Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайд, Хүнс, хөдөө

аж ахуйн сайдын хамтарсан

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн

А/160/А-73 дугаар тушаалын хавсралт

 

 

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

 “МАЛЧДЫН БҮЛЭГ” АЖИЛЛУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

       Нэг: Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү үлгэрчилсэн дүрэм нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороондажиллуулах, олон нийтийн үүсэл санаачлагыг дэмжих, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэд, малчдын эргүүл, шалгалт зохион байгуулах, тэдний эрх, үүрэг, шагнал урамшууллыг олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр:Малчдын бүлэг байгуулах, гишүүн, ахлагчийг сонгох

 

2.1. Малчдын бүлэг нь баг, хорооны хэмжээнд, нутаг дэвсгэр, айл саахалт, ах дүү, төрөл садангаараа хоршиж байгуулагдаж болно.

2.2. Малчдын бүлэг нь оноосон нэртэй байна.

2.3. Малчдын бүлэг нь тухайн орон нутгийн иргэдээс бүрдсэн гишүүд, бүлгийн ахлагчтай байна.

2.4. Малчид болон мал бүхий иргэд малчдын бүлэг байгуулах хүсэлт, үйл ажиллагааны хөтөлбөр, дүрмийг сум, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлснийг тус зөвлөл хянаж үзээд үйл ажиллагаа явуулах эрх олгоно.

2.5. Бүлгийн гишүүнээр ажиллах санал хүсэлтээ өөрийн биеэр гаргасан 18 насанд хүрсэн тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудагял шийтгэлгүй, өмнө нь хулгайлах гэмт хэрэгт холбогдож байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна.

2.6. Малчдын бүлгийн гишүүд нэг бүрийн холбогдох мэдээлэл бүхий бүртгэл хөтөлж бүлгийн гишүүний үнэмлэх олгоно.

2.7. Бүлгийн гишүүд болон Орон нутгийн цагдаагийн байгууллагын саналыг харгалзан бүлгийн ахлагчийг гишүүдийн хурлаас томилж, чөлөөлнө.

 

Гурав:Бүлгийн гишүүдийн хийж гүйцэтгэх ажлын чиглэл

 

3.1. Малчдын бүлэг цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайн гэмт хэргийн мэдээлэл авах 24 цагийн нээлттэй утас ажиллуулах.

3.2. Тухайн орон нутгийн нутаг дэвсгэрийг тодорхой нэгжид хуваарилж нэгж бүрт малчдын бүлгээс томилогдсон гишүүнийг  ажиллуулах.

3.3. Өөрийн томилогдсон нутаг, дэвсгэр дээрх малчдын малын им, тамга тэмдгийн бүртгэл хөтлөх

3.4. Гишүүд нь хулгайлагдсан, алдагдсан, олдсон малын тухай мэдээллийг нэн даруй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд /Бүлгийн ахлагч, цагдаагийн байгууллага болон баг, сум, хорооны засаг дарга нарт/ мэдэгдэх

3.5. Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэд ажиллаж буй аль ч дугаараас үнэгүй холбогдох “Малчин лавлах-109” утсанд алдсан, олсон малын мэдээллээ өгөх

3.6. Шаардлагатай тохиолдолд гэмт хэргийн ул мөрийг хамгаалах, гэрч, хохирогч нарын нэр, хаягыг авах, сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг нэн даруй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх

3.7.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн талаар иргэд, малчдад сурталчлах, сургалтыг орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэх ажлыг шаардах

3.8. Мал бүхий иргэдийн эзэмшилд байгаа бод малыг тамга, тэмдэг зүсмийн бүртгэлд хамруулах ажилд идэвхитэй оролцох.

3.9. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хөтөлбөр, төсөл, удирдамж боловсруулахдаа харьяалах цагдаагийн байгууллага, алба хаагчдаас санал авч хамтран ажиллах

3.10. Хэсэг бүлгээрээ нийлж малыг байнгын хариулга, шөнийн манаатай болгох ажлыг нутаг орны онцлог, цаг агаар, улирлын байдалд тохируулан зохион байгуулах

3.11. Хариуцсан нутаг дэвсгэртээ өдөр, шөнийн эргүүлийг машинт болон морин эргүүл хэлбэрээр зохион байгуулах

3.12. Олдсон малыг өөрсдийн мал сүргийн хамт маллаж эзэн нь тогтоогдсон тохиолдолд баг, хороо, сумын Засаг даргын зөвшөөрлөөр хүлээлгэн өгөх

