Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 304 дүгээр
          тогтоолын  хавсралт

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ
ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 196.1-д “Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэхээр заасан бөгөөд цаашид Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан бүс нутгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглүүлж шинэчлэх шаардлагатай байна. 

Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг Монгол Улсын Үндсэн хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг болно.

Энэхүү хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит механизм бүрдүүлж төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн хөгжлийн хэрэгцээтэй холбож төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг заах арга зүй болон мэргэшсэн инженер, техникийн ажилтны түвшинд чадваржуулах, үйлдвэрлэл-дадлагын сургалтын бааз, лабораторийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, иргэдийн хэрэгцээнд суурилсан үйлчилгээг нэвтрүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгана. 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас, сонирхолд тохирсон мэргэжлийн болон техникийн боловсролыг шинэчлэн хөгжүүлж, чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.2.1. нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

2.2.2. мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх;

2.2.3. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент, сургалтын стандартыг сайжруулах;

2.2.4. ажил, мэргэжлийн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх;

2.2.5. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн хөгжлийг дэмжих арга хэмжээ авч, чадавхийг бэхжүүлэх;

2.2.6. мэргэжлийн болон техникийн боловсролын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

3.1. Хөтөлбөрийг 2016-2021 онд дараах үе шаттай хэрэгжүүлнэ:

3.1.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл, суурь судалгааны үе шат 2016 он;

3.1.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, холбогдох бусад баримт бичгийг боловсруулан батлах, хүний нөөцийг чадавхжуулах, хэрэгжилтийг зохион байгуулах үе шат 2017-2019 он;

3.1.3. хөтөлбөрийн биелэлтийг хангах, зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүгнэлт, зөвлөмж өгөх үе шат 2019-2021 он.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд:

4.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулах;

4.1.2. мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд ажил олгогч, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвхтэй оролцоог хангах;

4.1.3. мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой зарим чиг үүргийг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх;

4.1.4. мэргэжлийн болон техникийн боловсролын онцлог, нийгэмд гүйцэтгэх үүрэг, амжилт, бүтээлийн талаарх мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх.

4.2. Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх зорилтын хүрээнд:

4.2.1. мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, мэргэжлийн түвшин бүрийн хүрээ, тодорхойлолтыг боловсруулж мөрдөх;

4.2.2. албан бус боловсрол, ажил, амьдралын туршлагаас олж авсан мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх тогтолцоог бүрдүүлэх;

4.2.3. төгсөгчдийн ур чадварын үнэлгээнд үндэслэн мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоотой уялдуулах;

4.2.4. улс тэргүүлэх салбарын ажил, мэргэжлийн жагсаалт гаргах;

4.2.5. мэргэшлийн түвшний үндэсний тогтолцооны талаар иргэд, олон нийт, ажил олгогчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх.

4.3. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент, сургалтын стандартыг сайжруулах зорилтын хүрээнд:

4.3.1. мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх;

4.3.2. суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хөндлөнгийн хяналт хийж баталгаажуулах;
   
4.3.3. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл болон сургалтын хөтөлбөрийг баталгаажуулдаг чанарын хяналтын механизмыг хөгжүүлэх;

4.3.4. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсронгуй болгох;

4.3.5. мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв, бүсийн арга зүйн төвийн арга зүйчийг чадавхжуулах, үнэлгээний ажилтан, салбарын шинжээч бэлтгэж, холбогдох байгууллагуудтай хамтран хөндлөнгийн үнэлгээг хийж хэвшүүлэх;

4.3.6. салбарын түвшинд сургалт, удирдлагын нэгдсэн цахим мэдээллийн системийг хөгжүүлэх;

4.3.7. мэргэжлийн болон техникийн боловсролын бодлого, төлөвлөлтийг хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах;

4.3.8. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг тэргүүлэх салбарын ажил, мэргэжлийн чиглэлээр төрөлжүүлэх бодлого боловсруулах.

