Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2017 оны 129 дүгээр
тогтоолын хавсралт

 

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Ерөнхий мэдээлэл


Улсын Их Хурлаас 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаар үндэсний болон орон нутгийн түвшинд жендэрийн тэгш байдлын асуудлаар байгуулагдсан хороо, зөвлөлийн тоо 2 дахин нэмэгдэж,          13 төрийн захиргааны төв байгууллагад Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөл,  нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт салбар хороо тус тус ажиллаж байна. Мөн үндэсний хэмжээнд анх удаа жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж, Жендэрийн үндэсний хорооны дэргэд жендэрийн асуудлаар мэргэшсэн Жендэрийн шинжээчдийн бүлэг, хэвлэл мэдээллийн зөвлөл, Жендэр консорциум ажиллаж байна.

Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан 2013-2016 онд хэрэгжүүлсэн бөгөөд “Хөгжлийн замнал” төрийн бус байгууллагаас хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр энэхүү стратеги, төлөвлөгөөний хэрэгжилт 60.1 хувьтай байсан байна.

Манай улсын хувьд 2002 онд эмэгтэй хүний дундаж наслалт 66.47, эрэгтэй хүнийх 60.75 байсан нь 2015 онд эмэгтэй хүнийх 75.84, эрэгтэй хүнийх 66.02 болж монгол хүний дундаж наслалт 6.28 насаар уртасчээ. Эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн нь жендэрийн хөгжлийн индексийг тодорхойлоход эерэгээр нөлөөлж, 2002 онд 0.667 байсан нь 2015 онд 1,045 болжээ.

Сүүлийн жилүүдэд хөвгүүдийн сургууль завсардалт буурч, их, дээд сургуульд суралцагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнээр жендэрийн зөрүүтэй байдал буурч байна. Мөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах асуудалд хандах олон нийтийн хандлага сайжирч байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 17 000 хүн нас барж байгаагийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн нас баралтын 33 хувийг зүрх судасны өвчлөл, гадны нөлөөллөөс болсон осол гэмтэл 24.9 хувийг, хавдар  19.4 хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад (10 000 хүн тутамд) эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна.

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2017 оны эхний 3 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 340 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авч         3 хүн нас барсан байна. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр нийт 79 иргэн үйлчлүүлсний 40 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй, 37 нь хүүхэд, “Түр хамгаалах байр”-нд нийт 72 иргэн үйлчлүүлсний  23 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй, 45 нь хүүхэд байна. 

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, түүний дотор нөхөн үржихүйн насны болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авах сонирхолгүй байх, эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргах үзэгдэл түгээмэл байна. 2015 оны  байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин эмэгтэй хүнийх 760.7 мянган төгрөг, эрэгтэй хүнийх           856.0 мянган төгрөг, цалингийн зөрүү нь 95.3 мянган төгрөг байна. Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэй хүнийх 367.9 мянган төгрөг, эмэгтэй хүнийх 299.5 мянган төгрөг байгаа бөгөөд эмэгтэй тэтгэвэр авагч нь эрэгтэйгээс 68.4 мянган төгрөгөөр буюу 18.6 хувиар бага хэмжээний тэтгэвэр авч байна.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны идэвх сайжирсан бөгөөд Улсын Их Хурал, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 15.8 хувь нь, Улсын Их Хурлын гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хэдийгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин боловсронгуй болж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ахиц, дэвшил гарч байгаа боловч хууль хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх, санхүүжилтийг хүрэлцээтэй хуваарилах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал байсаар байна.

Иймд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны Эх дэлхийгээ шинэчилье, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх  мэдлийг нэмэгдүүлэхээр дэвшүүлсэн       5 дугаар зорилт, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх зорилт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн цогц арга хэмжээгээр хуулийн хэрэгжилтийг хангах, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд  дараах зорилтыг дэвшүүлнэ:

2.2.1. нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх;

2.2.2. жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх;

2.2.3. эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэх;

2.2.4. жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх;

2.2.5. хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.2.6. улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх.

