Хэвлэх DOC Татаж авах

Цөмийн энергийн комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Зорилго

Энэхүү дүрмийн зорилго нь цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй этгээд ашиглах, зөвшөөрөлгүй шилжүүлэх, хулгайлах, үрэгдүүлэх, гэмтээх болон олж авснаас хүрээлэн буй орчин, нийгэм болон хувь хүнд учирч болох цацрагийн осол аюулаас урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ

1.2.1.Энэхүү дүрмийн шаардлагуудыг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд мөрдөнө.

1.2.2.Цацраг идэвхт изотоп, цацраг идэвхт бодис бүхий төрөл бүрийн зориулалтын багаж төхөөрөмжүүд, цацрагийн үүсгүүрүүдэд энэхүү дүрмийн шаардлагууд хамаарна.

1.2.3.Ашиглагдаагүй цацрагийн үүсгүүрүүд нь мөн энэхүү дүрмийн шаардлагыг хангасан байх ёстой.

Хоёр. Захиргааны шаардлагууд

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг

Энэхүү дүрэмд хамаарах цацрагийн үүсгүүртэй холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй. Үүнд:

2.1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа, холбогдох цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах талаар энэхүү дүрмийн холбогдох шаардлагад нийцсэн захиргааны болон техникийн арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;

2.1.2. Цацрагийн үүсгүүр эсвэл төхөөрөмжийн аюулгүй байдалтай холбоотой ажилд зөвхөн зохих сургалтад хамрагдсан, мэргэшсэн хүнийг томилох;

2.1.3. Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдалд нөлөөлж болох нэмэлт өөрчлөлт оруулах бол саналаа Цацрагийн хяналтын байгууллагад тухай бүр мэдэгдэх ба зөвшөөрсөн тохиолдолд тохиолдолд тэдгээр өөрчлөлтийг хийнэ.

2.2.Цацрагийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын соёл

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагааны цар хүрээ, онцлогт тохирсон удирдлагын тогтолцоог бий болгох үүрэгтэй. Үүнд:

2.2.1. цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тооцсон бодлого, үйл ажиллагаа явуулах;

2.2.2. цацрагийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд нөлөөлж болох асуудлуудыг шуурхай тогтоож түүнийг зөв оновчтой аргаар шийдвэрлэх;

2.2.3. цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд хамаарах хүн бүрийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тэдгээрийг сургаж мэргэшүүлсэн байх;

2.2.4. цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр шийдвэр гаргах эрхийг нарийвчлан тодорхойлсон байх;

2.2.5. Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох зохион байгуулалтын болон харилцаа холбооны тогтолцоогбий болгох.

2.3. Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдалд тавигдах шаардлага

2.3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн холбогдох цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

2.3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүр болон үүсгүүр бүхий хэсэг, байгууламжийг байршуулах, зохион бүтээх, угсрах, ашиглалтад оруулах, ажиллуулах, засварлах, ашиглалтаас гаргахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·                     батлагдсан дүрэм журам, стандарт, техник, шинжлэх ухааны хөгжлийн хандлагад нийцсэн байх;

·                     найдвартай удирдлага, зохион байгуулалтаар хангагдсан;

·                     үүсгүүрийг үйлдвэрийн хийцийн дагуу угсрах, ажиллуулахад шаардагдах зай талбайгаар хангасан байх.

2.4. Нууцлал болон мэдээллийн аюулгүй байдал

2.4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагааны хэмжээ, онцлогт тохирсон мэдээллийн удирдлагын тогтолцоог дараах зорилгоор хангасан байх шаардлагатай. Үүнд:

·                     бусад байгууллагаас нууц гэж хүлээн авсан мэдээллийн нууцлалыг хамгаалсан байх;

·                     бусад байгууллагаас хүлээн авсан аюулгүй байдалд хамаарах мэдээллийг зөвхөн түүний зөвшөөрөлтэйгөөр гуравдагч талд өгөх;

·                     аюулгүйн арга хэмжээнд хамаарах мэдээллийн нууцлалыг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх.

