Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 67 дугаар зарлигийн хавсралт

 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

1.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Монгол ардын хувьсгалын ойн баярын өдөр Төрийн тугийг баяр наадмын төв талбайд хүндэтгэн залахад энэ журмыг баримтална.
2.Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирна.Бүгд 32 морьтон оролцоно.
3.Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Төрийн хонжин, тэргүүн тугч, тугчдыг томилно.
4.Төрийн тугийг хүндэтгэн залахад хонжин эхэнд нь дараа нь тэргүүн тугч, тугчид гурван эгнээгээр удаах нь торгон цэргийн захирагч, түүний орлогч, торгон цэргүүд дөрвөн эгнээгээр цувран жагсаж явна.
5.Хонжин, тэргүүн тугч, тугчид зэрэг дэвээрээ ёслолын хувцастай, тэргүүн тугч, тугчид хуяг дуулгатай, хонжин, тэргүүн тугч цагаан зүсмийн азарга, тугчид шарга зүсмийн морь унасан байна.
Торгон цэргийн захирагч, түүний орлогч хар, цэргүүд хар, хээр, хүрэн зүсмийн морь унаж торгон цэргийн дүрэмт хувцастай, сэлэм зүүсэн байна.
Эгнээний морьд ижил зүстэй, хур дэлтэй байна.
 

Хоёр.Төрийн тугийг Төрийн ордноос баяр наадмын төв талбайд хүндэтгэн залах
6.Төрийн тугийг хүндэтгэн залах 32 морьтон Төрийн ордны зүүн өмнө жигүүрийн дэргэд ирээд хонжин “Мориноосоо” гээд буухад тэргүүн тугч, тугчид, торгон цэргийн захирагч, түүний орлогч, торгон цэргийн 2,4 дүгээр цувааны цэргүүд мориноосоо нэгэн зэрэг бууна. Мориноосоо буусан торгон цэргүүд зүүн гартаа зэрэгцэж яваа 1, 3 дугаар цувааны цэрэгт мориныхоо цулбуурыг шилжүүлэн өгөөд хонжин, тэргүүн тугч, тугчдын морины цулбуурыг авч, морь баригчийн үүрэг биелүүлнэ.
7.Хонжин “Тугчид миний хойноос” гээд өөрөө тэргүүлж тэргүүн тугч, гурваар эгнэн жагссан тугчдийг дагуулж Төрийн ордны хүндэтгэлийн хаалга, Төрийн тугийн байранд нэгийн цуваагаар орж, хонжин үүдэн тус газар, тэргүүн тугч, тугчид төрийн тугийг нар зөв тойрон тэргүүн тугч Их цагаан тугны дэргэд, тугчид оноот хөл тугны дэргэд байраа тус тус эзэлнэ.
Тугчид Төрийн ордонд орж ирэхэд Төрийн ордны хамгаалалтын тусгай тасгийн дарга угтана.
8.Хонжин, тэргүүн тугч, тугчид гурвантаа мэхийн ёсолсны дараа тугчид оноот хөл тугаа түшиж Их цагаан туганд мэхийлгэхэд тэргүүн тугч Их цагаан тугийг өргөж хонжинг чиглэн явахад тугчид зүүн жигүүрээсээ эхлэн нар зөв эргэж явна.
9.Хонжин манлайлан тэргүүн тугч, тугчид дэслэн Төрийн тугийн байрнаас гарч гурваар эгнэн зогсоно.Хонжин "Тугчид миний хойноос" гээд Төрийн ордны хүндэтгэлийн хаалгаар гарахад тугчид гурван эгнээгээр жагсан явж торгон цэргийн жагсаал руу очно.
10.Хонжин “мориндоо” гэхэд тугчид мордож эмээлийн урд бүүргэнд бэхэлсэн сууринд тугаа суурилуулна.Морийг нь барьж байгаа торгон цэргүүд тэдэнд тусалж жолоо, цулбуурыг нь өгөөд цуваагаар явж мориндоо мордоно.Хонжин манлайлан Төрийн ордныг нар зөв тойрон баяр наадмын төв талбай руу ергүүлэн одно.
11.Төрийн тугийг баяр наадмын төв талбайн зүүн урд жигүүрээр залан орж ирэхэд наадамчид суудлаасаа босож хурайлж мэхийн ёсолж өнгөрөөнө. Хонжин, тэргүүн тугч, тугчид нар зөв тойрон тугийн суурь хүртэл дэвссэн цагаан эсгийний баруун захаар цувран, торгон цэрэг тус тусын тогтоосон газарт зогсоно.
12.Хонжин “Мориноосоо” гэхэд торгон цэргийн захирагч, түүний орлогч, 2, 4 дүгээр цувааны цэргүүд мориноосоо нэгэн зэрэг бууж зүүн гартаа зэрэгцэн яваа 1, 3 дугаар цувааны цэрэгт цулбуураа шилжүүлэн өгч, нэгийн цуваагаар эсгий дээгүүр алхалж хонжин, тэргүүн тугч, тугчдын дэргэд хүрч зогсон баруун тийш эргэн морьдын цулбуурыг авч мориноос нь түшиж эсгий дээр буулгана. Хонжин “миний хойноос” гэхэд тэргүүн тугч,тугчид тугаа өргөж, хонжинг даган тугны суурь хүрч нар зөв тойрон тус тусын байранд очиж нэгэн зэрэг баруун тийш эргэнэ.Хонжин суурь өөд харж зогссон байна. Энэ үед тугийн харуул ирж суурийн дөрвөн талд зогсоно.
13.Хонжин “Их цагаан тугийг мандуул” гэхэд тэргүүн тугч суурийн ард байрлуулсан шатаар өгсөн Их цагаан тугийг зална. Тэргүүн тугч буумагц шатын сууринаас холдуулна.Хонжин “хөл тугийг чагтал” гэхэд тугчид урагш алхаж хөл тугийг байрлуулна. Энэ үед төрийн их хэнгэрэг дэлдэж, харанга цохиж, хашгираа ихт бүрээ татна.
14.Тэргүүн тугч, тугчид баруун тийш зэрэг эргэж, тогтоосон дарааллаар явж, торгон цэрэг жагсаалдаа хүрч мориндоо мордоцгооно. Хонжингийн морийг хөтөлсөн торгон цэргийн захирагч “алхуул” гэхэд нар зөв эргэн баяр наадмын төв талбайн баруун жигүүрээр гарч одно.
15.Төрийн тугийг баяр наадмын төв талбайд хүндэтгэн залсан үед шөнийн цагт солбисон гэрлээр гэрэлтүүлэн төрийн ёслолын торгон цэрэг хамгаална.
 

