Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 295 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт


ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ,
ТЭДГЭЭРИЙГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ, ХЭРЭГЖИЛТИЙГ
ТАЙЛАГНАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө.
1.3. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх үйл ажиллагаанд ашиглах баримт бичгийн загвар, заавар, аргачлал, маягтыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1. “эрчим хүчний аудитын тайлан” гэж эрчим хүчний аудитын байгууллага, эсхүл аудитор тухайн үйлчлүүлэгчийн эрчим хүчний хэрэглээнд аудит хийж, гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан тайланг;
2.1.2. “эрчим хүч хэмнэх хөтөлбөр” гэж үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын тайлан, зөвлөмжийн дагуу боловсруулж, дараагийн аудит хийлгэх хүртэлх хугацаанд эрчим хүч хэмнэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилт, чиглэл, төлөвлөлтийг тусгасан баримт бичгийг.


Гурав. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, бүртгэх


3.1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.8-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон босго хэмжээнээс давсан эрчим хүчний жилийн хэрэглээтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлж, үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, мэдэгдэх чиг үүргийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хэрэгжүүлнэ.
3.2. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг дараах байдлаар ангилна:
3.2.1. эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага;
3.2.2. уул уурхайн (олборлолт, боловсруулалт) чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага;
3.2.3. үйлдвэрлэл (хүнд, хөнгөн, жижиг, дунд)-ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага;

3.2.4. улс болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага;
3.2.5. үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
3.3. Дараах мэдээллийг үндэслэн үүрэг хүлээсэн хэрэглэгчийн жилийн эрчим хүчний хэрэглээг тодорхойлж бүртгэнэ:
3.3.1. эрчим хүч үйлдвэрлэгч компанийн эрчим хүчний эх үүсвэрийн дотоод хэрэгцээний эрчим хүч, дамжуулах, түгээх компанийн эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлын талаар Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн албан ёсны тайлан, мэдээнд тусгасан хувь, хэмжээ;
3.3.2. энэ журмын 3.2.1-д зааснаас бусад хэрэглэгчийн хувьд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн хүсэлтээр эрчим хүчээр хангагч байгууллагаас албан ёсоор ирүүлсэн эрчим хүчний хэрэглээний тоо, хэмжээ.
3.4. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг Засгийн газар 3 жил тутамд шинэчлэн тогтооно.
3.5. Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэснийг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс албан ёсоор мэдэгдэнэ.
3.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараах үндэслэлээр үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэлээс хасна:
3.6.1. эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон босго хэмжээнээс доош орж буурсан;
3.6.2. эрчим хүчний хэрэглээний үр ашиг нь дээд түвшинд хүрсэн талаар эрчим хүчний аудитын байгууллага, аудитор болон Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс томилсон комиссын дүгнэлт гарсан;
3.6.3. эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдаж үйл ажиллагаа нь зогссон, дампуурсан.
3.7. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг энэ журмын 3.6-д зааснаас бусад тохиолдолд үүрэг хүлээсэн хэрэглэгчийн бүртгэлээс хасахгүй.


Дөрөв. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг


4.1. Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах үүргийг хэрэгжүүлж ажиллана:
4.1.1. эрчим хүч хэмнэлтийн чиг үүргийг хариуцан ажиллах эрчим хүч хэмнэлтийн менежерийг 3 сарын дотор томилон ажиллуулах;
4.1.2. эрчим хүчний хэрэглээ, энергийн урсгалыг (баланс) тодорхойлох зорилгоор хэмжүүржүүлэх;
4.1.3. бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээний мэдээллийг холбогдох маягт, загварын дагуу гаргаж 6 сарын дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх;

4.1.4. эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилсноос хойш 3 сарын дотор эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, гэрчилгээ олгох шалгалтад хамруулах;
4.1.5. эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилсон, чөлөөлсөн талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх;
4.1.6. эрчим хүч хэмнэлтийн менежерийг ажиллах нөхцөл, бололцоогоор хангах;
4.1.7. эрчим хүчний иж бүрэн-нарийвчилсан эхний аудитыг 18 сарын дотор, цаашид 3 жил тутамд хийлгэж байх;
4.1.8. эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс гаргасан загвар, аргачлалын дагуу боловсруулж баталж хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах.
4.2. Үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагын үйл ажиллагааны онцлог болон ажлын эзлэхүүнийг харгалзан хамааруулан менежерийн тоог нэмж болно.
4.3. Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх явцад эрчим хүчний аудит хийсэн байгууллага, эсхүл аудитороос шаардлагатай заавар, зөвлөмж авч ажиллана.
4.4. Үүрэг хүлээсэн хэрэглэгч энэ журмын 4.1.7-д заасан хугацааг дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд 1 удаа 12 хүртэл сарын хугацаагаар хойшлуулж болно:
4.4.1. байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа нь түр хугацаагаар, хэсэгчлэн болон бүрэн зогссон;
4.4.2. үйл ажиллагаанд нь томоохон өөрчлөлт орсон, эсхүл засвар үйлчилгээ, өргөтгөл хийж байгаа;
4.4.3. үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэнээс хойш нэг жилийн дотор барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг өөр байршилд шилжүүлэхээр төлөвлөсөн.


Тав. Эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах аргачлал


5.1. Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийг дараах зүйлийг үндэслэн боловсруулна:
5.1.1. эрчим хүчний аудитын байгууллага, эсхүл аудиторын тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын тайлан, эрчим хүч хэмнэх зөвлөмж;
5.1.2. байгууллагын бизнес төлөвлөгөө, хөгжлийн стратегийн баримт бичиг.
5.2. Эрчим хүч хэмнэх хөтөлбөрт дараах зүйлсийг гүйцэтгэх хугацааны хамт тусгана:
5.2.1. нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ногдох эрчим хүчний зарцуулалтын дүн шинжилгээ;
5.2.2. дүн шинжилгээнд үндэслэн тодорхойлсон хөтөлбөрийн зорилго, зорилт;
5.2.3. зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хувилбарууд;

5.2.4. энэ журмын 5.2.3-т заасан хувилбар тус бүрт хийсэн үр ашгийн урьдчилсан үнэлгээ.
5.3. Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа дараахь зүйлсийг харгалзана:
5.3.1. эрчим хүч хэмнэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний техник, эдийн засгийн үр ашигтай байдал;
5.3.2. эрчим хүч хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн боломж.
5.4. Эрчим хүчний үнэ цэнэ, түүнийг хэмнэх ач холбогдлыг ойлгуулж, албан хаагчдын дадал зуршил, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн сургалт явуулах талаар эрчим хүч хэмнэх төлөвлөгөөнд тусгана.


Зургаа. Мэдээлэх, тайлагнах


6.1. Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах баримт бичгийг баталгаажуулан дор дурдсан хугацаанд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ:
6.1.1. эрчим хүч хэмнэх ажлын жилийн төлөвлөгөөг өмнөх оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор;
6.1.2. эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөөний тухайн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор.
6.2. Энэ журмын 6.1-д заасан тайлан, төлөвлөгөөнд тухайн байгууллагын удирдлага, эрчим хүч хэмнэлтийн менежер гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6.3. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд хийсэн эрчим хүчний аудитын тайланг тухай бүр 14 хоногийн дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ.


Долоо. Бусад


7.1. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнахтай холбогдон үүссэн маргааныг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.
7.2. Энэ журмын 7.1-д заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.
7.3. Энэ журмын 6.1-д заасан Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргана.

---o0o---