Хэвлэх DOC Татаж авах
/ХЗДХС-ын 2017.02.24-ний өдрийн 1-1/887 дугаар албан бичгээр сангаас хасалт хийсэн/
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны  09 дугаар сарын
14 -ны өдрийн 266 дугаар тогтоолын хавсралт
 
 
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, БҮРТГЭХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
 
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1.           Энэ журмын зорилт нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-нд бүртгэх, түүнд хяналт тавих, зах зээлийн харилцаанд оролцогчдод тусгай зөвшөөрөл олгох, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь баталгаат үнэт цаас, барьцаат үнэт цаас гэсэн төрөлтэй байх бөгөөд уг үнэт цаасыг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон энэ журамд заасны дагуу Хороо бүртгэнэ.
1.3.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаснаас үл хамааран Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон энэхүү журамд заасны дагуу Хороонд бүртгүүлнэ.
1.4.           Өмнө нь биет бус хэлбэрээр гаргасан үнэт цаасыг нэмж гаргахдаа мөн хэлбэрээр гаргана.
1.5.           Хороонд бүртгүүлээгүй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нийтэд сурталчлах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээл дээр нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр арилжихыг хориглоно.
1.6.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Хороонд бүртгүүлснээр хөрөнгө оруулагчийн тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулан авах эрх баталгаажна.
1.7.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг шууд, эсхүл үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдах аль ч тохиолдолд Хороонд уг үнэт цаасыг бүртгүүлнэ.
 
 
ХОЁР. БАТАЛГААТ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХ, ТҮҮНИЙ
ТАНИЛЦУУЛГА, ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
2.1.           Тусгай зориулалтын компани /цаашид “ТЗК” гэх/ нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор өөрийн гаргах баталгаат үнэт цаасыг Хороонд бүртгүүлнэ.
2.2.           ТЗК нь Хороонд баталгаат үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлт гаргахдаа дараахь шаардлагыг хангасан байна.
2.2.1.           хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн;
2.2.2.           хөрөнгө итгэмжлэн удирдагч, аудиторыг тогтоосон байх бөгөөд өөрийн нягтан бодох бүртгэлийн систем, бүртгэл, бичиг баримтын хадгалалт, хамгаалалтыг хангасан байх;
2.2.3.           баталгаат үнэт цаас, хөрөнгийг удирдахад шаардлагатай байгууллага, техникийн арга хэрэгсэлээр хангагдсан байх;
2.2.4.           үүсгэн байгуулагчид нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12.4-т заасан шаардлагыг хангасан этгээд байх;
 
2.3.           ТЗК нь баталгаат үнэт цаас гаргах бүрт байгуулагддаг хуулийн этгээд байх бөгөөд үнэт цаас бүртгүүлэх өргөдөл болон үнэт цаасны танилцуулгад үүсгэн байгуулагч, анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагчийн талаарх бүхий л мэдээлэл агуулагдсан байна.
2.4.           Хороо нь баталгаат үнэт цаасыг бүртгэхдээ түүнийг бүрдүүлж байгаа хөрөнгийн багцад онцгойлон анхаарна.
2.5.           Хороонд баталгаат үнэт цаасаа бүртгүүлэхээр ирүүлсэн материал, үнэт цаасны танилцуулгад үнэт цаас гаргагчийн үүсгэн байгуулагч болон Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн дарга, гишүүд гарын үсэг зурсан байх бөгөөд түүнд тусгагдсан бүхий л мэдээллийн үнэн зөвийг ТЗК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн бүрэн хариуцна.
2.6.           Баталгаат үнэт цаас гаргагчийн зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий этгээдэд толилуулсан материалууд нь Хороо, хөрөнгө оруулагчдад өгсөн мэдээлэлтэй адил байх бөгөөд зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий этгээд өөрийн гаргасан дүгнэлтээс үүсэх хариуцлагыг өөрөө бүрэн хариуцна. 
2.7.           Баталгаат үнэт цаас гаргагчийн танилцуулга болон бусад баримт материал нь хөрөнгө оруулагчдад ойлгогдох хэлбэрээр бичигдсэн, хүснэгт, бусад график дүрслэлээр илэрхийлэгдсэн байж болно.
2.8.           ТЗК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 14.2-т зааснаас гадна баталгаат үнэт цаас гаргах өргөдөлтэй хамт дараахь баримт, материалуудыг Хороонд бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлнэ:
2.8.1.           баталгаат үнэт цаасны танилцуулга;
2.8.2.           хөрөнгийн жагсаалт, хөрөнгийг тусгай зориулалтын компанид шилжүүлсэн гэрээ;
2.8.3.           ТЗК-ийн ТУЗ-ийн гишүүд болон хараат бус гишүүдийн талаарх мэдээлэл, тэдгээрийн боловсрол, мэргэжил, одоо болон өмнөх ажил эрхэлсэн байдал, ажил мэргэжлийг бүрэн илтгэх анкет;
2.8.4.           үүсгэн байгуулагчдын саналын эрхтэй нийт энгийн хувьцааны 5-аас дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтойгоор эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл болон уг этгээдийн хувьцааг нь эзэмшдэг бусад хуулийн этгээдийн нэр, эзэмшдэг хувьцааны тоо;
2.8.5.           үүсгэн байгуулагч нь банк бол Монголбанкнаас, банк бус санхүүгийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хорооноос, орон сууцны санхүүжилтийн компани болон бусад этгээд бол холбогдох этгээдээс тус тус авсан тэдгээрийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон бусад хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг хангаж ажиллаж байгаа эсэх талаарх мэдээлэл;
2.8.6.           ТЗК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эхлэлтийн баланс;
2.8.7.           ТЗК-ийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмууд;
2.8.8.           үүсгэн байгуулагч, анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагч, хөрөнгийг итгэмжлэн удирдагчийн санхүүгийн ашиг сонирхлын талаарх мэдээлэл;
2.8.9.           анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагч, ТЗК-ийн хооронд хөрөнгө шилжүүлэх нөхцлийг тогтоосон гэрээ, түүний төсөл;
2.8.10.      хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний эх хувь болон хөрөнгө худалдах, худалдан авах, зээлийн гэрээний төслүүд;
2.8.11.      гаргах үнэт цаасны нийт тоо, үнэт цаасны төлбөрийг эргэн төлөх хугацаа, хүү, хүүг тооцох аргачлал, төлбөрийн хуваарь;
2.8.12.      гаргах нөхцөл, хугацаа, хүүгийн хэмжээ, үнэт цаасны барьцаа хөрөнгө, хаалттай хүрээнд гаргаж байгаа тохиодолд түүнийг худалдах, худалдан авах гэрээний төсөл;
2.8.13.      баталгаат үнэт цаасыг баталгаажуулж байгаа хөрөнгийн нарийвчилсан тодорхойлолт, зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөлтийн байдал, хугацаа, хүүг тооцох аргачлал;
2.8.14.      үүсгэн байгуулагчийн сүүлийн гурван жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан;
2.8.15.      хөрөнгийн төрөл, түүний үнэлгээ, хөрөнгийг баталгаажуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх мэдээлэл;
2.8.16.      үнэт цаас эзэмшигчийн эрх, захиалгын нөхцөл, хөрөнгө оруулагчдад ногдох татвар, үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээ;
2.8.17.      баталгаат үнэт цаасны төлбөрийг хөрөнгө оруулагчдад олгохоос өмнөх төлөгдөх бусад төлбөр, зардал;
2.8.18.      хөрөнгийн үнэлгээний тайлан;
2.8.19.      Хорооноос шаардсан бусад мэдээлэл, бичиг баримт.
 
