Хэвлэх DOC Татаж авах

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд нь эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг нотлох баримтад үндэслэн хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

Хоёр. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх

2.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө дараах дарааллыг баримтлана. Үүнд:

2.1.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан мэдүүлэг, нотлох баримт, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт хүлээж авах;

2.1.2.хүлээн авсан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт /цаашид “мэдүүлэг” гэх/-ыг цахим мэдээллийн санд програмын дагуу бүрэн, үнэн зөв шивж оруулах;

2.1.3.мэдүүлэг хүлээн авахдаа хүлээлгэн өгч байгаа нотлох баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгах;

2.1.4.тухайн эд хөрөнгөтэй холбоотой шинээр бүртгүүлэхээр мэдүүлж буй эрх болон өмнө нь бүртгэгдсэн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар шийдвэр гаргах;

2.1.5.эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөж бүртгэгдсэн гэрчилгээ, гэрээ, лавлагааг олгох;

2.1.6.эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг архивт хүлээлгэн өгөх.

2.2.Улсын бүртгэгч нь холбогдох хууль болон энэ журамд тусгайлан заасан эсвэл бие даан шийдвэрлэхэд бэрхшээлтэй, маргаантай, нарийн төвөгтэй асуудлыг холбогдох тасаг, хэлтэс, газрын даргад танилцуулж, зөвлөлдөн чиглэл авч ажиллана. Шаардлагатай бол хэлтэс, газрын дарга нь Улсын ерөнхий бүртгэгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.3.Улсын бүртгэгч нь мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж буцаахдаа дараах зүйлийг баримтлана. Үүнд:

2.3.1.иргэн, хуулийн этгээдийн хүлээлгэн өгөх гэж байгаа мэдүүлэг нь хуулийн шаардлага хангаагүй талаар мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзан буцааж болно. Энэ тохиолдолд ямар нэгэн бичилт тэмдэглэгээ хийхгүй;

2.3.2.хүлээж авсан мэдүүлгийг буцаахдаа мэдүүлэгт бүртгэхээс татгалзсан үндэслэл, тайлбарыг тодорхой бичиж, мэдүүлгийг чагтлан, гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, огноо тавин буцаана.

2.4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар, код олгохдоо хууль, журамд заасан улсын нэгдсэн ангилал, кодыг баримтална.

2.5.Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар батлагдсан хувийн хэрэг хөтлөх зааврыг баримтлан үйлдэл, үйлчилгээ бүрээр нь нотлох баримт, мэдүүлгийг үндэслэн бүрэн гүйцэд хөтөлнө.

2.6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим санд мэдээлэл оруулах, боловсруулалт хийхдээ Улсын ерөнхий бүртгэгчийн баталсан холбогдох журмыг баримтлан ажиллана.

2.7.Газар, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллаар бүртгэнэ.

2.8.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ өмчлөгчийн байнга оршин суудаг нутаг дэвсгэрийн харьяаллаар бүртгэнэ.

2.9.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хар бэхээр гаргацтай хөтөлнө.

Гурав. Мэдүүлэг хүлээн авах

3.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна.

3.2.Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна.

3.3.Мэдүүлэг хүлээн авч байгаа улсын бүртгэгч нь эд хөрөнгийн 4 талаас нь харуулсан гэрэл зургийг А4 цаасан дээр наалгаж, объектын аль тал нь болохыг өмчлөгчөөр бичүүлж авах ба 4 талаас нь зураг авах боломжгүй тохиолдолд орчны байдлыг оролцуулан алсаас бүтэн харуулсан гэрэл зургийг авч зурган дээр тодотгон тэмдэглүүлж авна.

3.4.Нотлох баримтад эд хөрөнгийн план зургийг хавсаргах бөгөөд план зурагт эд хөрөнгийн талбай, хэмжээг өмчлөгчөөр нь тодорхойлуулж, бичүүлсэн байна.

3.5.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар гэрээ хэлцэл эсвэл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна.

3.6.Нотариатаар гэрчлэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхээр мэдүүлж буй тохиолдолд хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан байхаас гадна барьцаалуулагч өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг мэдүүлэг хүлээн авч буй улсын бүртгэгч шалгаж, гарын үсэг зуруулан иргэний үнэмлэхийг хуулбарлуулан авч хавсаргана.

3.7.Улсын бүртгэгч нь шаардлага хангасан мэдүүлэг, нотлох баримтыг хүлээн авч, нийт хэдэн хуудас /мэдүүлгийн хуудсыг оролцуулан/ баримт бичиг хүлээн авсныг мэдүүлгийн маягтын дагуу бичиж, гарын үсгээ зуран, хүлээн авсан тэмдэг дарна.

