Хэвлэх DOC Татаж авах

    Засгийн газрын 2016 оны 113 дугаар
           тогтоолын хавсралт


“САЙН МАЛЧИН” ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР 

/ЗГ-ын 2016-8-10-ны өдрийн 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Хөтөлбөрийн зорилго

1.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, банк, малчин, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн экспортыг нэмэгдүүлэх замаар малчид, фермер эрхлэгчид (цаашид “малчин” гэх)-ийн орлого, амьжиргааг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

2.1.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх;

2.1.2. мал аж ахуйн үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан банк, үйлдвэр, малчны хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх;

2.1.3. мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлж үйлдвэрлэл, экспортыг дэмжих;

2.1.4. малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Энэ хөтөлбөрийн 2.1.1-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.1.1. нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэн экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжих;

3.1.2. малчны бэлтгэсэн махыг жилийн турш жигд хүртээмжтэй зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, экспортын шаардлага хангасан мал бэлтгэлийн тогтолцоог бий болгох;

3.1.3. малчин үйлдвэрлэлийн зохистой дадал, хэрэглэгчийн шаардлага, стандартад нийцсэн үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, хариуцлага хүлээдэг болох нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.4. малчны бэлтгэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулах арга хэмжээ авч, зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх;

3.1.5. малчин өрх банкин дахь “Малчин данс”-аа ашиглан мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбогдсон бүх төрлийн санхүүгийн төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжоор хангах;

3.1.6. малчин, түүхий эд бэлтгэгч үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний борлуулалтын нэгж болон холбогдох төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

3.1.7. малын шүлхий болон гоц халдварт өвчнөөс эрүүл, вакцин тарихгүй бүсийг өргөжүүлэн баталгаажуулж, мах экспортлох боломжийг нэмэгдүүлэх.

3.2. Энэ хөтөлбөрийн 2.1.2-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.2.1. мал, малын гаралтай аливаа бүтээгдэхүүнийг малчнаас хүлээн авах нэгж, сүлжээ байгуулан, малын өвчнөөс эрүүл бүс тогтоон, гарал үүслийг тодорхойлох;

3.2.2. мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох;

3.2.3. малчин болон үйлдвэр нь хөдөө аж ахуйн биржтэй хугацаатай (форвард) гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;

3.2.4. малын даатгалын олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох;

3.2.5. мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан хуулийн этгээдэд дор дурдсан санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:

3.2.5.1. малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах нэмүү өртгийн сүлжээг тодорхойлсон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд малчдаас түүхий эдээ гэрээний үндсэн дээр худалдан авахад зориулан хөнгөлөлттэй зээл олгох;

3.2.5.2. экспортын гэрээг үндэслэн экспортын урьдчилгаа санхүүжилт олгох;

3.2.5.3. экспортын гэрээг үндэслэн дотоод, гадаадын санхүүгийн байгууллагад “экспортын баталгаа” гаргах;

3.2.5.4. органик бүтээгдэхүүн болон биотехнологи, нанотехнологи зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх.

3.3. Энэ хөтөлбөрийн 2.1.3-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч авна:

3.3.1. мал аж ахуйн бүтээгдэхүүнээс биотехнологи, нанотехнологи зэрэг өндөр технологи шингэсэн органик бүтээгдэхүүн гаргахыг нэн тэргүүнд дэмжих;

3.3.2. “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн сан” байгуулах;

3.3.3. мал аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

3.3.4. мал аж ахуйн экспортын бүтээгдэхүүнийг тодорхойлж, зах зээлд гаргах стратеги боловсруулах;

3.3.5. шаардлагатай технологи, инновацийг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх; 

3.3.6. зах зээлийн нэгдсэн судалгааг үндэсний үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох.

3.4. Энэ хөтөлбөрийн 2.1.4-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.4.1. малчныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;

3.4.2. малчин сум, сууриндаа үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай болох зорилгоор ипотекийн зээл авахад дэмжлэг үзүүлэх;

3.4.3. малчдын хэрэглээ, шаардлагад нийцсэн ахуйн, соёл урлагын болон бусад үйлчилгээг бий болгон хөгжүүлэх арга хэмжээ авах;

3.4.4. мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээг малчдад зориулан хөгжүүлэх;

3.4.5. малчдын хүүхдүүдэд зориулсан зайн сургалтыг бий болгох.

Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга
       зам, хугацаа

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

4.1.1. ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх;

4.1.2. мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр батлах;

4.1.3. “Мах хөтөлбөр“-ийг боловсронгуй болгох;

4.1.4. сүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг дэмжих;

4.1.5. ноосон бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.1.6. арьс, ширэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

4.2. Хөтөлбөрийг дараах үе шатаар хэрэгжүүлнэ:

4.2.1. эхлэлтийн үе: 2016-2018 он;

4.2.2. тогтворжилтын үе: 2019-2020 он.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараах эх үүсвэрээр бүрдүүлнэ:

5.1.1. хувийн хэвшлийн хандив, хөрөнгө оруулалт;

5.1.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

5.1.3. олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хөнгөлөлттэй зээл;

5.1.4. Хөгжлийн банкны эх үүсвэр, Засгийн газрын өрийн бичиг;

5.1.5. бусад.

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн

6.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтэрч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын ажил, амьдралыг сайжруулах боломж, нөхцөл бүрдэнэ.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
        шалгуур үзүүлэлт

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

7.1.1. хууль, эрх зүй, эдийн засгийн орчны үнэлгээ;

7.1.2. мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гарсан ахиц, дэвшил;

7.1.3. мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт, хангамжийн хувь;

7.1.4. малын ашиг шимийн гарцын хэмжээ, өсөлт;

7.1.5. үйлдвэрлэсэн, экспортолсон бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ;

7.1.6. үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлсэн технологи, техник шинэчлэлийн хувь хэмжээ, тоон үзүүлэлт;

7.1.7. олгосон санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээ.

7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн жилийн байгаль, цаг уурын болон гадаад, дотоод бусад хүчин зүйлийн нөлөөллийг харгалзана.

 


---o0o---