Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын тавдугаар хавсралт

 

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд энэхүү аргачлалыг баримтална.

1.2.Хяналт-шинжилгээний ажлын зорилт нь тухайн хууль тогтоомжийн зорилго болон үзэл баримтлалаар тодорхойлсон үр дүнд хүрэх байдлыг тогтмол хугацаанд ажиглан тодорхойлоход оршино.

1.3.Хяналт-шинжилгээ[1] гэдэг нь аливаа үйл явцын талаар мэдээлэл цуглуулж, ажиглалт хийн зөв чиглүүлэх тасралтгүй үйл ажиллагаа юм.

1.4.Ажиглаж байгаа үйл явц буюу үйл ажиллагаа нь зорилгодоо хүрэхгүй байх, зорилгоосоо гажих, төлөвлөснөөр хэрэгжихгүй байх тохиолдолд түүнийг чиглүүлэх нь хяналт-шинжилгээний үүрэг мөн.

1.5.Хяналт-шинжилгээ хийхдээ хууль тогтоомжийг бүхэлд нь, эсхүл зарим зүйл, заалтыг сонгож болно.

Хоёр. Хяналт-шинжилгээг хийх үе шат

2.1.Хяналт-шинжилгээг дор дурдсан үе шаттайгаар зохион байгуулна:

2.1.1.хууль тогтоомжийн зорилгыг тодорхойлох;

2.1.2.тохирох хэмжүүрийг сонгож авах;

2.1.3.мэдээллийг нэгтгэн цуглуулах;

2.1.4.тайлагнах.

Гурав. Хууль тогтоомжийн зорилгыг тодорхойлох

3.1.Тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцыг ажиглахын тулд дэвшүүлсэн зорилгыг тодорхойлно.

3.2.Хуулийн зорилго тодорхой бичигдсэн тохиолдолд хуулийн зорилгыг шууд тодорхойлно. Харин зарим хууль тогтоомжийн ялангуяа, тогтоомжийн (Улсын Их Хурлын тогтоол гэх мэт) хувьд зорилгыг шууд томьёолоогүй байх тохиолдолд зорилгыг тодорхойлох шаардлага гарна. Энэ тохиолдолд тухайн хууль тогтоомжийн үндсэн болон дэд зорилгыг тодорхойлно.

3.3.Хэрэв тухайн хууль тогтоомж, түүний зарим зүйл, заалтад зорилго шууд тусгагдаагүй, тодорхой бус байвал өөр эх сурвалжаас олж тогтооно. Ингэхдээ хууль тогтоомжийг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй ярилцах, хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэж батлах явцад гарсан баримт бичиг буюу үзэл баримтлал, танилцуулга, хуралдааны тэмдэглэл болон холбогдох бусад эх сурвалжийг ашиглана.

Дөрөв. Тохирох хэмжүүрийг сонгох

4.1.Хууль тогтоомжийн зорилгодоо хүрч байгаа байдал буюу үр дүн, үр нөлөөнд ажиглалт хийх, тэдгээрт дүн шинжилгээ хийхийн тулд тохирох хэмжүүрийг сонгоно.

4.2.Хэмжүүр нь орц, гарц, үр нөлөөг хэмжихэд буюу ажиглахад чиглэгдэнэ. Үүнд:

4.2.1.орц (Input): Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах угтвар нөхцөл тухайлбал, санхүүгийн эх үүсвэр, хүний нөөц, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, цаг хугацаа хамаарна.

4.2.2.гарц (Output): Хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ (бүтээгдэхүүн) болон хэрэгжүүлэх явцад хүрсэн шууд болон шууд бус үр дүнг ойлгоно[2].

4.2.3.үр нөлөө (Outcome): Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад нийгэмд, тухайн хуулийн зорилтот бүлэгт үзүүлсэн үр нөлөөг ойлгох бөгөөд хуулиар дэвшүүлсэн зорилго хэрэгжсэн эсэх, эерэг, сөрөг дагалдах үр дагавар үүссэн эсэхийг харуулна.

4.3.Орц, гарц, үр нөлөөг тодорхой хэмжүүрээр хэмжинэ. Хэмжүүр нь тоон болон шалгуур үзүүлэлт гэсэн хэлбэртэй байна.

4.4.Тоон үзүүлэлт нь тоогоор илэрхийлэгдэнэ. Тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын талаар тоогоор илэрхийлэгдэх мэдээллийг өгнө.

