Хэвлэх DOC Татаж авах

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр

 тушаалын хавсралт

 

ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Төмөр замын гармыг нээх, түүний зэрэглэлийг тогтоох, дохио тэмдэг, төхөөрөмжөөр тоноглон ашиглах, хаахтай холбоотойгоор төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч, иргэд, авто замын байгууллага хооронд үүсэх харилцааг Төмөр замын тээврийн тухай болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайхууль, Замын хөдөлгөөний дүрэм,Төмөр замын техник ашиглалтын дүрмийн шаардлагад нийцүүлэн зохицуулна.

1.2.Энэхүү журамд заасан замын тэмдэг, тэмдэглэл, тэдгээрийг хэрэглэх, байрлуулахтай холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэхдээ холбогдох стандартуудыг мөрдөнө.

1.3.Энэхүү журмыг Монгол улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөнө.

1.4.Төмөр замын гарам нь төмөр замын болон авто замын хөдөлгөөнд оролцогч, түүнчлэн явган зорчигчоос өндөр сонор сэрэмж шаардах газар бөгөөд ямар ч тохиолдолд галт тэрэг, сэлгээний хөдөлгөөн онцгой давуу эрх эдэлнэ. Иймд гарам нь галт тэрэг болон тээврийн хэрэгсэл аюулгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх нөхцлийг хангахуйц байгууламжаар тоноглогдсон байна.

1.5.Ашиглагдаж байгаа гармын авто замыг сайжруулан засварлах, хуучин замтай нь зэрэгцүүлэн шинэ зам тавих үед төмөр замтай өөр түвшинд огтлолцуулах асуудлыг иж бүрэн шийдэж байвал зохино.

 

Хоёр. Гарам шинээр нээх ба хаах

2.1.Төмөр замын гарам шинээр нээх буюу төмөр зам ба авто замыг ижил бус түвшинд огтлолцуулах шийдвэрийг төмөр замын тээврийн аюулгүй байдал, гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал, хэрэгцээ шаардлагыг харгалзан төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

2.2.Гарам нээхийг сонирхогч этгээд нутгийн өөрөө удирдах байгууллага болон суурь бүтэц эзэмшигчийн саналыг авч төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана. Гарам нээхтэй холбоотой зардлыг сонирхогч этгээд хариуцна.

2.3.Дараах нөхцөлөөс бусад тохиолдолд гарам нээж болно:

  • I, II, III зэрэглэлийн гарам байгуулахад шаардагдах техникийн нөхцөлтэй;
  • 100 км/цагаас дээш хурдтай галт тэрэг явдаг төмөр замын шугамд;
  • төмөр замын 3 ба түүнээс дээш гол шугамтай огтлолцсон;
  • ашиглалтад байгаа гармаас 2 тийш 5 км-ээс доошгүй зайд;
  • трамвай, троллейбусны хөдөлгөөн явдаг ба цаашид явагдах;
  • гарам байгуулах газар нь сэтэрхийд байрласан, түүнчлэн шинээр байгуулагдах гарам нь үзэгдэлтийн нөхцлийг хангахгүйгээс зайлшгүй жижүүр ажиллуулах шаардлага тавигдах.

2.4.Дээр дурдсанаас бусад нөхцөлд суурь бүтэц эзэмшигч, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн болон авто замын байгууллагуудтай зөвшилцөн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зөвхөн IV зэрэглэлийн гармыг нээж болно.

2.5.Ашиглагдаж байгаа гармаар трамвай, троллейбусны хөдөлгөөн нээхийг хориглох ба зохицуулалтгүй гармаар автобусны хөдөлгөөний чиглэлийг шинээр нээх шаардлага гарвал суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр, нутгийн өөрөө удирдах байгууллага эсвэл сонирхогч талын хөрөнгөөр санхүүжүүлэн уг гармыг дохиоллын төхөөрөмжөөр тоноглосны дараа нээж болно.

2.6.Явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй гудамж, талбайг дайран өнгөрч буй гарамд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хажуугаар тусгайлан явган зорчигчид зориулсан зам гаргаж өгнө.

2.7.Өртөө болон өртөө хоорондын замд нэг түвшинд огтлолцсон явган хүний гармыг нээх шаардлага гарвал аюулгүй байдлыг хангах (мэдэгдэх ба анхааруулах дохио тэмдгээр тоноглох г.м) арга хэмжээг авсны дараа нутгийн захиргааны байгууллага болон суурь бүтэц эзэмшигчийн саналыг харгалзан төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр нээнэ.

2.8.Гармыг түр хугацаагаар хаах ба бүрмөсөн татан буулгах шийдвэрийг тухайн нутгийн өөрөө удирдах байгууллага болон суурь бүтэц эзэмшигчийн саналыг харгалзан төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

2.9.Гармыг хаах, зохицуулалтыг татан буулгахаас 30 хоногийн өмнө уг гарман дээр "Гарам ... он ... сар ... өдрөөс эхлэн хаагдана", "Гарам... он ... сар ... өдрөөс эхлэн зохицуулалтгүй ажиллагаанд шилжинэ" гэсэн зарлалыг үзэгдэхүйц газар тодоор бичиж тавина. Суурь бүтэц эзэмшигч нь гармаар гарах хөдөлгөөнийг хаах тухай 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

2.10.Хаагдаж байгаа (түр ба бүрмөсөн) гармын шалавчийг задлан авч, захын зам төмрөөс 10 метрийн зайд авто замын бүх өргөнд нь саадыг тавих ба шаардлагатай бол саадаас дотогш 2 метрийн зайд шуудуу татаж өгнө.

Хаагдаж байгаа гармын тэмдгүүдийг авч оронд нь тойрч явах чиглэлийг заасан тэмдгүүдийг гармын 2 талд тавьсан байна. Хаагдаж байгаа гармын бүх тоноглол болон гармын дохиоллын төхөөрөмжийг задлан авах ба түр хугацаагаар хаах гармын хувьд бол дохиоллын төхөөрөмжүүдийг салгаж, гар ажиллагаатай хаалтыг хааж, цоожилно.

 

Гурав. Иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

3.1.Гармын хэвийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх үүргийг суурь бүтэц эзэмшигч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч хүлээнэ.

3.2.Гармын техникийн нөхцөл, шаардлагыг хангах засвар, үйлчилгээний зардлыг тухайн гарам байрлаж байгаа нийтийн болон дагнасан хэрэглээний төмөр зам эзэмшигч, иргэн ба хуулийн этгээд хариуцна.

3.3.Тодорхой иргэн ба хуулийн этгээдийн хувийн эзэмшлийн авто болон явган хүний замтай огтлолцсон төмөр замын гармын техникийн нөхцөл, шаардлагыг хангах, засвар үйлчилгээний зардлыг тухайн иргэн ба хуулийн этгээд хариуцна.

3.4.Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн замын засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагын удирдлагаар ахлуулсан комисс жилд 2 удаа /хавар, намар/ гармуудад үзлэг хийнэ. Комиссын бүрэлдэхүүнд гармын засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагуудын төлөөлөл, төмөр замын тээвэрт хяналт тавих эрх бүхий этгээд, цагдаагийн ба авто замын байгууллага, тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчдийг оролцуулна. Үзлэгийн үр дүнгээр тусгай төлөвлөгөө гарган, илэрсэн зөрчлийг арилгах хугацаа, хариуцагчийг зааж, гармыг энэхүү журмын шаардлагуудад нийцүүлнэ.

3.5.Гармыг хаах, зохицуулалтыг татан буулгах, гарманд засвар, үйлчилгээ хийх зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах, ойролцоох гүүр, хиймэл төхөөрөмжийг ашиглан тойруулан гаргах зэрэгт урьдчилан мэдээлэх, нэмэлт дохио тэмдэг, анхааруулах самбар, зарлал тавих арга хэмжээг суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчид хариуцна.

3.6.Гармын ашиглалтыг хариуцах этгээд өөрөө буюу гэрээний дагуу зохих стандарт, дүрэм, журамд нийцүүлэн гармын техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.

