Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2017 оны

12 дугаар тогтоолын хавсралт

 

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

            1.Энэ журмын зорилт нь ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах үндэслэл, нарийвчилсан журам, сонсголын дэгийг тогтооход оршино. 

 

            2.Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага Нийтийн сонсголын тухай хуулийн 8.3, 9.3-т заасан ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахдаа энэ журмыг баримтална.

           

Хоёр.Нийтийн сонсгол зохион байгуулах үндэслэл

 

            1.Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд хүсэлтэд сонсгол зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой заасан байх ба сэдэв, зорилго, товын талаархи саналаа тусгаж болно.

 

            2.Хүсэлтийн дагуу сонсгол зохион байгуулах үндэслэл, шаардлагыг зохион байгуулагч, түүний ажлын алба хянан үзээд зохион байгуулах нь зүйтэй гэж үзвэл хариу мэдэгдэн сонсголд бэлтгэнэ.

 

            3.Иргэн, хуулийн этгээд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн бол хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Нийтийн сонсголын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, тухайн асуудлаар сонсгол зохион байгуулах эсэхийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв сонсгол зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын гурван өдөрт багтаан бичгээр өгнө.

 

            4.Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага төсвийн хяналтын сонсголыг жилд нэг удаа өөрийн эрхлэх асуудал, хамаарах төсвийн хүрээнд зохион байгуулна.

 

            5.Төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг товлон зарламагц тухайн асуудлаар төрийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар холбогдох баримт бичгийг хүргүүлнэ. Төрийн аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ сонсгол зохион байгуулахаас ажлын гурваас доошгүй өдрийн өмнө ирүүлнэ.

           

            6.Ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах тов, сэдэв, сонсгол даргалагчийг томилох асуудлыг Засгийн газар хуралдаанаараа, төрийн захиргааны төв байгууллагын хувьд сайд, нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нутгийн захиргааны байгууллагын хувьд Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

 

            7.Сонсгол даргалагчийг томилохдоо сонсгол зохион байгуулах сэдвийг харгалзан тухайн асуудлаар мэргэшсэн, эсхүл туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй албан тушаалтныг сонгоно.

 

            Гурав.Нийтийн сонсголын бэлтгэл хангах

 

            1.Сонсгол зохион байгуулагчаас сонсголын товыг тогтоосон бол товлосон өдрөөс хойш долоо хоногийн дотор Нийтийн сонсголын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан арга хэрэгслээр сонсгол явуулах огноо, цаг, сэдэв, байр, ажиглагчаар оролцох хүний тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл дуусах хугацааны талаар нийтэд мэдээлнэ.

 

            2.Сонсголын товыг хойшлуулсан бол Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-д зааснаар дахин зарлана.

 

            3.Сонсгол зохион байгуулах танхимыг бэлтгэх, техникийн бэлтгэлийг хангах, сонсголын тэмдэглэл хөтлөх, сонсгол даргалагчийн даалгаснаар сонсголын дэг зөрчигчийг танхимаас гаргах, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулах ажлыг Нийтийн сонсголын тухайн хуулийн 16.1-д заасан этгээд /цаашид “ажлын алба” гэх/ хариуцна.

 

            4.Хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулахдаа урилгыг олон нийтэд мэдээлэх ба хэвлэл мэдээллийн байгууллага төлөөллөө оролцуулах хүсэлтээ сонсгол зохион байгуулахаас ажлын зургаагаас доошгүй өдрийн өмнө бичгээр ирүүлнэ.

 

            5.Сонсголд оролцогч, ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн тооны дээд хязгаарыг сонсгол болох танхимын багтаамж, тухайн асуудлын хүрээнээс хамааран сонсгол зохион байгуулагч тогтооно.

 

            6.Тухайн сонсголд оролцож санал хэлэх, тайлбар, мэдээлэл өгөх, эсхүл ажиглах иргэн, хуулийн этгээд нь сонсгол болохоос ажлын арваас доошгүй өдрийн өмнө сонсгол зохион байгуулагчид мэдэгдэж, оролцогч, эсхүл ажиглагчаар оролцохоо бүртгүүлнэ. Шаардлагатай бол санал, тайлбар, мэдээллээ урьдчилан бичгээр ирүүлэх ба ажлын алба оролцогчид хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, сонсголд оролцох зааварчилгаа өгнө.

 

            7.Бүртгүүлэхдээ бичгээр, харилцах утсаар, эсхүл зохион байгуулагч байгууллагын цахим шууданд захидал илгээн бүртгүүлж болох ба бүртгэлийг ажлын алба хянан үзээд оролцогчийн тооны дээд хязгаараас хамаарч бүртгүүлсэн цаг хугацааны дарааллаар нь бүртгэлийг баталгаажуулна.

