Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2015 оны 396 дугаар
   тогтоолын хавсралт


ТӨРӨӨС АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
(2015-2020 ОН)

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байна” гэж заасан бөгөөд улмаар “Хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологид суурилсан, экспортын баримжаатай, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болно” гэсэн зорилгыг дэвшүүлсэн.

Өнөөгийн байдлаар манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Иймээс аж үйлдвэрийн салбарыг төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий хөгжлийн тэргүүлэх салбар болгохын тулд Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.

Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолын 2 дугаар заалтын 1 дэх хэсэгт “бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги хөтөлбөрийг таван жилээр төлөвлөж, холбогдох төлөвлөгөө, төслийг боловсруулан баталж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” (цаашид “стратеги” гэх)-ийг боловсруулах үндэслэл болно.

Хоёр. Стратегийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа,
баримтлах зарчим

  2.1. Хамрах хүрээ

  Стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчилнэ.

  2.2. Хэрэгжүүлэх хугацаа

  Стратегийг 2015-2020 онд хэрэгжүүлнэ (“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх I үе шат)

  2.3. Баримтлах зарчим

Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

     2.3.1. тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, ногоон технологид суурилсан  үйлдвэрлэлийг дэмжих;

     2.3.2. экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

     2.3.3. дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

     2.3.4. төр, шинжлэх ухаан, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах;

     2.3.5. аж үйлдвэрийн салбарын мэдээллийн ил тод байдал, оролцогч талуудын шударга өрсөлдөөнийг дэмжих.

Гурав. Стратегийн зорилго, зорилт

3.1. Стратегийн зорилго

Стратегийн зорилго нь үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оршино.

3.2. Стратегийн зорилт

    Зорилт 1. Үйлдвэрлэл, худалдааг дэмжсэн, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;

    Зорилт 2. Аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс, орон зайн горимыг тодорхойлж, үйлдвэрүүдийн байршил, хүчин чадлыг тогтоох, Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал боловсруулах, салбарын мэдээллийн тогтолцоог сайжруулах;

    Зорилт 3. Бүс нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тогтоон, үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратегийг боловсруулан, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркийг эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн дэд бүтцийн хамт цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх;

    Зорилт 4. Дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг санхүүгийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

    Зорилт 5. Мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар бүтээлч аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, шинэ чадавх, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох;

    Зорилт 6. Үйлдвэрлэлийн хүний нөөцийн эрэлтэд суурилсан ажиллах хүч бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

Дөрөв. Стратегийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Үйлдвэрлэл, худалдааг дэмжсэн, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.1.1. үйлдвэрлэл, худалдааг дэмжсэн хууль, эрх зүйн актыг шинээр боловсруулан баталж мөрдүүлэх;

4.1.2. худалдааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тарифын болон тарифын бус зохицуулалтыг олон улсын гэрээнд нийцүүлэн шинэчлэх;

4.1.3. татварын бодлого, санхүүгийн түрээс, зээлийн батлан даалт, хөрөнгийн барьцааны эрх зүйн орчныг сайжруулах.

4.2. Аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс, орон зайн горимыг тодорхойлж, үйлдвэрүүдийн байршил, хүчин чадлыг тогтоох, Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал боловсруулах, салбарын мэдээллийн тогтолцоог сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.2.1. “Аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс”-ийг тодорхойлж батлуулах;

4.2.2. “Аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс”-тэй уялдуулан үйлдвэрүүдийн байршил, хүчин чадлыг тогтоох;

4.2.3. Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх.

4.3. Бүс нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тогтоон, үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратегийг боловсруулах, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркийг эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн дэд бүтцийн хамт цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.3.1. “Үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратеги”-ийг боловсруулж батлуулах;

4.3.2. төмөр, зэс, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, кокс үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг эхлүүлэх;

4.3.3. нийтийн тээврийн хэрэгслийн үйлдвэр, металл хийцийн эд ангийн үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх;

4.3.4. хөнгөн үйлдвэрийг кластераар хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь, хэмжээг нэмэгдүүлэх;

4.3.5. “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлан хэрэгжүүлэх;

4.3.6. хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулан, ногоон технологид суурилсан экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

4.3.7. аж үйлдвэрийн салбарын тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх;

4.3.8. чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын инженерийн дэд бүтцийг цогцоор нь барих үйл ажиллагааг дэмжих;

4.3.9. үйлдвэрлэлийн технологи, дэд бүтцэд ногоон эрчим хүч ашиглах, хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж, дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих.

4.4. Дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг санхүүгийн бодлогоор дэмжиж,  өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.4.1. инноваци, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих;

4.4.2. төр болон шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

4.5. Мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар бүтээлч аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж шинэ чадавхи, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.5.1. соёлын салбарын статистикийг нэвтрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

4.5.2. үндэсний түүх, соёлын онцлогтой шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх.

4.6. Үйлдвэрлэлийн хүний нөөцийн эрэлтэд суурилсан ажиллах хүчин бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.6.1. инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах;

4.6.2. ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

Тав. Стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах

Стратегийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  холбогдох яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.


Зургаа. Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт

6.1. Стратегийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

     6.1.1. гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хувийн хөрөнгө оруулалт;

     6.1.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

     6.1.3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө;

     6.1.4. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө;
    
     6.1.5. Инновацийг дэмжих сангийн хөрөнгө;

     6.1.6. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө;

     6.1.7. Засгийн газрын үнэт цаас;

     6.1.8. концесс;

     6.1.9. гадаадын зээл, тусламж;

     6.1.10. бусад эх үүсвэр.

Долоо. Стратегийн үр дүн, шалгуур үзүүлэлт


 
7.1. Стратегийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

7.1.1. үйлдвэрлэл, худалдаа эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэж, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, хэмжээ өснө;

     7.1.2. гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж, худалдааны эргэлт сайжирч, экспортын зах зээл өргөжин, стандарт, гарал үүсэл хангасан бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, өрсөлдөх чадвар өснө;

     7.1.3. “Аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс” батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тодорхой чиглэл, байршилд зохистой төвлөрүүлж, эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэнэ;

     7.1.4. “Аж үйлдвэрийн салбарын статистик мэдээлэл, газарзүй, гео мэдээллийн сан” бий болж, мэдээлэл нийтэд ил, тод нээлттэй болно;

     7.1.5. Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын дэд бүтцийг байгуулж, логистикийн сүлжээ бий болсноор хүнд, хөнгөн үйлдвэрийн кластерууд хөгжин экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх нөхцөл бүрдэнэ;

     7.1.6. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ууд орон нутагт байгуулагдаж, олон улсын стандартын шаардлага хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох эхлэл тавигдана;

     7.1.7. Өндөр технологи бий болгох, бойжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийн бүтээгдэхүүн зах зээлд гаргах цогц үйл ажиллагааг дэмжин ажилласнаар нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ;

     7.1.8. Бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр үндэсний түүх, соёлын онцлогтой шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болно;

     7.1.9. Ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэнээр өндөр мэргэжилтэй инженер, техникийн ажилчид эх орныхоо үйлдвэрүүдэд ажиллаж, бүтээмж нэмэгдэнэ.

 

Найм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Стратегийн хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр нь үнэлнэ.

8.2. Стратегийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг стратегийн зорилго, арга хэмжээ тус бүрээр аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.3. Стратегийн хэрэгжилтэд аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

 

------oOo------