3.7.Орон нутгийн болон улсын чанартай авто замтай огтлолцсон нийтийн хэрэглээний гармын авто замын засвар, үйлчилгээг хариуцсан байгууллага дараах үүргийг хүлээнэ:

3.7.1.Энэхүү журмын 3.4дүгээр зүйлд заасан комиссын үзлэгээр илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд нь засаж арилгах;

3.7.2.Гармаар нэвтэрч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралын тооцоог гармын засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагад жилд нэгээс доошгүй удаа гарган өгч, гармын зэрэглэл тогтооно;

3.7.3.Гармын зохицуулалтыг татан буулгах тохиолдолд холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн замын тэмдгүүдийг солих, шинээр тоноглох;

3.7.4.Төмөр замтай огтлолцож буй хэсгийн авто замыг засварлах, зохицуулалттай гармын хувьд хөндлөвч хаалтнаас, зохицуулалтгүй гармын хувьд “төмөр замын гарам” тэмдгээс гадагш хэсэг дэх замын тэмдэг, тэмдэглэл, хашлага шонгуудыг байрлуулах, засвар, үйлчилгээ хийх;

3.7.5.Гарман дээр болон гармын ойролцоо авто замын засвар, үйлчилгээний ажил гүйцэтгэх үед тээврийн хэрэгслийг гармаар нэвтрүүлэх, тойруулан гаргах, гармын дохиоллын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах асуудлыг гармын засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагатай зөвшилцөх.

3.8.Тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ:

3.8.1.Төмөр замын гармаар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль, Замын хөдөлгөөний дүрэм ба энэхүү журмын заалтыг чанд мөрдөх;

3.8.2.Төмөр замын гармын дохиоллын төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдсан нөхцөлд хөдөлгөөнийг зохицуулах талаар гармын жижүүрээс тавьсан шаардлагыг биелүүлэх;

3.8.3.Гэмтлийн улмаас гармын дохиоллын төхөөрөмжүүд буруу дохиолох болон ажиллагаа нь зогссоныг илрүүлвэл төмөр замын болон цагдаагийн байгууллага, ажилтанд нэн даруй мэдээлэх;

3.8.4.Гарманд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл, саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх;

3.8.5.Гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл (гар утас, чихэвч гэх мэт) хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах.

3.9.Төмөр замын гармаар мал тууж гаргах иргэн, хуулийн этгээдийн ажилчин нь дараах үүргийг хүлээнэ:

3.9.1.Гарманд ойртмогц өндөр сонор сэрэмжтэй байж, дохиоллын төхөөрөмж болон дохио тэмдгийн заалтыг хатуу баримтлах ба гармаар мал тууж гаргахдаа гармын жижүүр, төмөр замын ажилтны заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;

3.9.2.Гармаар 500-гаас дээш тооны мал тууж гаргах бол гармын засвар, үйлчилгээ хариуцсан байгууллага, ажилтанд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах;

3.9.3.Төмөр замын гарам, тусгай гарцаар мал тууж гаргахдаа төмөр зам дээр мал гаргахгүй байх нөхцлийг хангаж чадахуйц тооны хүн хүчтэй байх;

3.9.4.Сүргийг төмөр замаас 200 метрээс ойргүй зайнд зогсоож хорьсон байх ба мал туугч иргэн гарман дээр очиж галт тэрэг ойртон ирж яваа эсэхийг магадласны дараа хэрэв гарам нь зохицуулалттай байвал жижүүрээс зөвшөөрөл авч, төмөр зам дээр мал гарахаас хамгаалан хоёр талаар нь хүмүүсээ зогсоосны дараа малыг тууж гаргах ажлыг эхлэх, хэрэв зохицуулалтгүй гарам дээр бол мал туугчдаас хоёр нь малыг тууж гаргаж дуустал галт тэрэг ойртон ирж байгаа эсэхэд хяналт тавьж байхаас гадна төмөр зам дээр мал гаргахгүй байх;

3.9.5.Гармаар тууж гаргасан мал сүргийг төмөр замаас 200метрээс ойргүй зайнд холдуулан, найдвартай хариулгатай байлгах;

3.9.6.Цөөн тооны малыг хөтлөлгүй гаргах, шөнийн харанхуй цагт болон үзэгдэх орчин хязгаарлагдсан, манан, будантай, шороон ба цасан шуургатай зэрэг байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд гармаар мал гаргахыг хориглоно.

 

Дөрөв. Гармын зэрэглэл ба ангилал

4.1.Төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн болон галт тэрэг, сэлгээний хөдөлгөөний нягтрал, түүний шинж байдлаас хамааруулан гармыг дөрвөн зэрэглэлд хуваана: (Журмын хавсралт-1)

4.1.1.Дараах гармыг I зэрэглэлийн гарманд хамааруулна.

  • Хоногт 17 ба түүнээс олон галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 7001 ба түүнээс олон тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;
  • Хоногт 101 ба түүнээс олон галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 3001 ба түүнээс олон тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;

4.1.2.Дараах гармыг II зэрэглэлийн гарманд хамааруулна.

 

  • Хоногт 16 ба түүнээс цөөн галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 7001 ба түүнээс олон тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;
  • Хоногт 17-100 галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 3001-7000 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;
  • Хоногт 101-200 галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 1001-3000 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;
  • Хоногт 201 ба түүнээс олон галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 201-1000 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;

4.1.3Дараах гармыг III зэрэглэлийн гарманд хамааруулна.

  • Хоногт 16 ба түүнээс цөөн галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 3001-7000 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;
  • Хоногт 17-100 галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 1001-3000 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;
  • Хоногт 101-200 галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 201-1000 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;

 

  • Хоногт 200 ба түүнээс олон галт тэрэг аялдаг төмөр замын шугам дахь хоногт 200 ба түүнээс цөөн тээврийн хэрэгсэл өнгөрдөг гарам;

4.1.4.Бусад бүх гармыг IY зэрэглэлийн гарманд хамааруулна.

4.2.Ашиглагдаж байгаа гармаар хоногт өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо нь 40000-аас их болсон тохиолдолд авто ба төмөр замыг хоёр өөр түвшинд огтлолцуулах асуудлыг нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хариуцна.

4.3.Гармыг ажиллагаагаар нь зохицуулалттай ба зохицуулалтгүй гэж ангилна.

4.4.Гармыг дохиоллын төхөөрөмж, байгууламжаар тоноглосон эсвэл гармын жижүүр ажиллаж байвал түүнийг зохицуулалттай гарам гэнэ.

4.5.Дараах тохиолдлуудад гарман дээр байнгын жижүүр ажиллуулна:

4.5.1.Дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон эсэхээс үл хамааран галт тэрэг 100 км/цагаас илүү хурдтай өнгөрдөг болон бүх I зэрэглэлийн гармууд;

4.5.2.Төмөр замын гурав ба түүнээс олон гол шугамтай огтлолцсон гармууд дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон эсэхээс хамаарахгүйгээр;

4.5.3.Үзэгдэлт муутай II зэрэглэлийн гарам болон хоногт дунджаар 17 ба түүнээс олон галт тэрэг аялдаг II зэрэглэлийн гарманд үзэгдэлтийн нөхцөл, гармын дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон эсэхээс хамаарахгүйгээр;

4.5.4.Хоногт 17 ба түүнээс олон галт тэрэг аялдаг үзэгдэлт муутай III зэрэглэлийн гарам болон хоногт 201 ба түүнээс олон галт тэрэг аялдаг III зэрэглэлийн гарманд үзэгдэлтийн нөхцлийг харгалзахгүйгээр;

4.6.Энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу хоногт 16 ба түүнээс цөөн галт тэрэг, сэлгээний хөдөлгөөнтэй гол шугам, нийтийн ба дагнасан хэрэглээний замууд дахь хоногт 200 ба түүнээс цөөн тээврийн хэрэгсэл өнгөрдөг IY зэрэглэлийн гармыг дохиоллын төхөөрөмжөөр тоноглохгүй байж болно. Тийм гармыг зохицуулалтгүй гармын ангилалд хамааруулна.

4.7.Гармын зэрэглэл, хөдөлгөөний нягтралыг энэхүү журмын 3.4 дүгээр зүйлдзаасан комисстодорхойлох ба бодит шаардлага гарсан үед гармын хөдөлгөөний нягтрал, түүний ажиллагааны нөхцөл зэргийг дахин тогтоох үзлэгийг хийж болох ба жилд хоёроос олон удаа хийх шаардлагагүй.

