Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 211 дүгээр
                   тогтоолын хавсралт


ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

(2016-2020 он)

(Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Манай улсад 2013-2015 оны дунджаар нийт экспортын 89 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 7 хувийг мал аж ахуйн гаралтай түүхий эд, анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн, 4 хувийг дунд, эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нийт экспортын 86 хувийг БНХАУ руу гаргаж байна. 2015 онд 1020 аж ахуйн нэгж, иргэн бараа, бүтээгдэхүүн экспортод гаргасны 162 (давхардсан тоогоор 173) нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл эрхлэгч бөгөөд үүний 100 нь эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн экспортод гаргасан байна.

Дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийн хэлбэлзлийг судалж үзэхэд уул уурхайн түүхий эдийн үнэ бусад түүхий эдтэй харьцуулахад хэлбэлзэл өндөр байдаг. Харин боловсруулалтын шат ахих тусам үнийн хэлбэлзэл буурах зүй тогтол ажиглагддаг. Монгол Улсад инфляцийн түвшин 2015 оноос тогтворжиж, цаашид хадгалагдах эерэг төлөвтэй байгаа бөгөөд уул уурхайн хэт хамаарлыг бууруулж, эдийн засгийг олон тулгууртай болгох зорилгоор цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, инноваци, мэдлэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах боломж бүрдэж байна.

1.2. Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн үр дүнг илэрхийлэх үзүүлэлтэд нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг 2030 онд 50 хувьд хүргэх, улмаар I үе шат буюу 2016-2020 онд нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Мөн Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт экспортын чиг баримжаатай, импортыг орлох, өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зарчмыг баримталж худалдаа, үйлчилгээний салбарын хөгжих таатай орчинг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “... уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоо, манлайлалтай боловсруулан хэрэгжүүлэх. Уул уурхайн салбарын экспортын орлогын тодорхой хэсгээс уул уурхайн бус экспортын хөгжлийн сан байгуулах ...” зорилт, арга хэмжээг тусгасан болно.

Иймд Засгийн газраас 2013 онд батлан хэрэгжүүлж ирсэн “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг дээр дурдсан бодлогын баримт бичигт нийцүүлэн шинэчлэн баталж, санхүүжилтийн шинэ механизмаар хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Зорилго

Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн зорилго нь инноваци, мэдлэг шингэсэн дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Зорилт

Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

      2.2.1. экспортын орлогыг нэмэгдүүлж, экспортын бүтцийг төрөлжүүлэхийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

      2.2.2. экспортыг дэмжих “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлэх, логистик, дэд бүтцийг хөгжүүлэх;

      2.2.3. экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

      2.2.4. экспортын шинэ зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

      2.2.5. боловсруулах үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, түүхий эд материалын хэмнэлттэй, үр ашиг бүхий дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, инноваци, мэдлэг шингэсэн, уул уурхайн бус үйлдвэрлэлийн кластерийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Экспортын орлогыг нэмэгдүүлж, экспортын бүтцийг төрөлжүүлэхийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

      3.1.1. хөрөнгө оруулалтын сан, лизингийн санхүүжилтийн охин компани, дунд, урт хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах болон бусад орны Экспорт, импортын банкуудтай харилцах чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судалж шийдвэрлэх;

      3.1.2. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лизингийн тогтолцоог бий болгохтой холбогдуулан хөдлөх хөрөнгийн бүртгэл, барьцаалбар болон лизингийн үйлчилгээний нэмүү өртгийн албан татвар зэргийг тусгасан эрх зүйн орчныг бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх;

      3.1.3. экспортын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах;

      3.1.4. санхүүгийн түрээс (лизинг)-ийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулах;

      3.1.5. гадаад орны экспортын зээлийн агентлагуудтай хамтран төслийн санхүүжилт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

      3.1.6. экспортын шинэ зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчит компани үүсгэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх.

