Хэвлэх DOC Татаж авах

Хавсралт №3

Ашиглалт, хадгалалтад байгаа цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд

1. Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг D-д хамаарах цацрагийн үүсгүүр болон түүнтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд

Зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг D-д хамаарах цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд

а/Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааг зөвхөн зөвшөөрөл бүхий этгээд зохион байгуулж хэрэгжүүлнэ.

б/Хамгийн наад зах нь цацрагийн хамгаалалтын дүрэм болон үйлдвэрийн стандартыг хангаж байхаар хамгаалалтыг гүйцэтгэнэ.

в/Цацрагийн үүсгүүрийн хамгаалалтыг тэдгээрийн үндсэн үзүүлэлтүүдэд нийцүүлэн гүйцэтгэнэ.

г/ Цацрагийн үүсгүүрийн бүртгэлийг жил бүр шинэчлэн хийж шалгана.

2.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг C-д хамаарах цацрагийн үүсгүүр болон түүнтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд

Зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг C-д хамаарах цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд

а/Цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй этгээдээс тусгаарлах хамгийн багадаа нэг техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

б/Цацрагийн үүсгүүр байгаа газар бүрд шалган нэвтрүүлэх хяналтыг гүйцэтгэнэ.

в/Цацрагийн үүсгүүрийн бүртгэл тооллогыг хагас жил тутам хийнэ.

г/Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдалтай холбоотой заалтуудыг ослын бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгасан байна.

3.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг В-д хамаарах цацрагийн үүсгүүр болон түүнтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд

Зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг B-д хамаарах цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

а/Цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй этгээдээс тусгаарлах хамгийн багадаа хоёр арга хэмжээг хэрэгжүүлнэ, үүнээс хамгийн багадаа нэг нь техникийн арга хэмжээ байна.

б/Цацрагийн үүсгүүр байгаа газар бүрд шалган нэвтрүүлэх хяналтыг гүйцэтгэх бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэлтийг илрүүлсэн хүн тухай бүр түүнийг дохиоллын төв болон холбогдох газарт мэдээлнэ.

в/Цацрагийн үүсгүүрийн бүртгэл тооллогыг 7 хоног бүр хийнэ.

г/Цацрагийн үүсгүүрт хамаарах ослын бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шалгах дасгал сургуулилт хийх ба сайжруулан шинэчилж байна.

д/Дүрмийн 15 дахь заалтын дагуу цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх хувь хүний найдвартай байдлыг хангах зорилгоор түүний үндсэн мэдээллүүдийг шалгана.

е/Цацрагийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шалгах дасгал сургуулилт хийж, сайжруулан шинэчилж байна

ё/Нууц мэдээллийн аюулгүй байдлыг шалгана.

ж/Хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглахаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг шаардлагатай үед хэрэгжүүлэх, сайжруулах.

4.Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг А-д хамаарах цацрагийн үүсгүүр болон түүнтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд

Зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг А-д хамаарах цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

а/Цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй этгээдээс тусгаарлах хамгийн багадаа хоёр техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

б/Цацрагийн үүсгүүр байгаа газар бүрд шалган нэвтрүүлэх хяналтыг гүйцэтгэх бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэлт бүрийг дохиоллын системээр илрүүлнэ.

в/Шаардлагатай тохирох холбооны хэрэгслээр хангагдсан байх ба хамгаалалтын алба /эсвэл хүчний байгууллага/ нь шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн дохиоллын төв болон холбогдох газарт мэдээлнэ.

д/Цацрагийн үүсгүүрийн бүртгэл тооллогыг өдөр бүр хийнэ.

е/Цацрагийн үүсгүүрт хамаарах ослын бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шалгах дасгал сургуулилт хийх ба сайжруулан шинэчилж байна.

ё/Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хувь хүний найдвартай байдлыг хангах зорилгоор түүний үндсэн мэдээллүүдийг шалгана.

ж/Цацрагийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шалгах дасгал сургуулилт хийж, сайжруулан шинэчилж байна.

з/Нууц мэдээллийн аюулгүй байдлыг шалгана.

и/Хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглахаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг шаардлагатай үед хэрэгжүүлэх, сайжруулах, шалгах дасгал сургуулилт хийх.