2.9.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд зааснаас гадна баталгаат үнэт цаас гаргах тухай танилцуулгад дараахь мэдээллийг тусгана:
2.9.1.           баталгаат үнэт цаас гаргагчийн нэр, оршин байгаа хаяг;
2.9.2.           баталгаат үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, гаргах үнэт цаасны тоо, түүний нэрлэсэн үнэ;
2.9.3.           ТЗК-ийн үүсгэн байгуулагчийн нэр, эзэмшиж буй хувьцаа, тэдгээрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл;
2.9.4.           үнэт цааасны эргэн төлөлт, хүү, хүүг тооцох аргачлал, төлбөрийн хуваарь, үнэт цаас гаргагч гаргасан үнэт цаасаа буцаан худалдаж авах нөхцөл, үүсгэн байгуулагч, анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагч, баталгаат үнэт цаасны ангилал тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл;
2.9.5.           хөрөнгө оруулагчдад үнэт цаасны төлбөрийг төлсний дараах үлдэгдлийн мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглах, баталгаат үнэт цаас эзэмшигчийн эрх, тэдгээрийн бүртгэл, захиалга авах, худалдах ажиллагаа, төлбөр төлөх журам;
2.9.6.           урьдчилгаа төлбөрийн нөхцөл, зээлийн хэмжээ, хүү, хугацаа, эргэн төлөлтийн хувиар, хөрөнгийг баталгаажуулж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн байршил, хөрөнгийн үнэлгээ, тэдгээрийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон бусад лавлагаа, багцын хөрөнгөд ашиглагдах зээлийн шинжилгээний шалгуур, багцын хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийн тодорхойлолт, хөрөнгийг багцаас хасах журам;
2.9.7.           хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн эрсдэл, баталгаат үнэт цаасанд нөлөөлөх бусад эрсдлийн шишжилгээ;
2.9.8.           хөрөнгийн багцад эзлэх нийт хөрөнгийн 20 болон түүнээс дээш хувийг дангаар болон холбоотой этгээдтэй хамтран эзлэх үүрэг гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл;
2.9.9.           Хөрөнгийн багцад эзлэх нийт хөрөнгийн 20 болон түүнээс дээш хувийг дангаар болон холбоотой этгээдтэй хамтран эзлэх анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн талаарх мэдээлэл;
2.9.10.      хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах өдөр хүртэл үүсгэн байгуулагч, анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн хөрөнгийн багц /зээлийн багц/-ын алдагдал;
2.9.11.      үүсгэн байгуулагч, анхны үүрэг гүйцэтгүүлэгч, тэдгээрийн холбоотой этгээд, зээлийн шинжилгээ гаргагч, хөндлөнгийн аудиторууд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ажиллагаанд оролцогч бусад этгээдийн талаарх мэдээлэл;
2.9.12.      Хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн 10-аас дээш хувьд үйлчилгээ үзүүлж буй хөрөнгө итгэмжлэн удирдагчийн талаарх мэдээлэл;
2.9.13.      төлбөрийн чадваргүй байдалд орсон хөрөнгийг цуглуулах, худалдан борлуулах, хөрөнгийг итгэмжлэн удирдагчийн гүйцэтгэлийг хянах, түүнийг солих зохицуулалт;
2.9.14.      ТЗК-ийн ТУЗ-ийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар
2.9.15.      хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалт;
2.9.16.      ТЗК-ийн хөрөнгийг дахин үнэлэх зохицуулалт;
2.9.17.      баталгаат үнэт цаасны төлбөр хугацаандаа төлөгдөхгүй нөхцөлд авах арга хэмжээ;
2.9.18.      хөрөнгө итгэмжлэн удирдагч болон бусад үйлчилгээ үзүүлэгч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд авах арга хэмжээ;
2.9.19.      ТЗК-ийн хөндлөнгийн аудиторыг сонгох, солих болон дотоод аудиторын үйл ажиллагааны журам;
2.9.20.      хөрөнгө оруулагчдад хуваарилахаас өмнө хөрөнгийн орлогоос төлөгдөх  зардал, төлбөр, хураамжийн талаар;
2.9.21.      ТЗК байгуулах данс, уг дансны орлого зарлагын урсгалын тодорхойлолт, тэдгээрийг захиран зарцуулах эрхтэй этгээдийн талаарх мэдээлэл;
2.9.22.      хөрөнгийн багцад хөрөнгө нэмж оруулах, хасах үйл явц, нөхцөл, түүний зохицуулалт;
2.9.23.      хөрөнгийн багц дахь хөрөнгийн онцлог, түүнд тавигдах шаардлага;
2.9.24.      ТЗК-ийг татан буулгах, нэгдэх, нийлэх хуваах тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулах, дахин үүсгэн байгуулах нөхцлүүд;
2.9.25.      Хөрөнгө оруулагчдын эрх  болон тэдгээрийн эрх ашгийг хамгаалах талаар;
2.9.26.      хөрөнгө оруулагчдад танилцуулах мэдээллүүд, тэдгээрийг тайлагнах хугацаа, тайлангийн агуулга.
                                                                                                     
2.10.       Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр шинээр болон нэмж гаргасан баталгаат үнэт цаасыг бүртгэхээс Хороо татгалзана:
2.10.1.      Хороонд ирүүлсэн баримт материал нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, дахин магадлах шаардлагатай;
2.10.2.      хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, үнэт цаас гаргах танилцуулга болон холбогдох бусад баримт материалд хуурамч мэдээ баримт тусгасан нь тогтоогдсон;
2.10.3.      баталгаат үнэт цаас гаргагч нь төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон, энэ журамд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хангаагүй;
2.10.4.      хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл хууль бус хөрөнгө болох нь тогтоогдсон;
2.10.5.      ТЗК-ийн үүсгэн байгуулагч нь хуульд заасан шаардлага хангаагүй, компанийн дүрэм хуульд нийцээгүй;
 
2.11.       Баталгаат үнэт цаасны үндсэн шинжийг тусгасан, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн, үнэн зөв мэдээллийг үнэт цаасны танилцуулгад тусгана.
2.12.       ТЗК-ийн хувьцаагаар баталгаажуулж баталгаат үнэт цаас гаргахыг хориглоно.
2.13.       Баталгаат үнэт цаасны эргэн төлөх хугацаа нь хөрөнгийн багцад хөрөнгө нэмэх сүүлийн өдрөөс 90 хоногоос хэтрэхгүй байна.
2.14.       Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багц нь нэг болон хэд хэдэн багцад хуваагдаж болох бөгөөд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах нэг болон хэд хэдэн ангилал, хэсэгтэй байж болно. Хэрэв ийм байдлаар хуваасан бол эдгээр багцууд нь тодорхой дугаартай, үнэт цаасны дугаар, ангилалыг тодорхой зааж өгсөн байна.
 