3.8.Мэдүүлэг хүлээн авч буй улсын бүртгэгч нь дэвтэр /Маягт Б1/-ийг бүрэн хөтлөх ба энэхүү бичилт тэмдэглэгээнүүдийг тод, гаргацтай бичнэ.

3.9.Нотлох баримтууд албан бичгээр ирсэн бол бичиг хэргийг хүлээн авсан тэмдэг дарж, хүлээн авсан огноо, цагийг бичиж, хүлээн авсан хүний гарын үсэгтэйгээр хувийн хэрэгт хавсаргах, дутуу нотлох баримтыг улсын бүртгэгч нэмж шаардаж авсан бол уг нэмэлт баримт бичгүүдийг хүлээн авсан улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, хүлээн авсан огноо, нэрээ бичиж, гарын үсэг зуран хувийн хэрэгт хавсаргана.

3.10.Цахим санд оруулсан мэдүүлгийг тухайн дүүрэг, хороо хариуцаж байгаа улсын бүртгэгч нарт тухайн ажлын өдөрт нь багтаан хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна. Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн бол мэдүүлгийг хүлээн авч, холбогдох мэдээллийг цахим санд оруулсан даруйдаа тухайн дүүрэг, хороо хариуцаж байгаа улсын бүртгэгчид хүлээлгэн өгнө.

3.11.Улсын бүртгэгч энэхүү журам болон хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр мэдүүлэг хүлээн авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой аливаа үйлдэл хийхийг хориглоно.

Дөрөв. Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх

4.1.Төрөөс гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтлана. Үүнд:

4.1.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтууд бүрдсэн байх;

4.1.2.тухайн газрыг өмчлүүлсэн тухай шийдвэр, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зурагт тухайн газрын хэмжээ, нэгж талбарын дугаар, хаяг нь ямар нэгэн зөрүүгүй, засваргүй, бүрэн тусгагдсан байх;

4.1.3.шаардлагатай тохиолдолд хил залгаа орших газрын эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг үзэж тулган, нягтлаж болно.

4.2.Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтлана. Үүнд:

4.2.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтууд бүрдсэн байх;

4.2.2.орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн өмчлөгчдийн нэр, регистрийн дугаар, орон сууцны хаяг нь орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн бичиг баримтаас зөрүүгүй байх;

4.2.3.тухайн орон сууц нь үнэ төлбөртэй хувьчлагдсан бол энэ тухай тэмдэглэгээг зохих журмын дагуу хийсэн байх.

4.3.Энэхүү журмын 4.1, 4.2-т зааснаас бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтлана. Үүнд:

4.3.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдсэн байх;

4.3.2.тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтанд орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсгийг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсаргана, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна;

4.3.3.мэдүүлэг гаргагч нь өргөдөл, мэдүүлэгт өмчлөгчдийн тоог тодорхойлон бичсэн байх шаардлагатай;

4.3.4.батлагдсан ажлын зураг, төсөлгүй байшин барилгын /хашаа байшин, зуслангийн сууц гэх мэт/ хэмжээг кадастрын зураглалаас тодорхойлох бөгөөд кадастрын зураглалд байшин, барилга тусгагдсан байх;

4.3.5.хуулийн этгээдийн өмчлөх эрхийг бүртгэхэд аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулах гэрээ, дүрмийн хуулбарыг мэдүүлэгт хавсарган авна.

4.4.Шинээр баригдсан барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

4.4.1.энэхүү журмын 4.3-т заасан шаардлагыг хангасан байх;

4.4.2.хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт” /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ.

4.5.Иргэд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан байр, орон сууц, объектыг өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргаж, нотлох баримтыг бүрдүүлж үйлчлүүлэх бөгөөд мэдүүлэгт шаардлагатай бол улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана. Нийтийн зориулалттай орон сууцны тухайд улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт нь энэхүү журмын 4.4.2-т зааснаар урьдчилан ирсэн бол жагсаалтын дагуу бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй өмчлөгчид улсын комиссын актыг хавсаргах шаардлагагүй. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ.

4.6.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах нотлох баримтыг мэдүүлэгт хавсарган авна. Үүнд:

4.6.1.бүртгүүлэхээр мэдүүлсэн тухайн хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн өргөдөл;

4.6.2.өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

4.6.3.тухайн хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн шинжээр ялгагдах онцлогийг тодорхойлсон баримт бичиг /техникийн баримт бичиг, гаалийн мэдүүлэг, гэрээ хэлцэл, тусгай зөвшөөрөлтэй ашиглагддаг хөдлөх эд хөрөнгөд түүний зөвшөөрөл, бүртгэлийн баримт бичиг гэх мэт/;

4.6.4.тухайн хөдлөх эд хөрөнгийг тал бүрээс нь бүтэн харуулсан гэрэл зураг /тухайн хөдлөх эд хөрөнгийн эх бие дээр дугаар сериалыг тусгасан бол фото зургийг авах/;

4.6.5.үйлчилгээний хураамж төлсөн баримт.