2.4.2. Цацрагийн үүсгүүрийн тодорхой байршил, цацрагийн аюулгүй байдлын нарийвчилсан арга хэмжээ, цацрагийн үүсгүүрийн менежментийн доголдолтой байдлыг тусгасан мэдээлэл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвхөн мэдвэл зохих хүмүүс л хяналттайгаар ашиглана. Үүнд дараах мэдээлэл хамаарна. Үүнд:

·                     үүсгүүрийн тодорхой байршил;

·                     төхөөрөмжийн аюулгүй байдлын төлөвлөгөө, үүсгүүртэй холбоотой аюулгүй байдлын систем;

·                     цацрагийн аюулгүй байдлын системийн түр зуурын болон байнгын доголдол;

·                     цацрагийн үүсгүүрийг ашиглах төлөвлөгөө болон бүртгэлүүд;

·                     цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, дамжуулахаар төлөвлөсөн огноо, хугацаа;

·                     ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө ба тогтолцоо эдгээр болно.

2.5.Хүний хүчин зүйл

2.5.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн аюулгүй байдалд нөлөөлж болох бүх ажилтан, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэргэшүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээр ажилтнууд нь өөрсдийн аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг ухамсарласан, тогтоосон журмын дагуу чиг үүргээ хэрэгжүүлж чаддаг байх үүрэгтэй.

2.5.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь биет хамгаалалтын арга хэмжээний талаар бүх ажилтандаа жилд нэгээс доошгүй удаа мэдээлэх, тэдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх сургалт зохиох үүрэгтэй.

2.5.3.Сургалтын хөтөлбөрийг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчилж байх үүрэгтэй.

2.5.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн осолд хүргэх хүний хүчин зүйл, алдааны нөлөөллийг багасгахын тулд ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллана.

2.5.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах зорилгыг хангахын тулд шаардлагатай багаж хэрэгсэл, аюулгүй байдлын тогтолцоо, зааврыг бий болгосон байх үүрэгтэй. Үүнд:

·                     Осолд хүргэж болох хүний алдааг аль болох багасгах;

·                     Хүний алдааг илрүүлэх, тэдгээрийг засах, хор уршгийг арилгах;

·                     Осол гарсан тохиолдолд шуурхай ажиллагааг хэрэгжүүлэх.

2.6.Чанарын хяналт

2.6.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цацрагийн хяналтын байгууллагаас тодорхойлсон дүрэм, журам, зааврын шаардлага хангасан чанарын хяналтын хөтөлбөрийг бий болгох үүрэгтэй: Үүнд:

·                     Цацрагийн аюулгүй байдалд хамаарах тусгай шаардлагууд хангагдсан эсэхийг хянадаг дотоодын хяналтыг бий болгох;

·                     Цацрагийн аюулгүй байдлын тогтолцоо нь чанартай, чиг үүрэгтээ нийцсэн байх;

·                     Цацрагийн аюулгүй байдлын арга хэмжээний үр дүнг хянан шалгах, үнэлэх чанарын хяналтын тогтолцоо, механизмыг бий болгох.

2.6.2. Аюулгүй байдлын А, B бүлгийн үүсгүүр бүхий байгууллагын чанарын хяналтын тогтолцоонд ослын болон онцгой байдлын үед авах арга хэмжээний жил бүрийн дасгал, сургууль, түүний үнэлгээ, аюулгүй байдлын төлөвлөгөөг тусгасан байвал зохино.Шаардлагатай тохиолдолд дээрх төлөвлөгөөнд тодотгол хийнэ.

2.7.Дадлага сургуулилт

2.7.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр энэхүү дүрэм болон тусгай зөвшөөрлийн нөхцөлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, байгууллагын цацрагийн аюулгүй байдлын тогтолцоог тодорхой хугацаанд сургуулилт явуулж шалгах үүрэгтэй. Энэхүү дадлага сургуулилтад албан хаагчид өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, арга техник, ойлголт, ур чадварыг сорих, дадлага эзэмших дасгалуудыг багтаасан байвал зохино.

