Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 295 дугаар
          тогтоолын 1 дүгээр хавсралт


ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ ХИЙХ ЖУРАМ

(Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрчим хүчний аудит (цаашид “аудит” гэх) буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж, үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх талаар зөвлөмж өгөх хараат бус үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Аудит хийх үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг мөрдөнө.
1.3. Магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллага (цаашид “аудитын байгууллага” гэх) болон эрх бүхий аудитор (цаашид “аудитор” гэх) аудитын үйл ажиллагаа явуулна.
1.4. Аудит хийх үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, заавар, аргачлал, маягтыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.
1.5. Аудитын үйл ажиллагаанд хууль, шударга ёсыг дээдлэх, хараат бус, ёс зүйтэй байх болон үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах зарчмыг баримтална.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “үйлчлүүлэгч” гэж аудитын байгууллага, эсхүл аудитортой байгуулсан гэрээний үндсэн дээр эрчим хүчний аудит хийлгэж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
2.1.2. “иж бүрэн аудит” гэж үйлчлүүлэгчийн технологийн болон технологийн бус үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн эрчим хүчний нийт хэрэглээнд хийх аудитын үйл ажиллагааг;
2.1.3. “хэсэгчилсэн аудит” гэж үйлчлүүлэгчийн технологийн болон технологийн бус үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг тодорхой хэсгийн эрчим хүчний хэрэглээнд хийх аудитын үйл ажиллагааг;
2.1.4. “эрчим хүчний аудитын тайлан” гэж аудитын байгууллага, эсхүл аудитор тухайн үйлчлүүлэгчийн эрчим хүчний хэрэглээнд аудит хийж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан тайланг;
2.1.5. “аудитын нотолгоо” гэж аудит хийх явцад холбогдох этгээдээс олж авсан, цуглуулсан эрчим хүчний хэрэглээний талаарх мэдээлэл, тооцоо судалгаа, тайлан бүртгэл, уулзалтын тэмдэглэл зэрэг баримт бичгийг.

Гурав. Аудитын гэрээ

3.1. Үйлчлүүлэгч болон аудитын байгууллага, аудиторын хооронд байгуулах аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний загварыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батлах бөгөөд гэрээг бичгээр байгуулна.
3.2. Гэрээнд талуудын эрх,  үүрэг, хариуцлага, ажлын хүрээ, тооцооны аргачлал, хэмжилтийн багаж хэрэгсэл, гүйцэтгэх хугацаа, хөлс, үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээг дуусгавар болгох болон бусад шаардлагатай асуудлыг тусгана.
3.3. Аудитын төрөл, үе шатаас хамаарч аудитын байгууллага болон аудитор хамтран гэрээний үндсэн дээр аудит хийж болно.
3.4. Энэ журмын 3.1-д заасан гэрээний загварт тусгаагүй бусад асуудлыг талууд гэрээ байгуулахдаа холбогдох хуульд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр тусгана.


Дөрөв. Аудитын төрөл, үе шат

4.1. Аудитын үйл ажиллагаа иж бүрэн болон хэсэгчилсэн гэсэн төрөлтэй байх бөгөөд дараах түвшинтэй байж болно:
4.1.1. нэгдүгээр түвшин буюу ерөнхий аудит. Энэ түвшний аудит хийхэд аудитын байгууллага, эсхүл аудитор тухайн үйлчлүүлэгчийн эрчим хүчний бодит хэрэглээ, эрчим хүчний зардал, барилга байгууламжийн хийцэд дүн шинжилгээ хийж, хэмнэх боломжийн талаар ерөнхий дүгнэлт боловсруулж тайлагнах үйл ажиллагаа хамаарна;
4.1.2. хоёрдугаар түвшин буюу нарийвчилсан аудит. Энэ түвшний аудит хийхэд үйлчлүүлэгчийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийх, техник, эдийн засгийн үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн талаар оновчтой шийдэл бүхий төсөл, арга хэмжээний хувилбар санал болгосон зөвлөмж гаргах, тайлагнах үйл ажиллагаа хамаарна.
4.2. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.8-д заасан үүрэг хүлээсэн хэрэглэгч энэ журмын 2.1.2, 4.1.2-т заасан аудитыг заавал хийлгэнэ.
4.3. Энэ журмын 4.2-т зааснаас бусад үйлчлүүлэгч аудитын төрөл, түвшинг сонгон аудитын байгууллага, аудитортой харилцан тохиролцсоны үндсэн дээр аудит хийлгэж болно.


