Хэвлэх DOC Татаж авах

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 178 дугаар

тушаалын хавсралт

 

БАРИЛГЫН АЖИЛД ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ ТАВИХ ДҮРЭМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэ дүрмээр Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.32, 38 дугаар зүйлийн 38.1.4, 38.1.8-т заасныг үндэслэн барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт /цаашид “зохиогчийн хяналт” гэх/ тавих ажлын хүрээнд барилгын ажлын захиалагч, барилгын ажил гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн хүлээх эрх, үүрэг болон зураг төсөл зохиогчоос  барилгын ажилд хяналт тавих, үнэлгээ, дүгнэлт хийхтэй холбогдсон  харилцааг зохицуулна.

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

2.1. Бүх төрлийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,  засварлах, тоноглох болон хөшөө дурсгал, түүх, соёл, архитектурын дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлахаар гүйцэтгэсэн барилгын ажилд зураг төсөл зохиогчоос хяналт тавих үйл ажиллагаанд энэ дүрмийг мөрдөнө.

 

Гурав.  ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1.Зураг төсөл зохиогч барилгын ажлын захиалагчтай / цаашид захиалагч гэх/ гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина.  / Хавсралт-№2 Зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний үлгэрчилсэн загвар/

3.2.Зохиогчийн хяналтыг  барилга байгууламжийн байршил, онцлогоос хамааруулан дараах 3 хэлбэрээр гүйцэтгэнэ.

3.2.1.барилгын ажилд байнгын хяналт тавих;

3.2.2.тогтмол хуваарийн дагуу барилгын ажилд хяналт тавих

3.2.3.барилгын ажлын  үе шат  бүрд хяналт тавих.

3.3.Зохиогчийн хяналт гүйцэтгэх хэлбэрийг зураг төсөл зохиогч, захиалагч, барилгын ажил гүйцэтгэгч (цаашид талууд гэх) тохиролцож гэрээгээр зохицуулна.  Уг гэрээнд дараах нөхцлийг заавал тусгана.

3.3.1.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч үүргээ биелүүлэх боломжоор хангагдах, гэрээнд оролцогч талууд харилцан тавьсан шаардлага, үүргийг биелүүлэн ажиллах.

3.3.2.Захиалагчаас барилгын ажил гүйцэтгэгчтэй  (ерөнхий болон туслан) хийх гэрээнд зураг төсөл зохиогч, зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг  биелүүлэхээр тусгах;

3.3.3.Барилгын ажил эхлэхээс өмнө зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн зохион байгуулалт, ажлын гүйцэтгэл, зохиогчийн хяналтын тэмдэглэл хэрхэн хөтлөх /хавсралт №1/ тухай тусгах.

3.4.Зохиогчийн хяналтыг барилгын ажил гүйцэтгэх  төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

3.5.Барилгын ажил гүйцэтгэгч барилгын ажлын явцад зураг төсөлтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авахдаа зохиогчийн хяналт гүйцэтгэгчид бичгээр хүсэлт гаргана. Зохиогчийн хяналт гүйцэтгэгч бичгээр хариуг өгч, хувийг зохиогчийн хяналтын тэмдэглэлд хавсаргана.

3.6.Эрх бүхий гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан барилга байгууламжийн зураг төслийн зохиогчийн хяналтыг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу тухайн барилга байгууламжийн зураг төслийг   баталгаажуулсан Монгол улсын зураг төслийн байгууллагатай хамтран  гүйцэтгэнэ.

3.7.Зохиогчийн хяналтыг гүйцэтгэхдээ хяналтын баг бүрдүүлж, ахлагчийг томилно. Багийн ахлагч барилгын зураг төсөл,  барилгын ажлын чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн байна.

4.8.Гишүүд зохиогчийн хяналт гүйцэтгэж, багийн ахлагчид дүгнэлт, тайлан бичиж хүлээлгэн өгнө.