Гурав. Техникийн шаардлагууд

3.1.Цацрагийн үүсгүүрийн ангилал

3.1.1.Тухайлсан нэг цацрагийн үүсгүүрийн хувьд ангилал ба аюулгүй байдлын бүлгийг тухайн үүсгүүрийн хамаарах үйл ажиллагааг нь үндэслэн тогтоож болно. (Хүснэгт 1)

3.1.2.Харин олон үүсгүүрүүдийн хувьд тэдгээрийн идэвх А-гийн нийлбэрийг тухайн цацраг идэвхт цөмийн тусгай идэвх буюу аюулын утга (Д утга)-д хувааж ангилал болон аюулгүй байдлын бүлгийг тогтооно. Тооцоолон олсон А/Д утгын нийлбэрийг хүснэгтэд буй А/Д утгатай харьцуулах замаар аюулгүй байдлын бүлгийг тогтооно. (Цацраг идэвхт цөмийн тусгай идэвх буюу аюулын утга (Д утга)-ыг хавсралт 1-т зааснаар авна)

3.1.3.1 дүгээр хүснэгтэд заасан үйл ажиллагаанд тусгагдаагүй үүсгүүрийн хувьд тэдгээрийн идэвх А-г харгалзах утга Д -д харьцуулж, аюулгүй байдлын бүлгийг тогтооно. Тооцоолон олсон А/Д утгыг хүснэгтэд буй А/Д утгатай харьцуулах замаар аюулгүй байдлын бүлгийг тогтооно.

Хүснэгт 1. Цацрагийн үүсгүүрийн ангилал ба аюулгүй байдлын бүлэг

Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг

Үүсгүүрийн ангилал

А/Д утга

Үйл ажиллагаа

А

1

А/Д ≥1000

Цацраг идэвхт изотоп бүхий термо электрик генератор

Шарах төхөөрөмжүүд

Туяа эмчилгээний зайн шарлага

Эмчилгээний гамма хутга

В

2

1000 >А/Д>10

Үйлдвэрийн радиографи

Өндөр болон дунд тунгийн дотуур шарлагын төхөөрөмж

С

3

10 > A/Д> 1

Үйлдвэрийн суурин цөмийн хэмжүүр /төвшин хэмжих, туузан дамжуургын болон дрежерын гэх мэт/

D

4

1 > A/Д> 0.01

Бага тунгийн дотуур шарлагын төхөөрөмж /Нүдний товгор, байнгын суулгацаас бусад/

Үйлдвэрийн зориулалтын цөмийн хэмжүүр /өндөр идэвхтэй үүсгүүр хамаарахгүй

Ясны денситометр

Цахилгаан цэнэг саармагжуулагч

5

0.01 > A/Дба

A >чөлөөлөгдөх утга

Бага тунгийн дотуур шарлагын төхөөрөмж, нүдний товгор, байнгын суулгацын үүсгүүрүүд

Электрон залгих төхөөрөмж

Мессбауэрын спектрометрийн үүсгүүрүүд

Позитрон цацаргах томографийн тохируулгын үүсгүүрүүд

Д утга: тухайн цацраг идэвхт цөмийн тусгай идэвх буюу аюулын утга

3.2.Цацрагийн аюулгүй байдлын үнэлгээ

3.2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь чанарын хяналтын шаардлагад нийцүүлэн, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг А болон В-д хамаарах үүсгүүрүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд холбогдох аюулгүйн үнэлгээг хийлгэх үүрэгтэй ба энэ нь дараах зорилгыг хангасан байх ёстой. Үүнд:

·                     Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгайлан хамаарах аюул заналыг тодорхойлох буюу өмнө нь тогтоож байсан аюул заналыг тодотгох нэмэлт өөрчлөлт оруулах;

·                     Цацрагийн аюулгүй байдлын эрсдэл, эмзэг байдлыг үнэлэх;

·                     Цацрагийн аюулгүй байдлын арга хэмжээний хангамж нөхцөл, чанарыг үнэлэх.

3.3. Цацрагийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

3.3.1. Цацрагийн үүсгүүр хамаарагдаж буй аюулгүй байдлын бүлэг бүрийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

·                     Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд хамаарагдаж буй цацрагийн үүсгүүрийнаюулгүй байдлын бүлэгт тавигдах дүрмийн шаардлагуудыг мөрдөх;

·                     Үндэсний хэмжээний аюул занал болон тухайн үүсгүүрийн эрсдэл, эмзэг байдлын шинжилгээнд үндэслэсэн аюулгүй байдлыг хангах бусад арга хэмжээг хэрэгжүүлэх.

