Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2015 оны 447 дугаар

 тогтоолын хавсралт

 

 

ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

(2016-2025 он)

 

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

 

1. Засгийн газраас хүн амын хоол тэжээлийн дутлыг бууруулах асуудалд анхаарч ажилласны үр дүнд Монгол Улсын Мянганы хөгжлийн “Хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог 2015 он гэхэд 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулах” зорилтыг бүрэн хангасан байна. Үндэсний статистикийн хорооноос 2013 онд хийсэн судалгаагаар манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн               10,8 хувь нь өсөлтийн хоцролтой, 1,6 хувь нь  тураалтай, 1,0 хувь нь туранхай, түүнчлэн нийт хүн амын амин дэм, бичил бодисын дутал 10 жилийн өмнөх түвшинд хэвээр байгааг тогтоожээ. Уг судалгаанаас үзэхэд манай улс хүн амын хоол тэжээлийн дутлын хувьд дээр дурдсан зорилтод бүрэн хүрсэн хэдий ч цаашид хоол тэжээлийн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын найрлага, хэмжээнд анхаарал хандуулж “эрүүл-шим тэжээлт хоол хүнс” хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. 

 

Манай улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эх орондоо үйлдвэрлэж байсан органик хүнсний бүтээгдэхүүний тоо, төрөл, хэмжээ багасч, гадаадаас бэлнээр нийлүүлэх импортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэж, улмаар дэлгүүр, хүнсний зах, нийтийн хоолны газарт стандарт хэмжээнээс давсан чихэр, давс, өөх тос ихтэй хоол хүнс ихээр зарж борлуулах болсон нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Өнөөгийн байдлаар манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү буюу 54,4 хувь, 5 хүртэлх насны 6 хүүхэд тутмын нэг буюу 16,7 хувь, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг буюу 12,5 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Мөн нийт хүн амын жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ 1988 оны түвшингээс бага буюу хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээнд хүрэхгүй байна. 

 

Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйл ихээр нөлөөлдөг. Тиймээс хоол тэжээлийн байдлыг сайжруулах асуудлыг зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд бус харин хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг бусад салбарын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан зохицуулах шаардлагатай байна.

 

Сүүлийн 10 жилд дэлхийн зарим улс оронд хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах талаар авсан далайцтай арга хэмжээний үр дүн, түүний нотолгоо баримтыг олон улсад нийтэлж мэдээлснээр хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж байна.

 

Манай улс Хүнсний тухай хуулийг анх 1995 онд баталсан бөгөөд             1999, 2012 онуудад уг хуулийг шинэчилж, улмаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг 2012 онд баталсан бөгөөд Монгол хүний хоол тэжээл хөтөлбөр, Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  дуусгаад өнөөдөр  Хүнсний аюулгүй  байдал

 

 

 

үндэсний хөтөлбөр (2009-2016)-ийг хэрэгжүүлж байна. Гэвч энэхүү хөтөлбөрт хүн амын хоол тэжээлийн асуудлыг тодорхой тусгалгүй орхисон байна.

 

Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий эмгэгийг бууруулах, түүнээс сэргийлэх, эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэх асуудлыг Засгийн газрын бодлого, стратегид тусгасан хэдий ч үйл ажиллагааны хамрах хүрээ нь хязгаарлагдмал, тогтмол бус, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байгаа тул бүх салбарын оролцоог хангасан хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилго бүхий “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг  (цаашид “хөтөлбөр” гэх) боловсруулсан болно.   

 

Хоёр. Хөтөлбөрийн нэр томьёоны тодорхойлолт

 

2.1. Энэхүү хөтөлбөрт заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

2.1.1. “нялх хүүхэд” гэж 1 хүртэлх насны хүүхдийг;

 

2.1.2. “балчир насны хүүхэд” гэж 3 хүртэлх насны хүүхдийг;

 

2.1.3. “эхийн сүүгээр дагнан хооллолт” гэж 6 сар хүртэлх насны хүүхдэд эхийн сүүнээс өөр хоол, шингэн өгөхгүйгээр зөвхөн эхийн сүүгээр (амин дэм, эрдэс бодис агуулсан дусаалга, эмийн бэлдмэл өгч болно) хооллохыг;

 