4.7.Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анхны удаа бүртгэж баталгаажуулахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл болон энэхүү журмын 4.3-т заасныг баримтлах бөгөөд нийт хэдэн м.кв талбайтай барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг өмчлөгчөөр тодорхойлуулж, бүртгүүлэх үеийн бодит гүйцэтгэлийг улсын бүртгэлд тусгана.

4.8.Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай дүгнэлтийн хуудас” /цаашид “дүгнэлтийн хуудас” гэх/-аар энэхүү журмын 2.2-т зааснаар шийдвэрлэнэ.

4.9.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэнэ. Ийнхүү салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах бөгөөд анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгана.

4.10.Дуусаагүй барилгад үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн бол бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл тухайн барилгын зарим хэсгийг бусдад шилжүүлэх гэрээ хэлцэл бүртгүүлэхээр мэдүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч болон эрх ашиг нь хөндөгдөж болох бусад этгээдийн зөвшөөрлийг бичгээр авч хувийн хэрэгт хавсаргана. Энэхүү зөвшөөрөл нь иргэний хувьд гарын үсэг нь хуульд зааснаар гэрчлэгдсэн, хуулийн этгээдийн хувьд албан бичгийн хэвлэмэл хуудас, эрх баригчийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна.

4.11.Шинээр баригдсан болон дуусаагүй орон сууц барилга байшин гэх мэт газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа бүртгэж баталгаажуулахад тухайн барилга байшинд эрх бүхий этгээдээс олгосон албан ёсны хаяг дугаар авсан байхыг шаардах бөгөөд түүнийг улсын бүртгэлд тусгана.

4.12.Төрөөс өмчлүүлсэн газар, орон сууц болон бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийн шийдвэр, нотлох баримтад бичигдсэн иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэрэг эрх зүйн чадвар нь дуусгавар болсон тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, гэрээслэл, татан буугдсан, дампуурсан тухай шийдвэр зэрэг нотлох баримтыг үндэслэж өв залгамжлагчийн өмчлөлд анхны бүртгэлийг хийнэ.

4.13.Хэд хэдэн этгээдэд дамжин шилжсэн эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан тохиолдолд анхны болон дараа дараагийн өмчлөх эрхтэй холбогдох гэрээ, хэлцэл, нотлох баримтыг хавсаргана.

4.14.Улсын бүртгэгч нь энэхүү журмын 2.2, 4.8-д заасан журмаар асуудал танилцуулах, дүгнэлт гаргуулахдаа дүгнэлтийн хуудас /хавсралт дугаар 2/-ыг үйлдэж, хувийн хэрэгт хавсаргана.

Тав. Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг улсын бүртгэлд бүртгэх

5.1.Гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

5.1.1.өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заагдсан нөхцөлүүд тусгагдсан байх;

5.1.2.хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан байх;

5.1.3.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан иргэд, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байх;

5.1.4.үйлчилгээний хураамж, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар төлсөн баримтыг хавсаргасан байх;

5.1.5.урьд нь бүртгэгдсэн эд хөрөнгийн зарим хэсэг өөр этгээдэд шилжиж байгаа тохиолдолд шилжиж байгаа буюу үлдэж байгаа хэсгийн план зургийг зурж гэрээнд оролцогч хоёр тал гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь өмчлөх эрх шилжүүлэх гэрээний бүрдэл хэсэг болно;

5.1.6.өмчилж авсан газрын зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд бусдад шилжиж байгаа болон үлдэж байгаа газрын кадастрын зургийг хавсаргасан байх;

5.1.7.эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд тухайн эд хөрөнгөөс бусдын өмчлөлд шилжсэн хэсгийг хасч, бүртгэлд өөрчлөлт оруулах ба энэ тохиолдолд үлдэж байгаа хэсгийн план зураг /газрын эрх нь хамтдаа шилжсэн бол кадастрын зураг/-ийг хавсаргах.

5.2.Эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлэн авсан гэрээ хэлцлийн эрхийг тухайн эд хөрөнгийн анхны бүртгэлээс хасалт хийж, өөрчлөлт оруулсны дараа бүртгэнэ.

5.3.Өмчлөх эрхийг шилжүүлэхэд тодорхой болзол тавьсан байх, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл хангагдсан тухай эрхээ шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна. Энэ тодорхойлолт нь хуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга тэмдгээр, иргэний хувьд гарын үсгээр тус тус баталгаажсан байна.