ГУРАВ. ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙН ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ болон удирдлага, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн эрх хэмжээ
 
3.1.           ТЗК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 100 сая /нэг зуун сая/ төгрөг байна.
3.2.           ТЗК-ийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12.4-д заасан этгээд байгуулна.
3.3.           ТЗК-ийг нэгээс дээш үүсгэн байгуулагч хамтран байгуулж байгаа тохиолдолд тус бүрийн эзэмших хувь нийт саналын эрхтэй энгийн хувьцааны 10 хувиас багагүй байна.
3.4.           ТЗК-ийн үүсгэн байгуулагч нь сүүлийн 3 жил хэвийн үйл ажиллагаа явуулсан, Монголбанк болон бусад зохицуулах байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан этгээд байна.
3.5.           ТЗК-ийн баталгаат үнэт цаасыг бүртгэхээс өмнөх 1 жилийн дотор түүний үүсгэн байгуулагчид Монголбанк болон бусад эрх бүхий зохицуулагч байгууллагаас захиргааны хариуцлага ногдуулж байсан бол энэ нь Хороо ТЗК-д тусгай зөвшөөрөл олгох, гаргаж буй үнэт цаасыг бүртгэхээс татгалзах үндэслэл болох бөгөөд үүнийг Хороо шийдвэрлэнэ.
3.6.           ТЗК-ийн үүсгэн байгуулагчдын удирдлага нь зөрчлийн улмаас банк, санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байна.
3.7.           Хороо болон бусад төрийн зохицуулах байгууллагаас үүсгэн байгуулагчдын удирдлагад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Хороо тэднийг тохиромжгүй этгээд гэж үзсэн бол үнэт цаасыг бүртгэхээс татгалзаж болно.
3.8.           Энэ журмын 3.5, 3.6-д заасан үүсгэн байгуулагчийн удирдлага гэдэгт Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан компанийн эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.
3.9.           ТЗК нь баталгаат үнэт цаас гаргахын өмнө Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд даасны дагуу Хорооноос тусгай зөвшөөрөл авсан байна. Тусгай зөвшөөрөл авахаар хандаж буй өргөдөл, холбогдох материалыг баталгаат үнэт цаас гаргах өргөдөлтөй хамт Хороонд ирүүлж болно.
3.10.       ТЗК-ийн дүрэмд зөвхөн Хорооны зөвшөөрлөөр өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ өөрчлөлтийг ТЗК нь хөрөнгө оруулагчдад ажлын 3 хоногийн дотор өөрийн цахим хуудас болон бусад хэрэгслээр дамжуулан мэдэгдэх үүрэгтэй.
3.11.       ТЗК-ийн удирдах дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээ болон бусад асуудлыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
3.12.       ТЗК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ удирдах бөгөөд ТУЗ нь 5 болон түүнээс дээш гишүүнтэй байх бөгөөд нийт гишүүдийн 2/3-оос доошгүй нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүн гэдэгт Банкны тухай хуульд заасан хараат бус гишүүнийг ойлгох бөгөөд тэдгээр нь үүсгэн байгуулагч, анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагч, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрээс хараат бус, тэдэнтэй аливаа хэлбэрийн холбоогүй этгээд байна.
3.13.       ТЗК-ийн ТУЗ-ийн гишүүд нь эдийн засаг, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан хувь хүн байна.
3.14.       ТЗК-ийн ТУЗ нь холбогдох хуульд зааснаас гадна дараахь эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
3.14.1.      ТЗК-ийн дүрмийн хэрэгжилтийг хангах;
3.14.2.      ТЗК-ийг байгуулах, хөрөнгийг хадгалж, хамгаалах;
3.14.3.      ТЗК-ийн дүрэм, үнэт цаасны танилцуулга болон үнэт цаас гаргах өргөдлийг мөрдлөг болгон ТЗК байгуулагдсан гэдэгт баталгаа гаргах;
3.14.4.      ТЗК-ийн нэр дээр данс нээх, аудит, тайлан бүртгэлийг хянах, хөрөнгө оруулагчдад төлөх төлбөр, бусад төлбөр зардалын төсвийг батлах;
3.14.5.      хөрөнгө оруулагчдад мэдээллийг тогтмол, цаг тухайд нь хүргэх;
3.14.6.      үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагчийг солих;
3.14.7.      ТЗК-ийн дүрэм, баталгаат үнэт цаас гаргах өргөдөл, баталгаат үнэт цаасны танилцуулгад заасан шаардлагын биелэлтийг хангах;
3.14.8.      хууль тогтоомж, энэхүү журам болон ТЗК-ийн дүрмээр тогтоосон бусад эрх хэмжээ.
3.15.       ТЗК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хүлээх хариуцлагыг түүнийг сонгосон хуулийн этгээд, хөрөнгө оруулагчид хүлээхгүй Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хариуцлагыг хүлээнэ.
3.16.       ТЗК-ийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ТУЗ нь сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хууль болон ТЗК-ийн дүрэмд заасны дагуу зохицуулна.
3.17.       ТЗК хөдөлмөрийн гэрээгээр ажилтан авч ажиллуулахгүй ба баталгаат үнэт цаас гаргахтай холбоотой бүхий л үйлчилгээг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулагч болон бусад гуравдагч этгээдээр гүйцэтгүүлнэ.
3.18.       ТЗК-ийн ТУЗ-ийн шийдвэр, холбогдох хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг ТЗК-ийн хөрөнгийн бүртгэлээс нэмж, хасч болно.
3.19.       ТЗК нь баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг Хороо бүртгэх бөгөөд холбогдох хууль тогтоомжоор нууцад хамаарах мэдээллээс бусад мэдээллийг нийтэд мэдээлнэ.
3.20.       ТЗК нь хөрөнгөтэй холбоотой мэдээллийг хадгалах нэгдсэн системтай байх бөгөөд эх хувь бүхий бичиг баримтуудыг аюулгүй газар хадгална.
3.21.       ТЗК нь үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлана.
3.22.       ТЗК нь дараахь мэдээллийг сар бүрийн 10-ны өдрийн дотор, өөрчлөлт орсон бол ажлын 3 хоногийн дотор тухай бүр Хороо болон хөрөнгө оруулагчдад мэдээлнэ:
3.22.1.      төлбөр, зарлага, хөрөнгө оруулагчдад төлөх үнэт цаасны эргэн төлөлтөөс бусад хөрөнгө, хөрөнгө оруулалтаас олсон орлогын зарцуулалт;
3.22.2.      хөрөнгийн багцын нарийвчилсан мэдээлэл, тэдгээрийн байдал;
3.22.3.      хөрөнгийн багцад нэмэгдсэн, хасагдсан хөрөнгө, нэмэх хасах болсон үндэслэл, шалтгаан, үнэт цаасны жигнэсэн дундаж хүү, эргэн төлөгдөх нөхцөл, үлдэгдэл хөрөнгийн тоо хэмжээ,
3.22.4.      төлөгдөөгүй хөрөнгийн үлдэгдэл болон үндсэн зээлийн харьцаа, төлөгдсөн үндсэн зээл, баталгаат үнэт цаасны үлдэгдэл, бэлэн мөнгөний төвлөрсөн хэмжээ, түүний ашиглалт;
3.22.5.      санхүүгийн үзүүлэлт, тоо баримтууд, улирлын санхүүгийн тайлан;
3.22.6.      хууль тогтоомж, энэхүү журам, ТЗК-ийн дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу мэдээлэх бусад мэдээлэл.
 