2.1.4. “нэмэгдэл хоол” гэж 6 сартайгаас нь эхлэн хүүхдэд эхийн сүү, эсхүл эхийн сүүний оронд өгч байгаа хоол, унд дээр нэмэлтээр өгөх үйлдвэрийн аргаар боловсруулсан буюу гэрийн нөхцөлд бэлдсэн аливаа хоолыг;

 

2.1.5. “хоол тэжээл (nutrition)” гэж амьд бие махбодь өөрийн өсөлт, эд эсийн нийлэгжилт, нөхөн төлжилтэд зориулан хүнсийг шимэгдүүлэх үйл явц болон хүнсийг шимжүүлэх үйл явцыг;

 

2.1.6. “хоол тэжээлээс хамаарал бүхий эмгэг (мalnutrition)” гэж хоол тэжээлийн илүүдэл болон дутлын шалтгаантай аливаа өвчин, эмгэг байдлыг; 

 

2.1.7. “хоол тэжээлийн байдал” гэж хоол хүнсний хэрэглээнээс шалтгаалан хүний бие махбодь дахь шимт бодисын түвшин болон бодисын солилцоог хангах чадварыг илтгэх биеийн байдлыг;

 

2.1.8. “хоол тэжээлийн хэрэгцээ” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт, хөгжилтөд  зайлшгүй шаардлагатай ус, шимт бодисын хэмжээг;

 

2.1.9. “өсөлтийн хоцрол” гэж хүүхдийн өндөр өөрийн насандаа тохирох хэмжээнээс бага, намхан нуруутай буюу (урт) өндрийг насанд нь харьцуулсан үзүүлэлт Z онооны -2 шугамаар доогуур байхыг;

 

2.1.10. “тураал” гэж хүүхдийн жин өөрийн насандаа тохирох жингээс бага буюу биеийн жинг насанд нь харьцуулсан үзүүлэлт Z онооноос -2 шугамаар доогуур байхыг;

 

2.1.11. “туранхай” гэж хүүхдийн биеийн өндөр хэвийн боловч биеийн жинг түүний (урт) өндөртэй нь харьцуулсан үзүүлэлт Z онооны -2 шугамаар доогуур байхыг;

 

2.1.12. “илүүдэл жин” гэж хүний биеийн өндөр хэвийн боловч биеийн жингийн индекс (БЖИ)-ийн үзүүлэлт 25-аас илүү байхыг, 5 хүртэлх насны хүүхдэд биеийн жинг өндөртэй нь харьцуулсан үзүүлэлт, эсхүл БЖИ нь насны үзүүлэлт     -Z онооны 3 шугамаар дээгүүр байхыг;

 

2.1.13. “таргалалт” гэж хүний биеийн өндөр хэвийн боловч БЖИ-ийн үзүүлэлт 30-аас илүү байхыг, 5 хүртэлх насны хүүхдэд биеийн жинг өндөртэй нь харьцуулсан үзүүлэлт, эсхүл БЖИ нь насны үзүүлэлт Z онооны 3 шугамаар дээгүүр байхыг;

 

2.1.14. “баяжуулсан хүнс” гэж тэжээллэг чанарыг нь сайжруулах зорилгоор төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, өсгөврийн хөрөнгө нэмсэн хүнсийг;

 

2.1.15. “бичил тэжээлийн бэлдмэл” гэж хоолонд нэмж хэрэглэдэг, хүний бие махбодын өсөлтийг хангаж, халдвараас сэргийлэхэд нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисын бүрдлийг;

 

2.1.16. “эрүүл хүнс” гэж хоол тэжээлээс хамаарал бүхий аливаа эмгэг, халдварт бус өвчин, таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин, харвалт болон хавдраас сэргийлэх, хамгаалах үйлчлэлтэй хүнсийг;

 

2.1.17. “эрүүл хооллолт” гэж эрүүл хүнсийг зөв, зохистой хэрэглэхийг;

 

2.1.18. “насанд хүрэгчдийн эрүүл хооллолт” гэж:

 

-өдөрт хамгийн багадаа 400 гр жимс, ногоо хэрэглэхийг (жимс, ногооны бүлэгт төрөл бүрийн жимс, ногоо, шош (сэвэг зарам, вандуй), самар, бүхэл үр тариаг (боловсруулаагүй эрдэнэ шиш, шар будаа, овьёос, буудай, бор будаа, бүхэл үрийн гурил) оруулах бөгөөд төмс, амтат төмс зэрэг үндэслэг ургамал болон бусад цардууллаг үндэс нь жимс, ногооны ангилалд хамаарахгүй);