4.5.Шууд тоогоор хэмжиж болохгүй нөхцөл байдлыг шалгуур үзүүлэлтээр хэмжинэ. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг шууд бусаар хэмжин түүний өөрчлөлт, түүнд голлон нөлөөлж байгаа хүчин зүйлийг олж тогтоохын тулд шалгуур үзүүлэлтийг хэрэглэнэ.

4.6.Хэмжүүрийн аль нэг үзүүлэлт орц, гарц, үр нөлөөг бүхэлд нь хамруулж, баттай нотолгоо болж чаддаггүй бөгөөд зөвхөн тэдгээрийн аль нэгийг нь илэрхийлдэг. Иймд хэд хэдэн шалгуур үзүүлэлт болон тоон үзүүлэлтийг гаргаж, хэмжих шаардлагатай бөгөөд хэмжүүрийг оновчтой тогтоохын тулд олон дахин томьёолж, боловсруулалт хийх хэрэгтэй[3].

4.7.Хэмжүүр нь дараах шаардлагыг хангасан байна:

4.7.1.ач холбогдолтой байх (хамааралтай байх);

4.7.2.найдвартай байх (ижил нөхцөлд давтан хийсэн хэмжилт мөн адил үр дүнг үзүүлэх);

4.7.3.өөрчлөгдөхгүй, тогтмол байх (хэмжүүрийг удаан хугацаагаар хэрэглэх боломжтой байх);

4.7.4.практикт хэрэглэх боломжтой байх (хэмжүүрийг хэрэглэхэд хялбар байх);

4.7.5.хэмнэлттэй байх (боломжит зардлаар тодорхойлж болохоор байх). Үйл ажиллагааны зардал нь мэдээллийн үнэ цэнэ буюу үр өгөөжтэй зохистой харьцаатай байна.

4.8.Тухайн заалтад тохирсон хэмжүүрийг сонгож аваад сонгосон хэмжүүрээр юу хэмжих гэж байгаагаа тодорхой тайлбарлана.

4.9.Хэмжүүрийг тодорхойлоход ямар тоо баримт шаардлагатай болох, тэдгээрийг хэн, хэзээ гаргахыг тогтооно.

Тав. Мэдээллийг нэгтгэн цуглуулах

5.1.Мэдээллийг хамгийн хялбар аргаар хаанаас цуглуулахаа тодорхойлж, тогтоосон хугацаанд тодорхой үечлэлээр хэмжүүр тус бүрт шаардагдах мэдээллийг тасралтгүй судалж цуглуулна.

5.2.Мэдээллийг цуглуулахдаа хэмжүүрийн хэлбэрээс хамааран ажиглалт хийх, бичиг баримт судлах, ярилцлага хийх, санал асуулга явуулах зэрэг судалгааны түгээмэл аргуудыг хэрэглэж болно.

5.3.Мэдээллийг цуглуулах үе шатанд мэдээллийн эх сурвалжийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг анхаарч, аль болох баримтжуулсан материалыг цуглуулж боловсруулна.

Зургаа. Тайлагнах

6.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээний үр дүнг эрх бүхий этгээдэд тогтоосон хугацаанд тогтмол танилцуулна.

 

 

 

---о0о---

 

 


[1]Хяналт-шинжилгээ гэдэг нь аливаа үйл явцын талаар мэдээлэл цуглуулж, ажиглалт хийн зөв чиглүүлэх  тасралтгүй үйл ажиллагаа юм. Үнэлгээ гэдэг нь хяналт-шинжилгээний үед хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан дүн шинжилгээ хийх тухайлбал: тухайн хуулийн үр дүн, үр нөлөөг тодорхойлох, мөн яагаад тавьсан зорилгодоо хүрч чадаагүй  зэрэг шалтгаануудыг олох зорилготой байдаг.

[2]Төлөвлөсөн зорилгодоо хүрсэн эсэх, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүнд ямар нөлөөлөл бий болсныг гарцаар тодорхойлохгүй. Тэдгээрийг Outcome буюу үр нөлөөнд хамааруулна.

 

[3]Хэмжүүр нь сольж орлуулах боломжгүй, хийсвэр байж болохгүй. Учир нь ийм нөхцөлд  үр нөлөөг         хэмжих нь улмаар, хяналт-шинжилгээ хийхэд бэрхшээлтэй болно.