3.3.2. Цацрагийн аюулгүй байдлын бүлгүүдийн зорилт нь захиргааны болон техникийн холбогдох шаардлагуудыг хослон хэрэглэхэд зохицсон байх ёстой. Цацрагийн аюулгүй байдлыг хангах эдгээр арга хэмжээнүүд нь үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын үзэл баримтлал, цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй хөдөлгөх, олж авахаас хамгаалах, шаардлагатай төвшинд хүргэх цацрагийн хамгаалалтын нэгдсэн арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг байна.

3.3.3. Хавсралт 2, Хавсралт 3-т заасны дагуу цацрагийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

Дөрөв. Цацрагийн үүсгүүрийг олж авах, эзэмших, хуваарилахад тавигдах шаардлага

4.1.Цацрагийн үүсгүүрийг нийлүүлэх болон хуваарилах

4.1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүрийг нийлүүлэх, хуваарилахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·                     Нийлүүлэгч эсвэл хүлээн авагч нь цацрагийн үүсгүүрийг хүлээн авахдаа Цацрагийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байх;

·                     Авч буй цацраг идэвхт изотоп, цацрагийн төрөл нь хүлээн авагчийн бизнесийн болон эзэмших хязгаар, тусгай зөвшөөрөлд заагдсан нөхцөлд нийцсэн байх.

4.1.2. Битүү үүсгүүрийг худалдаж авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгчтэй 2 талт гэрээ байгуулах ба тус гэрээнд ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсгүүрийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид буцаах асуудлыг тусгах шаардлагатай.

4.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь битүү үүсгүүрийг импортлохдоо идэвх нь 100 МБк-ээс их идэвхтэй цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан баримттай нь үйлдвэрлэгчид буцаах гэрээ байгуулах, эсвэл хаягдлын менежментийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаа тодорхойлсон байх шаардлагатай.

4.2. Цацрагийн үүсгүүрийг экспортлох

4.2.1. Цацраг идэвхт үүсгүүрийг экспортлохоор төлөвлөж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үүсгүүрийг экспортод гаргахаас өмнө Цацрагийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.

4.2.2.1,2 дугаар ангиллын цацрагийн үүсгүүрийг экспортлоход дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:

·                     цацрагийн үүсгүүрийг хүлээн авагч байгууллага нь холбогдох зөвшөөрөлтэйг нотолсон импортлогч улсаас ирүүлсэн албан бичиг;

·                     импортлогч улсын эрх бүхий байгууллагаас цацрагийн үүсгүүрийг хүлээн авагчид олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар;

·                     Ашиглахгүй тохиолдолд цацрагийн үүсгүүрийг буцаан импортлохыг тохиролцсон бол талуудын хооронд байгуулсан гэрээний хуулбар эдгээр болно.

4.2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1, 2 дугаар ангиллын цацрагийн үүсгүүрийг экспортлохдоо импортлогч талын хяналтын байгууллагад үүсгүүрийг илгээхээс 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлбэл зохино.

4.3. Цацрагийн үүсгүүрийг импортлох

4.3.1 1, 2-аар ангиллын цацраг идэвхт үүсгүүрийг импортлохоор төлөвлөж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үүсгүүрийг импортлохын өмнө Цацрагийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.

4.3.2.Цацрагийн үүсгүүрийг импортлох зөвшөөрөл хүссэн өргөдөлд дараах мэдээллийг тусгах шаардлагатай. Үүнд:

-Экспортлогчийн нэр, эрх бүхий хяналтын байгууллагаас олгосон хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар;

·                     Экспортлогчийн хаяг, байршил эсвэл бизнесийн үйл ажиллагаанытөв;

·                     Ашиглаж буй үүсгүүрийн изотопын нэр, идэвхжил;

·                     Тухайн бүс нутгийн нийлүүлэгчийн нэр, эрх бүхий хяналтын байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар;

·                     Ашиглахгүй тохиолдолд цацрагийн үүсгүүрийг буцаан экспортлохыг тохиролцсон бол талуудын хооронд байгуулсан гэрээний хуулбар эдгээр болно.

4.4 . Цацрагийн үүсгүүрийг шилжүүлэх

4.4.1.Цацрагийн хяналтын байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг шилжүүлэхийг хориглоно.

