа, тухайн сумын харъяат иргэн хуулийн этгээд,

2.1.2.Тухайн талбай түүнийг өмчлөгч, эзэмшигчтэй нь бичгээр байгуулсан гэрээний дагуу түрээсээр эзэмшиж, ашиглаж байгаа талбайд ургуулсан ургамал түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах гэж байгаа иргэн хуулийн этгээд,

2.1.3.Худалдан борлуулах зорилгоор байгалийн ургамал (жимс, самар, мөөг эмийн ургамал) түүсэн иргэн, хуулийн этгээд.

2.2.Газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй,  гэрээ хийсэн боловч түүнийгээ уг сумын тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно.

2.3.Зах зээлд бүтээгдэхүүнээ худалдахыг хүссэн анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч нь энэ тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан талбайн түүхийн дэвтрийг тогтмол хөтөлсөн байна.

2.4.Талбайн түүхийн дэвтэргүй, дэвтэртээ зохих тэмдэглэлийг хөтлөөгүй иргэн, хуулийн этгээдэд уг талбайгаас хураасан ургацыг зах зээлд нийлүүлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй.

2.5.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ борлуулахыг хүссэн иргэн нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын дагуу тариаланч иргэний баталгааны тэмдгийг энэ журмаар баталсан загвараар хийлгэсэн байна.

2.6.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг тариаланч иргэний баталгааны тэмдгийн дардас нь тухайн аймаг, сум, багийн код болон иргэний овог, нэр, регистр, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн санд бүртгүүлсэн дугаар бүхий зууван дугуй хэлбэртэй байна.

2.7.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгч иргэн нь худалдах бүтээгдэхүүнийхээ гэрчилгээн дээр иргэний баталгааны тэмдэг, хуулийн этгээд нь аж ахуйн нэгжийн тэмдэгийг дарсан байна.

Гурав. Зах зээлд борлуулах ургамал, түүний  гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээ, түүний код

3.1.Зах зээлд худалдах зориулалтаар бэлдсэн, чанар, хорио цээр, аюулгүй    байдлын шаардлага хангасан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгоно.

2.Сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь “Ургамал хамгааллын тухай” хуулийн 13.2.2 дахь заалтыг үндэслэн хүнс, тэжээлийн дор дурьдсан 7 төрлийн ургамал, 6 төрлийн таримлын үр, суулгацыг бүртгэж, гарал үүслийн гэрчилгээ олгоно.

Нэг: Ургамал

1.Үр тариа, тэжээлийн таримал

2.Төмс

3.Хүнсний ногоо

4.Буурцагтан

5.Тос техникийн ургамал

6.Жимс, жимсгэнэ

7.Байгалийн ургамал

8.Бусад ...........

Хоёр:  Таримлын үр, суулгац

9. Үр тариа, тэжээлийн таримлын үр

10.Төмсний үр

11.Хүнсний ногооны үр

12.Буурцагтаны үр

13.Тос, техникийн  ургамлын үр

14.Жимс, жимсгэний суулгац

15.Бусад үр ................. г.м

3.3.Бусад ургамал гэдэгт шинээр нутагшиж, тарималжсан зах зээлд борлуулах дээрхи бүлэгт багтахгүй /эмийн, чихрийн болон олсны гэх мэт/ ургамлыг ойлгоно.

3.4.Зах зээлд борлуулах ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гэрчилгээний хуудас нь энэхүү тушаалаар баталсан загвараар хэвлэсэн маягт байх ба “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээний код”-ын тэмдэглэгээнд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код” /MNS5641-0-2006, MNS5641-1-2006, MNS5641-2-2006, MNS5641-3-2006 стандарт/-ыг ашиглах бөгөөд 6 оронтой тоо байна.

3.5.Дараагийн 5 орон нь  анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгосон дугаар байна.

3.6.Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний таримлын код нь 2 оронтой, таримлын үр, суулгац нь 2 оронтой  тоо байна. (хавсралт-3) 

Тайлбар жишээ. 65-Архангай аймаг, 01-Эрдэнэбулган сум, 51-Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг. 26845- анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчийн код, 1.1 – буудай, 9.1- буудайн үр .

3.7.Зах зээлд борлуулах ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээний загвар энэхүү журмын 2 дугаар хавсралтад зааснаас өөр байж болохгүй. Энэ журамд зааснаас өөрөөр хэвлэсэн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Дөрөв. Зах зээлд борлуулах ургамал, түүний  гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох гарал үүслийн

гэрчилгээг олгох, хэрэглэх

4.1. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь гарал үүслийн гэрчилгээ олгохдоо борлуулах гэж буй тухайн түүхий эд, бүтээгдэхүүнд гадаад өнгө, үнэр, бүтэц өөрчлөгдсөн, ялзарч муудсан, хортон шавж, түүний авгалдай, хүүхэлдэй, хог ургамлын үр, механик хольц, байгаа эсэхэд мэдрэхүйн үзлэг хийж, талбайн түүхийн дэвтрийн тэмдэглэлийг нь үндэслэнэ.

