Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 114 дүгээр
           тогтоолын хавсралт


МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР


Нэг. Хөтөлбөрийн зорилго

1.1. Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, экспортын баримжаатай мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар малчид, фермер эрхлэгчид (цаашид “малчин” гэх)-ийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход оршино.


Хоёр. Хөтөлбөрийн зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

2.1.1. малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортод чиглэсэн мал, мах, түүхий эдийн бэлтгэлийн сүлжээг дэмжих;

2.1.2. мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх замаар малчны хөдөлмөрийн бүтээмж, орлогыг өсгөх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Хөтөлбөрийн 2.1.1-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, баталгаажуулах;

3.1.2. мал эмнэлгийн үйлчилгээнд малчдын малыг бүрэн хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ (заасан хугацаа, газарт малаа бэлэн байлган хашаа хороогоо бэлтгэсэн байх г.м) авах;

3.1.3. малыг тооллогод бүрэн хамруулах, малчны борлуулах мал, бүтээгдэхүүнд гарал үүслийн болон эрүүл мэндийн гэрчилгээ олгох;

3.1.4. малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, мал сүргээ эрүүл байлгах, мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд нь малчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

3.1.5. бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор сайн дурын үндсэн дээр сум, баг орон нутгаараа нэгдэн хоршоо байгуулахыг дэмжих.

3.2. Хөтөлбөрийн 2.1.2-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. малчны хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үр ашигтай үйлдвэрлэлийн технологи, инновацийг нэвтрүүлэх;

3.2.2. малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх талаарх сургалтад малчдыг тогтмол хамруулан мэдээлэл өгөх.

Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр

4.1. Хөтөлбөрт оролцогч банк “Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 90 дүгээр тогтоолыг баримтлан дараах эх үүсвэрээс мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл малчинд олгоно:

4.1.1. оролцогч банкны эх үүсвэр;

4.1.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар Засгийн газраас олгосон эх үүсвэр;

4.1.3. Хөгжлийн банкны эх үүсвэр.

4.2. Хөтөлбөрийн хүрээнд оролцогч банкны гаргах хөрөнгийн хэмжээ эхний 3 жилийн хугацаанд нийт зээлийн үлдэгдлийн 25 хувиас багагүй байна.

Тав. Хөтөлбөрийг санхүүжүүлэх арга зам,
  хэрэгжүүлэх хугацаа

5.1. Хөтөлбөрийг Засгийн газар, оролцогч банкуудын хамтран бүрдүүлсэн эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас арилжааны банкуудад дараах журмын дагуу эх үүсвэр олгоно:

5.2.1. зээлийг зөвхөн энэ хөтөлбөрийн шалгуурт нийцсэн арга хэмжээ, үйл ажиллагаанд зориулан олгох;

5.2.2. оролцогч банктай байгуулсан гэрээний үндсэн дээр эх үүсвэрийг олгох;

5.2.3. Засгийн газраас олгосон эх үүсвэрийн эргэн төлөгдөх баталгааг арилжааны банкуудаас гаргасан энгийн векселиэр баталгаажуулсан байх;

5.2.4. хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас оролцогч банкуудад эх үүсвэр олгохдоо зээлийн эрэлтэд тулгуурлан шийдвэрлэх. 

5.3. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 3 жил байна.

5.4. Засгийн газраас оролцогч банкуудад олгох эх үүсвэр болон оролцогч банкуудаас зээлдэгчид олгох зээлийн хугацаа хөтөлбөрийн хугацаанаас хэтрэхгүй байна. 

Зургаа. Хөтөлбөрт хамрагдах банк болон
малчинд тавих шаардлага

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч банкинд дараах шаардлага тавина:

6.1.1. хөтөлбөрийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байх;

6.1.2. засаг захиргааны нэгжүүдэд салбар, нэгжтэй байх;

6.1.3. мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өмнө нь малчид, фермерүүдэд зээл олгож байсан туршлагатай байх;

6.1.4. Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн нэг жил аливаа зөрчилгүй хангасан байх;

6.1.5. хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг бизнес төлөвлөгөөндөө тусгасан байх. 

6.2. Хөтөлбөрт хамрагдах бизнесийн төсөлд тавих шаардлагыг оролцогч банк тодорхойлно.

6.3. Хөтөлбөрт хамрагдах малчинд дараах шаардлага тавина:

Ерөнхий шаардлага:

6.3.1. банкинд “Малчин данстай” байх;

6.3.2. эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх;

6.3.3. малдаа туулга, тарилга, угаалгыг технологийн хугацаанд тогтмол хийсэн байх.

Тусгай шаардлага:

6.3.4. малын тарга хүчийг зохих стандартад заасан хэмжээнд байлгах;

6.3.5. бог малын хээлтүүлэгчийг тусгаарлан суурилуулж, жил бүр тэдгээрийн 25-аас доошгүй хувийг заазалдаг байх. 

6.4. Малчинд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, өргөтгөх арга хэмжээ, үйл ажиллагаанд нь зориулан малчинд зээл олгоно.

Долоо. Хөтөлбөрийн үр дүн

7.1. Малын эрүүл мэнд, чанар сайжирсан байна.

7.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрсэн байна.

7.3. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд суурилсан үнэ цэнийн сүлжээн дэх түүхий эд үйлдвэрлэлд дэвшил гарна.


Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

8.1.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт (хувиар);

8.1.2. малын гоц халдварт болон бусад өвчний гаралт буурсан байдал;

8.1.3. малын ашиг шимийн гарцын хэмжээ, өсөлт;

8.1.4. экспортын шаардлага хангах үйлдвэрт нийлүүлсэн бүтээгдэхүүн (тоо, төрөл тус бүрээр).

8.2. Хөтөлбөр хэрэгжилтийн үр дүнг үнэлж, дүгнэхдээ нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн жилүүдийн байгаль, цаг уурын болон гадаад, дотоод хүчин зүйлүүдийн нөлөөллийг харгалзана.

 

---o0o---