4.4. Ажил, мэргэжлийн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх зорилтын хүрээнд:

4.4.1. ажил, мэргэжлийн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний арга зүй, удирдамжийг боловсруулж хэрэгжүүлэх;

4.4.2. ажил, мэргэжлийн үндэсний ангилалд үндэслэн мэргэжил бүрийн стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах;

4.4.3. мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгад дээд боловсролын сургалтын агуулгын залгамж холбоог хангах; 

4.4.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн боловсрол, сургалтад тэгш хамруулах боломжийг нэмэгдүүлэх;

4.4.5. мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцүүлэн сургалтын орчныг сайжруулж, шинэ, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах;

4.4.6. сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах сурах бичиг, гарын авлага, материалыг мэргэжлийн багш, мэргэжлийн холбоод, ажил олгогчдын оролцоотойгоор боловсруулж ашиглах;

4.4.7. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дэргэд бизнес инкубатор төв байгуулан, уг төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах;

4.4.8. суралцагчид, төгсөгчдөд ажил, мэргэжлийн чиг баримжаа, зөв хандлага, төлөвшлийг олгох үйл ажиллагааг хөгжүүлэх.

4.5. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн хөгжлийг дэмжих арга хэмжээ авч, чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд:

4.5.1. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны  мэргэшлийн ур чадварыг тодорхойлж, цаашид хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

4.5.2. “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөр     (2015-2020)-ийн хэрэгжилтийг хангах;

4.5.3. “Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдах ажилтны хөгжил” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

4.5.4. багшийн тасралтгүй хөгжих, мэргэшил дээшлүүлэх тогтолцоог бий болгох;

4.5.5. багш нарыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын дэвшилтэт тоног төхөөрөмж дээр дадлагажуулах, багш-инженер, техникийн ажилтнуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

4.5.6. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийг бэлтгэх, цалин, урамшуулал, нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4.5.7. багш, суралцагчдын мэдлэг, авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний тэмцээн, уралдаанд оролцуулах, амжилт гаргасан багш, суралцагчдад урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлэх;

4.5.8. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон багш нарын дунд инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг идэвхжүүлж, чадавхийг бэхжүүлэх;

4.5.9. судлаачид, багш нар, суралцагчдын инноваци, бүтээлийг оюуны өмчөөр хамгаалж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор технологийн төсөл хэрэгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах.

4.6. Мэргэжлийн болон техникийн боловсролын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

4.6.1. мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн нэгдмэл байдлыг хангаж, үр өгөөжийг дээшлүүлэх;

4.6.2. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийг өөрийн өртөгт суурилан олгох механизмыг бүрдүүлэх;

4.6.3. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах нөхцөлийг бүрдүүлж хэрэгжүүлэх;

4.6.4. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох.

Тав. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт


5.1. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна:

5.1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн  бүрэлдэхүүн, дүрэм шинэчлэгдэж, үйл ажиллагаа нь бэхжин мэргэжлийн боловсрол, сургалтыг байгууллагын үйл ажиллагаанд бусад оролцогчдын оролцоо нэмэгдсэн байна;
 
5.1.2. шинээр үйлдвэр, үйлчилгээний 4 салбар зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжсон байна;

5.1.3. мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо бүрдсэн байна;

5.1.4. үнэлгээ, мэдээллийн төвөөр дамжуулан албан бус болон ажил, амьдралын туршлагаас олж авсан мэдлэг, ур чадвараа 100-гаас доошгүй иргэн үнэлүүлж, гэрчилгээ авсан байна;

5.1.5. мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ авсан төгсөгчдийн мэдээллийн сан бүрдсэн байна;  

5.1.6. тэргүүлэх салбарын ажил, мэргэжлийн жагсаалт батлагдсан байна;

5.1.7. мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын баталгаажилтын хамрах хүрээ тодорхойлогдсон байна;

5.1.8. мэргэжлийн боловсрол, сургалтын 20-иос доошгүй байгууллага, 15-аас доошгүй чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байна;

5.1.9. үндэсний хэмжээнд 45-аас доошгүй үнэлгээний ажилтан бэлтгэгдсэн байна; 

5.1.10. сургалт, удирдлагын цахим мэдээллийн нэгдсэн систем бий болж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна;

5.1.11. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 70 хувьд хүрсэн байна.
 