4.4.2.Цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхдээ “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг мөрдөнө.

Тав. Цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагууд

5.1. Цацрагийн аюулгүй байдлын бүлэг, түүний зорилго

5.1.1. Цацрагийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах арга хэмжээнд нь үндэслэн цацраг идэвхт үүсгүүрийг аюулгүй байдлын 4 бүлэгт хуваана.

5.1.2. Бүлэг бүрд дараах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлбэл зохино. Үүнд:

1.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын D бүлэгт хамаарах цацрагийн үүсгүүрийн хувьд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтоохдоо:

·                     үүсгүүрийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах;

·                     шаардлага хангахуйц байдлаар хамгаалагдсан эсэх;

·                     үүсгүүр байгаа эсэхийг жил бүр шалгах.

 2.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын С бүлэгт хамаарах цацрагийн үүсгүүрийн хувьдаюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтоохдоо:

·                     зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх боломжийг хаах;

·                     үүсгүүр байгаа эсэхийг хагас жил бүр шалгах.

 3.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын В бүлэгт хамаарах цацрагийн үүсгүүрийнхувьд аюулгүй байдлын арга хэмжээг тогтоохдоо:

·                     зөвшөөрөлгүй нэвтрэх боломжийг хаах;

·                     зөвшөөрөлгүй нэвтрэх тохиолдлыг илрүүлэх болон үүсгүүрийг цагтухайд нь олж авах;

        үүсгүүр байгаа эсэхийг долоо хоног бүр шалгах.

 4.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын А бүлэгт хамаарах цацрагийн үүсгүүрийнхувьд аюулгүй байдлын арга хэмжээг тогтоохдоо:

·                     зөвшөөрөлгүй нэвтрэх боломжийг хаах;

·                     зөвшөөрөлгүй нэвтрэх тохиолдлыг илрүүлэх болон үүсгүүрийг цаг тухайд нь олж авах;

·                     үүсгүүрийг аюулгүй болгох боломжтой хариу арга хэмжээг цагалдалгүй авч хэрэгжүүлэх;

·                     үүсгүүр байгаа эсэхийг өдөр бүр шалгах.

5.2.Цацрагийн аюулгүй байдлын төлөвлөгөөнд тавигдах шаардлага

 5.2.1.Дараах тохиолдолд аюулгүй байдлын тусгай төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. Үүнд:

·                     Цацрагийн үүсгүүрийн аюулгүй аюулгүй байдлын А болон В бүлэгт хамаарах цацраг идэвхт үүсгүүр, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжтэй харьцах;

·                     Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бол.

5.2.2.Цацрагийн аюулгүй байдлын төлөвлөгөө нь наад зах нь Хавсралт 4 -д заасан мэдээллийг агуулсан байна;

5.2.3. Цацрагийн аюулгүй байдлын төлөвлөгөөг жил бүр шалгаж, зохих тодотгол, үнэлгээ хийж байх;

 5.2.4.Цацрагийн аюулгүй байдлын тогтолцоо, төлөвлөгөөнд бэрхшээл учирсан үед энэхүү дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу нэн даруй мэдээлэх.

5.3 Цацраг идэвхт хөдөлгөөнт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

5.3.1.Хээрийн болон бусад зөөврийн хэрэглээний үед цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангах боломжгүй бол аюулгүй байдлын төвшинг бууруулахгүйгээр бололцоотой хамгаалалтын арга хэмжээг авна;

5.3.2.Дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ 15-аас доошгүй хоногийн өмнө Цацрагийн хяналтын байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авсан байх;

5.3.3.Боломжит арга хэмжээ нь зөвхөн зөвшөөрөгдсөн хугацаанд хэрэгжих бөгөөд энэхүү хугацаа дууссаны дараа тусгай зөвшөөрөлд заасан аюулгүй байдлын арга хэмжээг сэргээнэ.

5.4.Шалган нэвтрүүлэхэд тавигдах шаардлага

5.4.1.Цацрагийн үүсгүүрт тавигдах шалган нэвтрүүлэх шаардлага нь тухайн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэгт тохирсон байна.

5.4.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацраг идэвхт материал болон цөмийн материал агуулсан тоног төхөөрөмжид нэвтрэх хүмүүсийг байнга хянан шалгаж байх шаардлагатай бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авсан этгээд нэвтрэх эрхтэй.