3.23.       ТЗК-ийн жилийн үйл ажиллагааны тайланд дараахь мэдээлэл багтсан байна.
3.23.1.      ТЗК-ийн болон түүний үүсгэн байгуулагчийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт;
3.23.2.      үнэт цаасны танилцуулгад заасан хөрөнгийн удирдлагын стандарт, шалгуур;
3.23.3.      томоохон үүрэг гүйцэтгэгч, зээлийн баталгаа гаргагч сүүлийн тайлангаас гарсан баталгаат үнэт цаас болон үүсгэн байгуулагчид мэдэгдсэн мэдэгдэл, санхүүгийн баримтын талаарх мэдээлэл.
3.23.4.      ТЗК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, гарсан шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл
3.24.       Энэ Журмын 3.23-д заасан тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороо болон хөрөнгө оруулагчдад хүргэнэ.
 
 
ДӨРӨВ. үйлчилгээ үзүүлэгчид тавиГДАХ ШААРДлАГА,
өөрийн хөрөнгийн хэмжээ болон хӨРӨНГӨ
итгэмжлэн удирдаХ ГЭРЭЭ
 
4.1.           Үйлчилгээ үзүүлэгч нь ТЗК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчээс хөрөнгөтэй холбоотой төлбөрийг цаг хугацаанд нь цуглуулан ТЗК-д шилжүүлэх, бүртгэлийг хөтлөх, тайлагнах болон үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан хөрөнгөтэй холбоотой бусад ажил, үйлчилгээг эрхэлдэг хуулийн этгээд байна.
4.2.           Үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг банк, банк бус санхүүгийн байгууллага, орон сууцны санхүүжилтийн компани болон Хорооноос зөвшөөрсөн бусад санхүүгийн компани эрхлэлж болно.
4.3.           Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг мөнгөн хөрөнгөөр бүрдүүлэх бөгөөд түүний доод хэмжээ нь нэг тэрбум төгрөг байна.
4.4.           Үйлчилгээ үзүүлэгч нь дараахь шаардлага хангасан байна.
4.4.1.           санхүүгийн зах зээл дээр тасралтгүй 5 болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
4.4.2.           энэ журмын 4.1-д заасан үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай хүний нөөцийн болон нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо гаргах, техникийн нөхцлөөр бүрэн хангагдсан байх;
4.4.3.           банк бол Монголбанкнаас, бусад санхүүгийн компани бол Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 4 улирал дараалан хангасан байх;
4.4.4.           банкны зүй зохист удирдлагын зарчим буюу компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрддөг, дотоод дүрэм, журмуудад энэ талаар тусгасан;
4.4.5.           ТУЗ-ийн хараат бус гишүүнтэй, тэдгээрийн болон компанийн үйл ажиллагааг олон нийтэд ид тод, нээлттэй тайлагнадаг;
4.4.6.           банкны тухай, банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, үнэт цаасны зах зээлийн тухай, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай зэрэг хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг;
4.5.           Үйлчилгээ үзүүлэгч нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон ТЗК-тай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямагт ТЗК болон хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулна.
4.6.           Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны улмаас ТЗК болон хөрөнгө оруулагчид хохирол учруулсан тохиодолд өөрийн хөрөнгөөр тэдний өмнө хариуцлага хүлээнэ. 
4.7.           Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс бусад Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 20.1-д заасан барьцаалуулсан эд хөрөнгийг хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн эзэмшиж, удирдах эрх бүхий этгээд байна.
4.8.           Хөрөнгө итгэмжлэн удиргдагч нь хөрөнгийн зүй зохистой удирдлагыг өндөр төвшинд хийж гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн болон мэдээллийн технологийн системийн туршлагатай байна.
4.9.           Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн эрх хэмжээг хөрөнгө итгэмжлэн удирдагч болон ТЗК-ийн хооронд байгуулсан хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр тогтоох бөгөөд уг гэрээнд дараах зүйлийг тусгана:
4.9.1.           Хөрөнгийн барьцаагаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх харилцаа;
4.9.2.           үүрэг гүйцэтгэгч хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хөрөнгө оруулагч болон ТЗК-ийн эрхийг баталгаажуулах арга хэмжээ авах;
4.9.3.           Хөрөнгийн ашиглалт, нөөц хөрөнгийн талаар зөрчил гарвал энэ тухай нэн даруй ТЗК-ийн ТУЗ-д мэдэгдэх зохицуулалт.
4.10.       Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл биелүүлэх чадваргүй болсон, дампуурах байдалд хүрсэн бол ТЗК гэрээг цуцалж, шинэ хөрөнгө итгэмжлэн удирдагчтай гэрээ байгуулах эрхтэй.
4.11.       Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ дуусгавар болоход, шинээр томилогдсон хөрөнгө итгэмжлэн удирдагчид болон ТЗК-ийн хөрөнгөд хамаарах бүх бичиг баримт, данс, тооцоо, бэлэн мөнгө, тайлан зэргийг электрон болон бусад хэлбэрээр ямар нэгэн шимтгэлгүйгээр хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.12.       Шинээр хөрөнгө итгэмжлэн удирдагчтай гэрээ байгуулах хүртэл ТЗК-ийн ТУЗ өөрөөр шийдвэрлээгүй бол хөрөнгө итгэмжлэн удирдагчийн үүргийг хуучин хөрөнгө итгэмжлэн удирдагч хэрэгжүүлнэ.
4.13.       Баталгаат үнэт цаас гаргах бүрт хөрөнгө итгэмжлэн удирдагчтай байна.
4.14.       ТЗК нь хөрөнгө итгэмжлэн удирдах тусгай гэрээгээр хоёрдогч хөрөнгө итгэмжлэн удирдагчийг ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч хөрөнгө итгэмжлэн удирдагч, ТЗК-ийн хооронд байгуулсан хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх бөгөөд хоёрдогч хөрөнгө итгэмжлэн удирдагч нь анхны хөрөнгө итгэмжлэн удирдагчийн хяналт дор ажиллана.
4.15.       ТЗК нь хөрөнгө итгэмжлэн удирдагч солигдсон тухай бүр ажлын 3 хоногт багтаан Хороо болон хөрөнгө оруулагчдад мэдэгдэх үүрэгтэй.
 
