Хэвлэх DOC Татаж авах

Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны  А/80  дугаар тушаалын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН  ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧИНД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ, БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын  хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад  энэ журмын зорилго оршино.

1.2.Монгол   Улсын  хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчийг мэдүүлэгч  гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.

1.3.Хилээр оруулсан, гаргасан цахилгаан эрчим хүчний тоолуур, түүнийг битүүмжилсэн лац, ломбо нь гаалийн хяналтад байх бөгөөд тоолуурыг байрлуулсан байгууламж, танхим нь гаалийн хяналтын бүсэд тооцогдоно.

1.4.Цахилгаан эрчим хүч нэвтрүүлэх байгууллага нь гаалийн хяналтад байх тоолуурын байршил, холболт зэргийг тодорхойлсон схем зургийг харъяалах гаалийн байгууллагад гаргаж өгнө.

1.5.Цахилгаан эрчим хүчний хэмжилтийн цахилгаан тоолуурыг үндэсний хэмжилзүйн байгууллага баталгаажуулж, гаалийн байгууллагын хяналтан дор битүүмжилнэ.

 

Хоёр.Гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх

2.1.Гаалийн байгууллага өөрийн хариуцах гаалийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчний гаалийн бүрдүүлэлтийг хийж, хяналт тавина.

2.2.Гаалийн байгууллагагүй нутаг дэвсгэрээр цахилгаан эрчим хүч оруулах тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийг хариуцаж буй гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.

2.3.Мэдүүлэгч цахилгаан эрчим хүчийг улсын хилээр нэвтрүүлсэн тоо хэмжээгээр сард 1 удаа мэдүүлнэ.

2.4.Хилээр оруулсан цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг тухайн сард авсан бодит тоо хэмжээгээр мэдүүлнэ.

2.5.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх  цахилгаан эрчим хүчинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ эрчим хүч нийлүүлэх талаар байгуулсан гэрээ, гаалийн хяналтад байгаа цахилгаан эрчим хүчний хэмжилтийн тоолуурын заалт, үнийн нэхэмжлэх гаалийн мэдүүлэг, цахилгаан эрчим хүч хүлээлцсэн акт болон гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шаардлагатай бусад бичиг баримтуудыг үндэслэнэ.

2.6.Хилээр оруулсан цахилгаан эрчим хүчний тоолуур илгээгч улсын нутаг дэвсгэрт байгаа тохиолдолд илгээгч улсын гаалийн байгууллагатай харилцан тохиролцсон, тухайн гаалийн байгууллагын баталгаажуулсан бичиг баримтыг үндэслэн хилээр оруулсан цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг тогтооно.

2.7.Хилээр оруулсан болон гаргасан  цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг гаалийн байгууллага тоолуураар хянаж, импортын гэрээнд заагдсан тоо хэмжээнээс хасалт хийх замаар тооцож  бүртгэнэ.

2.8.Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлт хийлгэх тухай бүр гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж барагдуулна.

2.9.Мэдүүлэгч гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасны дагуу хүү ногдуулна.

                       

Гурав.Бусад зүйл

3.1.Улсын хилээр нэвтрүүлсэн цахилгаан эрчим хүчний мэдээг Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэс гаргана.

3.2.Цахилгаан эрчим хүчийг улсын хилээр нэвтрүүлж байгаа байгууллага нь энэхүү журам болон Гаалийн тухай хууль, бусад холбогдох хууль, журмыг зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.3.Энэхүү журмаар зохицуулаагүй бусад харилцааг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.