5.4.Гэрээ хэлцэлд итгэмжлэлээр оролцсон бол итгэмжлэлийн эх хувь, түүний хуулбар /эх хувьтай тулгаж авна/, хуулийн этгээд бол аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд заасан эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр, хэрэв хувьцаат компани бол Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрлийг авч мэдүүлэгт хавсаргасан байна.

5.5.Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ.

5.6.Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 24.6, 24.8-д заасан зүйлүүд болон энэхүү журмын 5 дугаар бүлэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.

5.7.Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах журмаар худалдагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 24.6, 24.8-д заасан зүйлүүд болон энэхүү журмын 5 дугаар бүлэгт заасныг баримтлана.

5.8.Барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдсан тохиолдолд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйл, энэхүү журмын 5 дугаар бүлэгт заасныг баримтлана.

5.9.Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт нь хавсарган хадгална.

5.10.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохдоо уг гэрчилгээнд улсын бүртгэгч нь “хүчингүй” тэмдэг дарж гарын үсэг зуран огноог тавьсан байна. Гэрчилгээг наалддаг бүрээсээр бүрсэн байвал баруун дээд өнцгийг хайчилж хүчингүй болгоно.

5.11.Шүүх, арбитрийн шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа болон албадан дуудлага худалдаагаар худалдагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болгож олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр мэдээлнэ.

5.12.Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дүгээр хамтарсан захирамж, тушаалын 3-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардана.

5.13.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн өрийг барагдуулах зорилгоор өөрийн мэдэлд шилжүүлэн авсан эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд худалдах худалдан авах гэрээг бүртгэхдээ худалдагч тал буюу банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгчдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй бөгөөд харин тухайн банкны өр барагдуулах алба, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг мэдүүлэгт хавсарган авна.

5.14.Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг /гэр хороололд байгаа/ өөрчлөгдсөнийг бүртгэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, баталгаажсан хаяг бүхий кадастрын зургийг үндэслэл болгоно.

5.15.Хуульд заасан эд хөрөнгийн эрхүүдийг бүртгүүлэхтэй зэрэгцэн эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах зэрэг нэгэн зэрэг үүсч болох эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгэж болно.

5.16.Иргэн өөрийн үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй хуулийн этгээдийн өмчлөлд эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлэх, эсвэл нэг гишүүнтэй хуулийн этгээдийн гишүүн нь өөрийн өмчлөлдөө эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлэх зэрэг тохиолдолд тухайн иргэний өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар зэргийг үндэслэн бүртгэнэ.

5.17.Иргэн, хуулийн этгээдийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар шилжүүлэн авсан тухай хүсэлт гаргасан бол энэхүү журмын 5.1-т заасныг мэдүүлэгт хавсаргасан байх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ бичиж олгохгүй. Энэ тохиолдолд тухай хувийн хэрэгт нь тэмдэглэж, өмчлөгчид албан бичгээр мэдэгдэнэ.

5.18.Өмчлөгч этгээд нь гадаадад байгаа тохиолдолд тухайн улс оронд байгаа Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий этгээдийн, эсвэл Консулын гэрчилсэн итгэмжлэлийг эх хувиар, эх хувиар авах боломжгүй бол Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын тамга бүхий хуулбар хувийг авна. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, консулгүй улс оронд байгаа өмчлөгч этгээдийн хувьд тухайн улс орны нотариатийн гэрчилсэн итгэмжлэл нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гадаад албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн дагуу олгогдсон “Апостиль” гэрчилгээ, холбогдох бичиг баримт нь албан ёсны орчуулгаар баталгаажсан байвал зохино.

Зургаа. Өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх

6.1.Өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

6.1.1.бүртгүүлэх гэж буй гэрээний эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан эрхүүдийн аль нэг нь мөн байх;

6.1.2.талуудын гэрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зүйлүүд тусгагдсан байх;

6.1.3.үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргасан байх.

6.2.Өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэж баталгаажуулахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлах бөгөөд талуудын эрх үүрэг өөрчлөгдсөн, түүнчлэн гэрээний зохигчид болон гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү журмын 6.1-д заасан журмыг баримтлана.

6.3.Гэрээ дуусгавар болсныг бүртгэхэд үүрэг гүйцэтгүүлэгч, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийн гаргасан тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн тухай тодорхойлолтыг үндэслэл болгоно. Энэхүү тодорхойлолт нь иргэний хувьд гарын үсгээр, хуулийн этгээдийн хувьд хуулийн этгээдийн тамга, тэмдэг, төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гарын үсгээр тус тус баталгаажсан байна.

