Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 295 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт


ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА,
ТЭДГЭЭРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ

(Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Эрчим хүчний аудитын байгууллага (цаашид “аудитын байгууллага” гэх) болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх)-д тавих шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах, хүчингүй болгох, үйлчилгээний хөлс тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг мөрдөнө.


Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт


2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “магадлан итгэмжлэл” гэж Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн  13, 14 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэ журамд заасан шаардлагыг хангасан байгууллагад олгосон батламжийг;
2.1.2. “эрчим хүчний аудитын байгууллага” гэж Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.4-т заасан эрчим хүчний аудитын үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;
2.1.3. “мэргэжлийн байгууллага” гэж Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.7-д заасан үүрэг хүлээсэн хэрэглэгч болон хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэх, үйлчилгээг үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг.

Гурав. Аудитын болон мэргэжлийн байгууллагад тавих шаардлага


3.1. Аудитын байгууллага дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1. Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд эрчим хүч, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх;
3.1.2. 3-аас доошгүй эрчим хүчний аудитор болон инженер, эдийн засагч ажилтантай байх;
3.1.3. аудитор нь тухайн байгууллагын орон тооны ажилтан байх;
3.1.4. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс гаргасан жагсаалтын дагуу эрчим хүчний хэмнэлттэй холбогдох норм, стандарт, заавар, аргачлал зэрэг баримт бичгийг бүрдүүлсэн байх;

3.1.5. эрчим хүчний аудитын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх.
3.2. Мэргэжлийн байгууллага дараах шаардлагыг хангасан байна:
3.2.1. Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд эрчим хүч, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх;
3.2.2. эрчим хүчний барилга угсралт, шугам сүлжээ барьж байгуулах, эсхүл барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх, зураг төсөл боловсруулах чиглэлээр ажиллах тусгай зөвшөөрөлтэй байх;
3.2.3. энэ журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн 2 жилд ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх.


Дөрөв. Магадлан итгэмжлэл олгох


4.1. Энэ журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж магадлан итгэмжлэл авах өргөдлөө Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
4.1.1. байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.1.2. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс гаргасан жагсаалтын дагуу бүрдүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй холбогдсон норм, стандарт, заавар, аргачлал зэрэг баримт бичиг;
4.1.3. энэ журмын 3.1.2-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийн хуулбар;
4.1.4. энэ журмын 3.1.5-д заасан хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийн танилцуулга, техникийн паспорт, фото зураг;
4.1.5. хэрэв өмнө нь эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулж байсан бол үүрэг хүлээсэн хэрэглэгч болон бусад үйлчлүүлэгчид хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын тайлан, гэрээ дүгнэсэн баримтын хуулбар.
4.2. Энэ журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж магадлан итгэмжлэл авах өргөдлөө Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
4.2.1. байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.2.2. энэ журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4.2.3. байгууллагын үндсэн үйл ажиллагааны танилцуулга;
4.2.4. эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах инженер, техникийн ажилтны мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар болон ажлын байртай холбоотой бичиг баримт;
4.2.5. байгууллагын сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбар;
4.2.6. энэ журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ дүгнэсэн талаарх бичиг баримтын хуулбар.

4.3. Аудитын магадлан итгэмжлэл авахаар анх удаа өргөдөл гаргаж байгаа байгууллага энэ журмын 4.1.1-4.1.4-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.4. Энэ журмын 4.1, 4.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид материалыг буцаана.
4.5. Өргөдөл хүлээж авснаас хойш 30 хоногт багтаан энэ журмын 4.4-т зааснаас бусад тохиолдолд магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.
4.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл энэ журмын 4.5-д заасан хугацаанд багтаан магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд магадлан итгэмжлэлийг олгосонд тооцно.
4.7. Магадлан итгэмжлэлд дор дурдсан зүйлийг тусгана:
4.7.1. магадлан итгэмжлэл олгосон байгууллагын нэр;
4.7.2. магадлан итгэмжлэл эзэмшигчийн нэр, хаяг;
4.7.3. магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны төрөл;
4.7.4. магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа;
4.7.5. магадлан итгэмжлэлийн дугаар болон олгосон он, сар, өдөр;
4.7.6. магадлан итгэмжлэл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга.

Тав. Магадлан итгэмжлэлийн хугацаа, түүнийг сунгах

5.1. Магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаагаар олгох бөгөөд олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
5.2. Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулах өргөдлөө түүний хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнө Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана.
5.3. Магадлан итгэмжлэлийг 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
5.4. Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулах өргөдөлд аудитын байгууллага энэ журмын 4.1-д, мэргэжлийн байгууллага 4.2-т заасан баримт бичгийг хавсаргасан байна.
5.5. Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах эсэхийг дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэн шийдвэрлэнэ:
5.5.1. аудитын байгууллагын хувьд 2-оос доошгүй нарийвчилсан аудит, мэргэжлийн байгууллагын хувьд 1-ээс доошгүй хэмнэлтийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байх;
5.5.2. аудитор, инженер, техникийн ажилчдыг давтан болон мэргэшүүлэх сургалтад хамруулсан байдал;
5.5.3. аудит хийхэд болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан байдал;
5.5.4. аудит хийсэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгчийн өгсөн үнэлгээ.

Зургаа. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох


6.1. Магадлан итгэмжлэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
6.1.1. магадлан итгэмжлэлийн дагуу явуулсан үйл ажиллагаатай холбогдон гарсан зөрчлийг арилгуулах талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд удаа дараа биелүүлээгүй;
6.1.2. энэ журмын 3.1, 3.2-т заасан шаардлагыг хангахгүй болсон нь тогтоогдсон;
6.1.3. магадлан итгэмжлэлийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон, эсхүл хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, дампуурсан.
6.2. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл магадлан итгэмжлэлийг хүчингүйд тооцсон талаар ажлын 1 хоногийн дотор цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдэнэ.


Долоо. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагыг бүртгэх,
мэдээллийн сан үүсгэх


7.1. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл магадлан итгэмжлэгдсэн байгууллагыг бүртгэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, цахим мэдээллийн сан үүсгэн хөтөлнө.
7.2. Магадлан итгэмжлэгдсэн байгууллага, тэдгээрийн аудитор, инженер, техникийн ажилтны талаарх мэдээллийг энэ журмын 7.1-д заасан цахим мэдээллийн санд байршуулна.
7.3. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын оноосон нэр, хаяг, бүтэц, аудитор, инженер, техникийн ажилтны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бол тухайн байгууллага энэ тухайгаа Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор мэдэгдэнэ.
7.4. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон тохиолдолд ажлын 1 хоногийн дотор энэ журмын 7.1-д заасан цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж бүртгэлээс хасна.


Найм. Бусад


8.1. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.
8.2. Энэ журмын 8.1-д заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.
8.3. Энэ журмын 8.1-д заасны дагуу Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргаж болно.


---o0o---