 
ТАВ. Барьцаат үнэт цаасЫГ БҮРТГЭХ, ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
болон ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭ
 
 
5.1.           Барьцаат үнэт цаас нь  нь орон сууцны зээл болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар зөвшөөрсөн бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой шаардах эрхээр баталгаажсан, тодорхой нөхцөлтэй үнэт цаас юм.
5.2.           Барьцаат үнэт цаасыг зөвхөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 26.1-д заасан этгээд гаргах бөгөөд уг этгээд нь мөн хуулийн 6.1.-д заасны дагуу Хорооноос тусгай зөвшөөрөл авсан байна.
5.3.           Орон сууцны санхүүжилтийн компани нь барьцаат үнэт цаас гаргах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авахынхаа өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд банкны хувьд Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байна.
5.4.           Барьцаат үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг барьцаат үнэт цаас гаргах өргөдөлтэй хамт Хороонд ирүүлж болно.
5.5.           Орон сууцны санхүүжилтийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 2 тэрбум төгрөг байна.
5.6.           Барьцаат үнэт цаас гаргагч нь дараахь шаардлагыг хангасан байна.
5.6.1.           барьцаат зээлийн үйл ажиллагааны болон санхүүгийн эрсдлийн удирдлагын туршлагатай байх;
5.6.2.           банкны тухай болон бусад холбогдох журмаар тогтоосон шаардлагыг хангаж ажиллаж байгаа;
5.6.3.           барьцаат үнэт цаас гаргах, удирдах байгууллагын бүтэц хүний нөөцийн болон техникийн чадавхитай байх;
5.6.4.           банк болон бусад санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх;
5.6.5.           Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн үнэт цаас гаргахаас өмнөх 2 улирал дараалан хангасан байх;
5.6.6.           банкны хувьд барьцаат үнэт цаасыг баталгаажуулах 1 тэрбум төгрөг (түүнтэй тэнцэх хэмжээний гадаад вальют)-өөс доошгүй хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зээл олгосон, түүнийг хэрэгжүүлэх эрсдлийн удирдлагын бодлоготой байх;
5.6.7.           барьцаат үнэт цаас гаргагчийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл болон тэдгээрийн холбоотой этгээдийн талаарх мэдээлэл;
5.6.8.           ТУЗ нь 2-оос доошгүй хараат бус гишүүдтэй байх;
 
5.7.           Барьцаат үнэт цаасыг нийтэд санал болгон нээлттэй эсхүл хаалттай хүрээнд гаргаж болно.
5.8.           Барьцаат үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад зуучлах эрхтэй үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаар зуучлуулан гаргуулж болно.
5.9.           Барьцаат үнэт цаасыг Хороо бүртгэснээс хойш тухайн үнэт цаасны танилцуулгад заасан хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд тухайн төрлийн барьцаат үнэт цаасыг нэмж гаргах тохиолдолд уг нэмж гаргасан үнэт цаасны хугацаагаар сунгагдана.
5.10.       Барьцаат үнэт цаас гаргах өргөдөлд энэ журмын 2.8-д зааснаас гадна дараахь баримт, материалуудыг Хороонд бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлнэ:
5.10.1.      барьцаат үнэт цаасны танилцуулга;
5.10.2.      ТЗК-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс, тэдгээрийн боловсрол, мэргэжил, одоо болон өмнөх ажил эрхэлсэн байдал, ажил мэргэжлийг бүрэн илтгэх анкет;
5.10.3.      үүсгэн байгуулагчийн нийт энгийн хувьцааны 5-аас дээш хувийг дангаараа болон нэгмдмэл сонирхолтойгоор эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл болон уг этгээдийн хувьцааг нь эзэмшдэг бусад хуулийн этгээдийн нэр, эзэмшдэг хувьцааны тоо,
5.10.4.      үүсгэн байгуулагчийн сүүлийн гурван жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан;
5.10.5.      компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5.10.6.      үүсгэн байгуулагчийн нийт энгийн хувьцааны 10-аас илүү хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчийн нэрс, тэдгээрийн 10-аас дээш хувьцааг нь эзэмшдэг өөр бусад компаниудын жагсаалт;
5.10.7.      барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн тодорхойлолт, туршлага, түүнтэй байгуулах гэрээний төсөл;
5.10.8.      барьцаат үнэт цаасны барьцаа, удирдлагатай холбоотой үнэт цаас гаргагчийн үзүүлэх үйлчилгээний гэрээний төсөл;
5.10.9.      хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилгоор гуравдагч этгээдийн гаргасан баталгаа болон баталгаа гаргагчтай холбоотой зохих санхүүгийн мэдээлэл;
5.10.10.  барьцаат үнэт цаас гаргагчийн сүүлийн 3 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
5.10.11.  гурван жилийн бизнес төлөвлөгөө;
5.10.12.  нэмж барьцаат үнэт цаас гаргаж байгаа бол өмнөх гаргасан үнэт цаасны үлдэгдэл, түүний эргэн төлөлт болон зээлийн хөрөнгийн талаарх мэдээлэл;
5.10.13.  барьцаат үнэт цаасны тухай хууль тогтоомж болон Хорооноос шаардсан бусад мэдээлэл;
 
