Хэвлэх DOC Татаж авах

Харилцаа холбооны зохицуулах хорооны

 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн

16 тоот тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ

ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ОРЛОГО ХУВААРИЛАХ ЖУРАМ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт шуудангийн үндсэн сүлжээг  хамтран ашиглаж сүлжээний ашиглалтыг сайжруулж, алдагдлыг бууруулах боломжоор хангахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Сүлжээ эзэмшигч болон шуудангаар үйлчлэгч нь харилцан холболт хийхдээ Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагуудыг мөрдлөг болгоно.

ХОЁР. Ерөнхий ойлголт

2.1.Нийтийн шуудангийн үйлчилгээг үзүүлэхэд сүлжээ эзэмшигч болон шуудангаар үйлчлэгчид өөр хоорондоо харилцан холбогдоно. 

2.2.Талууд нь нийтийн шуудангийн үйлчилгээ эрхлэх зорилгоор харилцан холболт хийж буй сүлжээ эзэмшигч болон шуудангаар үйлчлэгч байна.

          2.3.Зааглах цэг нь талуудын илгээмж солилцох үйлчилгээний салбар цэг байна.

2.4.Техникийн нөхцөлд харилцан холболтод нийтлэг мөрдөх багц стандарт, технологийн үзүүлэлтүүд байж болно.

ГУРАВ. ГЭРЭЭНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

3.1.Харилцан холболт хийхдээ талууд ялгаваргүй буюу ижил нөхцлөөр хандах, ил тод, харилцан ашигтай байх зарчмыг баримтална.

3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцан холболт хийх нөхцөл, шаардлага, төлбөр, гэрээний загвар мэдээллүүдийг нээлттэй байлгана.

3.3.Харилцан холболтын тариф нь бизнесийн аливаа алдагдлыг нөхөхгүй, өртөгт тулгуурласан, талуудын эрх ашигт нийцсэн байна.

3.4.Монгол улсын шуудангийн салбарт нэвтэрч байгаагүй шинэ техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор харилцан холбогдоход нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай бол үүдэн гарах зардлыг хүсэлт гаргагч тал хариуцна.

3.5.Талууд орох, гарах, дамжих, хүргэлтийн маршрут, ялган боловсруулах төвийн ачааллын талаарх солилцооны мэдээллүүдийг харилцан солилцоно.

 

ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ

4.1.Харилцан холболт хийх хүсэлт гаргагч нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон цаашдын хөгжүүлэлт төлөвлөлтийн талаарх нууцад үл хамаарах мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороо болон сүлжээ эзэмшигч, шуудангаар үйлчлэгч нарт гаргаж өгнө.

4.2.Харилцан холболтын талаарх мэдээллийг гэрээнд оролцогч талууд нууц гэж үзвэл зөвхөн Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаж өгөх ба зохицуулах хороо нууцлалыг хадгална.

4.3.Харилцан холболтын хүсэлтийг бичгээр гаргах ба хүсэлт хүлээн авагч нь технологи ажиллагаа, нэвтрүүлэх гэж буй үйлчилгээний техникийн нөхцөл зэрэг нь стандартын шаардлагыг хангаж, харилцан холбогдох боломжтой эсэх талаар судалж, ажлын 10 хоногийн дотор хариуг бичгээр өгч, хувийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.

4.4.Сүлжээ эзэмшигч болон шуудангаар үйлчлэгч нь бусдад харилцан холболт хийх боломжийг бүрдүүлэх ба тухайн үед харилцан холболт хийх боломжгүй тохиолдолд уг нөхцлийг бүрдүүлэх боломжит хугацааг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

4.5.Талууд нь өөрийн үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх, татан буулгах зэрэг өөрчлөлтөөс үүдэн холболтод нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсэхээр бол мэдээллийг 3 сарын өмнө холбогдох талуудад болон Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэнэ.

ТАВ. ЗААГЛАХ ЦЭГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ

5.1.Талууд зааглах цэгийг Харилцаа холбооны тухай хууль болон энэхүү журам, холбогдох эрх зүйн баримт бичгийг баримтлан тогтооно.

5.2.Зааглах цэгийг тогтоохдоо илгээмж солилцох байр талбай, үйлчилгээний нөхцлийг гэрээ байгуулах үед тодорхойлно.

         5.3.Зааглах цэг нь талуудын үйлчилгээний хамрах хүрээний хувьд давхцаж байна.

ЗУРГАА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

6.1.Сүлжээ эзэмшигч болон шуудангаар үйлчлэгч нь бусдад харилцан холболтын үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн үйлчилгээний чанарын үзүүлэлтээс бууруулахгүйгээр ажиллана.

6.2.Харилцан холболт хийхдээ талууд зааглах цэг хүртэлх илгээмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна.

6.3.Харилцан холболтын үед талуудын үйлчилгээнд нөлөөлөх, эсвэл үйлчилгээг тасалдуулж болзошгүй саатал болон амралтын үеийн хуваарийг харилцан холбогдсон талуудад яаралтай мэдэгдэж шуурхай арга хэмжээ авна.

