Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолын хавсралт

 

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

Хүн худалдаалах гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг бөгөөд сүүлийн жилүүдэд уг гэмт хэргийг хар тамхи, мансууруулах бодис худалдах, тээвэрлэх зэрэг гэмт хэрэгтэй хавсран үйлдэж ихээхэн хэмжээний ашиг орлого олдог хууль бус бизнес болон өргөжиж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын орлого багатай, боловсролын түвшин доогуур, эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг бөгөөд тухайн орны эдийн засгийн хөгжил доогуур, иргэдийн эрх зүйн мэдлэг муу байгаа зэрэг нь энэхүү гэмт хэргийн хохирогч болох гол хүчин зүйл болж байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албанаас гаргасан тайланд дурдсанаар хүн худалдаалах гэмт хэргийн улмаас 137 орны 2,4 сая иргэн (хохирогч) хохирсон байдаг бөгөөд хохирогчдын 75 хувийг охид, эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг тархацаар нь авч үзвэл 1000 хүн тутмын 1,8 нь ямар нэг байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох, харин Ази Номхон далайн бүс нутагт 1000 хүн тутмын 3 нь хохирогч болох эрсдэлтэй байгаа гэсэн үзүүлэлт гарсан байна.

Монгол Улс 2002 онд баталсан Эрүүгийн хуульд анх удаа хүн хулгайлах, хүн худалдах, худалдан авах, хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах гэмт хэргийг хуульчилсан нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдэх эхлэл тавигдсан. Засгийн газраас 2005 онд “Хүн, ялангуяа эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүн худалдаалахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаанууд хийгдсэн байна. Улмаар 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийн нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколд нэгдэн орсон.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.4.2-т “хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож энэ чиглэлд бэхжүүлнэ” гэж заасны дагуу 2011 онд Улсын Их Хурлаас хүн худалдаалахтай тэмцэх бие даасан хуулийг баталсан нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын хүлээх үүргийг тодорхой болгож, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийг хамгаалах арга хэлбэр, хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилт зэргийг хуульчилсан болно.

Хүн худалдаалах гэмт хэрэг хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахууль өгөх зэрэг аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулан хүлээн авсан хууль бус үйлдлээр илэрдэг.

Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн мөлжлөг, хүний эд эрхтний наймаа, гэр бүл болоход зуучлах, хүүхэд хууль бусаар үрчлэх зэрэг арга, хэлбэрээр үйлдэгдэж байгаа бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс хүн худалдаалах гэмт хэргийн талаар хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд тус гэмт хэрэгт бэлгийн мөлжлөгийн хэлбэр зонхилж байна. Тухайлбал, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох, саун, массажны газарт массажист нэрээр халхавчлах болон цэнгээний газар ширээнд үйлчлэн орлого оруулах хэлбэрээр биеэ үнэлэх, үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, цахим орчинд зар байршуулан дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх замаар хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэх явдал түгээмэл болсон байна. Мөн гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах, сургуульд тэтгэлэгтэй суралцуулах, гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах зэргээр зар гаргаж, охид, эмэгтэйчүүдийг хуурч мэхлэн гадаад улсад гарган биеийг үнэлүүлж, хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх хуулийн байгууллагын 2010-2016 оны статистик мэдээллээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд заасан Хүн худалдаалах (113 дугаар зүйл) 54 гэмт хэрэг, Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах (124 дүгээр зүйл) 122 гэмт хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсанаас хүн худалдаалах 8 гэмт хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 36 гэмт хэрэгт 54 хүн шүүхээс ял шийтгүүлсэн байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг, хохирогчийг хамгаалах тогтолцоо сул байгаагаас гэмт хэргийн хохирогч нь уг гэмт хэргийн талаар мэдээлдэггүй зэргээс шалтгаалан хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа хэргийн тоо цөөн, гэмт хэргийн статистик тоо бодит бус байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл буурахгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудын хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой бус, албан хаагчид нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нэгдмэл ойлголтгүй, байгууллага хоорондын хамтын ажиллагаа байхгүй, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн байдал дутмаг байгаатай холбоотой байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь зохион байгуулалттайгаар үндэстэн дамнан үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судлан тогтоосны үндсэн дээр уг гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, арга хэлбэрийг шинэчлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.4.4-т мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр, Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-нд хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж, батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг тодорхойлохдоо олон улсад хэрэглэж байгаа 4Р загвар буюу урьдчилан сэргийлэх, хамгаалах, мөрдөн шалгах, хамтын ажиллагаа гэсэн 4 үндсэн чиглэлийг удирдлага болголоо.

Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээг бий болгох, цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, таслан зогсоох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2.Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтыг дэвшүүлж байна:

2.2.1.хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсны үндсэн дээр уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах;

2.2.2.хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.2.3.хүн худалдаалах гэмт хэргээс урьчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

2.2.4.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр гадаад улс, олон улсын болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Гурав.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1.Хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсны үндсэн дээр уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээллийн санг бий болгох;

3.1.2.хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлын агуулга, хэлбэрийг тодорхойлох;

3.1.3.хүн худалдаалах гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтын гарын авлага бэлтгэх, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

3.1.4.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгөх;

3.1.5.хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.1.5.1.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийн сэжиг илэрсэн тохиолдолд хандах байгууллагын талаар мэдлэг олгох, тухайлбал, уг гэмт хэргийн хор уршгийн талаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг, цахим хичээл, зөвлөмж, сэрэмжүүлэг бүхий зурагт хуудас, сургалтын гарын авлага, сурталчилгааны материал зэргийг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, цахим орчин, сургууль, олон нийтийн газраар түгээх;

3.1.5.2.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, залуучуудад зориулсан сургалт явуулах, сургагч багш нарыг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэн сургууль, хүүхдийн асрамжийн төвүүдэд сургагч багш нарыг бэлтгэх;

3.1.5.3.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бүх шатны боловсролын байгууллагын нийгмийн ажилтан, хүүхдийн байгууллага, төрийн бус байгууллагын ажилтнуудыг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхтэй хамтран ажиллах;

3.1.5.4.нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах.

3.1.6.бэлгийн мөлжлөгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорилтот бүлгийг тодорхойлж, тэдгээрт чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.1.6.1.жил тутам зорилтот бүлгийн 20-иос доошгүй иргэнийг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах;

3.1.6.2.оролцоонд суурилсан бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, семинар, арга хэмжээг зохион байгуулах.

3.1.7.хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнд суурилсан арга хэмжээ зохион байгуулах;

3.1.8.хүний эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.1.8.1.хил хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах;

3.1.8.2.хүний эд эрхтэн, ялангуяа эхэс, ураг худалдах, худалдах зорилгоор тээх гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр олон улсын туршлагыг судлах, мэргэжилтэн бэлтгэх;

3.1.8.3.хилийн хяналтын байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах;

3.1.8.4.зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулах, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах.

3.1.9.хүүхэд хууль бусаар үрчлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхэд үрчлэлт, гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах ажилд тавих хяналтыг сайжруулах.

3.2.Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.хохирогч хамгаалах байр байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах;

3.2.2.хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх бүтцийг бий болгож, үйл ажиллагааг эхлүүлэх;

3.2.3.хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

3.2.4.гадаад улсад хохирогч болсон Монгол Улсын иргэнд туслалцаа үзүүлэх, эргүүлэн авчрах, Монгол Улсад хохирогч болсон гадаадын иргэнийг эх оронд нь буцахад туслалцаа үзүүлэх чиглэлээр олон улсын болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

3.2.5.хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 50-иас доошгүй хувийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар ханган нийгэмшүүлэх;

3.2.6.хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.2.6.1.хүн худалдаалах гэмт хэрэгт, ялангуяа хөдөлмөрийн мөлжлөг (мал маллах, морь унах, айлын хүүхэд харах, гуйлга гуйх гэх мэт)-т өртсөн, өртөж болзошгүй хүүхдийн судалгааг гаргаж, дахин гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх;

3.2.6.2.нийгмийн халамжийн болон хүүхэд хамгааллын чиглэлийн төсөл, хөтөлбөрт хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тусган хэрэгжүүлэх;

3.2.6.3.хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг хамгаалалтад авч эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд асрамжийн газар байлгах;

3.2.6.4.хохирогч хүүхдэд зөвлөгөө өгөх сэтгэл зүйч, хуульч, багш нарыг сургаж мэргэшүүлэх.

