Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны

119 дүгээр тогтоолын хавсралт

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид “Хэрэг эрхлэх газар” гэх)-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хэрэг эрхлэх газрын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тогтооход оршино.

1.2.Үндэслэл

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэл болгов.

1.3.Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, дахин инженерчлэлийн арга зүй, олон улсын жишиг, Хэрэг эрхлэх газар, яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамжид тулгуурлав.

1.5.Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага мөн бөгөөд Засгийн газрын удирдлагын зөвлөх, түүний үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай эрхлэн явуулах үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн удирдлага, зохицуулалт, хууль тогтоомж, бодлого, төсвийн тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус газрын ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

Хэрэг эрхлэх газрын үндсэн үйлчлүүлэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд байна. Газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.

Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг шуурхай зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хэрэг эрхлэх газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.Засгийн газрын дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын танхимд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.2.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2.2.3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын шийдвэрийн биелэлт, Засгийн газрын дотоод мэдээлэл, Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтай харилцах асуудал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа, төрийн албаны хүний нөөцийг давтан сургах зэрэг асуудлаар бодлого, чиглэл боловсруулах, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

2.2.4.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах;

2.2.5.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авах, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

2.2.6.Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Засгийн газар-хувийн хэвшил, Засгийн газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь мэргэшлийн, өндөр түвшний цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1.Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдгээр асуудлаар цаг үеэ олсон шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.4.2.хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хүрээнд шийдвэрийн төсөл боловсруулж, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах;

2.4.3.Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;

2.4.4.Танхимын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг албажуулахад дэмжлэг үзүүлэх, захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; 

2.4.5.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.4.6.төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг эрхлэх, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.4.7.төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэн зохион байгуулалт, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах;

2.4.8.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах;

2.4.9.Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах;

2.4.10.Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах;

2.4.11.Монгол Улсын Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.санхүү, төсөв, банк, мөнгө, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;

2.5.1.2.барилга, хот байгуулалт, зам, тээврийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, үндэсний хөгжил, төрийн өмч, худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн талаарх бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;

2.5.1.3.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн талаарх бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;

2.5.1.4.гадаад харилцааны бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг эрхлэх.

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.2.2.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэр боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх;

2.5.2.3.Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөлгөө болон бусад дэмжлэгээр хангах;

2.5.2.4.Засгийн газрын архивыг эрхлэх, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг төлөөлж шүүх, прокорорын байгууллагатай харилцах, зөвлөлгөө, үйлчилгээгээр хангах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг хэрэгжүүлэх.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.3.2.нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.3.3.аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.3.4.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.Танхимын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;

2.5.4.2.захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг хариуцан үйл ажиллагаанд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.4.3.Засгийн газарт орж, гарах бичиг хэргийг эрхлэх, бичиг баримтыг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах;

2.5.4.4.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж, бүх талын дэмжлэгээр хангах;

2.5.5.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж, мэргэшил, арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх;

2.5.5.3.яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх;

2.5.5.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх.

2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулах;

2.5.6.2.Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг эрхлэх.

2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1.төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.7.2.албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх;

2.5.7.3.Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах.

2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.5.8.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах;

2.5.8.2.төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах.

2.5.9.Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.9.1.Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, эрхлэх;

2.5.9.2.гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах;

2.5.9.3.хэвлэл мэдээлэл, олон нийттэй нээлттэй харилцах, Засгийн газарт иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх.

2.5.10.Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:

2.5.10.1.Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.10.2.Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.

2.5.11.Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.11.1.Монгол Улсын Шадар сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.11.2.Шадар сайдад өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.

2.6.Үйл ажиллагааны зорилт

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар

Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дараах байдлаар тодорхойлж байна:

Гурав.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

3.1.1.Хэрэг эрхлэх газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын тэргүүн дэд даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх).

3.1.6.улс төрөөс ангид байх зарчим (Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх).

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны ерөнхий загвар

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараах байдлаар тодорхойлж байна:

3.3.1.стратегийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдгээр асуудлаар цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд санхүү, төсөв, банк, мөнгө, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах; барилга, хот байгуулалт, зам, тээврийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, үндэсний хөгжил, төрийн өмч, худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн талаарх бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах; боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн талаарх бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах; гадаад харилцааны бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг эрхлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, яамдын хооронд, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бүх яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.

3.3.2.хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хүрээнд шийдвэрийн төсөл боловсруулж, Танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэр боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх; Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах; Засгийн газрын архивыг эрхлэх, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг төлөөлж шүүх, прокурорын байгууллагатай харилцах, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.

3.3.3.орон нутгийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон зөвлөлгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх; нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх; аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх; засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, бүх яамд байна.

3.3.4.захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Танхимын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг албажуулахад дэмжлэг үзүүлэх, захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Танхимын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах; захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг хариуцан үйл ажиллагаанд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх; Засгийн газарт орж, гарах бичиг хэргийг эрхлэх, бичиг баримтыг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах; Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, хүний нөөц, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажиллагсад байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

3.3.5.хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж, бүх талын дэмжлэгээр хангах; Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж, мэргэшил, арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх; яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх; төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний төсвийн зарцуулалтад дотоод аудит хийж, эдгээр чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжүүд байна.

3.3.6.санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг эрхлэх, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулах; Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан дотоод үйлчилгээг эрхлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад төсвийн үр ашигтай, ил тод, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хүрээний Засгийн газрын агентлаг, төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

3.3.7.мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэн зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх; албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх; Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн сүлжээ, вебсайт, интранетын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

3.3.8.төрийн ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах; төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яам, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, төрийн ёслолын үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж байна.

3.3.9.хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, эрхлэх; гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах; хэвлэл мэдээлэл, олон нийттэй нээлттэй харилцах, Засгийн газарт иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь үйл ажиллагааны үр дүн, иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн шинжилж, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, улмаар Засгийн газрын гишүүдэд заавал танилцуулах үүрэгтэй.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэглэгч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь хэвлэл мэдээллийн байгууллага, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсын сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.

3.3.10.Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх; Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.

Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, холбогдох байгууллага, түүний удирдлага байна.

3.3.11.Монгол Улсын Шадар сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх; Шадар сайдад өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Шадар сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.

Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь холбогдох сайд нар, яамдын болон Засгийн газрын агентлагийн дарга, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бусад холбогдох байгууллага, нэгжийн удирдлага байна.