 

-илчлэгийн хэрэглээ зарцуулалттайгаа тэнцүү буюу чихрийн хэрэглээ нь өдөрт 50 граммаас ихгүй байхыг;

 

-өөх тосны хэрэглээ нь өдрийн нийт илчлэгийн 30 хувиас бага хэмжээнд байхыг  (ханасан өөх тосыг бага хэрэглэх, үйлдвэрийн транс тос агуулсан хүнс нь эрүүл хүнсэнд хамаарахгүй);

 

-өдөрт 5 граммаас (ойролцоогоор 1 цайны халбага) бага хэмжээтэй иоджуулсан давс хэрэглэхийг. 

 

2.1.19. “нялх, балчир насны хүүхдийн эрүүл хооллолт” гэж:

 

-хүүхэд 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллохыг; 

 

-хүүхэд 6 сартайгаас эхлэн эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ олон нэр төрлийн тэжээллэг, аюулгүй нэмэгдэл хоолоор хооллохыг;   

 

-хүүхэд 2 нас хүртлээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг.

 

2.1.20. “нийгмийн үйлчилгээний байгууллага” гэж Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-д заасан үйлчилгээг үзүүлэгч байгууллага болон цэргийн анги, засан хүмүүжүүлэх байгууллагыг;

 

2.1.21. “аюулгүй хүнс” гэж зориулалтын дагуу бэлтгэсэн, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй хүнсийг.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

3.1. Хөтөлбөрийн зорилго

 

Хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулахад  хөтөлбөрийн зорилго оршино.

 

3.2. Хөтөлбөрийн зорилт

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:

 

3.2.1. эрүүл, аюулгүй хүнсний тогтолцоог бүрдүүлэх;

 

3.2.2. эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах;

 

3.2.3. хоол тэжээл болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг  бэхжүүлэх;

 

3.2.4. хүн амын дунд хоол тэжээлийн талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааг  өргөжүүлэх;

 

3.2.5. үндэсний хэмжээнд хоол тэжээлийн тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх.

 

Дөрөв. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх

         үйл ажиллагаа

 

4.1. Энэ хөтөлбөрийн 3.2.1-д заасан “эрүүл аюулгүй хүнсний тогтолцоог бүрдүүлэх” зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

4.1.1. өрхийн түвшинд жимс, хүнсний ногоо тариалах чадавхийг сайжруулах:

 

-өрхийн аж ахуй эрхлэгчдэд жимс, хүнсний ногоо тариалах, тариалан арчлах, ашиглах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж чадавхжуулах;

 

-жимс, хүнсний ногоо тариалан эрхлэгчдийг урамшуулал, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах;

 

-орон нутгаас өрхөд тариалах газар, талбай, хашаа, усжуулалтын систем, харуул хамгаалалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, жимс, хүнсний ногоо тариалалтад ашиглах багаж, тоног төхөөрөмжийн худалдаа, хүртээмжийг нэмэгдүүлэх;

 

-жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, тэдгээрийн тэжээллэг чанарыг алдагдуулахгүйгээр савлах, хадгалах шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тариан талбайгаас зах зээлд шууд хүргэх борлуулалтын сүлжээг боловсронгуй болгох.

 

4.1.2. өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх:

 

-өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн дэх давс, чихэр, өөх тос болон транс тосны хүчлийн хэмжээг бууруулж, хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг шинэчлэх;

 

-эрүүл, аюулгүй хүнсний нэр, төрлийг нэмэгдүүлэх асуудлаар хүнс үйлдвэрлэгч, импортлогч нартай хамтран ажиллан, жижиг аж ахуй эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.

 

4.1.3. хүнсний бүтээгдэхүүнийг амин дэм, эрдэс бодисоор баяжуулах, баяжуулсан хоол хүнсний нэр, төрлийг нэмэгдүүлэх:

 

-хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах, найруулгыг нь зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх;

 

-хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах, дээж авах, шинжлэх арга, технологи, стандартыг боловсруулан баталж мөрдүүлэх;

 

-баяжуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, баяжуулагч бодис, бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх лабораторийн чадавхийг (арга зүй, хүний нөөц, итгэмжлэлд хамруулах) бэхжүүлэх;

 

-биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэл, хяналт, худалдаа, зар сурталчилгааг зохицуулсан журмыг шинэчлэн боловсруулах.

