A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монголын Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

/Энэ заалтыг Засгийн газрын 2016-9-28-ны өдрийн 108 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн 2016 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

3. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Монголбанкнаас Нийгмийн даатгалын санд шилжүүлэн авах, хуульд заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлагыг Монголбанкаар гүйцэтгүүлэх, үүнтэй холбоотой гэрээг Монголбанктай байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