3.9.Багийн ахлагч зохиогчийн хяналт тавьсан гишүүдийн дүгнэлтийг нэгтгэж тайланг захиалагч, барилгын ажил  гүйцэтгэгчид, хэрвээ зохиогчийн хяналт гүйцэтгэх эрхийг шилжүүлж авсан бол зураг төсөл зохиогч байгууллагад хүлээлгэн өгч танилцуулна.

3.10.Зохиогчийн хяналтын дүгнэлтэд дурьдагдсан зөрчил дутагдлыг арилгах талаар заавар зөвлөмжийг өгч, өмнөх хяналтаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгасан талаар захиалагч, барилгын ажил гүйцэтгэгчээс тайлан гаргуулна.

3.11.Нэг маягийн болон давтан хэрэглэх  зураг төсөлд холболт хийсэн  зураг төсөл зохиогч байгууллага  нь тухайн зураг төслөөр баригдсан барилга байгууламжийн барилгын ажилд зохиогчийн хяналтыг гүйцэтгэнэ.

Дөрөв. ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч дараахь эрх эдэлнэ:

4.1.1.барилгын ажлын талбайд нэвтрэх;

4.1.2.хяналтын ажил гүйцэтгэхэд аюул, эрсдэл байна гэж үзвэл хяналт хийхээс татгалзаж, зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлыг хангуулсны дараа хяналт тавих;

4.1.3.барилга байгууламжийн баримт бичиг , барилгын ажил гүйцэтгэж байгаа техникийн баримт бичигтэй танилцах;

4.1.4.барилгын ажлын дэвшилтэд шийдэл гаргах, барилгын чанар, эрүүл ахуй, галын аюулгүй байдалд нөлөөлөхөөргүйгээр архитектур төлөвлөлтийг ашиглалтын нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгож, барилгын өртгийг бууруулах, чанарыг сайжруулах, угсралтын хугацааг богиносгох, барилгын үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгохоор санал өгөх;

4.1.5.барилгын материал, технологийн тоног төхөөрөмж, машин механизмыг ижил төстэй, тохирох өөр материал, тоног төхөөрөмж, машин механизмаар  солих;

4.1.6.барилгын ажил гүйцэтгэх явцад зохиогчийн хяналт гүйцэтгэгчээс өгсөн үүрэг, даалгавар, “Зохиогчийн хяналтын тэмдэглэл”-д /Хавсралт №1/ бичигдсэн зөвлөмж, шаардлагын биелэлтийг хянах;

4.1.7.барилга байгууламжийн бүтээц, материал, хийц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр  тодорхойлуулж,  баталгаажуулахыг захиалагчаас  шаардах, түүнд үндэслэн дүгнэлт гаргах;

4.1.8.барилга байгууламжийн бат бэх, найдваржилт, экологи,  чанарын шаардлагыг бууруулахгүйгээр барилга байгууламжийн  үндсэн хийц, бүтээц,  материал, бүтээгдэ-хүүнийг өөрчлөх; 

4.1.9.улсын стандарт, техникийн нөхцөл хангахгүй материал, эдлэл, тоног төхөөрөмж хэрэглэхийг хориглох;

4.1.10. чанаргүй гүйцэтгэсэн барилгын ажлыг шаардлагатай түвшинд хүргэж засах талаар барилгын ажил гүйцэтгэгч, захиалагчийн боловсруулсан техникийн шийдлийг хянан шийдэх;

4.1.11.чанаргүй гүйцэтгэсэн барилгын ажлыг засах шаардлагыг барилгын ажил гүйцэтгэгч, захиалагч байгууллагад тавих;

4.1.12.шаардлагатай тохиолдолд барилгын ажлыг зогсоох шаардлагыг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий  байгууллагад тавих;

4.1.13.барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц,бүтээц, материалд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг /гүйцэтгэлийн зураг төсөл/ дахин боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авахыг захиалагч, гүйцэтгэгчээс шаардах;   

4.1.14.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагаанд оролцох.

