Хэвлэх DOC Татаж авах

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2002 оны 1 дугаар тушаалын хавсралт

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРОН ТООНЫ БУС БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

      1.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагчийн үндсэн үүрэг нь шимтгэл, хураамж төлөхөөс зайлсхийсэн байгууллагыг даатгалд хамруулах нуугдмал
хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг олж илрүүлэн оногдох шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй малчид, хувиараа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон бэлэн
мөнгөөр арилжаа наймаа хийж буй иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж даатгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, өр авлагыг
бууруулах талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.                                              

      2.Орон тооны бус байцаагчийн үйл ажиллагааг Монгол улсын Нийгмийн даатгалын багц хуулиуд, Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжийн холбогдох заалт болон энэхүү журмаар зохицуулна.

     З.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх ашиг, сонирохлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах зарчим баримтлан "Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллана.

     4.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагчаар нягтлан бодогч, хуулийн болон санхүү-эдийн засгийн дээд мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай, үнэнч шударга хүмүүсийг сонгон шалгаруулан авч ажиллуулна.

     5.Газрын болон аймаг, (нийслэл), дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (газар)-ийн дарга нь нийгмийн даатгалын орон тооны бус байцаагчийг тушаалаар ажилд томилох, ажлаас чөлөөлөх ба орон тооны бус байцаагчтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин, нэмэгдэл урамшил тогтоож олгох, ажлыг нь дүгнэх, нийгмийн даатгал шимтгэл, хураамжийг гэрээнд заасны дагуу төлүүлэх зэрэг асуудлыг хариуцаж шийдвэрлэнэ.

     6.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагчийг томилсон нийгмийн даатгалын хэлтэс (газар) нь түүнд байгууллагын болон нийгмийн даатгалын орон тооны бус байцаагчийн үнэмлэх буюу тогтоосон журмаар хийсэн хувийн дугаар бүхий тэмдэг, ашиглах маягтуудыг олгоно.

     7.Нийгмийн даатгалын хэлтэс (газар) нь орон тооны бус байцаагчийг томилж ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд тухайн байцаагчийн гүйцэтгэх ажил, үүрэг, цалин, урамшил нэмэгдэл олгох асуудлыг тусгана. Гэрээг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24, 30, 37, 39, 40 дүгээр зүйлүүдийг баримтлан хариуцах ажил, үйлчилгээний чиглэл, хийж гүйцэтгэх ажил, тайлан тооцоо хийх хугацаа, хүлээх хариуцлагыг нарийн тусгана.

    8.Нийгмийн даатгалын хэлтэс (газар) нь орон тооны бус байцаагчийн цалинг хариуцах ажлын ачааллыг харгалзан жишгээр тогтоох бөгөөд түүнд цалин, нэмэгдлийг батлагдсан цалингийн. сангаасаа болон нийгмийн даатгалын санд түүний оруулсан орлого, төлбөр, алдангиас гэрээнд заасны дагуу олгоно. Хэрэв байцаагч байнгын тогтмол үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд түүнд жишгээр тогтоосон нэг өдөр (цаг)-ийн цалингаар, түүний ажилласан өдөр (цаг)-өөр тооцон олгож болно.

      9.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч нь "Нийгмийн даатгалд даатгуулсан тухай гэрээ (НД№ 3)", "Бэлэн мөнгөөр нийгмийн даатгалын шимтгэл,
хураамж хураасан тасалбар"-ын дугаар бүхий маягтыг ашиглана. Тасалбар нь А5 цаасны хэмжээтэй, нэгдсэн дугаартай байх ба тус бүр нь 3 хуудастай, 20 хос
ширхэгээр дэтэрлэгдэх ба тухайн тасалбарт бичсэн байцаагчийн үнэмлэхний дугаар тэмдэгийн дугаартай ижил байна. Байцаагч нь тасалбарт байцаагчийн тэмдэг дарж баталгаажуулна.                                                                 -                         ,

      10.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагчийн хэрэглэж буй үнэмлэх, тэмдэг, гэрээ, бусад маягтуудыг түүийг томилсон нийгмийн даатгалын хэлтэс (газар) нь ажлаас чөлөөлөгдөхөд нь хураан авна.

      11.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч нь сайн дурын даатгуулагчтай "Нийгмийн даатгалд даатгуулсан тухай гэрээ (НД№ 3)"-г байгуулж, уг даатгуулагчийн төлсөн шимтгэл, хураамжийг бэлэн мөнгөөр хураан авах тохиолдолд тэдэнд тасалбар олгоно. Байцаагч нь тасалбарын өнгөн хувийг өөрөө авч, түүгээр маягтын тооцоог гэрээнд заасан хугацаанд харъяалагдах нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогчтой хийнэ. Тасалбарын хоёр дахь хувийг гэрээний хамт нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлого хариуцсан байцаагчид өгч, даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээг баталгаажуулах ба 3 дахь хувийг даатгуулагчид өгнө.

      12.Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч даатгуулагчаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг бэлнээр хураасан тохиолдолд ажлын 12 цагийн дотор, банкнаас алслагдсан орон нутагт ажлын 5 өдөрт багтаан тухайн нийгмийн даатгалын байгууллагын банкин дахь харилцах дансанд тушааж тооцоо хийнэ.

      13."Бэлэн мөнгөөр нийгмийн даатгалын хураамж хураасан тасалбар" маягтын ашиглалт, зарцуулалтад тухайн нийгмийн даатгалын хэлтсийн дарга хяналт тавина.

      14.Тухайн аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй барааны болон хүнсний зах, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, худалдаа нийтийн хоол, үсчин зэрэг иргэд олноор төвлөрч үйл ажиллагаа явуулдаг газруудад орон тооны бус хэд хэдэн байцаагчийг үйлчилгээний чиглэлээр ажиллуулж болно.

      15.Орон тооны бус байцаагч нь аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн болон сайн дурын даатгуулагчдаас хураасан бэлэн мөнгөний орлогын тооцоо, тайланг нийгмийн даатгалын хэлтэс (газар)-т сар тутам гарган өгч ажлаа дүгнүүлнэ.

       16.Орон тооны бус байцаагчийг сургалтад хамруулах асуудлыг тухайн нийгмийн даатгалын хэлтэс (газар) болон тэдгээрийн саналыг үндэслэн Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар шийдвэрлэнэ.