4.8.Гармын зэрэглэл тогтоохдоо гармаар өнгөрч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 2-3 хоногийн турш тооллого хийж дундажлах, эсвэл тухайн орон нутгийн авто замын байгууллагаас гаргаж өгсөн өгөгдөхүүнийг ашиглана. Эдгээрийн дүнд зохицуулалттай болгох, гармын жижүүр ажиллуулах, зохицуулалтыг татан буулгах, гармыг хаах асуудлыг судлан тогтоож шийдвэрлүүлнэ.

 

Тав.Гармын зохицуулалт ба үзэгдэлтийн нөхцөлд тавигдах шаардлага

5.1.Гармыг түүний зэрэглэл, үзэгдэлтийн байдлаас нь хамааруулан дохиоллын төхөөрөмжөөр тоноглоно.

5.2.Гармын жижүүр ажиллах гарам нь хоногийн турш буюу 24 цагийн ажиллагаатай байна. Гармаар өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралтай уялдуулан жижүүрийн ажиллах хугацааг суурь бүтэц эзэмшигч өөрөөр тогтоож болно. Тийм гармын жагсаалт, жижүүр хамгаалахгүй байх үеийн цагийн хуваарийг суурь бүтэц эзэмшигч нь цагдаагийн байгууллагатайзөвшилцсөний үндсэн дээр тогтооно.

5.3.Хоногийн турш болон хоногийн тодорхой хугацаанд жижүүртэй байдаг гармыг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан үндсэн шаардлагын дагуу гармын дохиоллын төхөөрөмжөөр тоноглоно. Харин хоногийн тодорхой хугацаанд жижүүртэй байдаг зохицуулалттай гарманд жижүүр ажиллахгүй хугацаанд нь автоматболон цахилгаан механик хаалтыг нээлттэй байдалд нь тавьж түгжих бөгөөд автомат гэрлэн дохионы хэвийн ажиллагааг ханган үлдээнэ.

5.4.Хэрэв жижүүр ажиллахгүй хугацаанд гармаар өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах бол уг гармыг гар ажиллагаатай хаалт буюу хаалгаар тоноглон, хаалт, хаалгыг хааж, цоожлон үлдээнэ.

5.5.Зохицуулалтгүй гарман дээр орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралтай уялдуулан цагдаагийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гармыг гар ажиллагаатай хаалт ба хаалгаар тоноглон, хааж цоожилсноор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоож болох ба гармаар тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж болох цагийн хуваарийг жолооч нарт үзэгдэхүйц газар байрлуулна.

5.6.Төмөр замын шугам бүхий суурин газар ба өртөөний хязгаарт байгаа орон нутгийн аж ахуйн чанартай, хоногийн тодорхой хугацаанд ашиглагддаг гарманд орон нутгийн нөхцлөөс хамааруулан, ашиглагч талын зардлаар нэг буюу хоёр ээлжийн жижүүр ажиллуулж болно.

5.7.Ашиглагдаж байгаа гармуудад төмөр замын захын зам төмрөөс 50 метр ба түүнээс ойр зайд ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хоёр талаас ирж байгаа галт тэргийг дараах зайнд харж чадаж байвал уг гармын үзэгдэлтийг хангалттайд тооцно.

- галт тэрэгний хурд 121 - 140 км/цаг хүртэл бол 500 метр;

- галт тэрэгний хурд 81 - 120 км/цаг хүртэл бол 400 метр;

- галт тэрэгний хурд 41 - 80 км/цаг хүртэл бол 250 метр;

- галт тэрэгний хурд 26 - 40 км/цаг хүртэл бол 150 метр;

-галт тэрэгний хурд 25 км/цаг ба түүнээс бага бол 100 метр.

5.8.Авто замыг шинээр тавих буюу дахин шинэчлэхдээ тээврийн хэрэгслийн жолооч нь гарман дээрх авто замын гадаргууг харж чадах (авто замын барилгын норм ба дүрэмд заасан) тооцооны зайд ирэхдээ гармаас 400 метрээс багагүй зайнд ойртон ирж байгаа галт тэргийг, харин галт тэрэгний машинч нь гармаас 1000 метрийн зайнд ойртон ирэхдээ гармын дунд хэсгийг харж чадаж байхаар гармын үзэгдэлтийг хангасан байна.

Зургаа. Гармын бүтэц ба тоноглол

6.1.Гармын бүх төхөөрөмж байгууламжууд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хууль, Төмөр замын техник ашиглалтын дүрэм, нэг маягийн батлагдсан зураг төсөл ба энэхүү журмын шаардлагыг хангасан байна. Гармын зураг төслийг зохиох, барьж байгуулахдаа барилгын норм ба дүрмийн стандарт, шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.

6.2.Гармыг төмөр замын ба авто замын шулуун хэсэгт, сэтэрхийн хязгаараас гадагш, үзэгдэлт нь хангалттай байх газар байрлуулна. Авто замыг төмөр замтай эгц хөндлөн огтлолцуулна. Хэрэв ийм боломжгүй байвал огтлолцож байгаа замуудын хоорондох өнцөг 60 градусаас багагүй байвал зохино. Үүнээс илүү хурц өнцөг гарган огтлолцуулахыг хориглоно.

6.3.Авто замын төмөр замд ойртох хэсэгт захын зам төмрөөс 2 тийш 20 метрээс багагүй зайд тэгш талбай гаргаж өгнө. Төмөр замын тахир хэсэгт нэг зам төмөр нь нөгөөгөөс 150 мм хүртэл өндөр тавигддаг тул авто замын түвшинд энэ хэмжээтэй зохицсон налуу гаргана. Өөрөөр хэлбэл авто зам нь төмөр замын тахир хэсэгт байгуулагдсан гармаас 2 тийш тус бүр 20 метр зайд нэг ижил хэвгий налуутай байна. Тэгш талбай болон нэг ижил налуутай хэсгээс цааш 50 метрээс багагүй зайд авто зам нь 30‰-ээс ихгүй (50 метр зайд 1,5 метрээс ихгүй) налуу, өгсүүртэй байна.

6.4.Хүнд нөхцөлд (уулархаг газар, хотын гудамж гэх мэт) гармыг байгуулахад уг журмын 6.2 ба 6.3 дугаар зүйлд зааснаас өөрөөр байгуулж болох бөгөөд зураг төсөлд суурь бүтэц эзэмшигч, цагдаагийн ба авто замын байгууллага, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авна.

6.5.Төмөр замын дагуу мод тарих, ойн зурвас байгуулах үед гармаас 50 метрийн зайд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь 500 метрээс багагүй зайнд ирж яваа галт тэргийг харж чадах нөхцлийг хангасан байна.

6.6.Гармын шалавч, ойртох хэсэг, хашлага, шон, зэргээс бүрдсэн гармын зорчих хэсэг нь дараах шаардлага нөхцлийг хангасан байвал зохино:

6.6.1.Гармын өргөн нь авто замын өргөнөөс багагүй байх ба ямар ч үед 7 метрээс багагүй байна;

6.6.2.Гармын шалавч нь модон ба төмөр бетонон эсвэл тусгай зориулалтын резинэн материалаар хийгдсэн байж болно;

6.6.3.Гармын модон ба төмөр бетонон шалавч доор таарах хэсэгт төмөр зам нь модон дэртэй байна. Харин резинэн шалавч тавих бол төмөр бетонон дэртэй байж болно;

6.6.4.Шалавчийг дэрэнд бэхлэх ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ;

6.6.5.Царигийн гадна талын шалавч нь зам төмрийн толгойн гадаргуутай нэг түвшинд байна. Модон шалавчтай үед зам төмрийн толгойг трактор, индүү гэх мэтээр гэмтээх, зам төмрийн гүйдлийн хэлхээг холбохоос урьдчилан сэргийлж царигийн дотор талын шалавчийг зам төмрийн толгойн түвшнээс дээш 30-40 мм өндөр хийнэ. Харин төмөр бетонон ба резинэн шалавчтай үед батлагдсан зургийн дагуу дотор талын шалавчийг зам төмрийн толгойн гадаргуутай нэг түвшинд хийж болох ба ямар ч тохиолдолд гадна ба дотор талын шалавчны түвшин зам төмрийн толгойн түвшнээс нам байж болохгүй;

6.6.6.Мал тууж гаргах зориулалттай гармын шалавчны өргөн 4 метрээс багагүй байна;

6.6.7.Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний дугуйн дэлийг гармаар саадгүй өнгөрүүлэхийн тулд дотор талын шалавчны 2 талаар ховил гаргаж өгнө. Ховилын төгсгөлүүдийн 50 см урттай хэсгийг царигийн дотор тал руу зам төмрийн жирээнээс 25 см холдуулан нугалж өгсөн байна. Гармын ховил нь өргөнөөрөө 75-110 мм, гүнээрээ 45 мм-ээс багагүй байвал зохино.