 

4.1.4. хүнсний найрлага, шим тэжээллэг чанарт тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох:

 

-хүүхдийн байгууллага, эмнэлэг, сувиллын орчинд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй чихэр, давс, ханасан болон транс тосны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг зохицуулах журам боловсруулж мөрдүүлэх;

 

-чихэр, давс, ханасан болон транс тосны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж, эрүүл хооллолтыг дэмжих сан байгуулах асуудлыг судлах.

 

4.1.5. үйлчилгээний байгууллагын хоол үйлдвэрлэл, хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоо бий болгох:

 

-үйлчилгээний байгууллагын хоолны үйлчилгээ, удирдлага, зохион байгуулалтыг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сайжруулах асуудлыг дэмжих;

 

-үйлчилгээний байгууллагын хүнсний худалдан авалт, тээвэрлэлт, түгээлтийг зохицуулах журам боловсруулж мөрдүүлэх;

 

-үйлчилгээний байгууллагын хоолны үйлчилгээнд тавигдах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг шинэчлэх;

 

-хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгох;

 

-төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийдэг үйлчилгээний байгууллагын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний найрлагыг шаардлагатай амин дэм, бичил бодисоор баяжуулах арга хэмжээ авах;

 

-төсвийн хөрөнгөөр худалдан авдаг хоол хүнс (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн ангийн хоол болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгодог хоол хүнс)-нд зарцуулах зардал, үнэ тарифийг хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээ, үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан тогтмол шинэчилж байх, санхүүжилтийн уян хатан тогтолцоог бий болгох.

 

4.1.6. зохистой хооллолтын талаарх зөвлөмжид нийцсэн тэжээллэг, аюулгүй хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх:

  

-хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжийг 5 жил тутамд шинэчлэх;

 

-нийтийн хоол, эмчилгээний хоол, цэцэрлэг, сургууль, цэргийн ангийн хоолны жор, технологийг шинэчилж, үйлчилгээнд нэвтрүүлэх;

 

-цэцэрлэг,  сургууль, цэргийн анги, эмнэлэг, сувилал, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дулааны, механик, хөргөлтийн, үйлчилгээний тоног төхөөрөмж, сав хэрэгслийг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэх;

 

-цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувилалын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний “Загвар” төслийг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх.

 

4.1.7. нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэдийг хоол тэжээлийн дутлын эрсдэлээс хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл дэх хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг хангах:

 

-хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, холбогдох журмыг шинэчлэх;

 

-зорилтот бүлгийн иргэнд олгох хүнсний дэмжлэгийн зардлыг үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан зохицуулах;

 

-зорилтот бүлгийн иргэнд олгох хүнсний нэр, төрлийг нэмэгдүүлж, амин дэм, эрдэс бодисоор баялаг, баяжуулсан хүнсээр хангах;

 

-гамшиг, онцгой байдлын үед нэрвэгдсэн хүн амд түгээх, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад олгох хүнсний багц, шууд хэрэглэхэд бэлэн хоолны жор, технологийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

 

 

-томоохон хот, аймгийн төвд нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн болон гэр оронгүй, тэнэмэл амьдралтай өрх, иргэдэд зориулсан (халуун хоол, хоноглох байр, ахуй үйлчилгээ, халуун ус, сургалтын байр бүхий) түр үйлчилгээний цэг байгуулж ажиллуулах.

 

4.2. Энэ хөтөлбөрийн 3.2.2-т заасан “эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах” зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

4.2.1. эх, хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжиж, бага насны хүүхдийг     насанд нь тохирсон, аюулгүй, зохистой нэмэгдэл хоолоор хангах: 

 

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, батлуулах;

 

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Эхчүүдийг хамгаалах тухай”      2000 оны 183 дугаар конвенци болон 191 дүгээр зөвлөмжид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлах;

 

-ажлын байранд эх хүүхдээ хөхүүлэх орчинг бүрдүүлэх санал, санаачилгыг дэмжин өрнүүлэх;

 

-олон нийт, үйлчилгээний газарт эх хүүхдээ хөхүүлэх, хүүхдийн живх солих боломжийг бүрдүүлэх;

 

