Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 344 дүгээр
          тогтоолын 1 дүгээр хавсралт

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Бүтээгдэхүүн, үйлчилгээ тогтоосон стандарт, шаардлагыг хангаж байгааг нотлоход шаардлагатай стандартчилал, хэмжил зүй (шинжлэх ухаан, аж үйлдвэрийн, хууль эрх зүйн), итгэмжлэл, тохирлын үнэлгээ (хяналт шалгалт, сорилт, бүтээгдэхүүн болон тогтолцооны баталгаажуулалт) зэрэг нь чанарын дэд бүтцийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын хувьд үндэсний чанарын дэд бүтцийг олон улсын шаардлагад нийцүүлэх шаардлагатай байна.

Хөгжингүй орнуудын хувьд зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдсан эсэхийг тухайн бүтээгдэхүүнд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, тохирлын үнэлгээ, хяналтын механизмын тогтолцоог харгалзан тодорхойлдог бөгөөд эдгээрийн үндсэн дээр худалдааны гэрээ, хэлцэл байгуулж байна.

Монгол Улсад үндэсний итгэмжлэлийн байгууллага харьцангуй шинээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа олон улсын шаардлагад нийцүүлэх, итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC),       Ази, Номхон далайн бүсийн орнуудын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Номхон далайн бүсийн орнуудын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC) зэрэг олон улсын болон бүсийн байгууллагуудад гишүүнээр элссэн бөгөөд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)-т нэгдэн ороод байна.

Үндэсний чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг цаашид олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгох  замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Үндэсний чанарын хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсрууллаа.

Хөтөлбөр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэх бөгөөд Улсын Их Хурлын 2016  оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг болно. 

1.2. Нэр томьёоны тодорхойлолт

Хөтөлбөрт хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1) “чанарын дэд бүтэц” гэж стандартчилал, хэмжил зүй, хяналт, сорилт, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагуудын нэгдмэл зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааг;

2) ”хэмжлийн эталон” гэж хэмжлийн нэгж, түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, түүнийгээ хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго нь чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгосны үндсэн дээр экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

  1) чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

  2) чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх;

  3) чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах;

  4) хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;

  5) бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх;

  6) экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

  7) импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

  8) чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах.

2.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

1) чанарын дэд бүтцийг дэлхий нийтийн жишиг, хөгжлийн чиг хандлагад тулгуурлан Монгол Улсын хөгжлийн онцлогийг харгалзан хөгжүүлэх;

2) экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг тэргүүн ээлжинд дэмжих;

3) төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан олон нийтийн оролцоог хангах;

4) чанарын дэд бүтэц дэх оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;

5) аюулгүй байдал болон эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын стандартыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхийг дэмжих.

Гурав.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

Дөрөв.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

4.1.1. чанарын дэд бүтцийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;

4.1.2. зах зээлд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнд хяналт тавих эрх зүйн орчныг  боловсронгуй болгох;

4.1.3. хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

4.2. Чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх зорилтын хүрээнд:

4.2.1. стандартчилал, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэрэглэх арга, ажиллагааг боловсронгуй болгох Европын холбооны тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх;

4.2.2. Европын стандартчиллын байгууллагад хамтрагч гишүүнээр элсэж, хамтран ажиллах;

4.2.3. стандартыг хэрэглэх, дагаж мөрдөх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4.2.4. норматив баримт бичгийн зохистой хэрэглээг төлөвшүүлэн, стандартыг техникийн зохицуулалт, хууль тогтоомжид тусгах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах;

4.2.5. олон улсын стандартчиллын болон итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллаж, Монгол Улсын стандартчилал, итгэмжлэлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;

4.2.6. итгэмжлэлийн байгууллагын хараат бус байдал болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангах;

4.2.7. хэмжил зүйн байгууллагын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, оролцоог нэмэгдүүлэх;

4.2.8. хэмжлийн нэгжийн эталоныг бий болгох, хадгалах, дамжуулах, хөгжүүлэх,  судалгаа,   шинжилгээний   ажлыг   гүйцэтгэх   чиг  үүрэг бүхий  Хэмжил зүйн

хүрээлэнг хэмжил зүйн төв байгууллагын дэргэд байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

4.2.9. шалгалт, тохируулгын нэгдсэн тогтолцоог бий болгох замаар хүнсний болон аж үйлдвэрийн салбарын хэмжил зүйг хөгжүүлэх;

4.2.10. химийн хэмжил зүйн чиглэлээр мэргэшсэн байгууллага бий болгож, үйл ажиллагааг нь дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх;

4.2.11. олон улсын жишигт нийцүүлэн ноос, ноолуур, арьс шир, автозам, барилга, автомашин, тэдгээрийн эд ангийн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний мэргэшсэн байгууллагуудыг бий болгох, чадавхижуулах;

4.2.12. үндэсний баталгаажуулалтын байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж, итгэмжлэл, баталгаажуулалтын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх;

4.2.13. хүнсний аюулгүй байдлын хяналтын нэгдмэл бүтцийг нийслэл, аймаг, орон нутгийн хэмжээнд бий болгох;

4.2.14. хувиргасан амьд организм, түүнээс гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдэлийг үнэлж, баталгаажуулах тогтолцоог бий болгон импорт, худалдааны хязгаарлалтын нөхцөлийг тогтоох.