6.6.8.Зохицуулалтгүй гармаар хариулгагүй мал нэвтрэх, төмөр зам дээр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авто зам талын ойртох хэсэгт нь мал хорих төхөөрөмж байрлуулж болно. Мал хорих төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай гармуудын жагсаалт, зураг, ашиглах журмыг суурь бүтэц эзэмшигч батална.

6.7. Жижүүр ажилладаг, зохицуулалттай гарам нь гармын шалавчнаас 2 тийш 50 метр зайд, төмөр замын царигийн дотор талд зөөврийн улаан дохио байрлуулах зориулалтын суурьтай, төмөр замын гол шугам ба өртөөний хязгаар дахь жижүүр ажилладаг, зохицуулалттай гармын шалавчны хоёр талд хөдлөх бүрэлдэхүүний доод талын оврыг шалгах байгууламжтай байна. (Зураг-1) Доод оврыг шалгах байгууламжийг ашиглах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Зураг-1. Доод овор шалгах байгууламж:1 - 140х1300х15 мм хэмжээтэй модон хөндлөвч; 2 - боолт буюу шурган бэхэлгээ; 3 - ац бүхий төмөр гадас; 4 - модон дэр.

6.8. Гармын хаалт, хашлага, хаалтын болон дохионы шонгууд нь авто замын зорчих хэсгийн захаас 0,75 метрээс багагүй зайд байрлана.

6.9.Гарманд ойртон ирэх хэсэгт төмөр замын дагуу галт тэрэгний машинчаар дуут дохио өгүүлэх зориулалтын байнгын "Ш" (шүгэл) тэмдэг, харин авто зам талаас холбогдох стандартын дагуу “төмөр замын гарам” тэмдгийн аль тохирохыг тавина. "Ш" (шүгэл) тэмдгийг галт тэрэг ирэх чиглэлийн баруун гар талд, гармаас 500-1000 метр зайд, 100 км/цагаас дээш хурдтай галт тэрэг аялдаг бол 800-1500 метр зайд байрлуулна. Энэ журмын 5.7 дугаар зүйлд заасан нөхцлийг хангаж чадаагүй гармын шалавчнаас хоёр тийш 250 метр зайд, хэрэв галт тэрэг 120 км/цагаас дээш хурдтай явдаг бол 400 метр зайд байнгын "Ш" тэмдгээс гадна нэмэгдэл "Ш" тэмдэг тавина.

6.10.Цахилгаан зүтгүүр ажилладаг төмөр замын шугамтай огтлолцсон газар дахь гармын хоёр талд захын зам төмрөөс 8,5 метр зайд, хэрэв уг гарам нь автомат болон цахилгаан хаалтаар тоноглогдсон бол хаалтнаас гадагш 1 метрээс ойргүй зайд авто замын ирмэгээс 1,75 метрт 4,7 метр өндөртэй оврын хаалгыг байрлуулна.

6.11.Гармын хаалт болон оврын хаалганаас гадагш, хэрэв хаалт болон оврын хаалгагүй бол “төмөр замын гарам” тэмдгээс гадагш холбогдох стандартад заасан ёсоор “төмөр замын хаалттай гарам” эсвэл “төмөр замын хаалтгүй гарам” тэмдгийн аль тохирохыг тавина.

6.12.Зохицуулалттай гармууд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний баруун гар талд байрлах, автомат болон цахилгаан, механик хаалтаар тоноглогдоно. Зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал, чиглэлээс шалтгаалан хаалтыг 2 талд нь байрлуулж болно.

6.13.Автомат болон цахилгаан хаалтын уртыг авто замын зорчих хэсгийн өргөнөөс хамааруулан дараах хэмжээгээр тогтоох ба ямар ч тохиолдолд автомат болон цахилгаан хаалтын урт нь авто замын зорчих хэсгийн өргөний 2/3-оос багагүй хэсгийг бүрэн хааж чадахуйц байх ёстой:

- Авто зам нь 6 метр хүртэл өргөнтэй бол 4 метрээс багагүй;

- Авто зам нь 6-10 метр өргөнтэй бол 6 метрээс багагүй;

- Авто зам нь 10 метрээс дээш өргөнтэй бол 8 метрээс багагүй.

6.14.Хаалтуудыг уртаас нь хамааруулан төмөр замын захын зам төмрөөс доорх зайд байрлуулна:

- Урт нь 4 метр бол 6 метрт;

- Урт нь 6 метр бол 8 метрт;

- Урт нь 8 метр бол 10 метрт;

6.15.Гар ажиллагаатай хаалт нь авто замыг бүрэн хаахаар хийгдэнэ.

6.16.Хаалтуудын хаах хөндлөвч нь шөнийн цагт болон манан будан гэх мэт үзэгдэлт муутай үед асаахад зориулагдсан дохионы гэрэлтэй, аль эсвэл гэрэл ойлгогчтой байвал зохино. Хөндлөвч дээр байрлуулсан дохионы гэрэл нь авто зам руу харж асах ба хаалт нь хаалттай байдалд байвал улаан, нээлттэй байдалд байвал тунгалаг цагаан, харин төмөр зам талдаа хаалттай, нээлттэй аль ч тохиолдолд хяналтын тунгалаг цагаан гэрэлтэй байна.

6.17.Хаалтын хөндлөвчийг баруун гар тийш 45-50 градусаар налуулсан улаан ба цагаан өнгийн тосон будгаар алаглуулан будах ба нэг өнгийн зурвасын өргөн нь 500-600 мм байна. Хаах хөндлөвчийн төгсгөлийн 250-300 мм өргөн хэсгийг туушид нь улаан будгаар будна. Үзэгдэлтийг нь сайжруулахын тулд хөндлөвчийг гэрэл ойлгогчтой будгаар будах эсвэл гэрэл цацруулагчтай хийнэ.

6.18.Автомат болон цахилгаан, механик хаалтуудын хэвийн байдал нь “нээлттэй” байрлалаар тогтоогдоно. Харин орон нутгийн онцлогтой холбогдуулан цахилгаан болон механик хаалтуудын хэвийн байдлыг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр “хаалттай” байрлалаар тогтоож болно.

6.19.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал ихтэй авто замтай болон зорчигчийн хурдан галт тэрэг аялдаг төмөр замтай огтлолцсон, автомат хаалтаар тоноглогдсон, зохицуулалттай, жижүүртэй гарманд тээврийн хэрэгсэл хаалтыг өнгөрч төмөр замын аюултай бүсэд нэвтрэхээс сэргийлэн автомат ажиллагаатай сөхөгддөг саадыг авто зам дээр нэмэлтээр байрлуулж болно.(Зураг-2) Автомат ажиллагаатай сөхөгддөг саад нь авто замыг бүрэн хаахаар тоноглогдсон байх бөгөөд тэдгээрийг автомат хаалтнаас дотогш төмөр зам талд нь байрлуулна.

Зураг-2.Автомат ажиллагаатай сөхөгддөг саад: 1 - сөхөгддөг саад; 2 - хашлага шон; 3 - гармын хаалт; 4 - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох гэрлэн дохиолол; 5 - замын анхааруулах тэмдэг.

6.20.Сөхөгддөг саад нь гармын жижүүрийн хяналтад байх бөгөөд ийм төхөөрөмжөөр тоноглогдсон гармуудад “төмөр замын хаалттай гарам” тэмдгийн доор “Анхаар сөхөгддөг саад” гэсэн тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийж тавина.