5.11.       Энэ журмын 2.5, 2.6, 2.8-д заасан шаардлагууд барьцаат үнэт цаас гаргагчид нэгэн адил хамаарна.
5.12.       Барьцаат үнэт цаас гаргах өргөдөл, танилцуулгад барьцаат үнэт цаас гаргагчийн ТУЗ-ийн дарга, гишүүд болон гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.13.       Хороонд бүртгүүлэх барьцаат үнэт цаасны танилцуулгад дараахь мэдээллийг тусгана:
5.13.1.      барьцаат үнэт цаас гаргагчийн хаяг, хуулийн этгээдийн нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ, дүрэм;
5.13.2.      барьцаат үнэт цаасны нэрлэсэн үнэ болон барьцаа хөрөнгийн жагсаалт;
5.13.3.      нийт гаргах барьцаат үнэт цаасны тоо, эргэн төлөлт, хүү, хүүг тооцох аргачлал, төлбөрийн хуваарь, үнэт цаас гаргагч барьцаат үнэт цаасыг эргүүлэн худалдаж авах нөхцөл, хөрөнгө оруулагчийн эрх, тэдгээрийн бүртгэл, захиалга өгөх худалдахтай холбоотой мэдээлэл;
5.13.4.      орон сууцны зээл, үл хөдлөх хөрөнгийн барьцааны байрлал, түүнийг өмлөх эрхийн гэрчилгээ;
5.13.5.      орон сууцны зээл болон барьцаат үнэт цаасны үнийн дундаж харьцаа;
5.13.6.      барьцааны бүртгэлд орох хүртлэх орон сууцны зээлийн түүх;
5.13.7.      барьцаат үнэт цаас гаргахын өмнөх үнэт цаас гаргагчийн орон сууцны зээлийн нийт багц дахь зээлийн чанар;
5.13.8.      орон сууцны зээлийн хүү, хувьсах хүүгийн нөхцөл;
5.13.9.      орон сууцны зээл эрсдэлд орсон тохиолдолд түүнийг солих эсэх;
5.13.10.  одоогийн үнэ, барьцааны бүртгэлд бүртгэгдсэн байдал;
5.13.11.  барьцаат үнэт цаасны барьцааны жигнэсэн дундаж өгөөж;
5.13.12.  орон сууцны зээлийн үлдэгдэл, түүний эргэн төлөлтийн байдал;
5.13.13.  барьцаат үнэт цаас гаргахтай холбоотой барьцааны бүртгэлийг тооцоолсон баланс, орлогын мэдүүлэг;
5.13.14.  үнэт цаасны эрсдлийн шинжилгээ.
 
5.14.       Барьцаат үнэт цаас гаргагч нь барьцааны хөрөнгийн барьцааг бүртгүүлж, бүртгэлийг хадгалах бөгөөд бүртгэлийг электрон хэлбэрээр хадгална.
5.15.       Барьцаат үнэт цаас гаргагч нь барьцаатай холбоотой дараахь мэдээллийг барьцааны бүртгэлд тусгана:
5.15.1.      үүрэг гүйцэтгэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, үндсэн зээлийн хэмжээ, хүү, хүүг тооцох арга, барьцааны зүйлийн хаяг, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар, өмчлөгч болон хамтран өмчлөгчийн талаарх мэдээлэл;
5.15.2.      барьцаат үнэт цаасны бүртгэлийн дугаар, түүний нэрлэсэн үнэ, эргэн төлөлтийн хувиар, хүү, хүүг тооцох арга;
5.15.3.      зээлийн үлдэгдэл, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн талаарх мэдээлэл;
5.15.4.      зээлийн дансны дугаар, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой данс;
5.16.       Энэ журмын 5.15-д заасан мэдээлэлтэй зөвхөн Хороо болон барьцааны бүртгэлийг хянагч танилцах эрхтэй.
 
ЗУРГАА. Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрӨл олгох, ТҮҮНД
тавиГДАХ шаардлага
 
6.1.           Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл хөтлөлтөд хяналт тавих, хөрөнгийн багцын хэвийн байдлыг хангах, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийг хуульд заасан журмын дагуу барьцаат үнэт цаас гаргагч томилох бөгөөд түүнтэй гэрээ байгуулна.
6.2.           Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд тэдгээрийн талаарх мэдээллийг Хороо нийтэд мэдээлнэ.
6.3.           Хорооноос хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь хууль тогтоомж болон Хорооноос тогтоосон журам, үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулна.
6.4.           Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь дараахь шаардлагыг хангасан хуулийн этгээд байна:
6.4.1.           эдийн засгийн болон эрх зүйн чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
6.4.2.           эдийн засаг, эрх зүй, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн талаарх мэргэшсэн боловсон хүчинтэй, Хорооноос үнэт цаасны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулах эрх авсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй;
6.4.3.           хуулийн этгээдийн удирдлага нь үнэт цаасны зах зээлийн тухай болон банкны тухай хууль тогтоомжийг зөрчиж хариуцлага хүлээж байгаагүй, эдийн засгийн болон аж ахуйн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаагүй этгээд байх;
6.4.4.           үнэт цаас гаргагчийн болон анхны үүрэг гүйцэтгүүлэгчтэй аливаа хэлбэрийн холбоогүй, нэгдмэл сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
6.5.           Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчаар томилогдсон хуулийн этгээд нь гэрээнд заасан бол бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор байнгын төлөөлөгчийг томилж ажиллуулж болно.
6.6.           Энэ журмын 6.4-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон түнтэй холбогдох дараахь материалыг Хороонд ирүүлнэ:
6.6.1.           тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
6.6.2.           улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6.6.3.           өргөдөл гаргагчийн үйл ажиллагааны танилцуулга, бизнесийн түүх, холбогдох байгууллагуудаас авсан тусгай зөвшөөрөл;
6.6.4.           компанийн дүрэм, компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдийн талаарх мэдээлэл, тэдгээрийн дэлгэрэнгүй анкет;
6.6.5.           өмнө нь тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэж байсан бол түүнийг нотолсон баримт материал, сүүлийн 1 жил хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, холбогдох байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн талаарх мэдээлэл;
6.6.6.           хууль болон Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад материал.
 
6.7.           Энэ журмын 6.6-д заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш Хороо 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Хэрэв Хороо нь хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэл бүхий хариуг бичгээр мэдэгдэнэ.
6.8.           Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон энэ журамд заасан шаардлагыг зрөчсөн бол Хорооноос түүний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6.9.           Үнэт цаас гаргагч нь Хорооны зөвшөөрөлтэйгөөр хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийг солих эрхтэй бөгөөд мөн Хороо нь түүнийг солих шаардлагыг үнэт цаас гарагчид тавих эрхтэй.
6.10.       Барьцаат үнэт цаас гаргагч төлбөрийн чадваргүй болсон үед Хорооны шийдвэрийн дагуу хөрөнгийг шилжүүлэх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах сан, эсвэл шинээр томилогдсон хөрөнгө итгэмжлэн удирдагчид барьцааны бүртгэлийг танилцуулж болно.
6.11.       Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь төлөвлөгөөт шалгалтыг сард нэгээс доошгүй удаа хийх бөгөөд шалгалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан шалгалтын тайланг үнэт цаас гаргагч болон Хороонд тус бүр нэг хувийг хүргүүлэх ба энэ талаар нийтэд мэдээлнэ.
6.12.       Барьцаат үнэт цаасны барьцаатай холбоотой эх хувь бүхий бичиг баримтуудыг үнэт цаас гаргагч нь баталгаатай, аюулгүй орчинд хадгалах үүрэгтэй бөгөөд энэ материалд хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч хэдийд ч шалгалт хийх эрхтэй.
 