6.4.Газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд хувийн хэрэг нээж, улсын бүртгэлийн код, дугаар олгох боловч, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй. Энэ тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний арын нүүрний дээд хэсэгт “улсын бүртгэлд бүртгэв” болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, хуулбарыг хувийн хэрэгт авч хавсарган буцаана.

6.5.Шүүх, арбитрийн шийдвэр болон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох бүх этгээдэд улсын бүртгэгч нь энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ /Жишээлбэл, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байхад улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ барьцааны гэрээнд тусгагдсанаас өөр байгаа нь тогтоогдсон бол барьцаалагчид мэдэгдэх гэх мэт/.

Долоо. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэх

7.1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхэд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн холбогдох зүйл заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг тус тус баримтлана.

7.2.Нотариатаар гэрчлэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхээр мэдүүлж буй тохиолдолд энэхүү журмын 3.7-д заасныг баримтлана.

7.3.Хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгэхдээ эд хөрөнгө тус бүрээр мэдүүлэг гаргах бөгөөд гэрээний эх хувийг барьцаа хөрөнгийн нутаг дэвсгэрийн харьяаллын тоогоор хувийн хэрэгт хавсарган бусад эд хөрөнгийн хувийн хэрэгт энэ тухай бүртгэлийг хийж тэмдэглэн үйлчилгээний хураамж төлсөн баримт болон хяналтын хуудас /хавсралт дугаар 4/-ыг хавсаргана.

7.4.Улсын бүртгэгч барьцаалбарыг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

7.4.1.барьцаалбарын дугаарыг аймаг, нийслэл тус бүрт 1-ээс эхлэн цахим мэдээллийн сангаас автоматаар олгосон байна;

7.4.2.барьцаалбарыг үнэт цаас болохыг нь баталгаажуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 290 дүгээр тушаалаар баталсан журмыг баримтлах бөгөөд үнэт цаасны наалтны дугаарыг тухайн хуудасны зүүн доод хэсэгт байх “Барьцаалбарын үнэт цаасны дугаар .....” гэсэн хэсэгт бичиж тэмдэглэн гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулан хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.

7.5.Улсын бүртгэгч нь барьцаалбарт өөрчлөлт орсоныг бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримтлана.

7.6.Ипотек болон шаардлага шилжсэнийг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

7.6.1.Иргэний хуулийн 172 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг баримтлан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэмэлт тэмдэглэл хийнэ;

7.6.2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 29.5, 29.6-д зааснаар эрх шилжүүлэн авч байгаа этгээд албан бичгээр хүсэлт гаргах бөгөөд хэд хэдэн ипотек болон шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, түүний жагсаалтыг албан бичигт хавсаргаж, хувийн хэрэгт нь хадгалан, энэ тухай шаардах эрх бүхий эд хөрөнгийн бусад хувийн хэрэгт нэмэлт тэмдэглэл хийж үйлчилгээний хураамж төлсөн баримт болон хяналтын хуудсыг хавсаргана.

7.7.Шаардах эрх, барьцаалбарыг шилжүүлэх, барьцаалахад Иргэний хуулийн 123 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн долдугаар бүлэгт заасан зүйл заалтууд болон энэхүү журмын 7.6.2 дугаар зүйлд заасныг тус тус баримтлана.

7.8.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, “мэдүүлэг гаргасан” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна.

7.9.Барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлд заасныг баримтлах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийн гаргасан тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн тухай тодорхойлолтыг үндэслэнэ. Тодорхойлолт нь иргэний хувьд гарын үсгээр, хуулийн этгээдийн хувьд хуулийн этгээдийн тамга, тэмдэгээр баталгаажсан байна.

Найм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийх

8.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зөвхөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийх бөгөөд тусгай тэмдэглэл хийлгэх тухай мэдүүлэг, албан бичигт тухайн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх үндэслэл болсон эрх бүхий байгууллагын шийдвэр, албан бичгийг хавсаргасан байна.

8.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэл хүчингүй болсоныг бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-20.7-д заасны дагуу тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох эрх бүхий этгээдийн шийдвэрийг хувийн хэрэгт хавсаргана.

8.3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх, түүнийг хүчингүй болгоход Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг баримтлах бөгөөд урьдчилсан тэмдэглэл хийх болон хүчингүй болгох үндэслэл нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг улсын бүртгэгч хянавал зохино.

8.4.Гэрээслэгчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийхэд гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасныг гэрчлэх үүднээс тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатчийн тодорхойлолтыг хувийн хэрэгт хавсаргана.

8.5.Иргэний хуулийн 525 дугаар зүйлд заасны дагуу гэрээслэгч нь гэрээслэлээ өөрчилснийг бүртгэхдээ энэхүү журмын 8.3, 8.4-д заасныг баримтлана.

