Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт



ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ
(Засгийн газрын 2018 оны 178 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан)

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараахь ёсон, жаяг дэгийн баг (хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч)-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан "Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм", түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална.

 

Хоёр. Бөхийн барилдааны салбар хороо

2.1. Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн барилдааны салбар хороо (цаашид "салбар хороо" гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид "Хороо" гэх) батална.


Гурав. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх

3.1. Үндэсний их баяр наадамд барилдах  бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).

3.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна./ЗГ-ын 2012-06-25-ны 2112 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.3. Үндэсний их баяр наадамд барилдах бөх иргэний үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд цолтой бөх нь заавал цолны үнэмлэхтэй байна.
3.4. Тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бөхийг бүртгэл хаасны дараа нэмж бүртгэхгүй.
3.5. Бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо тус тус гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхийг барилдуулахгүй.
3.6.Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийг цол, амжилтаар нь дараахь байдлаар эрэмбэлэн жагсаалтад оруулна:
3.6.1. ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлэх бөгөөд энэ жишгээр начин цолны даваа хүртэл тооцоход амжилт нь ижил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн хугацаагаар, энэхүү нөхцөл мөн ижил байвал доод цолуудыг хүртсэн хугацааг тус тус харгалзаж эрэмбэлнэ;
3.6.2. нэг өдөр адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь, энэхүү нөхцөл нь ижил буюу өмнө нь цолгүй байсан бол тулгаж барилдуулах жагсаалтад бичигдсэн дарааллаар эрэмбэлнэ. Ийнхүү эрэмбэ тогтоох боломжгүй бол шодож эрэмбийг тогтооно.
3.7. Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн эрэмбийн жагсаалтыг шат шатны баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хорооны дарга хянаж баталгаажуулна.


Дөрөв. Бөхийг тулгаж барилдуулах, амлах

4.1. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг бөхчилсөн хэлбэрээр явуулна.
4.2. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр, дархан аварга цолтнууд цолны эрэмбээр ам авч барилдана /Энэ хэсэгт 2007 оны 130 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/.
4.3. Ижил цолтой бөхчүүд энэ дүрмийн 3.6.1, 3.6.2-т заасны дагуу тогтоосон эрэмбээр ам авна.
4.4. Улсын баяр наадамд аймаг, цэрэг, сумын цолтой бөх ам авахгүй.
4.5. Өмнөх давааны барилдаан дуусч, тухайн бөхийг ам авч барилдахаар зарласнаас хойш ам авах хугацаа 5 минутаас илүүгүй байна. Тогтоосон хугацаанд ам аваагүй бол цолны эрэмбээр дараагийн бөх авна./ЗГ-ын 2012-06-25-ны 212 тоот тогтоолоор нэмсэн/

 

Тав. Барилдааны хугацаа

5.1. Бөхийн барилдааны үргэлжлэх үндсэн хугацааг дараахь байдлаар тогтооно:
5.1.1. нэг, хоёр, гурав, дөрвийн даваанд тус бүр 10 минут;
5.1.2. тав, зургаа, долоогийн даваанд тус бүр 15 минут;
5.1.3. найм, ес болон түүнээс дээш даваанд тус бүр 30 минут.
5.2. Барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг хөлийн цэц зогсоож, шодолт хийн, хожсон бөхийн сонгож авсан шахааны барьцыг түүний талаар бариулж барилдааныг үргэлжлүүлнэ. Барьц авсан бөх тогтоосон хугацаанд эс хаявал учраа бөхөд нь дээрх боломжийг олгоно. Энэ тохиолдолд эс хаялцвал дараагийн шахаа барьцаар бариулах замаар шахааны барьцын хувилбаруудыг дуустал барилдуулна.
5.3. Шахааны барьцнаас хаялцаагүй тохиолдолд дахин шодолт хийж, хожсон бөх нэг гараар учраа бөхийнхөө араар тойруулан зодогны алсын сүвээнээс, нөгөө гараараа шуудагдан барих барьцыг хөлийн цэц бариулж барилдааныг үргэлжлүүлнэ. Энэ барьцнаас эс хаялцвал учраа бөхөд нь дээрх боломжийг олгох замаар барилдааныг дуустал үргэлжлүүлнэ.
5.4. Сонгосон барьцтай барилдааныг 3 минутаас илүү үргэлжлүүлэхгүй бөгөөд үүнээс өмнө барьц тавилцвал дараагийн барьцыг бариулж барилдуулна.
5.5. Энэ дүрмийн 5.3-т заасан барьцыг Үндэсний их баяр наадмын шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн барилдаанд хэрэглэхгүй. (Энэ заалтыг 2009-06-10-ны 169 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
5.6. Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно.