5.4.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр харгалзагчгүйгээр цацраг идэвхт материал болон цацрагийн үүсгүүр бүхий төхөөрөмжид нэвтрэх этгээдийн жагсаалтыг батлах үүрэгтэй бөгөөд энэхүү баталгаажсан жагсаалтад буй этгээдийн найдвартай байдлыг шалгасан байвал зохино. 

5.4.4.Үүсгүүрийн байршилруу нэвтэрч буй бүх этгээд нь зохих ёсны дагуу бүртгэгдсэн үнэмлэх болон тэмдэгтэй байна.

5.4.5.Нэвтрэх эрх бүхий бүх ажиллагчдыг тодорхой хугацаанд шалгаж байна.

5.5. Түлхүүрийн хяналтад тавигдах шаардлага

5.5.1.Түлхүүрийн хяналт нь байгууламж, эсхүл үйл ажиллагаа, цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэгт тохирсон байна.

5.5.2. Цацраг идэвхт үүсгүүрийн менежменттэй холбогдох түлхүүр эзэмшигч, хадгалагч, ашиглан нэвтэрсэн бүх этгээдийг тусгайлан бүртгэх ба бүртгэлийг хадгална.

5.6.Осол, гамшгийн үед цацрагийн аюулгүйн байдлын хангах

5.6.1.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын А болон В бүлгийн байгууламж, цацраг идэвхт үүсгүүртэй холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр нь гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.

5.6.2.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын С бүлгийн цацраг идэвхт үүсгүүрүүд бүхий байгууллага нь осол, гамшгийн үед цацрагийн аюулгүй байдлыг хангах тусгай төлөвлөгөөтэй байх шаардлагагүй боловч байгууллагын гамшгаас хамгаалах ерөнхий төлөвлөгөөнд энэ асуудал тусгагдсан байвал зохино.

5.6.3.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь цацраг идэвхт үүсгүүрийн тоо, төрөл, хэмжээтэй уялдсан байна. Осол, гамшгийн үедцацрагийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тусгана. Үүнд:

·                     үүсгүүр алдагдсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагуудад нэн даруй мэдэгдэх;

·                     алдагдсан болон хулгайлагдсан үүсгүүрийг олох анхан шатны арга хэмжээ;

·                     өмнө нь тоологдоогүй үүсгүүр, олдсон эзэнгүй үүсгүүр, эсвэл алдсан,хулгайлагдаад эргэж олсон үүсгүүрийг аюулгүй болгох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

·                     их хэмжээний аюул занал буюу онцгой аюулын байдалд энэ дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7-д дагуу хариу арга хэмжээ авах;

·                     хэвлэлд мэдээлэх журам.

5.6.4. Осол, гамшгийн үед ажиллах журам болон горимын гүйцэтгэлийг хянаж, жилд 1-ээс доошгүй удаа шинэчилж байх

5.7. Их хэмжээний аюул занал буюу онцгой аюулын үедцацрагийн аюулгүй байдлыг хангах

5.7.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр өөрийн байгууламж, эсвэл үйл ажиллагаа, цацрагийн үүсгүүртэй холбогдон гарах аюул занал гарсан үед хариу арга хэмжээ авах төлөвлөлттэй холбоотой асуудлаар холбогдох төрийн болон мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.

 5.7.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр гарч болзошгүй аюулын үед авах холбогдох хариу арга хэмжээ, аюулгүй холбоо болон тагнуулын мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд урьдчилан журмаар зохицуулна.

 5.7.3. Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын А болон В бүлэгт хамаарах цацраг идэвхт үүсгүүртэй холбогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үүсгүүр эсвэл үүсгүүр хадгалж буй байршилд онцгой аюулын сэжиг илэрсэн тохиолдолд гарч болзошгүй аюултай уялдуулан дараах аюулгүйн арга хэмжээг авна. Үүнд:

·                     хэрэв үүсгүүр хэрэглэгдэж байгаа тохиолдолд нэн даруй үүсгүүрийг аюулгүй хадгалах байранд байршуулна;

·                     нэмэлт хяналтын камер, эсхүл нэмэлт дохиолол бүхий 24 цагийн хамгаалалтаар хангана.