3.3.Хүн худалдаалах гэмт хэргээс урьчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий бие даасан бүтцийг байгуулах;

3.3.2.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн алба хаагчийг бэлтгэн нийслэл болон хүн худалдаалах гэмт хэргийн гаралт өндөртэй нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад ажиллуулах, цаашид тогттвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.3.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагыг холбогдох бусад байгууллагатай мэдээллийн нэгдсэн сүлжээгээр холбож мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн шаардлагатай техник хэрэгслээр хангах, мэдээллийн нэгдсэн сүлжээний хэвийн ажиллагааг ханган ажиллах ажилтныг бэлтгэх;

3.3.4.хүн худалдаадах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудад уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, гэмт хэргийг таслан зогсооход орчин үеийн техник, хэрэгслийг ашиглах ур чадвар эзэмшүүлэх, бусад орны хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанаас туршлага судлах зэрэг сургалтад хамруулах;

3.3.5.хүн худалдаалахтай тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, стандартыг баталж, мөрдүүлэн байгууллага хоорондын уялдаа, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.6.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх;

3.3.7.хүн худалдаалах гэмт хэргийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх төвийг байгуулах;

3.3.8.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.

3.4.Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр гадаад улс, олон улсын болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх 4 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1.Монгол Улсад хүн худалдаалахтай тэмцэх талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх;

3.4.2.хүн худалдаалах гэмт хэргийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх болон энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид үзүүлэх зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх;

3.4.3.Монгол Улсын иргэд ихээр зорчдог, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий улс орнуудтай хамтран ажиллах, тогтмол мэдээлэл солилцох сувгийг бий болгож, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

4.1.Хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл 4 жилийн хугацаагаар хэрэгжүүлнэ.

Тав.Хөтөлбөрийн санхүүжилт

5.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

5.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.1-д заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал;

5.1.3.олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж, хөтөлбөрийн санхүүжилт;

5.1.4.аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж;

5.1.5.бусад эх үүсвэр.

Зургаа.Хөтөлбөрийн хүрэх үр дүн

6.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

6.1.1.олон нийт болон зорилтот бүлэгт хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдлэгийг өгч, жил бүр зорилтот бүлгийн 30 хувийг хамруулах замаар 100 хувьд хүргэнэ.

6.1.2.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх олон нийтийн мэдлэг, хандлага дээшилж, уг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд ахиц дэвшил гарч, гэмт хэргийн тоо буурна.

6.1.3.хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийгмийн ажилтан, хүүхдийн сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтны энэ төрлийн гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дээшилнэ.

6.1.4.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын чадавх дээшилж, алба хаагчид мэргэшсэн байна.

6.1.5.хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны үйл ажиллагаа тогтмолжиж, хохирогчид хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бүрдсэн байна.

6.1.6.хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн иргэдийн 50-иас доошгүй хувийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар ханган нийгэмшүүлнэ

6.1.7.Монгол Улсын иргэд ихээр зорчдог, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий улс орнуудтай хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагаа өргөжинө.

6.1.8.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болж, энэ төрлийн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц дэвшил гарна.

6.1.9.НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс болон олон улсын байгууллагаас Монгол Улсад хүн худалдаалахтай тэмцэх талаар ирүүлсэн зөвлөмжүүд хэрэгжинэ.

Долоо.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөл хариуцна.

7.2.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөл бүх шатны Засаг дарга, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

Найм.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг жил бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дэд зөвлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ.

8.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулна.

8.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд зохих журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 

---оОо---