4.2.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч дараахь үүргийг хүлээнэ:

4.2.1.захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр барилгын ажилд  зохиогчийн хяналт тавих;

4.2.2.барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, барилгын ажил гүйцэтгэгчид барилга байгууламжийн баримт бичигтэй танилцахад туслалцаа үзүүлэх;

4.2.3.барилгын ажлыг норм нормативын баримт бичиг, ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг хянах;

4.2.4.барилгын материал, тоног төхөөрөмж, бүтээц, эдлэхүүн, бүтээгдэхүүнийн сертификат, паспорт, бусад техникийн бичиг баримтууд нь улсын стандарт, техникийн нөхцөл, зураг төслийн баримт бичигтэй тохирч байгаа эсэхийг хянах;

4.2.5.хэрэглэж буй материал, бүтээц, эдлэлийн чанар улсын стандартын шаардлага, зураг төсөл, туршилт, лабораторийн шинжилгээний үр дүн, паспортын үзүүлэлттэйгээ тохирч байгаа эсэхийг хянах;

4.2.6.барилга үйлдвэрлэлийн технологийн мөрдөлт, барилга, байгууламжийн  бат бэх, тогтвортой байдал, эдэлгээний зэргийг хангуулах, технологийн ба инженерийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлын чанар байдалд шалгалт хийх;

4.2.7.барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийг хэрэгжүүлж, барилгын ажил норм, дүрэм, үйлдвэрлэлийн  технологийн дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах;

4.2.8.ажлын зургийн өөрчлөлтийг “Ажлын зурагт тавигдах ерөнхий шаардлага”-ын дагуу боловсруулж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих;

4.2.9.зохиогчийн хяналт гүйцэтгэж байх үед гаргасан техникийн шийдлүүдийн дагуу зураг төслийн баримт бичгийн өөрчлөлтийг тухай бүрд нь боловсруулах, архивт хадгалуулах;

4.2.10.зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаа алдаж, чанаргүй гүйцэтгэж буй тухай мэдээллийг захиалагчид өгөх;

4.2.11.барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх,  тохируулах хугацаанд  өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах;

4.2.12.зохиогчийн хяналт хийж байгаа мэргэжилтнүүдээ амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулсан байх.

4.3.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч нь зохиогчийн хяналтын тэмдэглэлийн /хавсралт №1/ “Зураг төслийн байгууллагын шаардлага” гэсэн хэсэгт дор дурдсан зүйлүүдийг тэмдэглэнэ:

4.3.1.илэрсэн зөрчил, гэмтэл, түүний шалтгаан, арилгах арга зам, засварлах хугацааг заах;

4.3.2.өмнө өгсөн даалгаврын биелэлтийг шалган шаардлагатай тохиолдолд шинээр даалгавар өгөх.

4.4.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч барилгын талбайд мөрдөгдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

Тав. ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ, ДҮГНЭЛТ

5.1.Барилгын хүчин чадал, технологийн шийдэл, барилга байгууламжын ажил гүйцэтгэгч, захиалагч нарын мэргэжлийн ур чадвар, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хугацаа, энэ дүрмийн 3.2-т заасан хяналт хэрэгжүүлэх хэлбэр зэргээс хамааруулан захиалагч, зохиогчийн хяналт гүйцэтгэгч нар Зохиогчийн хяналтын үр дүн, зөвлөмж, шаардлагыг тэмдэглэх баримт бичгийн сонголт, бүрдлийг хамтран шийдэж, Зохиогчийн хяналтын гэрээнд /хавсралт №2/ тодорхой зааж өгнө.