6.21.Төмөр замтай огтлолцсон эсрэг хөдөлгөөнтэй, хоёр буюу гурван эгнээгээр зорчдог авто замын эсрэг урсгалыг үргэлжилсэн шугаман тэмдэглэлээр захын зам төмөр хүртэл 100 метр урттайгаар тусгаарлана. Нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог авто замын хувьд төмөр замын гармын өмнө эгнээнүүдийн хилийг үргэлжилсэн шугаман тэмдэглэлээр 20 метрээс (тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд нь 60 км/цагаас их бол 40 метрээс) багагүй урттайгаар тэмдэглэнэ.

6.22.Гармын жижүүрийн байр нь авто зам руу харсан гарах хаалгатай байна. Хэрэв төмөр зам руу харсан хаалгатай бол хаалга ба төмөр замын хооронд хашлага хийж өгсөн байх хэрэгтэй.

6.23.Зохицуулалттай гармууд нь гэрэлтүүлэгтэй байвал зохино. Гармын гэрэлтүүлэг нь гармын шалавч, дохиоллын төхөөрөмж, байгууламж, гармын жижүүрийн байрыг бүрэн гэрэлтүүлж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой зохицуулалтгүй гарман дээр шалавчнаас 2 тийш төмөр зам тал руу нь 50 метрээс ихгүй зайд гэрэлтүүлгээр нэмж тоноглож болно.

6.24.Гармын гэрэлтүүлгийн хэмжээ доор зааснаас бага байж болохгүй:

- I зэрэглэлийн гарманд 5 лк;

-II зэрэглэлийн гарманд 3 лк;

- III зэрэглэлийн гарманд 2 лк;

- IV зэрэглэлийн гарманд 1 лк.

6.25.Гармын дохиоллын төхөөрөмжийг цахилгаан, эрчим хүчээр хангах хангалт нь мөрдөгдөж байгаа норм, дүрмийн хэмжээнд тохирсон байна. Тогтмол гүйдлийн зам төмрийн хэлхээтэй гармын дохиоллын төхөөрөмжид зориулж 8-аас багагүй цаг тасралтгүй ажиллаж чадах хүчин чадал бүхий зай хураагуурыг нөөцөнд тавьж өгнө.

6.26.Жижүүртэй гарам нь аль ойрхон байгаа өртөө буюу посттой шууд утсан харилцаатай байх ба диспетчерийн төвлөрүүлэлтээр тоноглогдсон хэсэгт бол галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч болон замын засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагын жижүүртэй (диспетчертэй) ярих холбооны хэрэгслээр тоноглогдсон байна. Эдгээр холбооны хэрэгслүүд нь дотор ба гадна талын хонх, дуут дохиололтой байна.

6.27.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал ихтэй, зохицуулалттай, жижүүртэй гарман дээр зарлан мэдээлэх төхөөрөмж, галт тэрэгний чиглэл заагч, дүрс бичлэгийн болон хэмжилт хяналтынтөхөөрөмж /камер/, радио холбоогоор нэмж тоноглож болно.

6.28. Гармыг дохиоллын төхөөрөмжөөр тоноглох үндсэн шаардлагуудын дагуу автомат ажиллагаатай төхөөрөмжүүдээр тоноглоно. (Журмын хавсралт-2) Дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон гармын авто замын дэнж дээр тавигдсан ээлжлэн анивчих улаан гэрэл бүхий дохио нь доорх дохиолол, мэдээллийг өгнө:

- анивчсан улаан гэрлээр гармаар тээврийн хэрэгсэл гарахыг хориглох;

- дохиоллын гэрлүүд асахгүй байвал тээврийн хэрэгслийн жолооч нь гармын дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдоогүй, зохицуулалтгүй гармаар гарах журмыг баримтална.

Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн жолооч нь гарманд галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг магадласны дараа гармаар гарах үүрэгтэй.

6.29.Гарам нь автомат гэрлэн дохиолол болон автомат хаалтаар тоноглогдсон үед галт тэрэг гарманд ойртон ирэхээс өмнө тээврийн хэрэгслүүд гармыг бүрэн чөлөөлж чадах хугацаанд авто замын зүг дохио өгч эхлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Хэрэв гарам автомат хаалтаар тоноглогдсон байвал ээлжлэн анивчсан улаан гэрлүүд асч, тодорхой хугацаа өнгөрсний дараа хаалтны хөндлөвч доош бууж хэвтээ байрлалтай болно. Галт тэрэг гармыг бүрэн чөлөөлөх хүртэл автомат хаалтууд хаалттай байх ба автомат гэрлэн дохиолол ажиллаж байна. Галт тэрэг гармыг бүрэн чөлөөлсний дараа хаалтууд өргөгдөж, дараа нь гэрлэн дохионы улаан гэрлүүд унтарна.

6.30.Зөвхөн нэг чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн дан төмөр замтай хоорондын замаар эсрэг чиглэлийн, хос ба олон замтай хоорондын замаар зам тус бүрт тогтоогдсоноос өөр чиглэлийн галт тэргийг явуулсан үед анивчсан улаан гэрлүүд унтарч, хаалтуудын хөндлөвчийг босоо байдалд болгож өргөх ажиллагаа нь гармын цаана галт тэрэгний явах чиглэлд байрлуулсан ойртох хэсгийг чөлөөлсний дараа гүйцэтгэгдэнэ.

6.31.Автомат дохиололтой, хагас автомат ажиллагаатай хаалтаар тоноглогдсон гармын ойртох хэсэг галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдэх (хэрэв өртөөний хязгаарт бол замнал түгжигдэн дохио нээгдсэн эсвэл өртөөний жижүүр товрууг дарсан) мөчөөс эхлэн анивчсан улаан гэрлүүд асч, дуут дохиолол (хонх) ажиллаж эхэлнэ. Энэ үед хаалтууд автоматаар хаагдана. Ийм төрлийн гармын дохиоллын төхөөрөмжүүд нь шаардлагатай үед гармын жижүүр “хаалтыг нээх” товрууг дарсны дараа хаалтууд нээгдэх боломжтой байдлаар тоноглогдсон байж болно.

6.32.Цахилгаан хаалттай, автомат дохиололтой гармын ойртох хэсэг галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдэх мөчөөс эхлэн гармын дохиоллын анивчсан улаан гэрлүүд асч, хонх дуугарч эхэлнэ. Энэ үед гармын жижүүр нь “хаалтыг хаах” товрууг дарж цахилгаан хаалтуудыг хаана.

6.33.Өртөөний хязгаарт байрласан, дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон гармыг хаах зориулалтын “гармыг хаах” нэртэй товрууг өртөөний жижүүрийн удирдлагын самбарт байрлуулах ба өртөөнөөс галт тэрэг явуулах, хүлээн авах, сэлгээний ажлыг зохион байгуулахдаа холбогдох ажилтан доорх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.33.1.Өртөөний жижүүр нь гарам байрлаж буй өртөөний хязгаарт галт тэрэгний болон сэлгээний ажлыг давхцуулан гүйцэтгэх нөхцөлд гармын жижүүрт мэдэгдэж анхааруулах;

6.33.2.Өртөөний жижүүр нь өртөөнөөс галт тэргийг явуулахдаа гарах дохиог нээх ба галт тэргийг явуулах хоорондын хугацааг аль болохоор богиносгож гарман дээр тээврийн хэрэгсэл бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлэх;

6.33.3.Өртөөний жижүүр нь өртөө талаас галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүнийг дохионы хориглосон заалтаар явуулах бол “гармыг хаах” товрууг дарж гармын автомат дохиоллын төхөөрөмжийг ажиллуулсны дараа явуулах;

6.33.4.Галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүнийг дохионы хориглосон заалтаар явуулж байгаа тохиолдолд машинч нь гарманд туйлын сонор сэрэмжтэй, 20 км/цагаас ихгүй хурдтай ойртох ба ямар нэгэн саад тохиолдсон нөхцөлд яаралтай зогсоход бэлэн явах;

6.33.5.Дээр дурдсан нөхцлүүд шаардагдах гармын жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч гарган нийтэд зарлан мэдээлнэ.

6.34.Өртөөний хязгаар дотор байгуулсан гарам нь сэлгээний гэрлэн дохионы шон дээр байрлуулсан товрууг дарахад гармын дохиоллын төхөөрөмжид анивчсан улаан гэрлүүд асч, төмөр зам дахь сэлгээний гэрлэн дохионы улаан гэрэл нь унтарч цагаан гэрэл асах зарчмаар ажилладаг дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон байж болно.

