Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 138 дугаар
                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт 

 
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ ТҮР ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийг дэмжих зорилт, арга хэмжээний хүрээнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх)-гаас олгох хөнгөлөлттэй зээл (цаашид “Зээл” гэх)-ийн ерөнхий нөхцөлийг тогтоох, зээл олгохтой холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Энэхүү журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

1.2. Төсөл сонгон шалгаруулах замаар зээлийг олгох бөгөөд зээлд шинээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон одоо эрхэлж байгаа үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилго бүхий энэхүү журамд заасан шаардлагыг хангасан төслийг хамруулна.

1.3. Санд шууд ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах хороо” (цаашид “Хороо” гэх),  аймаг, дүүрэгт хүлээж авсан төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо (цаашид “Дэд хороо” гэх) тус тус ажиллана.

1.4. Сан нь хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх талаар орон нутагт салбар нэгж бүхий арилжааны банк (цаашид “Банк” гэх)-тай хамтран ажиллах гэрээ байгуулна.

1.5. Зээл олгохдоо банкаар дамжуулах, эсхүл сангаас шууд санхүүжүүлнэ.

1.6. Банктай байгуулах хамтран ажиллах гэрээнд дамжуулан олгох зээлийн нөхцөл, хүү, барьцаа хөрөнгийн үнэлгээ, талуудын эрх үүрэг, тайлан гаргах, хяналт, хариуцлага зэрэг нөхцөлийг, зээлдэгчтэй байгуулах зээлийн гэрээнд зээлийн нөхцөл, зориулалт, хүү, зээл төлөх график, талуудын эрх үүрэг, тайлан гаргах, хяналт, хариуцлага зэрэг нөхцөлийг тус тус тусгана.

Хоёр. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нөхцөл 

2.1. Зээлийн эх үүсвэр нь сангийн өөрийн эх үүсвэр болон хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Зээлийн эх үүсвэрийг Санд төвлөрүүлнэ.

2.3. Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан салбарын үйлдвэрлэлд Сангаас шууд олгох бодлогын зээл (цаашид “Бодлогын зээл” гэх)-ийн эх үүсвэр нь Сангийн өөрийн эх үүсвэр болон түүний буцаан төлөлтийн орлогоос бий болсон хуримтлал байна.

2.4. Банкаар дамжуулан олгох зээлийн эх үүсвэр нь энэхүү журмын 2.3-т заасан эх үүсвэрээс бусад эх үүсвэр байна.

2.5. Сан нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт зээлдэгчээр, Хөгжлийн банкнаас арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх жижиг, дунд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, шалгарсан төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй оролцож болно.

2.6. Энэ журмын 2.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зээлийн хугацаа болон зээлийн хүүнээс бусад нөхцөлийг талуудын хоорондох гэрээгээр зохицуулна.

2.7. Зээл нь дараах нөхцөлтэй байна:

2.7.1. зээлийн хугацаа 5 хүртэл жил;

2.7.2. энэ журмын 2.3-т заасан зээлийн жилийн хүү 3 хувь;

2.7.3. үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 12 сар хүртэл.

2.8. Санхүүжилтийг зөвхөн төгрөгөөр олгоно.

2.9. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ хоёр тэрбум төгрөг байна.

2.10. Санд төлөх зээлийн үлдэгдэлтэй, зээлийг төлж дууссан боловч зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон; банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, эсхүл муу зээлийн түүхтэй; татварын алба, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөртэй зээл хүсэгчийг зээлд хамруулахгүй.

2.11. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд зээл олгохгүй.

Гурав. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны чиг үүрэг

3.1. Хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Хорооны бүрэлдэхүүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд батална.

3.2. Дэд хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Дэд хорооны бүрэлдэхүүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд батална. Дэд хорооны даргаар аймаг, дүүргийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар тухайн салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана.

3.3. Хороо, Дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын нэг төлөөллийг оролцуулна.

3.4. Хороо, Дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь төсөл сонгон шалгаруулах хуралд саналын нэг эрхтэйгээр оролцоно.