4.3. Чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилтын хүрээнд:

4.3.1. чанарын дэд бүтцийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай мэргэшсэн ажиллах хүчнээр хангах хүний нөөцийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

4.3.2. чанарын дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхижуулах арга хэмжээ авах;

4.3.3. мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв болон орон нутгийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх;

4.3.4. чанарын дэд бүтцийн салбарт үндэсний сургагч багш нарыг бэлтгэх.

4.4. Хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилтын хүрээнд:

4.4.1. чанарын талаар мэдээлэл, сурталчилгааны ажлыг өрнүүлж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх;

4.4.2. чанарыг сайжруулах арга, туршлага нэвтрүүлэхэд нь үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх;

4.4.3. үйлдвэрлэгчдэд зориулсан сургалт, сурталчилгааг үе шаттай зохион байгуулах;

4.4.4. хүнсний аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүн хэрэглэх
чиглэлээр хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшүүлэх;

4.4.5. үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангах үүргийг бүрэн хариуцах тогтолцоог хэвшүүлэх.

4.5. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:

4.5.1. ISO (ноос, ноолуур, арьс шир, модон эдлэл, аялал жуулчлал), CAC (мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал), Евро код (барилга, барилгын материал) зэрэг олон улсын стандартуудыг үндэсний стандарт болгон нутагшуулах ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийт стандартад эзлэх олон улсын стандартын хувь, хэмжээг нэмэгдүүлэх;

4.5.2. үндэсний стандартын агуулга дахь бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих чанарын болон аюулгүй байдлын шаардлага, үзүүлэлтийн түвшинг стандартчиллын үйл ажиллагаагаар дамжуулан нэмэгдүүлэх;

4.5.3. Европын холбооны стандартчиллын байгууллагатай хамтран ажиллаж, барилга, барилгын материал, метал, метал хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэл, газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, аялал жуулчлал, соёлын салбарын стандартчиллыг хөгжүүлэх;

4.5.4. хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг устгах байгаль орчинд ээлтэй технологийг нутагшуулах, аюултай хог хаягдлын боловсруулалт, байгалийн нөхөн сэргээлтийн стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулан хэрэгжүүлэх;

4.5.5. олон улсын болон бүс нутгийн стандартуудыг орчуулах, хянах зардлыг холбогдох салбар болон стандартын байгууллага тогтмол санхүүжүүлэх, орчуулгын чанарт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

4.5.6. итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох, итгэмжлэлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллагаас гаргасан тохирлын үнэлгээний баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих;

4.5.7. зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан итгэмжлэлийн байгууллагын чадавхийг хүнс, хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэр, үйлчилгээний салбарын тохирлын үнэлгээний төрлөөр нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

4.5.8. экспортод чиглэсэн импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний шаардлагад нийцүүлэн масс, температур, хүч хатуулга, даралт, физик, хими, нягт, эзэлхүүн багтаамжийн хэмжлийн эталоны нарийвчлалыг дээшлүүлэх, нэгж дамжуулалтын тогтолцоог боловсронгуй, хүртээмжтэй болгох;

4.5.9. хүнсний болон аж үйлдвэрлэлийн салбарт импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалт, загварын туршилтын үр дүнг гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр хүлээн зөвшөөрөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4.5.10. хүнсний болон малын гаралтай бүтээгдэхүүн, барилга, арьс шир, ноос,  ноолуурын  салбарын  сорилтын  лабораторийг  химийн  хэмжилзүйн   мэргэшсэн

байгууллагаар томилон ажиллуулж, салбарын хэмжил зүйн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

4.5.11. органик болон баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үндэсний стандартыг боловсруулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний баталгаажуулалтын үйл ажиллагаагаар хэрэглээг дэмжих;

4.5.12. тохирлыг илэрхийлэх чанар, аюулгүй байдлын тэмдгийг бий болгох замаар бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

4.5.13. байгаль орчинд ээлтэй арга, технологиор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бизнес эрхлэгчийг байгаль орчны менежментийн тогтолцооны (ISO 14001) стандартаар дэмжих;

4.5.14. ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, барилга, аялал жуулчлал зэрэг салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний евро стандарт, менежментийн тогтолцооны (ISO 9001, ISO 50001, OHSAS 18001 гэх мэт) стандартыг нэвтрүүлсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх;

4.5.15. аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо (HACCP) болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISO 22000)-ны стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.5.16. хяналт шалгалтын мэдээллийн сан, олон улсын мэдээллийг үндэслэн эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх;

4.5.17. экспорт, импортын мэдэгдэл, гарал үүслийн болон чанар аюулгүй байдлын гэрчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох салбарын байгууллагуудтай хамтран ажиллах.