 

            8.Сонсгол зохион байгуулагч шаардлагатай гэж үзвэл шинжээч томилж, сонсголд оролцуулж болох бөгөөд шинжээчийн үйл ажиллагааны зардлыг сонсгол зохион байгуулах байгууллагын төсвөөс гаргана.

 

            9.Ажлын алба энэ журмын 3.4, 3.6, 3.7-д заасны дагуу бүртгэсэн нэрсийг сонсгол даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө танилцуулж, сонсгол даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг авна. Бүртгүүлсэн болон урилгаар оролцох оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн нэрсийг бүртгүүлсэн дарааллын дагуу холбогдох байгууллагын цахим хуудсанд хэлэлцүүлэг эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө байршуулна.

 

            10.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг сонсгол даргалагчийн урилгаар оролцуулна.

 

            11.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг урьж оролцуулахдаа сонсгол хийх сэдэв, асуудлаар мэргэшсэн байгууллагуудын нэгдэл буюу холбоодоос албан бичгээр санал авна. Саналд сонсголын сэдэв, тов болон төлөөллийн тоог тусгана. Ирүүлсэн саналтай нь холбогдуулан зохион байгуулагч урилга явуулан тухайн холбоо, байгууллагын төлөөллийг сонсголд заавал оролцох нөхцөлөөр хангана.

 

            12.Сонсголд заавал оролцож, тодорхой асуудлаар тайлбар, мэдээлэл хийх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээч нарт сонсгол болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө сонсголд оролцох талаар мэдэгдэх бөгөөд тэдний нэрсийг нийтэд мэдээлнэ.

 

            13.Эрхэлж байгаа албан тушаалын хувьд сонсголд заавал оролцох үүрэг хүлээсэн төрийн албан хаагч сонсголд оролцох, мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзсан бол Төрийн албаны тухай хуулийн 15.1.16-д заасан нийтийн сонсголыг зохион байгуулах, сонсголд оролцох журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Дөрөв.Нийтийн сонсгол зохион байгуулах

 

            1.Сонсгол даргалагч сонсголын сэдэв, хүсэлт, сонсгол зарласан огноо, сонсголд дуудагдсан албан тушаалтан, холбогдох этгээд, шинжээч, тайлбар хийх хүний нэр, сонсголд оролцогчдын тоо, сонсголын дэг зэргийг 10 минутад багтаан танилцуулна.

 

            2.Сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан этгээд, эсхүл тэдгээрийн төлөөлөгч хүсэлтийнхээ үндэслэл, шаардлагын талаар 10 минутад багтаан танилцуулна.

 

            3.Сонсголд оролцогч санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах дарааллыг сонсгол даргалагч тогтоох ба оролцогчид сонсголын танхимд ирсэн хугацааны дагуу санал хэлэх эрхийг олгож болно. Дарааллыг тогтоохдоо эерэг болон эсрэг саналтай, олонхи болон цөөнхийн төлөөллийг оролцуулах зарчим баримтална.

 

            4.Ажиглагч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.

            5.Сонсголд оролцогчийн үг хэлэх хугацааг 3-10 минутаар тогтооно.

 

            6.Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгоно.

 

            7.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл сонсголд оролцохдоо бусад оролцогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

            8.Санал, тайлбар, дүгнэлттэй холбогдуулан оролцогчоос асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна.

            9.Асуулт, хариулт дууссаны дараа сонсголд оролцогчид болон хүсэлт гаргасан төлөөлөл санал, дүгнэлтээ оролцогчдын тооноос хамааран 1-3 минутын хугацаанд хэлнэ.

 

            10.Асуулт асуух, үг хэлэхдээ сонсголын сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сонсгол даргалагч асуулт асуух, үг хэлэхийг хязгаарлаж болно.

 

            11.Сонголд оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, бусдын яриаг таслах, зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хашгирах, шүгэлдэх зэргээр бусдад үгээ чөлөөтэй хэлэхэд саад учруулсан болон сонсгол зохион байгуулагч, сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзвал сонсгол даргалагч дэг баримтлахыг шаардаж, шаардлагыг үл биелүүлбэл ажлын алба оролцогчийг танхимаас гаргаж болно.

 

            12.Сонсгол даргалагч сонсголыг хааж үг хэлнэ.

 

            13.Ажлын алба сонсголын тэмдэглэлийг аудио болон бичгэн /товч/ хэлбэрээр хийж тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд ажлын таван өдрийн дотор байршуулна.

 

            14.Сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан ямар нэгэн зарга, гомдол үүсгэхгүй ба ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй.

 

 

 

 

-------оОо-------