 5.7.4. Онцгой аюул занал цаашид байхгүй гэж тодорхойлогдох хүртэл аюулгүйн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авна.

Зургаа. Ашиглагдахгүй цацрагийн үүсгүүрийн менежмент

6.1.Ашиглагдахгүй цацрагийн үүсгүүрийг хадгалах болон боловсруулах

6.1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь битүү цацраг идэвхт үүсгүүр буюу төхөөрөмжийг задалж салгахыг хориглоно.

6.1.2. Цацрагийн үүсгүүрүүдийг хаягдал болгон удаан хугацаанд хадгалах, боловсруулах ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууламж нь хяналтын байгууллагын зөвшөөрсний дагуу удаан хугацааны хадгалах болон боловсруулалт хийх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

6.1.3. Цацрагийн үүсгүүрийг удаан хугацаагаар хадгалах тусгай зөвшөөрөл бүхий байгууламж нь аюулгүй байдлын хамгийн өндөр эрсдэл бүхий бүлэгт хамаарах бөгөөд тэдгээрт тавигдах шаардлагыг хангасан байх ёстой.

6.2. Ашиглагдахгүй цацрагийн үүсгүүрт шуурхай арга хэмжээ авах

6.2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй цацрагийн үүсгүүрийн тооллогыг жил бүр хийх үүрэгтэй бөгөөд байнга ашиглагдахгүй байгаа цацрагийн үүсгүүрүүдийг тогтоож байх ёстой.

6.2.2. Тусгай зөвшөөрөлд тусгайлан заагдаагүй бол ашиглагдахгүй цацрагийн үүсгүүрийн талаар шуурхай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай.

6.2.3.Шуурхай арга хэмжээнд дараах үйл ажиллагааг хамааруулж болно. Үүнд:

·                     Цаашид үүсгүүрийг ашиглаж болох өөр тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлэх;

·                     Цацрагийн үүсгүүрийг үйлдвэрлэгч буюу ханган нийлүүлэгчид буцаах;

·                     Цацрагийн үүсгүүрийг хадгалах зөвшөөрөл бүхий байгууллагад түр буюу удаан хугацаагаар шилжүүлэх эдгээр болно.

6.2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрсдийн хэрэгцээнд ашиглахгүй байгаа цацрагийн үүсгүүрүүдийг цацрагийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авч, үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдахгүй үүсгүүрийг удаан хугацаагаар хадгалах байгууламжид шилжүүлнэ.

Долоо. Бүртгэх, мэдээлэх шаардлага

7.1. Үүсгүүрийн бүртгэл тооллого

7.1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн ашиглаж буй үүсгүүрүүдийг бүртгэлтэй тохирч байгаа эсэхийг шалгаж байх үүрэгтэй.

7.1.2 Цацрагийн үүсгүүр бүрийг аюулгүй байдлын бүлгээс нь хамааруулан тодорхой давтамжтайгаар жилийн тооллогод хамруулна.

7.1.3. Бүртгэл тооллогын материалыг тухайн цацрагийн үүсгүүрийн хамаарч буй аюулгүйн бүлэгт тавигдах шаардлагын дагуу цацрагийн аюулгүй байдлын зохих төвшинд хамгаалах үүрэгтэй.

7.1.4. Бүртгэлийг дараах тохиолдолд шинэчилж, тодотгол хийж байвал зохино.Үүнд:

1. Жил тутмын тооллогын үед

2. Үзүүлэлтүүд нь өөрчлөгдсөн үед

3. Цацрагийн үүсгүүрийг шилжүүлсэн үед

7.1.5. Цацрагийн үүсгүүр бүрд хамаарах бүртгэлд дараах зүйлсийг тусгавал зохино.Үүнд:

1. Цацрагийн үүсгүүрийн байршил

2. Изотопын нэр

3. Идэвхийг хэмжсэн он сар өдөр

4. Хувийн дугаар

5. Физик, химийн төлөв байдал

6. Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын талаарх мэдээлэл (хадгалах байрнаас гаргасан болон оруулсан шилжилт хөдөлгөөн гэх мэт)

