Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 469,А/269 дүгээр хамтарсан тушаалын хавсралт

 

ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАХАД ХАРШЛАХ ӨВЧИН,  ГЭМТЭЛ СОГОГИЙН ЖАГСААЛТ

 

1. Сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд

1.1.Шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг

(Тайлбар: Хүрээлэн байгаа юмсын бодит шинж чанарыг зөв тусгаж авах болоод танин мэдэх чадвараа алдаж тэдгээрийг гажуу буруугаар хий хоосноор хувиргаж хүлээн авах солио өвчин);

1.2.Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг

(Тайлбар: Сэтгэлийн хөдөлгөөн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлоо илэрхийлэх байдал зэрэг бие хүний өвчлөхөөс өмнөх зан үйлийн ердийн хэв маяг үлэмж өөрчлөгдөх байдлаар илрэх эмгэг);

1.3.Сэтгэц идэвхит эм, бодисын шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг /сүүлийн 3 жилийн дотор ремиссийн байдалтай байгаа хүмүүс энэ жагсаалтад хамаарахгүй/

(Архи болон мансууруулах төрлийн бодисыг удаан хугацаанд хэтрүүлэн хортойгоор хэрэглэсний улмаас хүний сэтгэц бие махбодь уг бодист дасч улмаар түүнийг зайлшгүй хэрэглэх эмгэг дур, мөн түүнчлэн солиорол, тэнэгрэлийн байдалд ордог эмгэгийг донтох эмгэг);

1.4.Сэтгэл санааны цочирдлын эмгэг

(Тайлбар: Хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг нь сэтгэл хөөрөх хам шинж, сэтгэл гутрах хам шинж ээлжлэн илрэх хэлбэрээр эмнэлзүй нь тодорхойлогддог, үе үе дахидаг, дахилтын дараагаар бие сэтгэцийн өөрчлөлтүүд нь бүрэн эрүүлждэг дотоод шалтгаантай сэтгэцийн архаг өвчин юм);

1.5.Оюуны хомсдол

(Тайлбар: Янз бүрийн шалтгаантай, оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол давамгайлсан сэтгэцийн дутуу хөгжил бүхий шинж тэмдэгтэй даамжирдаггүй явцтай өвчин);

1.6.Тэнэгрэл

(Тайлбар: Тархины гадна буюу дотор байршилтай, органик гаралтай ямар нэг архаг өвчний улмаас их тархины мэдрэлийн эд эсүүд хатингарших, гэмтэх, үхжих, устаж сөнөх зэргийн үед хүний оюун ухааны чадварууд буурах буюу алдагддаг өвчин)

2. Бусад эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтүүд:

2.1.Паркинсоны өвчин

(Тайлбар: Тархинаас дофамин бодисыг ялгаруулах мэдрэлийн системд гэмтэл учран гар салгалах, татах, хөдөлгөөний удаашрал үүсэх, биеийн тэнцвэр алдагдах зэргээр ердийн хөдөлгөөнд гаж нөлөө илрэх, тархины удирдлагын системд өөрчлөлт бий болдог тархины архаг эмгэг);

2.2.Тархинд цус харвалтаас үүдсэн саажилтын бүх тохиолдол

(Тайлбар: Тархины судасны /судас хагарах, бөглөрөх гэх мэт/ шалтгаанаар тархины үйлийн дуталын шинжүүд гэнэт үүсэх, тархины цусны эргэлтийн цочмог хямралыг тархины харвалт гэнэ. Тархины харвалтаас үүдсэн үйлийн дуталын шинжүүд нь мөчдийн талласан саа, тэнцвэр алдагдал, хараагүйдэл, хэл яриагүйдэл, танин мэдэхүйн өөрчлөлтөөр илэрнэ);

2.3.Тархины эмгэгийн үе дэх ой сулрал

(Тайлбар: Ой сулрал /тэнэгрэл/-ын үед танин мэдэхүйн бүхий л процесс, тухайлбал ойлголт, сэтгэмж, оюуны дүгнэлт, хэл яриа, ажлын үйлдэл хийгээд төлөвлөх, шийдэл гаргах, өөрийн үйлдлийг хянах зэрэг оюун сэтгэцийн нэн нарийн үйл ажиллагаа эрс буурна. Иймээс нийгэмд зохицсон мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон өөртөө үйлчлэх чадварыг үлэмж хязгаарлах буюу бүр мөсөн алдагдуулна);

2.4.Эпилепси

(Тайлбар: Дотоод болон гадаад шалтгаантай, ужиг явцтай, богино хугацааны үргэлжлэл бүхий уналт таталттай, бие хүний сэтгэцийн чанарын өөрчлөлтөд ордог, төгсгөл үед нь тэнэгрэл илэрдэг мэдрэл сэтгэцийн өвчин);

2.5.Хоёр нүдний сохрол

3. Гэмтэл согогын эмгэг өөрчлөлтүүд:

3.1.Хоёр гарын эрхий долоовор хуруугүй.

 

 

---- о0о ----