Гурав.Төрийн тугийг баяр наадмын төв талбайгаас Төрийн ордонд хүндэтгэн залах
16.Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмын ажиллагааг хааж үг хэлсний дараа төрийн тугийг баяр наадмын төв талбайгаас Төрийн ордонд хүндэтгэл зална. Баяр наадмын төв талбайн зүүн урд жигүүрээр хонжин, тэргүүн тугч, тугчид, торгон цэрэг ергүүлэн орж ирж нар зөв тойрон тус тусын байранд зогсоно. Хонжин “мориноосоо” гэхэд тэргүүн тугч, тугчид болон торгон цэргийн захирагч, түүний орлогч, 2, 4 дүгээр цувааны цэрэг нэгэн зэрэг мориноос бууж хонжин, тэргүүн тугч, тугчдын морьдыг барина.
17.Тугчид хонжингийн дохиогоор туг руу очиж оноот тугаа харж зогсоно.Хонжин “хөл тугийг түш” гэхэд тугчид урагш алхан ишнээс нь барин тугийг түшиж сууринаас нь өргөн авч Их цагаан туганд мэхийлгэнэ. Хонжин “Их цагаан тугийг түш” гэхэд тэргүүн тугч шатаар гарч Их цагаан тугийг өргөн бууж суурийн өмнө талд ирж зогсоно. Хонжин “мориндоо” гэхэд тугчид мордож эмээлийн урд бүүргэнд бэхэлсэн сууринд тугаа суурилуулна.Морийг нь барьж байгаа торгон цэргүүд тэдэнд тусалж жолоо, цулбуурыг нь өгөөд цуваагаар явж мориндоо мордоно.
Хонжин “алхуул” гэхэд нар зөв эргэж төв асрын өмнүүр явж баяр наадмын төв талбайн баруун жигүүрээр гарч одно. Энэ үед наадамчид босч хурайлан, төрийн их хэнгэрэг, харанга дэлдэж, хашгираа ихт бүрээ татаж үднэ.
18.Төрийн тугийг залж Төрийн ордны баруун өмнө жигүүрт ирэхэд Төрийн ордны хамгаалалтын тусгай тасгийн дарга угтана. Хонжин “мориноосоо” гэхэд торгон цэрэг буун хонжин, тугчдыг түшиж буулган, морьдыг нь барьж зогсоно. Хонжин “алхаад” гэхэд тэргүүн тугч, тугчдыг Төрийн ордны хүндэтгэлийн хаалгаар дагуулан орж, Төрийн тугийн байр руу очно. Хонжин “Их цагаан тугийг зал” гэхэд тэргүүн тугч Их цагаан туг ийг сууринд нь зална. Хонжин “хөл тугийг чагтал” гэхэд тугчид тогтоосон дарааллаар тугийн байранд орж, хөл тугийг нэгэн зэрэг байрлуулна. Хонжин, тэргүүн тугч, тугчид Их цагаан туганд ёслоод Төрийн тугийн байрнаас гарна.