2.3. Хөтөлбөрийн хугацаа

Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ. 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг үл тэвчих орчныг бүрдүүлэх асуудлыг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн дотоод журамд тусгуулан хэрэгжилтийг үнэлэх үзүүлэлтийг тодорхойлж нэвтрүүлэх;

3.1.2. иргэнийг ажилд авахад хүйсээр ялгаварлахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах зохицуулалтыг хуульд тусгах;

3.1.3. ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлогыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид мөрдүүлэх арга хэмжээ авах;

3.1.4. адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний хөлс олгох үнэлгээний аргачлал боловсруулах;

3.1.5. малчин, тариаланч өрхийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллага, шийдвэр гаргагчид зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавих;

3.1.6. эмэгтэй, эрэгтэй хүн болон нийгмийн бүлгийн хэрэгцээнд нийцсэн, тэгш хүртээмжтэй ногоон ажлын байр бий болгох, үндэсний болон бусад улсын сайн туршлагыг судлах;
3.1.7. “Ядуурлын эсрэг, тэгш оролцоот, хүртээмжит ногоон хөгжлийн хандлага”-ыг нэвтрүүлэх гарын авлага боловсруулан түгээх;  

3.1.8. олон хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой, өрх толгойлсон эцэг (эх)-ийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн жендэрийн мэдрэмжтэй бодлогыг дэмжих;

3.1.9. гэр бүл төлөвлөлтийн талаар боловсрол олгох нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн эмч, мэргэжилтний ур чадварыг сайжруулах, иргэдийн насны онцлогт тохирсон мэдээлэл, сурталчилгаа хийх;

3.1.10. эрэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетийг бүх аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллуулж, хүний нөөц, техник, тоног төхөөрөмжөөр хангах;

3.1.11. улирлын шинжтэй ажил, хөдөлмөр эрхлэгч, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэн, малчид болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх;

3.1.12. эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэх чадавх олгох цуврал сургалт зохион байгуулах;

3.1.13. эрүүл мэнд, нөхөн үржихүй, ялангуяа бэлгийн боловсрол олгох хичээлийн агуулгыг насны болон жендэрийн хувьд өвөрмөц хэрэгцээт бүлгийн онцлогт тохируулан боловсруулж, ерөнхий боловсролын сургуульд албан сургалтаар, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт сонгон судлах хичээлийн хөтөлбөрт оруулах.

3.2. Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

3.2.1. жендэрийн статистикийг нэгтгэн боловсруулах программ хангамжийг нэвтрүүлэх;

3.2.2. жендэрийн статистикийг бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд ашиглах аргачлал боловсруулж хуулиар үүрэг хүлээгчдэд хүргүүлэх;

3.2.3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх, гарсан зөвлөмжийг бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах;

3.2.4. нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа эмэгтэй, эрэгтэй тэтгэвэр авагчдын дунд судалгаа хийж, тэтгэврийн зөрүүтэй байдлыг арилгах талаар санал боловсруулах;

3.2.5. иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн байдалд жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнг бодлого, үйл ажиллагаанд тусгах чиглэлээр ажиллах;

3.2.6. эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тэднийг үнэлэх үнэлэмж, хандлага, гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа хийх;

3.2.7. залуу малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нөхцөл байдалд жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнг үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, гарсан зөвлөмжийг  бодлого, төлөвлөлтөд тусгуулах арга хэмжээ авах;

3.2.8. салбарын болон орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх;

3.2.9. орон нутгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, салбар хороодоос сум, баг, хороотой хамтран ажиллах удирдамж  гаргах;

3.2.10. бүх шатны Засаг даргын үр дүнгийн гэрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгах;

3.2.11. салбарын жендэрийн нэгдсэн бодлого, аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

3.2.12. төрийн байгууллагын төсөв боловсруулах үүрэгтэй ажилтныг жендэрийн мэдрэмжтэй төсөв хийх цахим сургалтад хамруулах;

3.2.13. төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд жендэрийн дүн шинжилгээ хийж, төсвийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, үнэлэх аргачлал боловсруулах;

3.2.14. гадаад улсын болон олон улсын байгууллагаас жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр манай улсад оруулсан хувь нэмэр, зарцуулсан санхүүжилтийн талаарх мэдээллийг нэгтгэн, зөвлөмж хүргүүлэх.

3.3. Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны  талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилтын хүрээнд:

3.3.1. багш бэлтгэх сургууль болон багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт жендэрийн үнэлгээ хийж, жендэрийн асуудлыг тусгах;

3.3.2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх замаар боловсрол (цэцэрлэгийн болон бага ангийн багш), эрүүл мэнд (эмч, сувилагч, асрагч)-ийн чиглэлээр суралцах эрэгтэйчүүд, мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр суралцах эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх;

3.3.3. бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, сурах бичигт жендэрийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих ойлголт, хандлагыг төлөвшүүлэх асуудлыг тусгах;

3.3.4. бусдыг хүндлэх, гэр бүлийн болон ойр дотны хүнээ хайрлан хүндлэх, хүнлэг чанарыг эрхэмлэх, эрүүл амьдралын зан үйлд суралцаж хорт, буруу зуршлаас ангижрах арга ухааныг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулах;