3.5. Хороо, Дэд хорооны дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдож, тухайн төсөлд санхүүжилт олгох эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтлөн оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6. Жижиг, дунд үйлдвэрийн талаар баримталж байгаа төрийн бодлого, шийдвэрт нийцсэн, энэ журмын Дөрөвдүгээр хэсэгт заасан шаардлагыг хангасан төслийг Хороо, Дэд хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.7. Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан салбарын үйлдвэрлэлд хамаарах төсөлд бодлогын зээл олгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.8. Хорооны хурлаар нэг зээлдэгчид хоёр тэрбум хүртэлх, Дэд хорооны хурлаар нэг зээлдэгчид 200.0 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн төслийг хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийн 200 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэрийн дагуу Хороо хэлэлцэж болно.

3.9. Хороо, Дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр Хороо болон Дэд хорооны даргад гаргана.

3.10. Ажил, үүргийн хуваарийн дагуу Хороо, Дэд хорооны үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөлөл нь зээлдэгчтэй хувийн харьцаа тогтоох, бизнесийн нууцыг бусдад мэдээлэх, буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгохыг хориглоно. Хороо, Дэд хорооны гишүүн үнэн зөв үнэлгээ хийгээгүйгээс зээлийг эрсдэлд оруулахгүй байх, хууль, журам зөрчихгүй байх үүрэгтэй.

3.11. Энэ тогтоолын 3.10-т заасныг зөрчсөн албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Дөрөв. Зээл хүсэгчийн төсөлд тавигдах шаардлага

4.1. Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь төсөл хэрэгжүүлэгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

4.2. Төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

4.2.1. төслийн товч агуулга;

4.2.2. иргэн, хуулийн этгээдийн нэр;

4.2.3. үйлдвэрийн байршил;

4.2.4. нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээ;

4.2.5. үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл;

4.2.6. төслийн төрөл;

4.2.7. жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь;

4.2.8. одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

4.3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

4.3.1. үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа;

4.3.2. түүхий эдийн чанарын үзүүлэлт;

4.3.3. түүхий эдийн нөөц;

4.3.4. үйлдвэрлэлийн хүчин чадал.

4.4. Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

4.4.1. удирдлагын бүтэц, орон тоо;

4.4.2. ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;

4.4.3. шинээр бий болгох ажлын байрны тоо, аймаг орон нутгийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс авч ажиллуулах хүний тоо.

4.5. Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

4.5.1. зах зээлийн төлөв байдал (SWOT шинжилгээ);

4.5.2. хэрэглэгчдийн тодорхойлолт.

4.6. Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

4.6.1. үндсэн үйлдвэрлэл, нийт орлого;

4.6.2. борлуулалтын орлогын тооцоо;

4.6.3. үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

4.6.4. бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

4.6.5.төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө;

4.6.6. үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо;

4.6.7. төслийн өгөөж, өртгийн тооцоо.

4.7. Дүгнэлтэд энэ журмын 4.4-4.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

4.8.  Төсөлд дараах материалыг хавсаргана:

     4.8.1. иргэний баримт бичгийн хуулбар, сум, хорооны тодорхойлолт;

     4.8.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

     4.8.3. тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг;

     4.8.4. зээлийн эргэн төлөлтийн график;

     4.8.5. барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар);

     4.8.6. үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;

     4.8.7. зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт (зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо);

     4.8.8. санхүүгийн тайлан;

     4.8.9. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

     4.8.10. бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн тодорхойлолт;

     4.8.11. нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх мэдээ.

Тав. Сонгон шалгаруулалт зарлах, төсөл хүлээн авах

5.1. Төсөл сонгон шалгаруулах зар болон төсөл хүлээн авах хугацаа, холбогдох мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг Сан, аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн тус тус хариуцна.

5.2. Дэд хороо иргэнээс ирүүлсэн төслийг тухайн иргэний үндсэн харьяаллын дагуу, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийг тухайн төслийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн хаягийн дагуу хүлээн авна. Энэ журмын              3.8-д заасан 200.0 сая төгрөгөөс давсан санхүүжилт хүссэн төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Санд хүргүүлнэ.