5.1.12. мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгыг дээд боловсролын сургалтын агуулгатай дүйцүүлсэн 20 сургалтын хөтөлбөр боловсруулсан байна;


5.1.13. хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 5 мэргэжлийн ангийг шинээр нээж, үйл ажиллагааг хангасан байна;
  
5.1.14. мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцүүлэн 26 мэргэжлийн чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилсэн байна;

5.1.15. мэргэжлийн сурах бичиг, гарын авлага, материал 20 төрлийг боловсруулж, түгээсэн байна;
 
5.1.16. бүс бүрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дэргэд туршилт-үйлдвэрлэлийн бизнес инкубатор төв байгуулж, 90-ээс доошгүй аж ахуйн нэгж бойжуулсан байна;

5.1.17. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ болон хөдөлмөрийн зөв хандлага, төлөвшлийг суралцагч, олон нийтэд олгох үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад нэвтрүүлсэн байна;

5.1.18. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг эрэлтэд нийцүүлэн суралцагчдын тоог 60 мянгад хүргэсэн байна.
   
5.1.19. мэргэжлийн боловсрол, сургалтын багш, удирдах ажилтны  мэргэшлийн ур чадварыг тодорхойлж, баталгаажуулсан байна;
 
5.1.20. “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөрийн биелэлт 90-ээс дээш хувьд хүрсэн байна;

5.1.21. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн багш нарын 40-өөс багагүй хувь аж ахуйн нэгж, байгууллагад дадлага хийж, ур чадвараа дээшлүүлсэн байна;
  
5.1.22. дэлхийн ур чадварын тэмцээнд 2 удаа оролцож, амжилт гаргасан байна;
      
5.1.23. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын инноваци, эрдэм шинжилгээний ажил эрхлэх 300 багшийг холбогдох чиглэлээр сургалтад хамруулсан байна.

5.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 

     Шалгуур үзүүлэлт

Хэмжих   нэгж

Суурь түвшин

(2016 он)

Дунд хугацаанд үнэлэх түвшин

   (2019 он)

Зорилтот түвшин

(2021 он)

  1

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа бэхжин салбар дундын зохицуулалтыг хангах дэд хөтөлбөрийн биелэлт

хувь

0

70,0

90,0

  2

Байгуулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээний салбар зөвлөл

тоо

4

6

          8

  3

Албан бус болон амьдрал практикаас олж авсан мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, гэрчилгээ авсан иргэд

хүний тоо

0

50-иас дээш

100-гаас дээш

  4

Шинээр боловсруулсан ажил мэргэжлийн лавлах

тоо

20

 30

40

  5

Мэргэжлийн боловсрол, сургалтын магадлан итгэмжлэгдсэн байгууллага

тоо

3

10

20

  6

Магадлан итгэмжлэгдсэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр

тоо

8

5

15

  7

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын суралцагчид

хүний тоо

42675

53500

 

60000

 

  8

Бэлтгэгдсэн үнэлгээний ажилтан

хүний тоо

0

25

 

 45

 

  9

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин

хувь

62,4

65,0

70,0

 10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шинэ мэргэжлийн анги

тоо

 0

2

5

 11

Цахим санд оруулсан мэргэжлийн чадамж

тоо

0

15

20

 12

Аж ахуйн нэгж байгууллагад дадлага хийж, ур чадвараа дээшлүүлсэн мэргэжлийн багш

хүний тоо

30

400

700

 13

“Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөрийн биелэлт

хувь

10,0

70,0

90,0

 14

“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцсон байдал

тоо

1

1

2

 15

Инновацийн болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх сургалтад хамрагдсан багш

хүний тоо

 0

200

300

 16

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн байгуулсан аж ахуйн нэгж

тоо

0

30

90

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;

6.1.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;

6.1.4. олон улсын байгууллага, гадаад улсын зээл, тусламж;

6.1.5. бусад.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

7.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хөтөлбөрийн 7.1-д заасан чиг үүргийн хүрээнд дараах ажлыг зохион байгуулна:

7.2.1. хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд хийхээр төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг дараа жилийн    1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт  танилцуулах;

7.2.2. хөтөлбөрийн хэрэгжилт дунд хугацааны зорилтот түвшинд хүрсэн эсэхэд 2019 оны эхний улиралд багтаан үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах;

7.2.3. хөтөлбөрийн биелэлт зорилтот түвшинд хүрсэн эсэхэд 2021 оны эхний хагас жилд багтаан үнэлгээ хийж, үр дүн, үр нөлөөг тодорхойлон цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргах.

 


---о0о---