-хүүхдийн тэжээллэг нэмэгдэл хоол, хүнсний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих;

 

-хүүхдийн хоол тэжээлийн чиглэлээр эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах;

 

-жирэмсэн эх, 6-23 сартай хүүхдийг олон найрлагат бичил тэжээлийн холимог, 6-59 сартай хүүхдийг өндөр тунт А амин дэм, 0-36 сартай хүүхдийг өндөр тунт Д амин дэмээр тогтвортой хангах;

 

-нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн  хүүхэд, эмэгтэйчүүдийг баяжуулсан хүнс, эсхүл олон найрлагат бичил тэжээлийн холимогоор хангах;

 

-хүүхдийн эрүүл, аюулгүй нэмэгдэл хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт олдоцтой, тэжээллэг хүнсийг ашиглах шинэ жор, технологи боловсруулах. 

 

4.2.2. цэцэрлэг, сургууль, хүүхдийн байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах:

   

-цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хооллолт, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох журам, заавар, стандартыг шинэчлэн боловсруулж, баталж мөрдүүлэх;

 

-хоол тэжээлийн талаарх хүүхдийн мэдлэгийг сайжруулах, хүүхдийн таргалалтаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

-багш бэлтгэх сургалтын цөм хөтөлбөрт эрүүл хооллолт, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын талаарх сургалтын модулийг нэмж оруулах, багш, ажилтан, хүүхэд асран хамгаалагч нарт зориулан энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулж түгээх;

 

-хүүхдийн насны онцлогт тохирсон “Эрүүл хооллолт” сургалтын багц үзүүлэн, хэрэгсэл боловсруулж, бүх шатны боловсролын байгууллагыг хангах.  

 

4.3. Энэ хөтөлбөрийн 3.2.3-т заасан “хоол тэжээл болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх” зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

4.3.1. эрүүл мэндийн салбарын чадавхийг сайжруулах: 

 

-хүн амд эрүүл хооллолт, дасгал, хөдөлгөөний талаар зөвлөгөө өгөх, хоол тэжээлээс хамаарал бүхий өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хоол тэжээлийн үйлчилгээ үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг эрүүл мэндийн байгууллагын бүх түвшинд үе шаттайгаар зохион байгуулах;

 

-анагаахын мэргэжлийн сургууль болон төгсөлтийн дараах сургалтын  хөтөлбөрт хүнс, хоол тэжээл, өвчин эмгэгийн үеийн эмчилгээний хоолны талаарх асуудлыг нэмж оруулах;

 

-эмчилгээний хоол зүйчийг бэлтгэх сургалтыг эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулах.

 

4.3.2. хоол тэжээлээс хамаарал бүхий эмгэгээс сэргийлэх, оношилгоо, эмчилгээний удирдамж, стандартыг сайжруулах:  

 

-хоол тэжээлийн хүнд, дунд болон хурц дутал, амин дэм, эрдэс бодисын дутлаас шалтгаалсан өвчин, эмгэгээс сэргийлэх, эмчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулж батлуулах;

 

-зарим өвчний үеийн өвөрмөц хоол эмчилгээний (cудсаар болон гуурсаар хооллох) удирдамжийг баталж мөрдүүлэх;

 

-эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд эмчилгээний хоолны асуудлыг тусгах.

 

4.4. Энэ хөтөлбөрийн 3.2.4-т заасан “хоол тэжээлийн талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

4.4.1. хоол тэжээлийн талаарх сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг сайжруулах: 

 

-Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй (илчлэг өндөртэй, ханасан тос, транс тос, чихэр, давс ихтэй) хоол хүнс, зарим ундааны үйлдвэрлэл, худалдаа, сурталчилгааны талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

 

-эрүүл хүнсний сав, баглаа боодол, шошго дээр мэргэжлийн байгууллага, холбоодын сайшаал бүхий нэмэлт тэмдэг, наалтыг байршуулах эрх зүйн зохицуултыг бий болгох;

 

-эрүүл, зөв хооллох мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тогтмол явуулах;

 

-хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх шим тэжээлийн үзүүлэлт болон бусад нэмэлт мэдээллийг ашиглан хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;

 

-хүнс, хоол тэжээлийн зөв сонголт, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийн асуудал, амьдралын онцлогт тохирох өдөр тутмын идэвхтэй дасгал хөдөлгөөнийг сурталчлах аяныг өрнүүлж, тогтмолжуулах;

 

-тос, давс, чихэр багатай болон эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг олон нийтэд сурталчлах.

