Хэвлэх DOC Татаж авах

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны А/111 дүгээр тушаалын хавсралт

ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС ГАРАХЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ГАРАХЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх

2.1.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлээр шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/-аас ирүүлсэн саналыг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга /цаашид “Байгууллагын дарга” гэх/ гаргана.

2.2.Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай саналыг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорын саналыг үндэслэн дээд шатны прокурор албан бичгээр гаргах бөгөөд уг албан бичигт эрүүгийн хэргийн дугаар, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт холбогдуулан шалгаж байгаа талаар болон хариуцах албан хаагчийн нэр, албан тушаал, харилцах утасны дугаарыг тодорхой дурдсан байна.

2.3.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх албан бичигт гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт бичигдсэн латин галиг бүхий овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэншил, паспорт, түүнийг орлох баримт бичгийн дугаар, тус улсаас гарахыг түдгэлзүүлэх зайлшгүй нөхцөл зэргийг тусгасан байна.

2.4.Гарахыг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байгууллага нь гадаадын иргэний мэдээллийг үнэн зөв ирүүлэх үүргийг хүлээх бөгөөд алдаатай мэдээллээс үүсэх хариуцлагыг бүрэн хариуцна.

2.5.Эрх бүхий байгууллага нь гарахыг түдгэлзүүлэх хүсэлтийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн талаар гадаадын иргэнд мэдэгдэх үүргийг хүлээнэ.

2.6.Хоёр буюу түүнээс дээш эрх бүхий байгууллага гарахыг түдгэлзүүлсэн албан бичиг ирүүлсэн тохиолдолд мэдээллийг цахим мэдээллийн санд хамтатган бүртгэнэ.

2.7.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр нь уг шийдвэрийг хүчингүй болгох тухай шийдвэр гарах хүртэл хүчинтэй байх бөгөөд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд хугацаагүйгээр бүртгэнэ.

2.8.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан даруйд гарахыг түдгэлзүүлэх шийдвэр хариуцсан албан хаагч нь мэдээллийг гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутаг дахь хилийн боомт, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

2.9.Амралтын өдөр болон ажлын бус цагаар хойшлуулшгүй тохиолдолд гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай саналыг эрх бүхий байгууллагаас ирүүлбэл хилээр гарахыг түдгэлзүүлэх бүртгэлийг нэн даруй гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, ажлын эхний өдөрт багтаан хилээр гарахыг түдгэлзүүлэх саналыг тухайн байгууллагаас нөхөн авч, шийдвэрийг гаргана.

2.10.Гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэнийг улсын хилээр гарах тохиолдолд түүнийг нэвтрүүлэлгүй буцааж, энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

2.11.Хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэр хүчинтэй байх хугацаанд тухайн гадаадын иргэний визийн хугацаа хэтэрсэн нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болохгүй.

Гурав.Гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх

3.1.Гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн нь албан болон хувийн зайлшгүй шаардлагын улмаас Монгол Улсаас гарах шаардлагатай болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлж, гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх санал ирүүлбэл  гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг байгууллагын дарга гаргана.

3.2.Гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн Монгол Улсын хилээр эргэн орж ирсэн үеэс эхлэн гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болж, гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үргэлжлүүлэх бөгөөд хориг хариуцсан албан хаагч гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

Дөрөв.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгох

4.1.Гадаадын иргэнийг хилээр гарахыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагаас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгох тухай шийдвэрийг байгууллагын дарга гаргана.

4.2.Энэ журмын 2.6-д заасны дагуу эрхийг нь түдгэлзүүлсэн бол гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон тухай албан бичгийг эрх бүхий байгууллага бүрээс авч гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргана.

4.3.Энэ журмын 4.1-д заасан шийдвэр гармагц гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сангаас хасалт хийж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутаг дахь хилийн боомт, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

4.4.Эрх бүхий байгууллага гадаадын иргэнийг хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг цуцлах саналаа мэдэгдээгүйн улмаас уг гадаадын иргэнд учирсан хохирлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцахгүй бөгөөд энэ талаар гарахыг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байгууллагад энэ журмын 2.8-д заасан албан бичигт дурдана.

Тав.Бусад

5.1.Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэний талаар холбогдох хууль хяналтын байгууллага хүсэлт гаргавал тухай бүр лавлагаа, мэдээллээр ханган ажиллана.

5.2.Хилээр гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэний мэдээллийг улирал тутам байгууллагын даргад илтгэх хуудсаар танилцуулна.

5.3.Энэ журмын хэрэгжилтийн явцад гарсан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.