ДОЛОО. ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ОРЛОГО ХУВААРИЛАХ ЗАРЧИМ

7.1.Харилцан холболтын гэрээнд тусгагдах үйлчилгээний төлбөр, орлого хуваарилах зарчмыг дараах байдлаар тогтооно:

7.1.1.Гэрээнд оролцогч талууд холболтын гэрээнд орлого хуваарилах зарчмыг харилцан тохиролцсон бол эцсийн саналыг, тохиролцоонд хүрээгүй бол тус тусын саналыг холбогдох тооцоо судалгааны хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.

7.1.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмын 7.1.1 дэх заалтын дагуу гэрээнд оролцогч талуудын ирүүлсэн саналыг тухайн салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл, шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд үндэслэл, тооцоо, судалгааны дүн зэргийг хянан үзэж шийдвэрлэнэ.

7.1.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь гэрээнд оролцогч талуудын ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрсөн тухай, үндэслэлгүй гэж үзвэл дахин хянан үзэх тухай мэдэгдлийг, дүгнэлтийн хамт гэрээнд оролцогч талуудад хүргүүлнэ.

7.1.4.Гэрээнд оролцогч талууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүргүүлсэн мэдэгдэл, дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор үндэслэлийн хамт шинэчилсэн саналаа ирүүлээгүй, эсвэл ирүүлсэн санал нь хянан үзэх боломжгүй тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо нь гэрээнд тусгах харилцан холболтын үйлчилгээний төлбөр, орлого хуваарилах зарчмыг тогтоон, шийдвэрийг гэрээнд оролцогч талуудад хүргүүлнэ.

7.1.5.Гэрээнд оролцогч талууд тухайн үйлчилгээний төрөл болон онцлогоос үл шалтгаалан үйлчилгээний төлбөр, орлого хуваарилах зарчмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрийн дагуу гэрээнд тусган, гэрээг байгуулна.

7.2.Харилцаа холбооны зохицуулах хорооноос гэрээ байгуулагдахаас өмнө болон гэрээг хэлэлцэх, үргэлжлэх хугацааны дундуур харилцан холболтын үйлчилгээний төлбөр, орлого хуваарилах зарчимд өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээнд оролцогч талууд өөрчлөлтийг гэрээнд тусгана.

7.3.Талууд нь орлого хуваарилах зарчимд өөрчлөлт оруулах бол 3 сарын өмнө энэ тухайгаа Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэнэ.

Найм. ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ГЭРЭЭГ БҮРТГЭХ, ЗӨРЧИЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

8.1.Харилцан холболтын гэрээг энэхүү журмын Хавсралт 1-д заасны дагуу гэрээний ерөнхий нөхцлийг тусган байгуулна.

8.2.Харилцан холболтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор гэрээний хуулбарыг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

8.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмын дагуу байгуулагдаагүй гэрээг бүртгэхээс татгалзах эрхтэй. Талуудын ирүүлсэн гэрээг Харилцаа холбооны зохицуулах хороо бүртгэж авахаас татгалзсан тохиолдолд уг гэрээг журамд нийцүүлэн дахин шинэчлэн байгуулна.

8.4.Гэрээнд оролцогч талууд гэрээг байгуулахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж, гэрээний төслийг хянуулах болон холбогдох заавар зөвлөмжийг авч болно.

8.5.Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцан холболтын гэрээний хэрэгжилтэд бүртгэлээр хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгөх, маргаантай асуудлыг шийдвэрлэн зохицуулалт хийнэ.

8.6.Энэхүү журам болон гэрээг зөрчсөн, маргаантай асуудлыг  маргаангүйгээр шийдвэрлэхийг урьтал болгох бөгөөд харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсанаар бүрэн эрхийн хүрээнд  шийдвэрлэнэ.

8.7.Аливаа маргааныг шийдвэрлэхдээ Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.12 дахь заалтыг мөрдлөг болгоно.

8.8.Талууд харилцан холболтын гэрээг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлээгүй тохиолдолд, маргаан үүсэх нөхцөл бүрдэхгүй болно.

8.9.Энэхүү журамтай холбоотой гаргасан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

-о О о-


 

“Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний

ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын Хавсралт 1

 

 

ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ

ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл нь Монгол Улсын “Иргэний тухай хууль”-ийн 476-480 дугаар зүйлүүдийг үндэслэхээс гадна дараах нөхцлүүдийг тусгасан байна. Үүнд:

  1. Ашиглагдах техник, технологи, стандартын талаар:
    • Үйлчилгээний төрөл ангиллаас хамааран мөрдөгдөх технологи ажиллагааны стандарт;
    • Шуудангийн бүртгэл хяналтын системийн бүртгэлийн ажиллагааны горим;
    • Шуудангийн хүргэлтийн маршрут, хуваарь, өөрчлөлт оруулах тодотгол;
    • Нэмэлт үйлчилгээний технологийн горим;
    • Саатал, давагдашгүй хүчин зүйлийн үед авагдах нөөц маршрут;
    • Ашиглалт үйлчилгээний аливаа асуудал гарсан үед харилцан үүрэг хүлээх ажилтны нэр, утас, хаяг;
    • Төлбөр тооцоо хийх хэлбэр;
    • Мэдээлэл солилцох ажиллагааны хугацаа давтамж, арга хэлбэр.

 

-о О о-