7. Хүлээн авсан, шилжүүлсэн болон устгасан үүсгүүрүүд

7.2. Мэдээлэх шаардлагууд

7.2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь хууль тогтоомжид заасны дагуу дараах тайлан мэдээг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж байх үүрэгтэй.Үүнд:

1.Энэхүү дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан цацрагийн үүсгүүрийн анхны жагсаалтууд болон тэдгээрт орсон өөрчлөлт хөдөлгөөнүүд;

2.Ослын болон хэвийн бус дараах тохиолдлуудыг заавал мэдээлнэ. Үүнд:

·                     Цацрагийн үүсгүүр хяналтаас гарсан аливаа тохиолдол;

·                     Цацрагийн үүсгүүрт зөвшөөрөлгүй халдсан эсвэл үүсгүүрийг зөвшөөрөлгүй ашигласан;

·                     Цацраг идэвхт үүсгүүр бүхий багаж төхөөрөмжийн эвдрэл гэмтэл (аюулгүй байдалд нөлөөлөхүйц);

·                     Бүртгэл тооллогод хамруулаагүй аливаа цацрагийн үүсгүүрийг илрүүлбэл;

·                     Халдлага болон бусад хэвийн бус аливаа үйл ажиллагаа.

3. Цацрагийн аюулгүй байдлын систем нь эрсдэлтэй болох нь тогтоогдсон бол тэдгээрийг засаж авсан арга хэмжээнүүд;

4.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд нөлөөлж болох үүсгүүр ашиглаж буй үйл ажиллагааны аливаа өөрчлөлт эсвэл өөрчлөх төлөвлөгөө;

5.Импортлохоор төлөвлөж байгаа цацрагийн үүсгүүрээ буцаахтай холбоотой аливаа баримт бичиг гэрээний хуулбар.

7.2.2. Энэхүү дүрмийг зөрчсөн аливаа тохиолдлыг, мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан мэдээллийн хамт 24 цагийн дотор цацрагийн хяналтын байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

7.2.3.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын А, В бүлэгт хамаарах цацрагийн үүсгүүрийн хувьд дараах тохиолдолд 1 цагийн дотор яаралтай мэдээлнэ. Үүнд:

1. Цацрагийн үүсгүүр алдагдах;

2.Цацрагийн үүсгүүрийг хулгайлахыг оролдох болон бусад хорлонтой үйл ажиллагаа;

3.Цацрагийн үүсгүүрт халдах болон бусад хэвийн бус оролдлого.

 

7.2.4.Хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол дээр дурдсан бүх мэдээллүүдийг 30 хоногийн дотор бичгээр үйлдэж хүргүүлэх үүрэгтэй.

7.2.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдалтай холбоотой аливаа хэвийн бус үйлдлийг цацрагийн хяналтын байгууллага болон хяналтын байгууллагаас тодорхойлсон холбогдох бусад байгууллагуудад мэдээлэх үүрэгтэй.

7.3.Зөрчил болон ослын тохиолдол

7.3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү дүрмийн шаардлагуудыг зөрчсөн тохиолдол илэрвэл дараах шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой.Үүнд:

1.Зөрчлийг шалгах, түүний шалтгаан үр дагаврыг тогтоох;

2.Зөрчлийг арилгах арга хэмжээ авах ижил төрлийн зөрчил давтагдахаас сэргийлэх;

3.Цацрагийн хяналтын байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх. (Зөрчлийн шалтгаан, болсон явдал, хор уршиг, зөрчлийг арилгасан болон урьдчилан сэргийлсэн талаар);

4.Энэхүү дүрэмд заасан холбогдох бусад арга хэмжээг авах.

7.3.2.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын А, В бүлгийн үүсгүүр хяналтаас гарсан тохиолдолд (алдагдах, хулгайлагдах эсвэл аюулгүй байдлын зөрчил) 1 цагийн дотор болсон явдлыг ТЕГ болон Цацрагийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэнэ.

7.3.3.Цацрагийн хяналтын байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх болон үүссэн нөхцөл байдал зөрчлийг арилгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх.

7.4.Санал хүсэлт

7.4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр цацрагийн үүсгүүрийн ашиглалтынбайдалд нөлөөлж болох хэвийн бус тохиолдлуудын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж хүсэлт, заавар, зөвлөмж авч болно.