5.3. Сан, эсхүл аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн санхүүжилт хүссэн төслийг хүлээн авч нягтлан төслийн бүрдэл, тооцоо, дүгнэлтийг шалган үнэлгээ өгч, шаардлага хангасан төслийг Хороо болон Дэд хорооны хуралд танилцуулах бэлтгэлийг хангана.

5.4. Сан нь Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан салбарын үйлдвэрлэлд хамаарах энэхүү журмын 5.3-т заасан бүрдэл бүхий үнэлгээ хийгдэж, шаардлага хангасан төслийн талаарх мэдээллийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны төв байгууллага Сангаас ирүүлсэн төслийн талаарх мэдээллийг судалж, ажлын 3 хоногт багтаан дүгнэлт бүхий хариуг Санд хүргүүлнэ.

5.5. Дэд хорооны хурлаар хэлэлцүүлэх төслийг судалж байгаа мэргэжилтэн зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн болон муу зээлтэй эсэх талаарх мэдээллийг Сангаар дамжуулан Монголбанк дахь зээлийн мэдээллийн сангаас авч төсөлд хавсаргана. Сан нь хорооны хурлаар хэлэлцүүлэх зээл хүсэгч иргэн, хуулийн эдгээдийн зээлийн талаарх мэдээллийг төсөлд хавсаргасан байна.

5.6. Сан, аймаг, дүүргийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн шалгараагүй болон шаардлага хангаагүй төслийг холбогдох тайлбарын хамт Хороо, Дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 7-15 хоногт багтаан төсөл ирүүлсэн иргэн, хуулийн этгээдэд албан бичгээр буцаана.

Зургаа. Төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх

6.1. Дэд хорооны хурлаар шалгарсан төслийн жагсаалт, хурлаас гаргасан шийдвэрийг дэд хорооны дарга баталгаажуулан ажлын 5 хоногт багтаан Санд хүргүүлнэ.

6.2. Сан нь арилжааны банкаар дамжуулан зээл олгох талаар Хороо, Дэд хорооны хурлаас гаргасан шийдвэр болон төслийн жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар баталгаажуулан холбогдох банк, бусад байгууллагад хүргүүлнэ.

6.3. Банк жагсаалтаар хүргүүлсэн төслийг 45 хоногт багтаан судалж, зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулан Санд хүргүүлнэ. Сан нь банкнаас ирүүлсэн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн тухайн банкинд санхүүжилт хийнэ.

6.4. Банк энэ журмын 6.3-т заасан хугацаанд зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд Хороо, Дэд хорооны шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.

6.5. Бодлогын зээл олгох тухай Хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд санхүүжилт олгох тухай тушаал гаргана. Уг тушаалыг үндэслэн Сан зээл хүссэн этгээдтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан санхүүжилтийг олгоно.

Долоо. Хяналт-шинжилгээ хийх, тайлагнах

7.1. Сан нь зээлийн гэрээний биелэлт, хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн хэрэгжилтэд жилд 1-ээс доошгүй удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэгтэй.

7.2. Сан нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайланг нэгтгэн тухай бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад танилцуулан үр дүнг тооцон ажиллана.

7.3. Төслийн хэрэгжилтын явц, үр дүн болон зээлийн эргэн төлөлтөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдлыг нэн даруй арилгуулах арга хэмжээ авна. Зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд тухайн өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, арилжааны банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

7.4. Бодлогын зээлийг зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээлийн гэрээг цуцлах ажиллагаа хийгдэнэ.

Найм. Мэдээ, тайлан гаргах

8.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт олгосон зээлийн тайлан, мэдээ, зээлдэгчийн үйл ажиллагааны талаарх судалгааг аймаг, дүүргийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн улирал бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 5-ны өдрийн дотор Санд хүргүүлнэ.

8.2. Сан нь улсын хэмжээнд олгосон хөнгөлөлттэй зээлийн улирал бүрийн дэлгэрэнгүй мэдээ, тайланг гаргаж, шаардлагатай тохиолдолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, яамны удирдлага болон холбогдох газарт тухай бүр хүргүүлнэ.

  

 

-оОо-