 

4.4.2. хүнсний бүтээгдэхүүний зөв, зохистой хаяг, шошгын талаар хэрэглэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх:

 

-хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартыг Олон улсын хүнсний эрх зүйн хорооны шаардлагад нийцүүлэх;

 

-дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний шошгод шим тэжээлийн үзүүлэлт, ялангуяа ханасан тос, чихэр, давс, транс тосны агууламжийн тухай мэдээллийг тодорхой заах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

 

-хуурамч бүтээгдэхүүн, хаяглалт, шошгын зөрчилтэй хүнсний талаарх олон нийтийн нээлттэй сувгийг бий болгож, тогтвортой ажиллуулах.

 

4.5. Энэ хөтөлбөрийн 3.2.5-д заасан “хүн амын хоол тэжээлийн тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх” зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

4.5.1. хүн амын хоол тэжээлийн байдал, хүнсний хүртээмж, хэрэглээг үнэлэх үндэсний тандалтын тогтолцоог бэхжүүлэх: 

 

-хоол хүнсээр дамжих өвчнийг тандах журмыг шинэчлэн боловсруулах;

 

-хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг (өрхийн хүнсний хэрэглээний судалгаа болон эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох судалгаатай хамтатгах) таван жил тутамд зохион байгуулах;

 

-монгол хүний эрүүл мэндэд үзүүлэх хүнсний хэрэглээ, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны нөлөөллийг үнэлэх судалгааг үе шаттайгаар зохион байгуулах.

 

4.5.2. хүн амын хоол тэжээлийн судалгаа, шинжилгээний байгууллагын чадавх болон хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх:

 

           

-хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны лабораторийн  чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ авч, магадлан итгэмжлэлд хамруулах;

 

-хүнсний аюулгүй байдал алдагдсанаас нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсэх үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж,  бэлэн байдлыг хангаж ажиллах;

 

-“Хүнсний бүтээгдэхүүний найрлагын эмхэтгэл”-ийг шинэчлэн боловсруулах;

 

-шинэ нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүний жор, технологи боловсруулж, нэвтрүүлэх туршилт-судалгааны ажилд хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;

 

-эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, худалдаа, сурталчилгаа, хэрэглээнд хийх хяналт үнэлгээг тогтмолжуулах.

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

 

5.1. Хөтөлбөрийг 2016-2025 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

 

Нэгдүгээр үе шат: 2016-2020 он;

 

Хоёрдугаар үе шат: 2020-2025 он.

 

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

 

            6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

 

6.1.1. улс, орон нутгийн төсөв;

 

6.1.2. хандивлагч орон болон олон улсын байгууллагын хандив, зээл, тусламж;

 

6.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

 

6.1.4. бусад эх үүсвэр.

 

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хариуцна.

 

7.2. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан зохион байгуулна.

 

           

 

7.3. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.

 

Найм. Хөтөлбөрийн үр дүн, хяналт-шинжилгээ,

      үнэлгээний шалгуур үзүүлэлт

 

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

 

8.1.1. эрүүл, аюулгүй хүнсний үйлдвэрлэл, нэр төрөл, худалдаа үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ; 

 

8.1.2. эх, хүүхдийн эрүүл, аюулгүй хооллолтын байдал сайжирч, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийн тархалт буурна;

 

8.1.3. нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувиллын газрын хоолны үйлчилгээний чанарт ахиц гарч, иргэдийн зөв хооллох дадал, зан үйл төлөвшинө;

 

8.1.4. эрүүл мэндийн салбарын хоол эмчилгээний чанар, хүртээмж сайжирна;

 

8.1.5. хүнс, хоол тэжээлийн тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны үндэсний чадавх бэхжиж, нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;

 

8.1.6. хэрэглэгчийн эрүүл, аюулгүй хүнсний талаарх мэдлэг сайжирч,  эрүүл, аюулгүй хоол хүнсийг сонгож, хэрэглэх зан үйл төлөвшинө.

 

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг 2020 онд, төгсгөлийн үнэлгээг 2025 онд тус тус хийнэ.

 

8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.

