Хэвлэх DOC Татаж авах

 

Хууль зүйн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 тоот тушаалын хавсралт

/ХЗДХС-ын 2017 оны өдрийн А/195 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МЭДЭЭЛЛИЙН САНД МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, ШАЛГАХ, ҮНЭЛЭН ШИНЖЛЭХ, АШИГЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ, ҮР ДҮНГ ТООЦОХ, ЛАВЛАГАА ӨГӨХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

          1.1.Энэхүү журам нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/-д мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

          1.2.Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, энэ журмыг мөрдөж ажиллана.

          1.3.Энэ зүйлийн 1.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хуваарилах, хүлээн авах, үр дүнг тооцох дэг горимыг Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

Хоёр.Мэдээллийн сан

          2.1.Мэдээллийн сан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагын өмч бөгөөд үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалж, хуульд өөрөөр заагаагүй бол цагдаагийн байгууллагын нууцын зэрэглэлд хамаарна.

          2.2.Төв, орон нутгийн цагдаагийн байгууллага /цаашид “байгууллага” гэх/ мэдээллийн санг ашиглахдаа холбогдох стандарт /Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын үйл ажиллагааны дүрэм MNS/ISO 17799:2007, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, шаардлага MNS/ISO 27001:2007/-уудыг мөрдөж ажиллана.

Гурав.Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах

          3.1.Цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан тоо бүртгэлд тулгуурлан мэдээллийн санг үүсгэж, үйл ажиллагаандаа ашиглана.

          3.2.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь энэ журмын 3.1-д дурьдсан тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд Мэдээлэл, технологийн төв нь мэдээллийг тухай бүр баяжуулж, холбогдох хууль, журамд заасны дагуу мэдээллийн санд оруулна.

          3.3.Мэдээллийн санд нэвтрэх эрх бүхий этгээд мэдээлэл оруулахдаа өөрийн нууц үг, хандах эрхийн дагуу системд нэвтэрнэ.

          3.4.Мэдээллийн сан, цагдаагийн дотоод сүлжээнд нэвтрэх эрх авах, өргөтгөх, өөрчлөх, цуцлах тухай асуудлыг Мэдээлэл, технологийн төв хариуцна.

          3.5.Мэдээллийн санд хандах эрх нь мэдээлэлтэй танилцах, оруулах, засварлах, нөхөн бүртгэх, өргөтгөх, баталгаажуулах гэсэн төрөлтэй байна.

          3.6.Мэдээллийн санд оруулж буй мэдээллийн үнэн бодит байдлыг тухайн цагдаагийн алба хаагч хариуцаж, байгууллагын дарга хяналт тавина.

          3.7.Мэдээлэл, технологийн төв нь мэдээллийн санд оруулж буй мэдээллийн үнэн зөв, мэдээлэл оруулах, харах, засварлах, нөхөн бүртгэх, баталгаажуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх үйл ажиллагаанд хяналт тавина.

          3.8.Мэдээллийн сангийн ашиглалтын талаар хийсэн үйлдлүүд, хандалт зэрэг нь системд бүртгэгдэж байхаар бүртгэл /log/-ийг хөтлөхөөр зохицуулна.

 

          Дөрөв.Мэдээллийг үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах

          4.1.Мэдээллийн сангийн мэдээллийг үнэлэн шинжлэхдээ дор дурдсан судалгаа, шинжилгээний ерөнхий аргыг ашиглана:

                    4.1.1.статистик арга;

4.1.2.ажиглалт хийх арга;

4.1.3.ярилцлага хийх арга;

4.1.4.таамаглал дэвшүүлэх арга;

4.1.5.зэрэглэл тогтоох арга;

4.1.6.загварчлалын арга;

4.1.7.ижил төсөөлөл харьцуулалтын арга;

4.1.8.системийн анализ гэх мэт.

4.2.Мэдээллийг үнэлэн шинжлэхдээ дараах чиглэлийг баримтална:

4.2.1.эрсдэл бий болох нөхцөл байдлыг тогтоож, хор уршгийг үнэлэн, мэдээлэлд зэрэглэл тогтоох, түүнд дүн шинжилгээ хийх;

4.2.2.тухайн мэдээлэлтэй холбоотой эмзэг байдлын үнэлгээ хийх;

4.2.3.эрсдлийг бууруулахад чиглэсэн хүч, хэрэгслийн чадавхийн үнэлгээ хийх;

4.2.4.нөхцөл байдалд тулгуурласан мэдээллийн үнэлгээ хийх.

          4.3.Мэдээллийн үнэлэн шинжлэх нь дараах зэрэгтэй байж болно:

                    4.3.1.судалгаа шинжилгээний чиглэлээр ашиглах;

4.3.2.дотоод үйл ажиллагааны чиглэлээр ашиглах;

4.3.3.байгууллагын дарга, холбогдох алба хаагчид танилцуулах;

4.3.4.дээд шатны байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх;

4.3.5.хойшлуулшгүй арга хэмжээ авахуулах;

4.3.6.нэн даруй шийдвэрлэх шаардлагатай.

          4.4.Мэдээллийн сан дахь мэдээллийг цахим болон биет байдлаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд нууцлал аюулгүй байдал, шуурхай байдлыг сайтар хангана.

          4.5.Мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ирүүлсэн мэдээлэлтэй танилцаж, зохих арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлнэ.

          4.6.Мэдээллийн санг цагдаагийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглана.

          4.7.Мэдээлэл, технологийн төв нь энэ журмын 3.1-т заасан мэдээлэлд тулгуурлан болзошгүй нөхцөл байдал, үйл явцын талаарх урьдчилсан таамаглал, төсөөллийг гаргаж, түүнд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах санал, зөвлөмжийг боловсруулна.

Тав.Мэдээллийг хуваарилах, үр дүнг тооцох

          5.1.Мэдээлэл, технологийн төв нь энэ журмын 4.7-т заасны дагуу шаардлагатай мэдээллүүдийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шалгах, үнэлэх, ашиглах байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

          5.2.Энэ журмын 5.1-д заасны дагуу мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар тогтоосон хугацаанд хариу мэдэгдэнэ.

Зургаа.Мэдээллийн сангаас лавлагаа өгөх

          6.1.Ял шийтгэлийн талаарх лавлагаа өгөхөд Хууль зүйн сайдын 2013 оны А/12 дугаар тушаалыг баримтална.

          6.2.Энэ журмын 6.1-д зааснаас бусад төрлийн мэдээллийн сангийн лавлагааг иргэн, хуулийн этгээдэд лавлагаа өгөхөд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг мөрдөнө.

          6.3.Мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан болон олон улсын цагдаагийн байгууллагад холбогдох мэдээллийг өгч болно.

          6.4.Энэ журмын 6.3-т заасан мэдээлэл хүссэн зорилго, өгсөн мэдээллийн талаар бусдад задруулахыг хориглоно.

Долоо.Бусад

          7.1.Мэдээллийн сангаас мэдээлэл алдагдах, устсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

          7.2.Цагдаагийн ерөнхий газар мэдээллийн сан, мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хариуцна.

          7.3.Мэдээлэл, технологийн төв нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангаж, мэдээллийн санг ашиглах явцад аюулгүй байдлыг хангана.

 

---оОо---