8.6.Гэрээслэгчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийсэн тохиолдолд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн бүртгэх бол гэрээслэлийг цуцалсан байхыг шаардана.

8.7.Өв залгамжлах эрх бүхий этгээдийн хүсэлтээр өв нээгдэхээс өмнө өв залгамжлах эрх бүхий этгээдийн өргөдөл, хууль ёсны өвлөгч мөн болохыг нотолсон бичиг баримт, архивын лавлагаа гэх мэт нотлох баримтыг үндэслэн урьдчилсан тэмдэглэл хийж болно.

8.8.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийхдээ хувийн хэрэгт зааврын дагуу бичилт тэмдэглэгээг хийх бөгөөд урьдчилсан тэмдэглэл, тусгай тэмдэглэл хийлгэх хүсэлт гаргасан этгээдэд бүртгэл хийснийг тусгайлан бичгээр мэдэгдэх шаардлагагүй.

8.9.Тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай мэдүүлэг, албан бичиг, шийдвэр нь албан ёсоор ирэхээс өмнө тухайн эрхийн улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөн, үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн бол улсын бүртгэгч нь энэ тухай тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлт гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

8.10.Тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийх хуульд заасан үндэслэл үүсээгүй боловч иргэд хуулийн этгээдээс тухайн эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар үндэслэл бүхий маргаан үүсгэж бичгээр өргөдөл хүсэлт гаргасан тохиолдолд тухайн этгээдэд хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгоор Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр уг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг 30 хүртэл хоногоор түдгэлзүүлж болно.

8.11.Энэхүү журмын 8.10-д заасан үндэслэлээр гарсан эрхийн улсын бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрт хөдөлгөөн түдгэлзүүлэх хугацааг тодорхой заасан байх бөгөөд хугацаа дуусмагц бүртгэлд хөдөлгөөн хийх эрх сэргэнэ. Энэ тохиолдолд хөдөлгөөн сэргээх тухай тусгайлан шийдвэр гаргах шаардлагагүй, бүртгэлд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн хугацаа дуусч хөдөлгөөн сэргээснийг хувийн хэрэгт тэмдэглэн дараагийн үйлдлийг гүйцэтгэнэ.

8.12.Шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн тодорхой хэсгийг нийтийн орон сууцны болон бусад зориулалтаар өмчлөхөөр захиалан гэрээ хийж, хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно. Энэ тохиолдолд мэдүүлгийг захиалга өгсөн хөрөнгө оруулагчийн нэрээр гаргах бөгөөд мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

8.12.1.мэдүүлэг гарагчийн өргөдөл /өргөдөлд захиалга өгсөн барилгын хаяг байршлыг тодорхой бичнэ/;

8.12.2.захиалга хийж хөрөнгө оруулсан тухай гэрээ, түүний хуулбар хувь;

8.12.3.захиалагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

8.12.4.барилга байгууламжийн фото зураг;

8.12.5.кадастрийн зураг /тухайн хувийн хэрэгт нэг хувь/;

8.12.6.тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

8.13.Улсын бүртгэгч энэхүү журмын 8.12-т заасан урьдчилсан тэмдэглэл хийхдээ зөвхөн тухайн шинээр баригдаж байгаа барилгад улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэгт тухай бүр бичилт хийж, гэрээнд “улсын бүртгэгч бүртгэв” болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, гэрээний хувийг мэдүүлэг гаргагчид буцаана. Энэ тохиолдолд улсын бүртгэгч тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харьяаллаар дэвтэр /Маягт Б-2/-т тусгайлан тэмдэглэл хөтөлнө.

Ес. Мэдээлэл, тайлбар, лавлагаа, хуулбар өгөх

9.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаарх мэдээ, мэдээлэл, тайлбар, лавлагаа, хуулбар өгөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дүгээр хамтарсан захирамж, тушаалын 1.1, 2.1-д заасан заалтууд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан ажиллана.

9.2.Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу иргэд, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлэг хүсэлт, хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны хүсэлтээр лавлагаа, хуулбар гаргаж өгөхдөө тухайн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, түүнд хавсрагдсан нотлох баримтыг үндэслэх бөгөөд лавлагаа, хуулбар өгсөн тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ.

9.3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүлийн 15.6-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр үнэ төлбөргүй өгөх мэдээлэл, лавлагаа, хуулбарыг албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу гаргаж өгнө.

9.4.Иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн эд хөрөнгө өмчлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлын талаарх хураангуй мэдээллийг гарган өгч болно.

9.5.Иргэд, хуулийн этгээдийн мэдүүлгээр олгож буй лавлагаа нь нэгдсэн дугаартай байх бөгөөд дугаар нь цахим мэдээллийн сангаас автоматаар олгогдоно.