5.2.Зохиогчийн хяналт гүйцэтгэсэн тэмдэглэл, бусад ашигласан маягтуудын хуулбар хувийг зохиогчийн хяналтын тэмдэглэлд хавсаргана Зохиогчийн хяналтын тэмдэглэл дараахь хэсгүүдээс бүрдэнэ:

5.2.1.Барилга байгууламжийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 1-ийн дагуу тэмдэглэнэ;

5.2.2.Захиалагчийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 2-ын дагуу тэмдэглэнэ;

5.2.3.Барилгын ажил гүцэтгэгчийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 3-ын дагуу тэмдэглэнэ;

5.2.4.Туслан гүйцэтгэгчийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 4-ийн дагуу тэмдэглэнэ;

5.2.5.Зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 5-ын дагуу тэмдэглэнэ;

5.2.6.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч багийн гишүүдийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 6-ийн дагуу тэмдэглэнэ;

5.2.7.Зохиогчийн хяналт гүйцэтгэсэн тухай  бүртгэлийн мэдээллийг Хавсралт №1-ийн Хүснэгт 7-ийн дагуу тэмдэглэнэ;

5.2.8.Зохиогчийн хяналтын явцад захиалагч, барилгын ажил гүйцэтгэгчээс тодруулсан асуудлыг шийдвэрлэсэн бичиг баримтын бүртгэлийг  Хавсралт №1-ийн Хүснэгт 8-ийн дагуу тэмдэглэнэ;

5.2.9.Зохиогчийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгасан тухай бүртгэлийг Хавсралт № 1-ийн Хүснэгт 9-ийн дагуу тэмдэглэнэ.

5.3.Барилгын ажлыг зураг төсөл, норм нормативийн баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг хянахдаа энэ дүрмийн Хавсралт №1-ийн   10-аас 43 дугаар  хүснэгтүүдэд заасан шалгах хуудас ашиглана. Шалгах хуудсанд тусгагдсан ажилбаруудыг барилга байгууламжийн онцлогт тохируулан өөрчлөн хэрэглэж болно.

5.4.Шалгах хуудсанд зураг төслөөс өөрчилж гүйцэтгэсэн ажил, түүнтэй холбоотой мэдээллийг бичнэ. Нэгээс дээш хуудастай шалгах хуудас бичсэн тохиолдолд хуудсын тоог заана.

5.5.Хуудас бүрт оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулна. Мөн барилгын ил, далд ажлуудын актыг баримтжуулсан фото зураг, хэмжилт туршилт хийсэн актын  үнэн зөв, эсэхийг хянаж дүгнэлтэд тусгана.

5.6.Зохиогчийн хяналт гүйцэтгэгч урьд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж дүгнэлтэд тусгана. Шаардлагатай гэж үзвэл технологи, төлөвлөлтийн шийдлийг хянаж болно.

5.7.Барилгын төрөл, технологийн горим, бүтээц, эдэлхүүнийн шийдлээс хамааруулан зохиогчийн хяналт гүйцэтгэгч нэмэлт маягтыг барилгын ажил гүйцэтгэгч, захиалагчтай зөвшилцөн боловсруулж барилгын ажлын явцад ашиглаж болно.

5.8.Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг зохиогчийн хяналтын тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн боловсруулна.

5.9.Зохиогчийн хяналтын тэмдэглэлийн эх хувийг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үед барилга байгууламжийн баримт бичгийн хамт архивт хүлээлгэн өгнө.

Зургаа. ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮНЭЛГЭЭ

6.1.Зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн ажлын үнэлгээг хяналт хийх төрлөөс нь хамааруулж захиалагчтай зөвшилцөж тогтооно.

6.2.Захиалагч, барилгын ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр зураг төсөлд оруулсан өөрчлөлтийн үнийг зохиогчийн хяналтын ажлын үнэлгээнд хамааруулахгүй.

6.3.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжид зохиогчийн хяналт гүйцэтгэх томилолтын зардлыг тооцохдоо Монгол улсын Засгийн газар, Сангийн сайдын тушаалаар баталсан үнэ тарифийг жишиг болгон авна. Бусад тохиолдолд дотоодын тээврийн зардал, байр, хоолны үнийг тухайн орон нутгийн жишиг үнээс хамааруулан захиалагч,  зохиогчийн хяналт гүйцэтгэгч нар харилцан тохиролцож тогтооно.