Тав. Аудит хийх үйл ажиллагаа

5.1. Аудитын байгууллага, аудитор тухайн үйлчлүүлэгчтэй хамтран аудит хийх төлөвлөгөө боловсруулах бөгөөд төлөвлөгөө нь аудитын гэрээний хавсралт байна.
5.2. Аудит хийхдээ дор дурдсан дарааллыг баримтална:
5.2.1. үйлчлүүлэгчээс тайлбар, тодруулга авах, үйл ажиллагааны ажиглалт хийх, техникийн паспорт, баримт бичгийг судлах, тоон үзүүлэлтийг олж авах, хэмжилт хийх зэргээр мэдээлэл цуглуулж баталгаажуулах;
5.2.2. цуглуулсан мэдээллийг хянаж боловсруулах;
5.2.3. эрчим хүчний хэрэгцээ болон хэрэглээний тэнцэлд шинжилгээ хийх;
5.2.4. үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа холбогдох норм, стандартад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох;
5.2.5. тооцоо, судалгаа, дүн шинжилгээ хийх;
5.2.6. тайлан боловсруулах;
5.2.7. аудитын дүгнэлт гаргах;
5.2.8. эрчим хүч хэмнэх талаар зөвлөмж гаргах;
5.2.9. аудитын үйл ажиллагааны үр дүнг танилцуулж тайлагнах.
5.3. Аудитын тайланд аудит хийхэд ашигласан судалгаа болон холбогдох нотолгооны материалыг хавсаргана.


Зургаа. Аудитын үйл ажиллагаанд оролцогч талуудын бүрэн эрх

6.1. Үйлчлүүлэгч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. аудитын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангах;
6.1.2. аудитын дүгнэлт, зөвлөмжийн талаар тайлбар өгөхийг шаардах, санал, хүсэлт, гомдол гаргах;
6.1.3. аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
6.1.4. аудитын үйлчилгээний чанар, мэргэшлийн түвшин, ур чадварын талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс явуулсан судалгаанд оролцох;
6.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
6.2. Аудитын байгууллага, аудитор Эрчим хүч хэмнэлтийн хуулийн 13.3, 13.4-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.2.1. үйлчлүүлэгчийн техник, тоног төхөөрөмж, технологи, барилга байгууламжийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцах;
6.2.2. үйлчлүүлэгчийн холбогдох ажиллагсдаас тайлбар, тодруулга авах;
6.2.3. аудит хийхэд шаардлагатай бичмэл цаасан болон цахим баримт, мэдээллийг гаргуулан авах;
6.2.4. аудит хийх явцад үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдох дотоод дүрэм, журмыг мөрдөх;
6.2.5. аудитын явцад танилцсан, цуглуулсан бүх баримт бичиг, мэдээллийг зөвхөн аудитын үйл ажиллагаанд ашиглах;
6.2.6. аудитын үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомжид нийцүүлэн баримт нотолгоонд үндэслэн гаргах.
6.3. Аудитын байгууллага, аудитор нь аудитын зөвлөмжийн дагуу хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа үйлчлүүлэгчийн хүсэлтээр шаардлагатай техникийн болон менежментийн зөвлөгөө өгч болно.

Долоо. Бусад

7.1. Аудитын байгууллага болон аудиторын хууль бус үйл ажиллагаа, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой үйлчлүүлэгчээс гаргасан гомдол, хүсэлтийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.

7.2. Энэ журмын 7.1-д заасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.

7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг талууд эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргаж болно.

 

---o0o---