6.35.Жижүүртэй гарам нь галт тэрэг, сэлгээний хөдөлгөөнийг хориглох зориулалтын “хаах” гэрлэн дохиогоор тоноглогдоно. Хаах гэрлэн дохио нь гарамнаас хоёр тийш 15-800 метр зайд байрлана. Өртөөний хязгаарт байрласан гармуудын хаах гэрлэн дохионы оронд өртөөний орох, гарах, сэлгээний, ба замналын гэрлэн дохионуудыг хэрэглэж болно. Эдгээр дохионууд нь үзэгдэлтийн байдлаасаа хамаарч гарамнаас 15метрээс багагүй, 800 метрээс холгүй зайд байрласан байна. Хаах гэрлэн дохиог гарамнаас хоёр тийш хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд (хос замтай хэсэгт бол зам тус бүрд тогтоож өгсөн хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд нь) тавьж өгнө.

6.36.Доорх онцгой тохиолдолд “хаах” гэрлэн дохиог хөдөлгөөний чиглэлийнх нь байдлаас хамааруулахгүйгээр тогтоогдсон чиглэлийнх нь буруу талд тавьж болно:

- хоёр талын авто хориглолоор тоноглогдсон хос замтай хэсэгт;

- хос замтай хэсгийн үндсэн бус чиглэлийн замаар нь хөдөлгөөнийг байнга зохион байгуулах нөхцлүүд гардаг хэсэгт;

- хүн ам ихтэй хот дүүргийн нутаг дэвсгэрт оршдог, хоногт 100-аас дээш хос галт тэрэгний хөдөлгөөнтэй байдаг гармуудад.

6.37.Хэрэв хаах гэрлэн дохионы үзэгдэлт хангалтгүй байвал түүний өмнө анхааруулах гэрлэн дохиог байрлуулна. Хаах гэрлэн дохионы өмнөх анхааруулах гэрлэн дохионы шар гэрлээр үндсэн гэрлэн дохионд улаан гэрэл асаж байгааг заана. Хаах гэрлэн дохио ба түүний анхааруулах гэрлэн дохионы гэрэл хэвийн байдалдаа асахгүй бөгөөд энэ байдалд гэрлэн дохио нь дохионы үүрэг гүйцэтгэхгүй. Авто хориглолтой хэсэгт байгуулсан бүх гарам хаах гэрлэн дохиотой эсэхээс хамаарахгүйгээр гарман дээр саад гарсан тохиолдолд авто хориглолын хориглох дохиоллыг ажиллуулах төхөөрөмжөөр тоноглогдоно.

6.38.Гармыг автомат хаалтуудаар тоноглох үед гармын жижүүрийн байрны гадна талд тээврийн хэрэгсэл ба галт тэрэг, сэлгээний хөдөлгөөн хангалттай сайн харагдах газарт хаалтын ажиллагааг удирдах самбарыг байрлуулна. Самбарыг байрлуулах газрыг гармын арчилгаа үйлчилгээ хариуцсан байгууллагуудын төлөөлөгчид оролцсон комиссын бүрэлдэхүүнээр сонгох ба шаардлагатай гэж үзвэл өртөөний даргыг оролцуулна.

6.39.Удирдлагын самбар дээр доорх үйл ажиллагааг удирдах товруунуудыг байрлуулна:

- хаалтыг хаах (ломбогүй);

- хаалтыг нээх (ломботой);

- хаалтын хөндлөвчийг баригч (ломбогүй);

- хаах гэрлэн дохиог залгах ба замын гэрлэн дохиог хориглох байдалд шилжүүлэх, зүтгүүрийн автомат дохиоллын кодыг салгах (ломботой).

6.40.Удирдлагын самбарт доорх зориулалтын хяналтын гэрлүүд байрлана:

- хаах гэрлэн дохионы давтагч гэрэл;

-тэгш ба сондгой чиглэлийн галт тэрэг гарманд ойртон ирж байгааг мэдэгдэх гэрэл.

6.41.Гармын жижүүрийн байр хоёр давхар байвал түүний нэгдүгээр давхарт хаах дохиоллыг асаахад зориулагдсан туслах самбарыг байрлуулна.

 

Долоо. Гармын жижүүрийн үүрэг ба гарман дээрх хөдөлгөөний зохицуулалт

7.1.Гармын жижүүрийн албан тушаалд галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажил, үүргийг нэг жилээс доошгүй хугацаагаар гүйцэтгэсэн ажилтанг томилон ажиллуулна. Гармын жижүүр, түүнийг орлон ажиллах төмөр замын ажилтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Төмөр замын дохиоллын журам”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”, “Гармын дохиоллын төхөөрөмж, байгууламжийн ашиглалт болон орон нутгийн заавар” болон энэхүү журмыг судлан, зохих сургалтад хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн байна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд гармын дохиоллын төхөөрөмж, байгууламж хариуцсан байгууллагын эрх бүхий ажилтанг заавал оролцуулна.

7.2.Гармын жижүүрийн байранд дараах багаж, хэрэгсэл, зааврыг бүрдүүлэн ажиллах нөхцлийг нь хангасан байна:

- Гармын жижүүрийн ажиллах хуваарь;

-“Гармын дохиоллын төхөөрөмж, байгууламжийн ашиглалт болон орон нутгийн заавар”;

- Галт тэрэгний цагийн хуваарь;

- Ээлж хүлээлцэх, “хатуу тооцоот багаж бүртгэх”, дэвтэр;

- Гармын төхөөрөмж, байгууламжинд үзлэг хийх дэвтэр;

- Гармаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн зөрчил бүртгэх дэвтэр;

- Ханын цаг, эмийн сан, дохионы гэрэл, улаан, шар өнгийн дарцаг 1 хос, “Зогсоох дохио”-ны зөөврийн улаан самбар 1 хос, дохионы бялт 12 ширхэг, гал унтраагуур;

- Зохицуулагчийн дохиур ба дохионы хантааз;

- Гарман дээр тээврийн хэрэгсэл зогсвол чирэх зөөлөн ба хатуу холбоос;

- Бусад хэрэгцээтэй багаж, хэрэгсэл, сандал, ширээ.

Эдгээрээс гадна хос замтай хэсэгт бол нэг иж бүрдэл дохионы гэрэл, зөөврийн улаан самбар, дохионы дарцаг, 6 ширхэг бялтыг, гурав болон түүнээс олон замтай хэсэгт бол дээр дурдсанаас гадна 12-оос цөөнгүй бялтыг нөөцөнд хадгална.

7.3.Жижүүртэй гарман дээр тухайн гармын үзэгдэлт, тоноглол, дохиоллын төхөөрөмжийн онцлог, тохиолдсон гэнэтийн саадыг хашиж хамгаалан галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тусгасан “Гармын дохиоллын төхөөрөмж, байгууламжийн ашиглалт болон орон нутгийн заавар”-ыг “Төмөр замын дохиоллын журам”-д нийцүүлэн суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч боловсруулан, баталж мөрдүүлнэ.

7.4.Гармын жижүүрүүд ажил хүлээлцэхдээ гармаас хоёр тийш 50 метр төмөр зам, гармын тоноглол, бүх байгууламжийн бүрэн бүтэн байдал, автомат төхөөрөмжийн ажиллагаа, ломбодсон төхөөрөмжийн ломбо бүрэн эсэх, гар дохионууд, бялт, хатуу тооцоот багаж ба эд хогшлын байдлыг шалган хүлээлцэнэ.

7.5.Автомат, цахилгаан хаалтууд, гармын хаах дохиоллын ажиллагаа, тэдгээрт гэмтэл гарсан бол гэмтлийн тухай болон уг гэмтлүүдийг зассан тухай жижүүрийн ээлж хүлээлцэх дэвтэр, гармын төхөөрөмж байгууламжид үзлэг хийх тусгай дэвтэрт тус тус бичлэг хийнэ. Үзлэгийн явцад илэрсэн зөрчил, гэмтэл нь гармын жижүүр өөрөө засаж, хэвийн байдлыг хангаж чадахааргүй байвал өртөөний жижүүр, замын үзлэг, засвар арчлалтыг хариуцагч байгууллага ба дохиоллын төхөөрөмжийн үзлэг, засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагын холбогдох ажилтанд мэдэгдэж, зөрчил, гэмтлийг яаралтай засаж арилгуулах арга хэмжээг авна.

