Хэвлэх DOC Татаж авах

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн

16 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 

СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ

ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ОРЛОГО ХУВААРИЛАХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Харилцаа холбооны үйлчлэгч[1] нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийхдээ Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд, Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалтын баримт бичиг, эдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2.Харилцаа холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний нөхцөл тогтоох, сүлжээнд холбогдох төлбөр, сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөр, сүлжээ хооронд харилцан холболтын орлого хуваарилахтай холбоотой харилцаа холбооны үйлчлэгч хоорондын дараах төрлийн харилцааг энэхүү журмаар зохицуулна. Үүнд:

1.2.1.Цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээ хооронд харилцан холболт;

1.2.2.Цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох;

1.2.3.Интернетийн бөөний үйлчлэгчийн сүлжээнд  холбогдох;

1.2.4.Интернетийн дотоод харилцан холболтын төв-д холбогдох;

1.2.5.Телевизийн олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн сүлжээнд холбогдох;

1.2.6.Радио телевизийн газрын дахин дамжуулах сүлжээгээр үйлчлэгчийн сүлжээнд холбогдох.

1.3.Энэхүү журмын хавсралтууд нь журмын салшгүй хэсэг болно.

  1.4. Шуудангийн болон дугаартайгаа шилжих үйлчилгээг[2] нэвтрүүлэх зорилгоор хийгдэх Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх харилцаа нь тусдаа журмаар зохицуулагдана.

ХОЁР. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

2.1.Харилцаа холбооны /шуудангаас бусад/ үйлчилгээгээр үйлчлэгч[3] нь сүлжээнд холбогдох болон  сүлжээ хооронд харилцан холболт хийх эрхтэй байна.

2.2.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг хангасан харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчид өөрийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлнэ.

2.3.Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг (RIO[4]) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд:

2.3.1.Тухайн сүлжээнд харилцан холболт хийх технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага;

2.3.2. Зааглах цэгийн байршил;

2.3.3. Сүлжээнд харилцан холболт хийх төлбөр тооцооны мэдээлэл;

2.3.4. Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл;

2.3.5. Гэрээний загвар.

2.4.Харилцаа холбооны үйлчлэгч  нь сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг  хангасан харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчид өөрийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлнэ. 

2.5.Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг (RAO[5]) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд:

2.5.1.Тухайн сүлжээнд холбогдох технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага;

2.5.2.Зааглах цэгийн байршил;

2.5.3.Сүлжээнд холбогдох төлбөр тооцооны мэдээлэл;

2.5.4.Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл;

2.5.5.Гэрээний загвар.

2.6.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийхдээ ямар нэгэн ялгаваргүй буюу ижил нөхцөлөөр хандах, ил тод, харилцан ашигтай байх зарчмыг баримтална.

2.7.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийхдээ  нээлттэй сүлжээний стандартыг хангах зарчмыг баримтална.

2.8.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг /PBX/ харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчийн сүлжээнд холбохдоо аль нэг харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчийн сүлжээгээр дамжин холбох бөгөөд тухайн харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчийн сүлжээний дугаарыг ашиглана. Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчтэй сүлжээ хоорондын харилцан холболт хийхийг хориглоно.

2.9.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээ байгуулах, орлого хуваарилах зарчим, төлбөрийн хэмжээг тогтоохдоо бизнесийн аливаа алдагдлыг нөхөх зорилго агуулахгүй.

2.10.Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гаднын халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ба уг шаардлагыг хангаагүйн улмаас тухайн үйлчлэгчийн сүлжээнд холбогдсон болон сүлжээ хооронд харилцан холболт хийсэн харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцаж ажиллана.

2.11.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хоорондын харилцан холболтыг салгах, хязгаарлалт хийхдээ Зохицуулах хороонд 72 цагийн өмнө, өөрийн сүлжээний хэрэглэгчид болон харилцан холбогдогч талд 48 цагийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

2.12.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүр энэхүү журам, холбогдох тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу Зохицуулах хороонд ирүүлж, тус хороог судалгаа хийх боломжоор хангана.

ГУРАВ. СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ БОЛОН СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ  ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮЛЭЭН АВАХ, ХАРИУГ ӨГӨХ

3.1.Харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх хүсэлтийг харилцаа холбооны үйлчлэгчид бичгээр гаргана.