Зургаа. Бөхөд цол, чимэг олгох

6.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан цолуудыг олгоно.
6.2. Улсын наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхчүүдэд дараахь чимгийг дэс дараалан олгоно:
6.2.1. Тав давсан бөхөд: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай;
6.2.2. Зургаа давсан бөхөд: үнэн зоригт, цогт гарамгай, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, саруул шаламгай, өнөд амгалант, чин хүчит, идэвхит итгэлт, бат ерөөлт;
6.2.3. Долоо давсан бөхөд: саруул сайжрах, хууринан шуугигч, өлзий бадрах, үлэмж хичээнгүй, онц бярдагч, бат нягт, чин зоригт, бахдам гарамгай, хичээнгүй нягт;
6.2.4. Найм давсан бөхөд: үлэмж бадрах, бууршгүй хүчит, тод сонин, баатар зоригт, бат өлзийт, тонж гарамгай, нэн дуурсгалт, харилтгүй жавхлант, хэтэрхий хурц, өнөд түвшин;
6.2.5. Ес давсан бөхөд: баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, олныг баясуулагч, бүхнээ дуурсгалт, үнэхээр бишрэлт, өнөд баясгалант, уламжлан дуурсах;
6.2.6. Арав давсан бөхөд: хотлоорыг баясуулагч, харилгүй үзэсгэлэнт, үлэмж хэтэрхий, тонж гарамгай жавхлант, аугаа хүчит бүхнээ сонсголонт.
6.3. Аймаг, цэргийн наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн аймаг, цэргийн цолтой бөхөд дараахь чимгүүдийг олгоно:
6.3.1.Тав давсан бөхөд: өрнөх, өлзийт, зоригт;
6.3.2. Зургаа давсан бөхөд: цогт, хичээнгүй, хүчит, идэвхит;
6.3.3. Долоо, найм давсан бөхөд: хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт, харилтгүй, дуурсах, жавхлант.
6.4. Сумын наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн цолтой бөхөд чимэг олгохгүй.
6.5. Үндэсний их баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн барилдааныг тусад нь явуулж болох бөгөөд түрүүлсэн хүүхдэд шонхор, үзүүрлэсэн хүүхдэд шандас цол олгоно.


Долоо. Хариуцлага

7.1. Дараахь тохиолдолд бөхийг хөлийн цэцийн саналыг үндэслэн салбар хорооны шийдвэрээр тухайн барилдаанаас хасна:
7.1.1. үндэсний бөхийн барилдааны дүрмийн заалтыг зөрчсөн;
7.1.2. барилдааны явцад хөлийн цэц, засуулаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
7.1.3. нэгэнт ам авсан бөх амаа сольсон, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрсөн буюу албадсан, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахсан;
7.1.4. шахааны барьц барих, бариулахаас татгалзсан болон уг барьцыг бариулах үед элэг бүс, шуудагны уяаг сулласан.
7.2. Хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад засуулын гараас малгайгаа авах, туг тойрох зэргээр дүрмийн бус үйлдэл хийсэн бөхийн учраа бөхийг давсанд тооцож, зөрчил гаргасан бөхийн давааны бай шагналыг хасах шийдвэрийг хөлийн цэцийн саналыг үндэслэн салбар хороо гаргана.
7.3 Хөлийн цэц болон засуулаас тавьсан шаардлагыг үл хэрэгсэн удаа дараа хориотой буюу буруу барьц барих, гэмтээх барьц барих, гэмтээх хөдөлгөөн хийх зэрэг үйлдэл гаргасан бөхийг салбар хорооны шийдвэрээр барилдаанаас хасна.
7.4. Дор дурдсан зөрчил гаргасан бөхөд Хороо дараахь арга хэмжээ авна:
7.4.1. Наадамчин олон, баяр наадмаа үл хүндэтгэсэн, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатайгаар гэмтээсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах;
7.4.2.Сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.(Энэ хэсэгт 2009-6-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон). Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.


Найм. Бусад зүйл

8.1. Улсын баяр наадамд гоц мөргөх тооны бөх барилдуулахгүй.
8.2. Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно/Энэ хэсэгт Засгийн газрын 2007 оны 130 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/.
8.3. Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг Хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран зохион байгуулна.
8.4. Бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ.
8.5. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандана, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно.



/Энэ хавсралтад Засгийн газрын 2004 оны 151 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/