4.6. Экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд:

4.6.1. экспортын чиг баримжаа бүхий эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг стандартчиллаар дамжуулан дээшлүүлж, олон улсын зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аж үйлдвэр, худалдааны салбар дахь стандартчиллын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх;

4.6.2.  Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлж, гадаад, дотоод худалдаанд стандартчилал, тохирлын үнэлгээгээр тавьж байгаа хоригийн тоог багасгах, шаардлагагүй хоригийг арилгах;

4.6.3. мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, аялал жуулчлал зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг европын болон олон улсын стандартад нийцүүлэх;

4.6.4. олон улсын гэрээнд нэгдэн орох замаар экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний үр дүнг худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрүүлэх, худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх;

4.6.5. экспортын бүтээгдэхүүний сорилт, шалгалт, үр дүнг хүлээн зөвшөөрч, нотлох зорилгоор хэмжил, шалгалт тохируулгын чадавхийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.6.6. олон улсын хэмжилзүйн болон итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудаас зохион байгуулдаг ур чадварын сорилтын хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүний сорилтын лабораториудыг хамруулах;

4.6.7. баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөх;

4.6.8. мал, амьтны халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох;

4.6.9. экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний сорилтын лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх.

4.7. Импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:

4.7.1. барилгын салбарт Европын холбооны стандартыг нутагшуулах;

4.7.2. барилгын бүтэц, материал, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах  зорилгоор барилгын материал болон машин үйлдвэрлэлийн олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах;

4.7.3. хүнсний зориулалтын сав, баглаа, боодлын стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

4.7.4. газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй (сүү, сүүн бүтээгдэхүүн, гахай, тахиа, хүнсний ногоо), хөнгөн үйлдвэрлэл (ноосон даавуу, модон эдлэл)-ийг хөгжүүлэх зорилгоор стандартын үзүүлэлт, шаардлагыг шинэчлэн тогтоох, сорилт, баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих;

4.7.5. импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, сорилт, боловсруулалт, үйлдвэрлэл, түгээлт, дамжуулалт, тээвэрлэлт, худалдаа, хадгалалт, хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.7.6. зам, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, тээврийн болон бусад салбарт ашиглаж байгаа тусгай тоноглолт болон ердийн машин, механизм, техник хэрэгслийн техник хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.

4.8. Чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд:

4.8.1. гадаад худалдааны цахим хяналтын тогтолцоог бүрдүүлж, экспортын бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг цахим хэлбэрээр олгох, мэдээ мэдээлэл, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх;

4.8.2. чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

4.8.3. хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан бий болгох.

Тав. Хөтөлбөрийн үр дүн

  5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

   5.1.1. чанарын дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болсон байна;

   5.1.2. олон улсын болон Европын холбооны жишигт нийцсэн стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах тогтолцоо бүрдсэн байна;

   5.1.3. олон улсын стандартчиллын байгууллагын Техникийн хороо, дэд хороод дахь үндэсний стандартчиллын байгууллагын гишүүнчлэлийн статусыг нэмэгдүүлсэн байна;

   5.1.4. тохирлын үнэлгээний байгууллагуудын чадавх олон улсын стандартын түвшинд хүрч, Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын олон талын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн гишүүн орнуудын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна;

   5.1.5. чанарын дэд бүтцийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх тогтолцоо бүрдэж, ажилтнуудын ур чадвар дээшилж, сургалтын орчин, материаллаг бааз бэхэжсэн байна;
 
   5.1.6. үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн  чанар, тохирлын үнэлгээний талаарх мэдлэг, ойлголт нэмэгдсэн байна;

   5.1.7. ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, машин үйлдвэрлэл, барилга, автозам, аялал жуулчлалын салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний евро стандарт, менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлсэн байгууллагын тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дээшилсэн байна;

   5.1.8. мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, хүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үйлчилгээ, хог хаягдлын стандарт олон улсын жишигт хүрсэн байна;

   5.1.9. экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээ худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн байна;

   5.1.10. чанарын дэд бүтэц, зах зээлийн болон хүнсний аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааны мэдээллийн тогтолцоо боловсронгуй болж, мэдээллийн аюулгүй байдал хангагдсан байна.

Зургаа.  Хөтөлбөрийн санхүүжилт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2. Шинжлэх ухаан, технологийн сан;

6.1.3. олон улсын байгууллага, гадаад улсаас олгосон зээл, тусламж;

6.1.4. бусад.

Долоо. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Чанарын үндэсний зөвлөл хариуцан зохион байгуулна.

7.2. Чанарын үндэсний зөвлөл хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд хийхээр төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг  дараа оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.


--- о О о ---