4.2. Шаардлагатай тохиолдолд ургамал, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийлгэсний дараа гэрчилгээ олгож болно.

4.3. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох гарал үүслийн гэрчилгээг уг бүтээгдэхүүний биологи, хими, физикийн шинж чанар болон аж ахуйн шинж чанарыг харгалзан энэ тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан хугацааг баримтлан олгоно.

4.4. Гэрчилгээнд заасан хугацаа нь дууссан түүхий эд, бүтээгдэхүүнд дахин үзлэг хийж гэрчилгээг шинээр олгоно.

4.5. Гэрчилгээг 3 хувь үйлдэж, 1 хувийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хадгалах ба 2 хувийг уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид олгоно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хүнсний сүлжээний дараагийн шатны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг дагалдуулан 1 хувийг өгч, 1 хувийг өөртөө хадгална.

4.6. Нэг нэр төрлийн код, гарал үүсэл, чанартай бүтээгдэхүүнд тоо хэмжээг харгалзахгүйгээр нэг дугаартай гэрчилгээ олгох ба олон газарт борлуулах нөхцөлд гэрчилгээг хувилан олгоно. Хувилсан гэрчилгээг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өөрийн тэмдэг, баталгааны тэмдгээр баталгаажуулна.

4.7.Тариаланч иргэн, хуулийн этгээд нь гэрчилгээний хувь бүр дээр тариаланч иргэний баталгааны тэмдэг /хуулийн этгээдийн тэмдэг/ дарсан байна.

4.8.Тариаланч иргэн, хуулийн этгээдийн тэмдгийн дардасгүй болон хувилсан дардастай гэрчилгээг хүчингүйд тооцно.

4.9.Орон нутгаас нийлүүлэгдэж буй ургамал, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тухайн зах, худалдааны газрын дэргэдэх дотоод хяналтын лаборатори нь энэ журмын 4.1-д заасан гарал үүслийн гэрчилгээг шалгаж баталгаажуулан энэ тухай тэмдэглэгээ хийнэ.

4.10.Хүнсний худалдааны төвийн дэргэдэх дотоод хяналтын лаборатори нь орон нутгаас олгосон гэрчилгээг хураан авч бүртгэл хөтөлж, архивлан хадгална.

4.11.Гарал үүслийн гэрчилгээний хуваарилалт, олголт, бичилт, хэрэгжилтэд  Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

4.12. Гэрчилгээ олгосон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээний талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд цахимаар болон албан тоотоор жил бүр хүргүүлж, эдээллийн сан бүрдүүлнэ.  

4.13. Хэрэглэгчдэд ургамал, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбоотой хүссэн мэдээ, мэдээллийг нээлттэйгээр өгч байх үүргийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээнэ.   

Тав. Анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч, ургамал, түүний  гаралтай хүнсний  түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулагч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

5.1.Анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 129 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг бүртгэх, сан бүрдүүлэх, ашиглах заавар”-ын дагуу харъяа мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан байна. 

5.2. Энэхүү бүртгэлийн дугаарыг авахдаа иргэн, хуулийн этгээд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим маягтыг (www.fsi.gov.mn) веб сайтаас татан авч, нэвтрэх цонхны “хэрэглэгч” гэсэн хэсэгт USER. “нууц үг” гэсэн хэсэгт 123456 гэж бичиж бүртгүүлнэ. 

5.3.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад тээвэрлэгч нь авто тээврийн шалган бүртгэх нэгжийн шаардлагаар гарал үүслийн гэрчилгээг шалгуулах үүрэгтэй бөгөөд стандартын дагуу тээвэрлэнэ.

5.4.Орон нутгаас олгосон гэрчилгээг дахин ашиглах, засварлах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.

5.5. Гэрчилгээ олгохтой холбогдсон асуудлаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй.

5.6.Гэрчилгээгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдсан болон тээвэрлэсэн этгээд нь түүнтэй холбогдон гарсан бүх хариуцлагыг хүлээнэ.

5.7.Өөрийн өмчлөл, эзэмшлийн талбайг аливаа иргэн хуулийн этгээдэд албан ёсны гэрээгүй ашиглуулж тариалсан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар гарсан аливаа зөрчлийн хариуцлагыг тухайн газрыг өмчлөгч, эзэмшигч хүлээнэ.

Зургаа. Хариуцлага

6.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүх шатны газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч холбогдох хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.

6.2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд улсын байцаагч холбогдох материалыг бүрдүүлэн хуулийн байгууллагад шилжүүлнэ.

 

-------------оОо-----------------