3.2.Харилцаа холбооны үйлчлэгч нь уг хүсэлтийг хүлээн авч өөрийн сүлжээний техникийн боломж, гэрээний нөхцөлийг хангаж буй эсэхийг нягталж, өөрийн сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх боломжтой эсэх талаар судалж, ажлын 10 хоногийн дотор хариуг хүсэлт гаргасан талд бичгээр мэдэгдэнэ.

3.3.Харилцаа холбооны үйлчлэгч нь техникийн нөхцөл гаргах боломжгүй бол хүсэлт гаргагч талд тухайн нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болох хугацааг тодорхой дурдсан холбогдох тайлбарыг хүргүүлэх ба хувийг Зохицуулах хороонд заавал ирүүлнэ.

ДӨРӨВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ[6]

4.1.Харилцаа холбооны үйлчлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-т заасан хугацаанд үйл ажиллагаа эхлүүлээгүй бол тусгай зөвшөөрөл нь хүчингүй болох ба бусад сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх техникийн нөхцөл нь мөн адил хүчингүй болно.

4.2.Харилцаа холбооны үйлчилгээний үйлчлэгч нь /Интернетийн болон Телевизийн үйлчлэгч/ техникийн нөхцөл авснаас хойш 3 сарын дотор холболтоо хийж үйлчилгээгээ эхлэхгүй бол тухайн техникийн нөхцөл хүчингүй болно.

4.3.Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу бүртгэл хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш 3 сарын дотор холболтоо хийж эхлээгүй бол техникийн нөхцөл хүчингүй болно.

4.4.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх горимд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлийг аль нэг тал нь санаачлан хийх бол 3 сараас доошгүй хугацааны өмнө өөрчлөлт хийх талаарх мэдээлэл, үндэслэл, шаардагдах техникийн нөхцөлийг бусад харилцаа холбооны үйлчлэгчдэд мэдэгдэн тохиролцох ба энэ талаар Зохицуулах хороонд мэдэгдэнэ.

4.5.Зохицуулах хорооноос техникийн нөхцөл тодорхойлохтой холбоотой холбогдох хэмжилт, шалгалт зохион байгуулж болно.

ТАВ. ЗААГЛАХ ЦЭГ ТОГТООХ НӨХЦӨЛ

5.1.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэгийг Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.7, 22.3 заалтын дагуу Зохицуулах хороо энэхүү журмыг баримтлан Хавсралт 1-д заасны дагуу тодорхойлно.

5.2.Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэгийн байршлыг энэхүү журмын Хавсралт 1-д заасны дагуу тодорхойлж, өөрийн сүлжээний “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний нөхцөл” болон “Сүлжээнд холбогдох гэрээний нөхцөл”-д тусгах ба хүсэлт гаргасан талд техникийн нөхцөл, сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний нөхцөлд зааглах цэгийг нарийвчлан тогтоон тусгана. 

5.3.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийхээр хүсэлт гаргасан харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгч нь энэхүү журмын 5.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос тодорхойлсноос өөр байршилд сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэг тогтоолгохоор хүсэлт гаргавал харилцаа холбооны үйлчлэгч нь хүсэлтийн дагуу техникийн нөхцөлийн боломж байгаа эсэхийг тодорхойлж, дүгнэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ.

5.4.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэгээр тусгаарлан холбогдох хэмжилт, шалгалт хийх техникийн боломж, нөхцөлийг бүрдүүлж, хангана.

ЗУРГАА. МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ, СОЛИЛЦОХ

6.1.Зохицуулах хороо нь харилцаа холбооны үйлчлэгчээс тусгай зөвшөөрлийн гэрээ болон энэхүү журмын хүрээнд сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх  гэрээний хүрээнд мэдээ, мэдээлэл гаргуулах эрхтэй.

6.2.Харилцаа холбооны үйлчлэгч нь энэхүү журмын 2.3, 2.5-д зааснаас бусад сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын талаарх бизнесийн нууцад хамаарахгүй мэдээллийг албан ёсоор хүсэлт гаргасан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хүсэлт гаргасан талд гаргаж өгөх үүрэгтэй.

6.3.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын талаар шаардлагатай мэдээллийг нууц гэж үзвэл Харилцаа холбооны үйлчлэгч нь зөвхөн Зохицуулах хороонд гаргаж өгөх ба Зохицуулах хороо нууцлалыг хадгалах үүрэгтэй.

6.4.Харилцаа холбооны үйлчлэгч нь энэхүү журмын дагуу бусад харилцаа холбооны үйлчлэгчээс авсан мэдээллийг өрсөлдөөний эсрэг ашиглахыг хориглоно.

ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

7.1.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний чанарын шаардлагыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

7.2.Талууд сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэгээс 2 тийш тус тусын сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцна.

7.3.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын аливаа туршилт, урьдчилан сэргийлэх хэмжилт, шалгалт, гэмтэл саатлын үед ажиллах горим, хугацааг талууд урьдчилж харилцан тохиролцон тогтоох ба үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.

НАЙМ. СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ ТӨЛБӨР БОЛОН СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО ХУВААРИЛАХ

8.1.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх үйлчилгээний өртгийг тооцохдоо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэгт заасан харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал, ОУЦХБ-аас гаргасан зөвлөмж, аргачлал загвар,  нягтлан бодох бүртгэлийн хуулийн хүрээнд хөтөлсөн зардлын бүртгэлийг  тус тус үндэслэн гаргана.

8.2.Зохицуулах хороо өөрөөр тогтоогоогүй бол сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх талуудад ногдож буй төлбөрийн хэсэг бүр нь сүлжээний төрөл ба онцлогоос үл шалтгаалан ямагт өртгөө нөхсөн байна.

8.3.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд тусгагдах сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх төлбөр, сүлжээ хооронд харилцан холболт хийх үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг дараах байдлаар тогтооно. Үүнд:

8.3.1.Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээнд оролцогч талууд  нь сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд тусгах сүлжээ хооронд харилцан холболт хийх төлбөр болон сүлжээ хоорондын харилцан холболтын орлого хуваарилах зарчмын тухай харилцан тохиролцсон эцсийн саналыг, тохиролцоонд хүрээгүй бол тус тусын саналыг үндэслэлийн хамт гэрээг шинээр болон шинэчлэн байгуулахаас ажлын 21 хоногийн өмнө Зохицуулах хороонд ирүүлнэ.

8.3.2.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлд тусгах сүлжээнд холбогдох төлбөрийн тухай харилцан тохиролцсон эцсийн саналыг, тохиолцоогүй бол тус тусын саналыг үндэслэлийн хамт гэрээг шинээр болон шинэчлэн байгуулахаас ажлын 21 хоногийн өмнө Зохицуулах хороонд ирүүлнэ.

8.3.3.Зохицуулах хороо нь энэхүү журмын 8.3.1, 8.3.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг тооцооны үндэслэл болон тухайн салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд хянаж, үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрсөн тухай шийдвэрийг, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл ирүүлсэн саналаа дахин хянан үзэх тухай мэдэгдлийг, дүгнэлтийн хамт санал хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сүлжээнд холбогдох, сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээнд оролцогч талуудад хүргүүлнэ.

8.3.4.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээнд оролцогч талууд нь Зохицуулах хорооны дахин хянаж үзэх тухай мэдэгдэл, дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шинэчилсэн саналаа үндэслэлийн хамт ирүүлнэ.

8.3.5.Энэхүү журмын 8.3.4-т заасны дагуу саналаа ирүүлээгүй эсвэл ирүүлсэн санал нь уг журмын 8.3.3-т заасан хүрээнд хянан үзэхэд хүлээн авах боломжгүй тохиолдолд Зохицуулах хороо нь сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээнд тусгах сүлжээнд холбогдох төлбөр, сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөр болон орлого хуваарилах зарчмыг шууд тогтоож, шийдвэрийг гэрээнд оролцогч харилцаа холбооны үйлчлэгч нарт хүргүүлнэ.

8.3.6.Энэхүү журмын 8.3.5-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээний төрөл болон онцлогоос үл хамааран  гэрээнд тусган мөрдөх сүлжээнд холбогдох төлбөр, сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөр болон орлого хуваарилах зарчмыг Зохицуулах хорооны шийдвэрийн дагуу гэрээнд тусгаж, сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг байгуулах үүрэгтэй.

8.3.7.Зохицуулах хорооноос харилцаа холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээ байгуулагдахаас өмнө болон гэрээний үргэлжлэх хугацааны дундуур сүлжээнд холбогдох төлбөр, сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөр, орлого хуваарилах зарчмын талаар шийдвэр гаргасан тохиолдолд Харилцаа холбооны үйлчлэгч нь шийдвэрийг гэрээнд шууд тусган дагаж мөрдөх үүрэгтэй.

ЕС. СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ БОЛОН СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН

 ХОЛБОЛТ ХИЙХ ГЭРЭЭ

9.1.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг энэхүү журмын Хавсралт 2-т заасан загварын дагуу зөвхөн бичгээр, Монгол хэлээр байгуулна.