 
ДОЛОО. БАРЬЦААТ ҮНЭТ ЦААСНЫ ХӨРӨНГИЙН БАГЦАД ТАВИХ
ШААРДЛАГА, НЭМЭЛТ ХӨРӨНГИЙН ҮНИЙГ ТООЦОХ ЖУРАМ
 
7.1.           Нэмэлт хөрөнгө нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 30.1-д заасан хөрөнгөөс бүрдэнэ.
7.2.           Энэ журмын 7.1-д заасан нэмэлт хөрөнгийг үнэлэхдээ дараахь аргачлалаар үнэлнэ:
7.2.1.           бэлэн мөнгийг нэрлэсэн өртгөөр;
7.2.2.           Монгол улсын Засгийн газар болон Монголбанкны үнэт цаасыг түүний нэрлэсэн үнээр;
7.2.3.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 30.1.3-д заасан хөрөнгийг одоогийн зах зээлийн үнээр тооцно.
 
7.3.           Багцад нэмэгдсэн хөрөнгө нь үнэт цаас гаргах өргөдөл, үнэт цаасны танилцуулгад тусгагдсантай адил онцлог, шинж чанартай байна.
7.4.           Хөрөнгийг нэмэгдүүлэх нь барьцаат үнэт цаасны эргэн төлөх хугацаанд нөлөөлөхгүй.
7.5.           Багцын барьцаанд орсон мөнгийг үнэт цаас гаргагчийн тусдаа дансанд хадгалах бөгөөд харин үнэт цаасыг үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага дахь үнэт цаас гаргагчийн дансанд хадгална.
7.6.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 30.2-т заасны дагуу харьцааг тооцохдоо барьцааны бодит үнэд суурилан нэмэлт хөрөнгө, үндсэн хөрөнгө хоёрын харьцааг баримтлана.
7.7.           Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаас гадна тухайн хөрөнгө нь дараахь шаардлагыг хангасан байна.
7.7.1.           орон сууцны зээлийн жигнэсэн дундаж үлдэгдэл барьцаат үнэт цаасны эргэн төлөлтийн үлдэгдэлтэй тэнцүү буюу их байх бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд нэмэлт хөрөнгөөр хөрөнгийн багцыг нэн даруй нэмэгдүүлнэ;
7.7.2.           олон өрх оршин суух эсвэл дан ганц гэр бүл оршин суухад зориулан баригдсан, хүн амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
7.7.3.           үнэт цаас гаргагчийн нэр дээр бүртгэгдсэн барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах;
7.7.4.           барьцааны үл хөдлөх хөрөнгө нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр баригдсан хөрөнгө байх бөгөөд үүнд гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгө хамаарахгүй;
7.7.5.           тухайн хөрөнгө нь эд хөрөнгийн даатгалд даатгагдсан байх ба хэрэв хөрөнгөд эрсдэл гарвал даатгалын нөхөн төлбөрөөр хөрөнгө оруулагчдад төлөх төлбөрийг барагдуулна;
7.7.6.           орон сууцны үл хөдлөх хөрөнгө нь олон айл амьдрах орон сууцны зориулалттай бол Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуульд заасан дундын удирдлага (СӨХ)-тай байна;
7.7.7.           барьцаанд бүртгэгдэхдээ тухайн хөрөнгө нь ямар нэгэн өр төлбөргүй, бусдын өмнө шаардах эрх үүсгээгүй, эрхийн доголдолгүй байх бөгөөд хэрэв эрсдэл гарвал тухайн хариуцлагыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үнэт цаас гаргагч хамтран хариуцна;
 
7.8.           Барьцаат үнэт цаасны барьцааны хөрөнгийн зээлийн хэмжээнд аливаа хэлбэрийн хязгаарлалт байхгүй.
7.9.           Үнэт цаас гаргагч нь үнэт цаас гаргах өргөдөл, үнэт цаасны танилцуулгад тодорхойлсноор хөрөнгө оруулагчдад хуваарилахаас өмнө дараахь төлбөрүүдийг төлнө:
7.9.1.          энгийн бүртгэл, зарлал мэдэгдэл, үнэт цаас гаргах зардал, төлбөр;
7.9.2.           үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч, хөрөнгө итгэмжлэн удиргдагч, аудит, хөрөнгийн үнэлгээчин, хадгаламжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөр;
7.9.3.          ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал;
7.9.4.          баталгаа гаргагчтай бол түүнд төлсөн төлбөр, хураамж;
7.9.5.           зээлийн зэрэглэл тогтоох этгээд болон үнэт цаасны зуучлагчид төлсөн төлбөр;
7.9.6.          хуулиар төлөх ёстой албан татвар, төлбөр, хураамж;
7.9.7.          Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс;
7.9.8.          Хууль болон гэрээгээр тодорхойлсон бусад төлөгдөх зардлууд.
 
7.10.       Энэ журмын 7.9-д заасан төлбөрүүд нь баримтаар нотлогдож байх бөгөөд хууль хөрөнгө оруулагчийн эрх ашигт хохиролтой, гэрээ хэлцэл байгуулж, эсхүл зах зээлийн ханшаас өндөр үнэ тогтоож төлбөр төлөхийг хориглоно.
7.11.       Энэ зүйлд заасан мэдээллийг хөрөнгө оруулагч нарт байнга мэдээлж байх бөгөөд хэрэв өөрчлөлт орсон бол ажлын 3 хоногийн дотор хөрөнгө оруулагчдад мэдээлнэ.
 
НАЙМ. АУДИТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ТҮҮНИЙ
ХЯНАЛТ ХИЙХ ХЭЛБЭР
 
8.1.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч нь өөрийн үйл ажиллагааг хөндлөнгийн бие даасан аудитороор жилд нэгээс доошгүй удаа шалгуулна.
8.2.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарагчийн үйл ажиллагаанд аудит хийх этгээд нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 40.1-т заасны дагуу Хорооноос эрх авсан, аудитын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд байх бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна.
8.2.1.           санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аудитын үйл ажиллагааг тасралтгүй 3 болон түүнээс дээш жил эрхэлсэн;
8.2.2.           Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 5-аас доошгүй орон тооны аудитортай;
8.2.3.           банк, санхүү, үнэт цаасны зах зээл, компанийн засаглал, санхүүгийн байгууллагуудад хийх аудитын тодорхой түвшингийн сургалтад хамрагдаж сертификат авсан 3-аас доошгүй орон тооны аудитортай;
8.2.4.           аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй; 
8.2.5.           Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад.
 