3.13. Мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл олох, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн ирсэн, явсан хөдөлгөөн, отроор ирсэн мал, туувар мал, мал мах бэлтгэлийн талаарх мэдээлэл зэрэгт хяналт тавьж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх

3.14. Тухайн нутаг дэвсгэрт борлогдож байгаа мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олгож байгаа “Мал эмнэлэг, ариун цэвэр-Гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх

3.15. Малын хулгайн хэргийн илэрсэн гэмт этгээдүүдтэй малчид тохиролцож цагдаагийн байгууллагад хандалгүй орхих явдлыг таслан зогсоож, хяналт тавих

3.16. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах

3.17. Хил залгаа аймаг, сумдын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж харилцан мэдээлэл солилцож ажиллах

 

Дөрөв. Бүлгийн ахлагч, гишүүдийн эрх, үүрэг

 

4.1. Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл зохион байгуулах, илэрсэн гэмт хэрэг зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх

4.2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй ажил, сургалт, сурталчилгаанд идэвхи санаачлагатай оролцох

4.3. Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журам зөрчихгүй байх гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх

4.4. Гэмт халдлагаас өөрийн болон бусдын мал, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийг хамгаалах

4.5. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах

4.6.  Гишүүдийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хууль сахиулах болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай санхүүгийн болон техник хэрэгслийн тусламж дэмжлэг авах, бүлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдний тусламж дэмжлэгийг авах ажлыг зохион байгуулах

4.7. Гишүүдийн мал хулгайлах болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гаргаж байгаа идэвхи санаачлага, мал маллах арга ажиллагаа, тэргүүн туршлага зэргийг холбогдох байгууллагад уламжлан, олон нийтэд түгээж, гишүүдийг шагнал урамшуулалд тодорхойлох ажлыг зохион байгуулах

4.8. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээн авч түүний дагуу тодорхой арга хэмжээ авч хариуг хугацаанд нь өгөх

4.9. Малчдын хариулга, маллагаа, хараа хяналтыг сайжруулах тал дээр ухуулга сурталчилгаа хийх

4.10 Малын хариулга, шөнийн ээлжийн хуваарь, үнэ хөлсийг малчдын бүлгийн хурлаар тогтоож мөрдүүлэх

4.11. Махны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүст гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах худалдан авахгүй байхыг анхааруулж, хяналт тавьж ажиллах.

 

Тав: Бүлгийн ажлыг дүгнэх

 

5.1. Малчдын бүлэг нь ажлаа жилээр төлөвлөн гишүүдийн нэгдсэн хурлыг улиралд 1 удаа хуралдуулан ажлаа тайлагнан дүгнэж ажиллана.

5.2. Малчдын бүлгийн ахлагч нь хийж гүйцэтгэсэн ажлаа улирал тутам дүгнэж, хурлын тэмдэглэлийг сум, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлж дүгнүүлнэ.

5.3. Идэвхи, санаачлагатай ажилласан гишүүд, ахлагч нарыг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сангаас шагнаж урамшуулах саналыг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд цагдаагийн байгууллага уламжилна.

5.4. Эргүүл, шалгалт хийх, гэмт хэргийн талаар авагдсан мэдээлэл, алдагдсан болон олдож ирсэн малыг мэдээлэх, гэмт этгээдийн хөдөлгөөн, бүлэг, бөөгнөрөл, сэжигтэй байдлын талаар холбогдох газарт мэдээлэхдээ морь, унаа, гар утас, автомашин ашигласан тохиолдолд цагдаагийн байгууллага алба хаагчид, сум, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд уламжлан гарсан зардлыг нөхөн олгуулна.

5.5. Гишүүдээс өгсөн мэдээлэл батлагдсан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу мэдээллийн төлбөр, урамшууллыг гишүүдэд олгож ажиллана.

5.6.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урамшуулна.

5.7. Засгийн газрын шагнал болох Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах тодорхойлолтод малын хулгайтай тэмцэх ажлын талаар сайн ажилласан арга туршлагын талаар оруулж болно.

 

Зургаа. Хариуцлагын талаар

 

6.1. Хулгайн замаар алдагдаж байгаа малын болон олсон малын мэдээллийг цаг тухай бүр өгөөгүй, нуун дарагдуулсан, хулгайчидтай хуйвалдсан малчдын бүлгийн гишүүд, малчидад Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--оОо--