9.2.Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор уг гэрээ болон түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хамт Зохицуулах хороонд бүртгүүлэх ба уг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт бүрийг тухай бүр бүртгүүлнэ.

9.3.Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох гэрээг энэхүү журмын дагуу зөвхөн бичгээр, Монгол хэлээр байгуулна.

9.4.Сүлжээнд холбогдох гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор уг гэрээ болон түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хамт Зохицуулах хороонд бүртгүүлэх ба уг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт бүрийг тухай бүр бүртгүүлнэ.

9.5.Зохицуулах хороо нь энэхүү журмын дагуу байгуулагдаагүй сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх үйлчилгээний гэрээг бүртгэхээс татгалзах эрхтэй бөгөөд харилцаа холбооны үйлчлэгч нь уг гэрээг энэхүү журамд нийцүүлэн байгуулж, дахин бүртгүүлэхээр хандана.

9.6.Харилцаа холбооны үйлчлэгч нь гэрээг байгуулахаас өмнө Зохицуулах хороонд хандаж, гэрээний төслийг хянуулах болон холбогдох заавар зөвлөмжийг авч болно.                         

АРАВ.  МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

10.1.Сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний нөхцөл, зааглах цэг, төлбөр, энэхүү журам болон гэрээг зөрчсөн, өрсөлдөөний эсрэг үйлдэл гаргасан зэрэг маргаантай асуудлыг маргалдагч талууд шат шатандаа шийдвэрлэхийг зорих бөгөөд шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 31.2 заалтын дагуу Зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. 

10.2.Энэхүү журмын 9.2, 9.4 дэх заалтын дагуу бүртгүүлээгүй гэрээтэй холбоотой үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэхгүй.

10.3.Маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ Зохицуулах хороо дараах аргуудыг хэрэглэж болно. Үүнд:

10.3.1.Маргаантай асуудлыг судлахын тулд шаардлагатай мэдээллийг талуудаас авах;

10.3.2.Авсан мэдээллийг судлах, дүн шинжилгээ хийх, баримт гаргаж тавих;

10.3.3.Талуудын тайлбар, саналыг сонсох,  шаардлагатай гэж үзвэл олон нийтийн санал авах;

10.3.4.Шаардлагатай бол хэмжилт, шалгалтыг хийх, баримт гаргаж тавих;

10.3.5.Ижил төстэй байгууллагууд болон олон улсын туршлагыг судлан харьцуулалт хийх;

10.3.6.Маргаантай асуудлын талаар тус хорооны холбогдох мэргэжилтний судалгаа, дүгнэлтэд үндэслэх;

10.3.7.Тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, хуульчид, эдийн засагчид, эрдэмтэд   зэргээс бүрдсэн тусгай ажлын хэсэг гарган ажиллуулах;

10.3.8.Маргалдагч талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг санаачлан байгуулж, тухайн асуудлаар санал солилцуулан нэгдсэн шийдвэрт хүргэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах

10.4.Зохицуулах хороо нь маргаантай асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх, гэрээг дахин авч үзэх тухай хугацаатай үүрэг даалгавар өгөх, маргааныг шийдвэрлэж болох хувилбаруудыг санал болгох зэргээр тодорхой шийдвэрийг  гаргана.

10.5.Зохицуулах хороо нь маргаантай асуудлаар гаргах шийдвэрийнхээ тухай урьдчилан талуудад танилцуулж саналыг нь авах, нээлттэй хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх зэргээр ил тод зарчмыг баримтална.

10.6.Зохицуулах хороо нь маргаантай асуудлаар тухайн нөхцөл байдалд тохируулан үл ялгаварлах, шударга, өрсөлдөөнийг дэмжсэн шийдвэр гаргана.

10.7.Зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг маргалдагч талууд аль болох хүлээж авна. Хэрэв Зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж болно.

АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА ТООЦОХ

11.1.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хороо нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

– о О о –




[1]Харилцаа холбооны үйлчлэгч гэж Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5 дах заалтад заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.

[2]Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.13

[3]Харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгч гэж Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.4, 3.1.4-т заасны дагуу харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг эрхэлж буй 3.1.5-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг ойлгоно.

[4] Reference Interconnection Offer

[5] Reference Access Offer

[6]Харилцаа холбооны тухай хуулийн 22.2-ын дагуу аливаа сүлжээнд холбогдох техникийн стандарт, үзүүлэлтүүд, боломжийг ойлгоно.