3.2. Экспортыг дэмжих “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлэх, логистик, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

      3.2.1. чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх явдлыг судалж шийдвэрлэх;

      3.2.2. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулж, гадаад, дотоод зах зээлд бүтээгдэхүүн борлуулахад учирч байгаа хориг, саадыг багасгах;

      3.2.3. гадаад орнуудтай байгуулсан Тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP)-ийг өргөжүүлэх замаар гадаад эрэлтийг нэмэгдүүлэх;

      3.2.4. хил, гааль, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгож хяналт, шалгалтын давхардлыг арилгах, үр нөлөөг сайжруулах зорилгоор “цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

      3.2.5. хил дамнасан чөлөөт бүс байгуулж хөгжүүлэх арга хэмжээ авч, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

      3.2.6. экспортын бүтээгдэхүүний үнэ буурах, гэрээний зардал өсөх зэрэг эрсдэлийг бууруулах зорилгоор экспортын гэрээг багцлах, нэгдсэн зохион байгуулалтад орохыг бодлогоор дэмжих.

3.3. Экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд:

      3.3.1. урт хугацаат санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, санхүүжилт олгох замаар экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлж байгаа дотоодын үйлдвэрлэгчдэд учирч байгаа төлбөрийн эрсдэлийг бууруулах;

      3.3.2. экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийн хөрөнгийн зах зээлд гаргасан урт хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж шийдвэрлэх;

      3.3.3. экспортлогчдыг гадаад худалдааны эрсдэлээс хамгаалах зорилгоор экспортын баталгаа гаргах, даатгалын үйл ажиллагааг нэвтрүүлэх;

      3.3.4. экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авах этгээдэд гадаад орны Экспорт, импортын банктай хамтран буюу Хөгжлийн банкны эх үүсвэрээр лизингийн үйлчилгээ үзүүлэх;

      3.3.5. валютын ханшийн болон хүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор экспортлогчдод санхүүгийн үүсмэл хэрэгсэл (дериватив)-ийн талаар мэдээлэл өгч, ашиглалтыг нэмэгдүүлэх;

      3.3.6. төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх экспортын чиг баримжаатай төсөлд төлбөрийн баталгаа гаргах, төслийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх;

      3.3.7. экспортлогчдыг олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд нь зуучлах;

      3.3.8. экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх.

3.4. Экспортын шинэ зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

      3.4.1. бүтээгдэхүүний зорилтот зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, маркетингийн үйлчилгээ үзүүлдэг иргэн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

      3.4.2. экспортлогчдод худалдааны гол түнш орнуудын зах зээлийн талаарх мэдээлэл өгч, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх, гэрээ, хэлцэл байгуулах, байр суурь, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

      3.4.3. үндэсний брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчлах, экспортод гаргах үйл ажиллагааг зохион байгуулах;

      3.4.4. бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний стандартыг боловсронгуй болгох, олон улсын стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих;

      3.4.5. бүтээгдэхүүний сорилтын лаборатори байгуулах, итгэмжлэл авах, тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг бүх түвшинд дэмжих.

3.5. Боловсруулах үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, инноваци, мэдлэг шингэсэн уул уурхайн бус үйлдвэрлэлийн кластерийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх  зорилтын хүрээнд:

      3.5.1. байгаль орчинд ээлтэй, түүхий эд, материалын хэмнэлттэй, үр ашиг бүхий дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж нутагшуулсан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих;

      3.5.2. экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, инноваци, мэдлэг шингэсэн уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг санхүүжүүлэх;

      3.4.3. нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үнэ цэнийн сүлжээнд нэгдэж, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг зээл болон санхүүгийн бусад арга механизмаар дэмжих.

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулна.

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллана.

Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

5.1.  Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

5.2. Хөтөлбөрийн санхжүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

      5.2.1. улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилт;

      5.2.2. хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламж;

      5.2.3. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

      5.2.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

      6.1.1. экспортыг төрөлжүүлж, уул уурхайн бус салбарын экспортыг нийт экспортын 30 хувьд хүргэнэ;

      6.1.2. нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэнэ;

      6.1.3. арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортын орлогыг жилийн 1 тэрбум ам.долларт хүргэнэ;

      6.1.4. экспортыг “нэг цонх”-оор зохицуулах боломж бүрдэж хэрэгжинэ.


---o0o---