Хэвлэх DOC Татаж авах

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016

оны А/43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ЧӨЛӨӨТ  БҮСИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

        

1.1.Гаалийн тухай хуулийн 231 дүгээр зүйлд заасан чөлөөт бүсийн гаалийн бүрдүүлэлтийн горимыг  хэрэгжүүлэхэд  Монгол Улсын олон улсын гэрээ, Чөлөөт бүсийн тухай хууль, Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.

1.2.Горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх,  горимд тавигдах шаардлага, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг  энэ журмаар зохицуулна.

1.3.Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.     

      

Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код

 

2.1. Горимд  Гаалийн тухай хуулийн 231.1 дэх хэсэгт заасан барааг байршуулна.

2.2.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.

2.3.Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулахад хязгаарлалт тогтоохгүй.

2.4.Барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

2.5.Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

 

 

 

Горимын утга

 

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн горимын код

1

Гадаадын барааг чөлөөт бүсэд оруулах

Гадаадын барааг хилийн чанадаас оруулах

770

шаардахгүй

Гадаадын барааг гаалийн нутаг дэвсгэрээс оруулах

771

551-554

2

Монголын барааг чөлөөт бүсэд оруулах

Монголын барааг хилийн чанадаас оруулах

772

100,101,120,141-144,150

Монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс оруулах

773

шаардахгүй

3

Барааг гаалийн баталгаат бүсээс чөлөөт бүсэд оруулах

Барааг гаалийн баталгаат агуулахаас оруулах

774

700,703,706,707,709.

Барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас оруулах

775

720,722, 724

Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газраас оруулах

776

710,712,713,715.

4

Чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах

777

770-776, 778

5

Гаалийн бусад хяналтаас чөлөөт бүсэд оруулах

778

 

шаардахгүй

 

2.6.Гаалийн бүрдүүлэлтийн 770, 771; 774-778 горимд гадаадын барааг байршуулна.

 

Гурав. Бичиг баримт

 

3.1.Барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахаар гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтуудыг шаардана.

3.1.1.ачааны манифест;

3.1.2.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;

3.1.3.тээврийн  бичиг  баримт болон бусад дагалдах бичиг баримт

3.1.4.хуульд тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт;

3.1.5.чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн гэрчилгээ;

3.1.6.шаардлагатай бол холбогдох зөвшөөрөл, лиценз, гарал үүслийн гэрчилгээ,  татвар төлсөн баримт болон бусад бичиг баримт.

3.2.Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтуудыг шаардана.

3.2.1.ачааны манифест;

3.2.2.тээврийн бичиг баримт;

3.2.3.чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн гэрчилгээ;

3.2.4.шаардлагатай бол зөвшөөрөл, лиценз.

 

3.3.Мэдүүлэгч 3.1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад хүргүүлж болно.

3.4.Журмын 3.1 дэх хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

3.5.Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын  тэмдэг дарна.

 

Дөрөв. Горимын шаардлага

 

4.1.Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна. 

4.2.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, шаардлагатай тохиолдолд барааны зураасан болон бусад төрлийн код ашиглан чөлөөт бүсэд орсон, гарсан барааны бүртгэлийг тухай бүр цахим хэлбэрээр хөтөлнө.

4.3.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь шаардлагатай тохиолдолд хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулна. Камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгнө.

4.4.Аж ахуйн нэгж, байгууллага  нь чөлөөт бүсэд байр, талбай, хашаа, авто зам, холбоо, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ зэргийг  барихтай холбогдуулан  хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд болон бусад бараа материалын жагсаалтыг хяналт тавьж буй гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгч гаалийн байгууллага хяналт тавьж ажиллана.

4.5.Бүсэд оруулсан барааны бүрэн бүтэн байдлыг мэдүүлэгч хариуцах бөгөөд  барааны бүртгэлийг цахим маягтын дагуу хөтөлж чөлөөт бүсэд тухайн аж ахуйн нэгжийн оруулсан бүх барааны мэдээ, үүнээс чөлөөт бүсэд баригдах байшин барилга, зам талбай зэрэгт зарцуулагдсан, боловсруулалт хийх, үйлдвэрлэл явуулахад болон ажилчдын ажлын хувцас, хоол хүнс зэрэг хэрэглээнд зарцуулагдсан, худалдсан барааны мэдээ чөлөөт бүсээс гарсан барааны мэдээ, үйлдвэрлэлийн явцад гарсан хаягдал, асгарах, гоожих, ууршилт болон бусад шалтгааны улмаас үүссэн хорогдлын тооцоо, үйл ажиллагаа явуулж буй газар болон агуулахад хадгалагдаж байгаа барааны үлдэгдлийн зэрэг мэдээг холбогдох нотлох баримтын хамт гаалийн байгууллагад улирал тутам гаргаж өгнө.

4.6.Мэдээ тайлан, баримтуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын нэгж болгон боловсруулж, хадгална.

4.7.Мэдүүлэгч нь барааг чөлөөт бүсэд боловсруулахтай холбогдсон бүхий л мэдээллээр гаалийн байгууллагыг хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, марк серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний загвар дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг гаргаж өгнө.

4.8.Гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах гэх мэтээр боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан заасан байна.

4.9.Чөлөөт бүсэд боловсруулах барааны боловсруулалтын явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ. 

4.10.Гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байна.

4.11.Чөлөөт  бүсийн орох,  гарах хаалга, бүсийн  доторхи барилга   байгууламж,

объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, телехяналтын систем бүхий харуул хамгаалалттай байна.

4.12.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь Гаалийн тухай хуулийн 285.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн байгууллагыг үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцлөөр хангана.

                              

Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа

 

5.1.Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд ногдуулах гаалийн болон бусад албан  татварыг Чөлөөт бүсийн тухай хуулийн 16.1-16.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ. 

5.2.Бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, дутсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгасан бол тухайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, барааг гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.       

 

Зургаа. Горим дуусгавар болох

 

6.1.Барааг өөр горимд байршуулснаар, эсхүл чөлөөт бүс татан буугдсанаар  горим дуусгавар болно.

----оОо---