7.6.Гармын жижүүрийн аюулгүй ажиллагааны зааврыг гармын үзэгдэлт, тоноглол, дохиоллын төхөөрөмжүүдийн онцлогийг тусган суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч боловсруулан мөрдүүлнэ.

7.7.Гармын жижүүр нь доорх үүргийг хүлээнэ:

7.7.1.Гармын ойртох хэсэг галт тэрэг хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдмэгц дохиолол ажиллан, хаалтууд хаагдаж, гармаар гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон эсэхэд хяналт тавих;

7.7.2. 100 км/цаг-аас дээш хурдтай суудлын галт тэрэг аялдаг шугамд галт тэрэг гарманд ойртон ирэхээс 5 минутын өмнө дохиолол ажиллан, хаалтууд бүрэн хаагдаж, гармаар өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогссон эсэхэд хяналт тавих;

7.7.3.Гармаар мал тууж гаргах бол галт тэрэгний хөдөлгөөн байхгүй үед гүйцэтгэх ба мал тууж гаргах ажлыг галт тэрэг ирэхээс 5 минутын өмнө, 100 км/цагаас дээш хурдтай суудлын галт тэрэг нэвтрүүлэн өнгөрүүлэх байвал 10-аас доошгүй минутын өмнө зогсоох;

7.7.4.Дугуйн дэл чөлөөтэй өнхрөх нөхцлийг хангахын тулд ховилуудыг цэвэрлэх, өвлийн цагт гарман дээр давс, элсний нөөц байлгаж, авто замын болон явган хүний замын мөстсөн хэсэгт цацаж өгөх;

7.7.5.Галт тэрэгний хөдөлгөөнд нөлөөлөл учруулах замын гэмтэл бусад төрлийн саад тохиолдсон нөхцөлд гармыг зогсоох дохиогоор яаралтай хашиж, хамгаалан энэ тухай хязгаарлаж байгаа өртөөний жижүүрүүд, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч болон гармын үзлэг, засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажилтан нарт утсаар мэдэгдэх.

7.8.Гарам дээр тээврийн хэрэгсэл болон бусад өөрөө явагч машин механизмууд, хүмүүс, мал зогсох, зогсоохыг хориглоно.

7.9.Гармын жижүүр нь гармын дохиоллын төхөөрөмж, байгууламжуудын хэвийн ажиллагаа алдагдсан нөхцөлд хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээг “Гармын дохиоллын төхөөрөмж, байгууламжийн ашиглалт болон орон нутгийн заавар”-т заасны дагуу авч хэрэгжүүлнэ.

7.10.Галт тэрэг угтахдаа жижүүрийн байрны дэргэд захын зам төмрөөс 2 метрээс ойргүй зайд байрлуулсан “Хяналтын цэг” дээр зогсож, зам чөлөөтэй байвал өдөр хуйлсан шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрлээр тус тус дохио өгнө. Хэрэв хурдыг хасах шаардлагатай байвал өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрлийг аажмаар дээш, доош нь хөдөлгөн дохио өгч галт тэргийг угтана.

7.11.Галт тэрэг гарманд дөхөж ирэх үед гармын ойролцоо замчид, замын эргүүлүүд (мөн авто замын засварын ажил гүйцэтгэгчид) ажиллаж байгаа бол гармын жижүүр нь тэдэнд зориулан бүрээ ба шүглээр тэгш чиглэлийн галт тэрэг ирж байгааг 2 урт, сондгой чиглэлийн галт тэрэг ирж байгааг нэг уртаар дуугаргаж мэдэгдэнэ.

7.12.Гармын жижүүр нь галт тэрэг өнгөрөх үед түүний бүрэлдэхүүнийг анхааралтай харж ажиглана. Галт тэрэг өнгөрүүлмэгц түүний араас юм уу, хос замтай хэсэгт бол зэргэлдээх замаар өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ирж яваа эсэхийг бүрэн магадлана. Замаас авагддаг дрезин буюу замын вагонцор, тэргэнцрийг гармаар гарах үед гармын хаалтуудыг хааж гаргах ба тэдгээрийг араас нь хамгаалж яваа дохиочинг явж өнгөрсний дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлнэ.

7.13.Гармаар өнгөрч байгаа галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүний дугуй гацаж, гулсаж явах, ачаа нь нурах аюултай болсон, гал гарсан болон гармын ойролцоо түймэр гарсан зэрэг хөдөлгөөний аюулгүй байдал, хүмүүсийн амь насанд аюултай тохиолдлууд ажиглагдсан нөхцөлд гармын жижүүр нь галт тэрэгний машинчид зогсоох дохио өгч (хэрэв радио холбоогоор тоноглогдсон бол машинчид мэдэгдэж) галт тэргийг зогсоох арга хэмжээг авах ба энэ тухай өртөөний жижүүрээр дамжуулан галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчид илтгэнэ.

7.14.Хаалтууд нь хэвийн байдалдаа хаалттай байхаар тогтоогдсон гармын жижүүр нь ажлаа хийж дуусаад байрандаа орохдоо хаалтыг хааж, хөндлөвчийг хэвтээ байрлалд оруулсан байна.

7.15.“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-д тээврийн хэрэгслийн стандартаар хориглосон хүнд, овортой, урт тээврийн хэрэгслийг төмөр замын гармаар нэвтрүүлэхдээ зөвхөн харьяалах суурь бүтэц эзэмшигчийн болон түүний эрх олгосон замын үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллагын албан тушаалтны зөвшөөрснөөр гүйцэтгэнэ. Иргэн, хуулийн этгээд нь зөвшөөрөл авах захиалгыг гармаар тээврийн хэрэгсэл гаргахаас 24 цагийн өмнө өгнө. Захиалгадаа уг хэрэгслийн өргөн, өндөр, уртыг заасан байна. Ийм тохиолдолд шаардлагатай бол суурь бүтэц эзэмшигч ба замын үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллагын албан тушаалтан нь анхаарамж олгоно. Харин цахилгаан зүтгүүр ажилладаг төмөр замын шугам дахь гармаар 4,5 метрээс илүү өндөртэй тээврийн хэрэгсэл гаргах захиалга ирсэн үед суурь бүтэц эзэмшигч нь тээврийн хэрэгслийн өндөр ба гарах хугацааг эрчим хүчээр хангах байгууллагад мэдэгдэн тэдний төлөөлөгчийг нь томилуулж хяналт тавиулна.

7.16.Гармын жижүүр нь гармыг ашиглаж байгаа бүх хүмүүсээс тогтоосон дүрмийг биелүүлэхийг шаардана. Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар болон зөрчлийн агуулгыг “Гармаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн зөрчил бүртгэх дэвтэр”-т бичиж өөрөө буюу замын үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллагын ажилтнаар (диспетчерээр) дамжуулан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

 

Найм. Гармын арчлалт ба засвар

8.1.Авто замын болон төмөр замын байгууллага нь авто зам, төмөр замын үндсэн байгууламж төхөөрөмжийн засвар үйлчилгээг тус бүрдээ хариуцан гүйцэтгэнэ. Дохиоллын төхөөрөмжүүд, авто замын дагуух хашлага шон ба тэмдэг тэмдэглэгээний хувьд оврын хаалганаас дотогш, хэрэв оврын хаалгагүй бол “төмөр замын гарам” тэмдэг ба хөндлөвч хаалтнаас дотогш хэсгийг төмөр замын байгууллага, тэдгээрээс гадагш хэсэгт бол авто замын байгууллага тус тус хариуцна.

8.2.Гарам байрлаж байгаа төмөр замын замын үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллага нь доорх ажил үйлчилгээг хариуцна:

- Механик болон гар ажиллагаатай хаалтыг тоноглох, солих;

- Жижүүрийн байрны гэрэл, механик хаалтын хөндлөвч дээрх гэрэл ойлгогчийг солих;

- Гармын шалавч, тусгаарлагч уулзвар, зам төмрийн уулзварын холбоос, оврын хаалга, түүнээс дотогш хэсэг дэх хашлага, шонгууд, гармын жижүүрийн байр, түүний орчны тохижилт, засвар, үйлчилгээг хийх;

- Автомат ажиллагаатай сөхөгддөг саадын засвар, үйлчилгээ хийх.