8.3.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд хийх аудитын шалгалт нь дараахь хүрээг хамарсан байна:
8.3.1.           тайлант хугацааны хөрөнгийн орлогын ашиглалтын байдал;
8.3.2.           үндсэн зээлийн эргэн төлөлтийн хэмжээ, зээлийн үлдэгдэл;
8.3.3.           хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эргэн төлөлтийн байдал, алдагдал;
8.3.4.           хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны үлдэгдэл, үндсэн зээлийн баланс;
8.3.5.           төлбөрийн чадваргүй байдал, зөрчил, алдагдал;
8.3.6.           хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны танилцуулгад тусгагдсан дансны тайлан тооцоо, одоогийн тайлан тэнцэл, нөөц, тэдгээрийн урсгалд тавих хяналт;
8.3.7.           Аудитын тухай хууль болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан бусад хүрээг хамруулна.
 
8.4.           Хөндлөнгийн аудиторын жилийн тайланд үнэт цаасны танилцуулгад заасан  хөрөнгийн орлого хэрхэн ашиглагдсан талаарх болон энэ Журмын 8.3-т заасан асуудлуудыг тусгасан байна.
8.5.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 40.1-т заасны дагуу үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд аудит хийх эрх авах этгээд нь дараахь материалыг бүрдүүлэн Хороонд ирүүлнэ:
8.5.1.           эрх авахыг хүссэн өргөдөл;
8.5.2.           компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбар, холбогдох тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
8.5.3.           орон тооны аудиторын анкет, тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл, эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг компани төлдөг тухай холбогдох нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
8.5.4.           аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх талаарх Монголын мэргэшсэн нягтлан бодогчдийн инститүтийн лавлагаа;
8.5.5.           аудитын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга, нотлох баримтын хамт;
8.5.6.           банк, санхүүгийн байгууллагад аудит хийж байсан эсэх талаарх мэдээлэл;
8.5.7.           энэ журмын 8.2.3-т заасныг нотолсон баримт, гэрчилгээ /сертификат/.
 
8.6.           Энэ журмын 8.5-д заасан эрх олгохыг хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш Хороо 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Хэрэв Хороо нь аудитын эрх олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэл бүхий хариуг бичгээр мэдэгдэнэ.
 
 
ЕС. ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ
ХОРОО ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
 
9.1.           Хороо хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгүүлэх тухай хүсэлт болох өргөдөл, үнэт цаасны танилцуулга зэрэг баримт материалыг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомж болон энэхүү журамд заасан шаардлагыг хангасан холбогдох баримт бичгийг бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногт шийдвэрлэх бөгөөд хугацааг холбогдох баримт материал шаардлагад нийцэж, бүрэн бүрдсэн өдрөөс эхлэн тооцно.
9.2.           Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгүүлэх тухай өргөдөл, танилцуулга, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, бүрдлийн шаардлага хангасан эсэх, үнэт цаас гаргагч нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангаж байгаа эсэхийг ирүүлсэн баримтын хүрээнд шалгах ажиллагааг Хорооны мэргэжилтэн өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан хянана.
9.3.           Энэхүү журмын 9.2-т заасанасуудлыг тогтооход шаардлагатай баримт материалыг баримт материалууд нь хоорондоо зөрүүтэй, эсхүл үнэт цаас гаргагч нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангахгүй байгаа бол ямар бичиг баримтыг дутуу ирүүлсэн, ямар мэдээлэл зөрүүтэй байгаа, ямар шаардлагыг хангаагүй тухай дэлгэрэнгүй дурьдсан албан бичиг хүргүүлж, ирүүлсэн баримтын нэг хувийг өргөдөл гаргагчид буцаана.
9.4.           Үнэт цаас гаргагч нь энэ журмаар тогтоосон шаардлага, шалгуурыг хангахгүй байгаа бол үнэт цаасыг бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийн төсөл бэлдэж, Хорооны хуралдаанд оруулах бөгөөд энэ талаар үнэт цаас гаргагчид бичгээр урьдчилан мэдэгдэж, тайлбар авсан байхаас гадна Хорооны хуралдаанд тайлбараа гаргах боломж олгоно.
9.5.           Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь бүрдлийн шаардлага хангасан, үнэт цаас гаргагч нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангасан гэж үзвэл өргөдлийг хянах ажиллагааг гүйцэтгэнэ. Энэ ажиллагааг ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэнэ.
9.6.           Хорооны үнэт цаасны зах зээл хариуцсан газрын даргын томилсон ажлын хэсэг 9.4-т заасан хугацаанд үнэт цаас гаргагчийн байдалд газар дээр нь үзлэг хийж, дүгнэлт өгсөн байна.
9.7.           Энэхүү журмын 9.2 болон 9.5-т заасан ажиллагааг гүйцэтгэх явцад үнэт цаас гаргагчаас нэмэлт бичиг баримт, тайлбар, тодруулга шаардсан тохиолдолд уг шаардлагыг мэдэгдсэн өдрөөс хойш үнэт цаас гаргагчаас холбогдох материалыг ирүүлэх хүртэл хугацаанд энэхүү журмын 9.1-д заасан хугацааг түр зогсооно.
9.8.           Энэхүү журмын 9.3-т заасан шаардлагад хариу ирүүлэх хугацааг заах бөгөөд үнэт цаас гаргагчаас хугацааг сунгах тухай хүсэлт эсхүл шаардлагын хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож, буцаах үндэслэл болно.
9.9.           Хорооны ажлын алба нь үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийг хянаж байгаа явцын талаар Хорооны дарга, орон тооны гишүүдийг мэдээллээр хангаж ажиллана.
9.10.       Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч нь бүртгүүлэхээр өргөдөл гаргасан үнэт цаасыг Хорооны ажлын албанд танилцуулах ажиллагааг Хорооны хуралдаанаас өмнө хийж болно.
9.11.       Хороо дараахь үндэслэлээр үнэт цаасыг бүртгэхээс татгалзана:
9.11.1.      Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 9.3-т заасан үндэслэл тогтоогдсон;
9.11.2.      хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангаагүй;
9.11.3.      үнэт цаас бүртгүүлэх тухай өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг хуурамч мэдээлэл агуулсан нь тогтоогдсон.
9.12.       Хороонд бүртгэсэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны танилцуулгыг дараахь байдлаар баталгаажуулна:
9.12.1.      Товч танилцуулгад Хорооны шийдвэртэй холбоотой мэдээллийг бүрэн тусгана;
9.12.2.      Тухайн үнэт цаасны 2 хувь танилцуулга, түүнд хавсаргасан бүх бичиг баримтын хуудас бүрийн зүүн дээд өнцөгт “Санхүүгийн зохицуулах хороо бүртгэв” гэсэн тэмдэг дарж, огноог тэмдэглэж баталгаажуулна.
 
 
 
---оОо---