9.6.Цахим мэдээллийн сангаас автоматаар олгогдсон дугаараас өөр дугаар олгохыг хориглоно.

9.7.Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн талаарх лавлагааны бүртгэлийн дэвтэр /Маягт Б-10/-ээр хөтөлнө.

9.8.Орон нутагт лавлагааны дугаарыг дэвтэр /Маягт Б-5/-д тэмдэглэн олгох бөгөөд лавлагаа нь тухайн орон нутагт нэгдмэл дугаартай байна.

Арав. Үрэгдүүлсэн, гэмтээсэн гэрчилгээг дахин олгох, хувийн хэрэг хаах

10.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгохыг хүссэн өмчлөгчийн өргөдөл /уг өргөдөлд хамтран өмчлөгчид бүгд гарын үсэг зурсан байна/, үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулахаар зарлуулсан өдөр тутмын сонин зэргийг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүйд тооцож, шинээр гэрчилгээ бичиж олгоно. Үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгоход Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасныг баримтлана.

10.2.Үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгохдоо холбогдох нотлох баримтыг хэлтэс, тасгийн даргаар хянуулж, Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр гаргуулна.

10.3.Үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох тухай Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр гараагүй байхад гэрчилгээ нөхөж олгохыг хориглоно.

10.4.Гэмтээсэн гэрчилгээг дахин олгохдоо гэрчилгээг дахин олгохыг хүссэн өмчлөгчийн өргөдөл, гэмтээсэн гэрчилгээ, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг мэдүүлэгт хавсарган авах бөгөөд гэмтээсэн гэрчилгээнд хүчингүй тэмдэг дарж, гарын үсэг зуран, огноог тавин хувийн хэрэгт хавсаргана.

10.5.Улсын бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаахдаа тухайн бүртгэлийг хаах болсон үндэслэлийг эрхийн улсын бүртгэлийг хаах тухай тушаалын төслийн хамт Улсын ерөнхий бүртгэгчид танилцуулж, шийдвэрлүүлнэ.

10.6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаасан тохиолдолд тухайн бүртгэлийн үндсэн дээр олгогдсон байсан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хаагдсан хувийн хэрэгт хавсарган хадгална. Хэрэв гэрчилгээг хураан авах боломжгүй бол Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болгож, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр мэдээлнэ.

10.7.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь өөр хүнд хадгалагдаж байгаа талаар өргөдөл, мэдээлэл ирсэн болон гэрчилгээг үрэгдүүлсэн тухай нотлох баримт нь хуурамч болохыг улсын бүртгэгч мэдэж байгаа тохиолдолд гэрчилгээг дахин олгохыг хориглох бөгөөд энэ тухай хэлтэс, тасаг, газрын даргад танилцуулна.

10.8.Улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс гэрчилгээ буруу бичигдэж хүчингүй болбол түүний үнийг зохих журмын дагуу төлнө.

Арван нэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивтай харилцах

11.1.Улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивтай харилцахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 18.2, 18.3-т заасныг баримтлан ажиллах ба мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийг хүлээн авсан огнооны дарааллаар хуудасны баруун дээд өнцөгт дугаарлаж, хувийн хэрэг нотлох баримтыг эмх цэгцтэй байлган, нямбай хөтөлнө.

11.2.Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан захиалгын хуудсаар хувийн хэргийг архиваас захиалж авах бөгөөд тухайн ажлын өдөрт нь буцаан архивт хүлээлгэн өгнө.

11.3.Эрхийн улсын бүртгэлд бүртгэн хувийн хэрэг нээж, гэрчилгээ бичигдсэн бол тухайн ажлын өдөрт багтаан хувийн хэргийг архивт хүлээлгэн өгнө.

11.4.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүлийн 18.2-д зааснаас бусад этгээд архивын хувийн хэрэгтэй танилцах, түүнд өөрчлөлт, баяжилт хийхийг хориглоно.

11.5.Улсын бүртгэгч нь бүртгэл хийх явцдаа хөтлөгдвөл зохих журнал дэвтрүүдийг бүрэн, тод, гаргацтай хөтлөх бөгөөд уг журнал, дэвтэр дууссан бол хагас, бүтэн жилээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивт хүлээлгэн өгнө.

11.6.Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, гэрээ, лавлагаа, буцсан материалыг 3 сарын хугацаанд өмчлөгч нь ирж аваагүй тохиолдолд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивт түр хадгалуулахаар хүлээлгэж өгнө.

11.7.Улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн баримт бичгийг архивт түр хадгалуулахаар хүлээлгэн өгөх, буцаан авахдаа дэвтэр /Маягт Б-14/-ийг бүрэн хөтлөж хүлээлцэнэ.