3.3.5. гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа гэр бүлийг сурталчлах, урамшуулах;

3.3.6. гэр бүл судлалыг хөгжүүлэх, гэр бүл судлаач, сэтгэл зүйчийг бэлтгэх арга хэмжээг дэмжиж, аймаг, дүүргийн хэмжээнд ажиллах эрүүл           мэнд-сэтгэл зүй-эрх зүйн зөвлөгөө өгөх бүтэц, хүний нөөцийг бэлтгэх;

3.3.7. Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон бусад түнш байгууллагатай хамтран боловсруулсан “Хэвлэл мэдээлэл дэх жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг холбогдох байгууллагуудад хүргүүлж,  хэрэгжилтийг хангуулах;

3.3.8. хэвлэл мэдээллийн байгууллагын жендэрийн мэдрэмжтэй байдалд дүн шинжилгээ хийх;

3.3.9. сэтгүүлч бэлтгэх сургалтын хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусгаж, сэтгүүлчдийг жендэрийн чиглэлээр үе шаттай сургалтад хамруулах;

3.3.10. жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн шинэлэг дүр төрхийг бий болгох ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үе шаттайгаар зохион байгуулах;

3.3.11. соёл урлагийн салбарын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтыг арилгах жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх;

3.3.12. бүх нийтийн жендэрийн мэдлэгийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, жендэрийн асуудлаар тусгайлсан нийтлэл, нэвтрүүлгийг тогтмол гаргах;

3.3.13. эрэгтэйчүүд, ялангуяа 18-35 насныханд зориулан жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, үндэсний уламжлалт, дэвшилтэт зан үйл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, эрэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн аян, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.3.14. нийгэм дэх манлайлагч, олны танил эрүүл амьдралын зан үйл, дадал эзэмшсэн эрэгтэйчүүдийн ололт, амжилтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх.

3.4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд:

3.4.1. жендэрийн салбар зөвлөл болон хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмын үлгэрчилсэн загварыг баталж мөрдүүлэх; 

3.4.2. Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлэг, Жендэр консорциум, хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих;

3.4.3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх; 

3.4.4. төрийн албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, манлайллыг бий болгох чиглэлээр сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, үндэсний сургагч багш бэлтгэх;

3.4.5. сум, хорооны Засаг даргын Тамгын газрын залуучууд, гэр бүл, хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтанд зориулсан гарын авлага боловсруулж, сургалтад хамруулах;

3.4.6. удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модуль боловсруулан нэвтрүүлэх;

3.4.7. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах шалгуурт жендэрийн эрх тэгш байдлын үзүүлэлтийг тусгах;

3.4.8. ажил олгогч, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих хөшүүргийг тодорхойлж сурталчлах;

3.4.9. жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг сурталчлах, туршлагыг түгээн дэлгэрүүлэн урамшуулах;

3.4.10. аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр орон нутаг дахь төрийн бус байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.5. Хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

3.5.1. хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах заавар боловсруулан Хүний эрхийн үндэсний комисс болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орон нутгийн салбар зөвлөл, холбогдох ажилтанд хүргүүлж, сургалтад хамруулах;

3.5.2. охид, эмэгтэйчүүдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх;

3.5.3. хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх;

3.5.4. аж ахуйн нэгж, байгууллагад хүчирхийлэл, түүний дотор ажлын байр дахь бэлгийн дарамт гарахаас сэргийлэх, хохирогчийн хүсэлт, гомдлыг ажил олгогчийн зүгээс шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.5.5. хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж (Нэг цэгийн үйлчилгээний төв,  Хамгаалах байр зэрэг)-ийг  бүх аймагт ажиллуулж, үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх.

3.6. улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

3.6.1. улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалд эмэгтэй, эрэгтэй хүнийг санал болгох, нэр дэвшүүлэх, өрсөлдүүлэх шалгуурыг тогтоож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг хэрэгжүүлэх;

3.6.2. эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллахад бэлтгэх, чадавхжуулах, манлайллыг бий болгох чиглэлээр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

3.6.3. нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх арга хэмжээ авах.

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр дараах үр дүнд хүрнэ:

   4.1.1. салбаруудын жендэрийн бодлого болон бүх аймаг, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр батлагдсан байна. 

   4.1.2. жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдсөн байна. 

   4.1.3. жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавх бэхэжсэн байна.

   4.1.4. хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана.

   4.1.5. шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэн байна. 

4.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 

 

 

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

(2015 он)

Дунд хуга цаанд үнэлэх түвшин

(2019 он)

Зорилтот түвшин

(2021 он)

Мэдээл-лийн эх сурвалж

Хэрэгжүүлэх

байгууллагууд

1.

Хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх асуудлыг дотоод журамдаа тусгасан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо

хувь

-

20 хувь

35 хувь

ХНХЯ 

ХНХЯ, (ЖҮХ),

ХЗДХЯ, МҮХАҮТ, МАОЭНХ,

МҮЭХ 

2.

Эрэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет

тоо

11

20

30

ЭМЯ

ЭМЯ, СЯ, ЖҮХ, Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ

3.

Монгол Улсын жендэрийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээ

тоо

-

1

1

ХНХЯ

ХНХЯ, ЖҮХ, ТББ

 

4.

Яамд (салбар)-ын жендэрийн нэгдсэн бодлого, аймаг, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн тоо

тоо

яам-3  аймаг-3

яам-7  аймаг, дүүрэг-20

бүх яам аймаг, дүүрэг- 30

ХНХЯ

ЖҮХ, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, дүүргийн ЗДТГ

5.

оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийсэн яам (салбар), аймаг, дүүрэг

тоо

яам-3

аймаг, дүүрэг-

яам-7

аймаг, дүүрэг-20

бүх яам аймаг, дүүрэг-30

ХНХЯ

ЖҮХ, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, дүүргийн ЗДТГ

6.

Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагчдын дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь

 хувь

18 хувь

35 хувь

50 хувь

БСШУСЯ

БСШУСЯ, ЖҮХ

7.

Мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь

хувь

30 хувь

40 хувь

50 хувь

БСШУСЯ

БСШУСЯ, ЖҮХ

8.

Жендэрийн мэдрэмжтэй байдлын  үнэлгээ хийгдсэн хэвлэл мэдээллийн байгууллага

тоо

 

2

10

 

20

 

 

Сэтгүүлч-дийн нэгдсэн эвлэл

ЖҮХ, СНЭ, Глоб интернэйшнл, Хэвлэлийн хүрээлэн,  ХМБ

9.

Жендэрийн үндэсний

сургагч багшийн тоо

 

тоо

90

 

135

 

 

 

180

 

 

 

ХНХЯ,  ЖҮХ

БСШУСЯ, төрийн захиргааны төв байгууллага

10.

Жендэрийн сургалтад хамрагдсан удирдах ажилтан (УА), төрийн албан хаагч (ТАХ)

хувь

УА-15 хувь

ТАХ-25 хувь

УА-35 хувь

ТАХ-45 хувь

УА-65 хувь

ТАХ-75 хувь

ТАЗ

ЖҮХ, Удирдлагын академи, ТББ

11.

Аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд орон нутаг дахь төрийн бус байгууллагаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тоо

тоо

-

15

30

Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, жендэр-ийн салбар хороо 

ЖҮХ, ТББ

12.

Аймаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа хохирогчийг хамгаалах нэгжийн тоо

тоо

 

10

20

30

ХЗДХЯ

 (ГХУСАЗЗ)

СЯ, ЖҮХ, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, ИТХ, ТББ

Тав. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр,
шаардагдах хөрөнгийн хэмжээ

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

5.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

5.1.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ

  6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалтад хяналт тавих, үр дүнд үнэлгээ хийх чиг үүргийг жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог хангах, тэдний санал санаачилгыг дэмжин хамтарч ажиллах, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр гаргах, олон нийтэд мэдээлэх үүргийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба хариуцана.

6.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

6.3.1. төрийн захиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр хувийн хэвшлээс санхүүгийн дэмжлэг авах ажлыг зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргах үүрэг хүлээнэ;

6.3.2. нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх жендэрийн дэд хөтөлбөрийг баталж, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлан төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачилгыг дэмжин хамтран ажиллана;

6.3.3. төрийн бус байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр иргэдийн санал, санаачилгыг идэвхжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийнэ;

6.3.4. аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ;

6.3.5. хэвлэл   мэдээллийн  байгууллага нь   жендэрийн  эрх тэгш байдлыг хангах,  жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг үл тэвчих, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг арилгах чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна;

6.3.6. төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 20-нд багтаан жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.4. Жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг дараах хэлбэрээр зохион байгуулна:

6.4.1. хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийх хөндлөнгийн үнэлгээний зардлыг  жил бүр төсөвт тусган батлуулах;

6.4.2. 2019 онд хөтөлбөрийн дунд хугацааны зорилтот түвшин болон 2022 онд хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрсэн байдалд жендэрийн асуудлаар мэргэшсэн судалгааны байгууллага, багаар хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэх.

 


-----оОо-----