 

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилийг үнэлэх шалгуур үзүүлэлт

 

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

 

Үзүүлэлт

2013 оны суурь түвшин

2020 оны зорилтот түвшин

2025 оны зорилтот түвшин

Эх сурвалж

Эхийн сүүгээр хооллолт:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндэсний статистикийн хорооны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа

1.     

Төрсний дараа 1 цагийн дотор ангир уургаа амласан хүүхдийн эзлэх хувь

71

80

90

2.     

Эхийн сүүгээр дагнан хооллож байгаа 5 хүртэлх сартай хүүхдийн эзлэх хувь

47

60

≥70

Нэмэгдэл хооллолт:

3.     

Нэмэгдэл хоолыг зохих давтамжаар идэж байгаа 6-23 сартай хүүхдийн эзлэх хувь

35

50

≥60

Хоол тэжээлийн байдал:

4.     

5 хүртэлх насны бүх хүүхдийн дунд туранхай хүүхдийн эзлэх хувь 

1,0

≤1,0

≤1,0

5.     

5 хүртэлх насны бүх хүүхдийн дунд өсөлтийн хоцролтой хүүхдийн эзлэх хувь 

10,8

9,0

≤7,0

6.     

5 хүртэлх насны бүх хүүхдийн дунд илүүдэл жинтэй хүүхдийн эзлэх хувь

16,7

≤16,0

≤15,7

7.     

5 хүртэлх насны бүх хүүхдийн дунд таргалалттай хүүхдийн эзлэх хувь

7,3

≤7,0

≤6,3

Хүнс баяжуулалт:

8.     

Баяжуулсан гурил үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо

-

-

70

Иоджуулсан давс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо

-

-

50

Баяжуулсан сүү үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо

-

-

20

9.     

Өрхийн иоджуулсан давсны хэрэглээний түвшин

74,5

80,0

95,0

       Аминдэм, эрдэс бодисын хангалт:

 

 

 

Хоол тэжээлийн үндэсний судалгаа

10.  

Өндөр тунт А аминдэмийн түгээлтэд хамрагдсан 6-59 сартай хүүхдийн хувь

95

≥90

≥90

11.  

Д аминдэмийн түгээлтэд хамрагдсан 3 хүртэлх насны  хүүхдийн хувь

-

≥90

≥90

12.  

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлтэд хамрагдсан        6-23 сартай хүүхдийн хувь

-

≥90

≥90

13.  

5 хүртэлх насны хүүхдийн дунд                   Д аминдэмийн дуталтай хүүхдийн эзлэх хувь 

28

25

≤20

14.  

5 хүртэлх насны хүүхдийн дунд                   А аминдэмийн дуталтай хүүхдийн эзлэх хувь 

32,3

25

≤20

15.  

5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалттай хүүхдийн эзлэх хувь

28,5

25

≤20

16.  

5 хүртэлх насны хүүхдийн дунд төмрийн дуталтай хүүхдийн эзлэх хувь

21,4

18,0

≤15

17.  

Төрөх насны эмэгтэйчүүдийн дунд цус багадалттай  эмэгтэйчүүдийн эзлэх хувь

14,4

12

≤10

Эрүүл мэндийн эрсдэл:

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа

18.  

12-17 насны өсвөр насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалтын хувь

11,2

≤11,0

≤10,0

19.  

15-64 насны хүн амын илүүдэл жингийн  тархалтын хувь

54,4

≤53,0

≤50,0

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа

20.  

15-64 насны хүн амын таргалалтын тархалтын хувь

19,7

≤18,0

≤16,7

21.  

Хүн амын дунд жимс, хүнсний ногоог 5 нэгжээс бага хэмжээгээр хэрэглэдэг хүн амын эзлэх  хувь

98,0

90,0

≤80,0

22.  

Давсны хоногийн дундаж хэрэглээ (гр)

11,1

9,0

7,5

Хүн амын давсны хэрэглээний судалгаа

Эрүүл хүнсний хэрэглээ:

Үндэсний статистикийн хорооны тайлан

23.  

Жимс, жимсгэний жилийн хэрэглээ (кг)

8,4

30

50

24.  

Хүнсний ногооны жилийн хэрэглээ (кг)

24,0

40

73

25.  

Чихэр, сахарын зүйлийн жилийн хэрэглээ (кг)

16,8

12,8

8,4

26.  

Илчлэгийн хэрэглээ (ккал)

2795,1

2300

<2300