Арван хоёр. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийх, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээг өмчлөгчид олгох

12.1.Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасан зүйлийг тусгах бөгөөд өмчлөгч, хамтран өмчлөгчдийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг бичиж, хаалтан дотор хэдэн иргэний өмч болохыг үсгээр бичнэ. Жишээлбэл, /гурван иргэний өмч/ Гадаад хүний нэрийг гэрчилгээнд кирилл үсгээр бичиж, хаалтан дотор тухайн иргэний паспорт дээр байгаа хэлбэрээр бичнэ. Жишээлбэл, Тиллман Митчел /Tillman Mitchell/ ЮД55042218

12.2.Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчийн тухай бичилтийг 5 мөрд, эд хөрөнгийн тухай бичилтийг 5 мөрд тус тус багтаан ямар нэгэн засваргүй, алдаагүй, гаргацтай, тод үргэлжлүүлэн бичнэ.

12.3.Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчийн нэрийг бичих бичилтийн зайнаас хамааран, хэрвээ олон өмчлөгчтэй бол өмчлөгчийн эцэг /эх/-ийн нэрийн эхний үсгээр нь товчлон бичиж болно.

12.4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгч, хамтран өмчлөгчийн өөрийн нэр, регистрийн дугаарыг бүтэн бичнэ.

12.5.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний тэмдэг дарах хэсэгт тааруулан Улсын ерөнхий бүртгэгчийн тэмдэг болон улсын бүртгэгчийн тэмдгийг тэгш, тод, бүтэн дарна.

12.6.Тухайн дүүрэг, хороо хариуцсан улсын бүртгэгч нь бүртгэгдсэн гэрчилгээ, гэрээ, лавлагааг өмчлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, биеийн байцаалтыг үндэслэн олгоно.

12.7.Улсын бүртгэгч нь бүртгэгдсэн гэрээ, гэрчилгээ, лавлагааг олгохдоо дэвтэр /Маягт Б-13/-ийг бүрэн хөтөлнө.

12.8.Мэдүүлэг хүлээлгэн өгөх, бүртгэгдсэн гэрчилгээ гэрээг олгох зэрэгт өмчлөгч нь өөрийн биеэр ирээгүй тохиолдолд түүнийг төлөөлж байгаа этгээдээс тухайн үйлдэлд төлөөлөх хууль ёсны итгэмжлэлтэй байхыг шаардана.

12.9.Энэхүү журмын 12.8-д заасан тохиолдолд гэрчилгээ, гэрээг хүлээлгэн өгсөн улсын бүртгэгч итгэмжлэл нь олон удаагийн үйлдэлд төлөөлөх эрх олгосон байвал хувилан авч, тухайн нэг удаагийн үйлдэлд төлөөлөх эрх олгосон байвал хураан авч, олголтын бүртгэлд итгэмжлэлээр олгосныг тэмдэглэнэ.

Арван гурав. Бусад

13.1.Улсын бүртгэгч нь шаардлагатай тохиолдолд өмнө бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээс нотлох баримт хуулбарлан авч шинээр бүртгүүлж буй улсын бүртгэлд хавсаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хуулбар дээр ямар дугаартай хувийн хэргээс хуулбарлан авсан тухай тэмдэглэж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зуран, огноог тавина.

13.2.Улсын бүртгэгч нь үйлчилгээ хийгдээгүй, эсвэл буруу тушаагдсан үйлчилгээний хөлсийг буцаах талаар үйлчлүүлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэн мөнгө тушаасан баримтын ард тодорхойлж бичин гарын үсгээ зуран, огноог тавин хувийн дугаар бүхий тэмдгээ дарна.

13.3.Улсын бүртгэлийн асуудлаар маргаан гарсан тохиолдолд тухайн бүртгэлийг хийсэн, эсвэл энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагад тайлбар бичсэн, одоо тухайн асуудлыг хариуцаж байгаа улсын бүртгэгч маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын ерөнхий бүртгэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу байгууллагыг төлөөлөн оролцоно.

13.4.Шаардлагатай үед, эсвэл хууль хяналтын байгууллагын шаардлага хүсэлтээр хуулийн хэлтсийн хуульч, эрх бүхий албан тушаалтан маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

13.5.Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхэд нөлөөлөхүйц үр дагавартай ирсэн, явсан бичиг болон эрх бүхий этгээдийн тушаал шийдвэр зэрэг баримт бичгүүдийг хавсарган хадгалах бөгөөд дээрх үйлдлүүдийн талаар хувийн хэрэгт тухай бүр зохих журмын дагуу бичилт хийж байна.

 

---- о0о ----