8.3.Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны төхөөрөмжийн үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллага нь доорх ажил үйлчилгээг хариуцна.

- Автомат болон цахилгаан хаалтыг тоноглох, солих, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах;

- Автомат гэрлэн дохио, дохиоллын төхөөрөмжүүдийг засварлах;

- Автомат болон цахилгаан хаалтын хөндлөвч дээрхи гэрэл ойлгогчийг солих;

- Утсан ба радио холбооны хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангах;

- Зам төмрийн хэлхээний үйл ажиллагаанд хяналт тавих;

- Автомат ажиллагаатай сөхөгддөг саадын засвар, тохируулга хийх;

- Зарлах мэдээлэх ба чиглэл заагч, дүрс бичлэгийн төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулга хийх.

8.4.Гармыг эрчим хүчээр тасралтгүй хангах, гадна талд гэрэлтүүлэг тавих, тэдгээрийг автоматаар залгах ба салгах, гэрэлтүүлгийн чийдэнг солих ажлыг төмөр замын эрчим хүчний байгууллага (эсвэл гэрээний дагуу төмөр замыг эрчим хүчээр хангагч байгууллага) хариуцна.

8.5.Авто болон төмөр замын засварын ажил нь гармын дохиоллын төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх бол гармын дохиоллын төхөөрөмжийн үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллагаас зөвшөөрөл авч гүйцэтгэнэ. Зам засварын ажлын явцад дохиоллын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг түр хугацаагаар алдагдуулах тохиолдолд хаалтууд, автомат гэрлэн дохиоллын ажиллагааг салгах, сэргээх ажлыг зөвхөн дохиоллын төхөөрөмжийн үзлэг, засвар, үйлчилгээг хариуцагч байгууллагаар гүйцэтгүүлнэ.

8.6.Гармын байгууламжуудын засварын ажлыг гүйцэтгэж байх үед гармаар тээврийн хэрэгслийг гаргах болон тойруулж гаргах ажил хүндрэлтэй байвал суурь бүтэц эзэмшигч нь замын цагдаагийн болон авто замын байгууллагатай зөвшилцөн гармаар гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар зогсоох арга хэмжээ авна.

8.7.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохуйц гармын засварын ажлын үед доорх шаардлагыг хангаж ажиллана:

- Гармын төлөвлөгөөт засварын ажлын үед цагдаагийн байгууллагад 7-оос доошгүй хоногийн өмнө албан бичгээр хандсан байх;

- Яаралтай засварлах шаардлагатай ажлын үед нэн даруй мэдэгдэх.

8.8.Гармын дохиоллын төхөөрөмж, автомат хориглолын буюу цахилгаан хангамжийн төхөөрөмжийг засах ажлыг гүйцэтгэх нөхцөлд гармын дохиоллын төхөөрөмжийн ажиллагаа алдагдахаар бол доорх байгууллага, ажилтнууд хариуцан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана:

- жижүүртэй гарман дээр бол гармын жижүүр. Үүний тулд дээрх ажлуудыг хийхийн өмнө гармын дохиоллын төхөөрөмжийн үзлэг, засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг болон гармыг эрчим хүчээр хангагч байгууллагууд нь гармын жижүүрийг харьяалах байгууллагад ажил гүйцэтгэхээс3-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ;

- жижүүргүй гарман дээр бол ажил гүйцэтгэж байгаа байгууллагын эрх бүхий ажилтан. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд (замын бригадын даргаас дээш ба ДТХ-ын механикчаас дээш албан тушаалтан) гармын хоёр талд авто замын дэнж дээрх гэрлэн дохионы дэргэд “Зогсохгүй явах хориотой” тэмдгийг тавина. Үүний тулд дохиоллын байгууламжаар тоноглогдсон гармын хээрийн байгууламжийн (релейний) шүүгээ буюу түүний ойролцоо тусгай хайрцагт ажил гүйцэтгэх үед ашиглах зориулалтын “зогсохгүй явах хориотой” тэмдэг хоёр ширхэгийг хадгалж байна.

8.9.Засварын ажлыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэж чадахгүй бол ажилтан нь энэ тухай удирдах байгууллагадаа мэдэгдэж, орон нутгийн онцлогоос хамааруулан цаашид ямар арга хэмжээ авах тухай шийдвэр гаргуулна.

8.10.Гармын техникийн байдалд суурь бүтэц эзэмшигчийн гармын үзлэг, засвар, үйлчилгээ эрхэлдэг байгууллагын ажилтнууд сард нэг удаа комиссын бүрэлдэхүүнээр үзлэг хийж илэрсэн зөрчил дутагдлыг “Гармын төхөөрөмж, байгууламжид үзлэг хийх дэвтэр”-т бичиж, засварлах хугацааг тогтоож өгнө. Үүнээс гадна өөрийн хариуцсан төхөөрөмж байгууламжид хийх үзлэг шалгалтыг суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон зурмагийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.

 

Ес. Хариуцлага

 

9.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Журмын хавсралт 1

 

 

Төмөр замын гармын зэрэглэлийг тогтоох аргачлал

 

Хоногт аялах

галт тэрэгний тоо

 

(хоёр чиглэлийн нийлбэрээр)

Хоногт өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо

(хоёр чиглэлийн нийлбэрээр)

200 ба түүнээс цөөн

201-1000

1001-3000

3001-7000

7001-ээс олон

16 ба түүнээс цөөн галт тэрэг аялдаг гол шугам ба нийтийн болон дагнасан хэрэглээний замаар

 

IV

 

IV

 

IV

 

III

 

II

17-100

IV

IV

III

II

I

101-200

IV

III

II

I

I

201 ба түүнээс олон

III

II

II

I

I

 

Тайлбар: I, II,III,IV -гармын зэрэглэлүүд

 

Хоногт өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо нь 40000-аас их бол авто ба төмөр замыг хоёр өөр түвшинд огтлолцуулна.

Журмын хавсралт 2

 

Төмөр замын гармыг гармын дохиоллын төхөөрөмжөөр тоноглох үндсэн шаардлагууд

 

д/д

Гармын нэр

Авто тээврийн хэрэгсэлд зориулагдсан гармын дохиоллын төрөл

Төмөр замын тээврийн хэрэгсэлд зориулагдсан гармын дохиоллын төрөл

1

Хоорондын ба өртөөний замд байрлах жижүүргүй гарам

Автомат гэрлэн дохиолол

Дохиолол тавихгүй

2

Төмөр замын гол шугамд байрлах зохицуулалттай гарам

Автомат гэрлэн дохиололтой автомат хаалт, гармын жижүүр

Байрлуулсан газраас нь гарам харагдах нөхцөлд гармаас 800 метрээс холгүй зайд байрлуулсан хагас автомат хориглолын хаах гэрлэн дохио

3

Өртөөний хязгаарт байрлах зохицуулалттай гарам

Автоматаар хаагддаг хаалт буюу товруу дарж нээдэг хаалт, гармын жижүүр

Өртөөний гэрлэн дохио ба үндэслэлтэй үед тусгай хаах гэрлэн дохиог байрлуулж болох буюу улаан гэрлээр нэмж тоноглогдсон сэлгээний дохио болон шонгүй гэрэл дохио

4

Зам төмрийн хэлхээгээр тоноглох боломжгүй ойртох хэсэгтэй салбар ба бусад замтай огтлолцсон зохицуулалтгүй гарам

Гэрлэн дохионы дохиолол

Найруулагчийн буюу зүтгүүрийн бригадаар удирдуулдаг улаан ба цагаан гэрэлтэй тусгай гэрлэн дохио

5

Зам төмрийн хэлхээгээр тоноглох боломжгүй ойртох хэсэгтэй салбар ба бусад замтай огтлолцсон жижүүртэй гарам

Цахилгаан, механикжуулсан буюу гар хаалттай гэрлэн дохионы дохиолол

Жижүүрээр удирдуулдаг улаан ба цагаан гэрэлтэй тусгай гэрлэн дохио

 

Тайлбар:

 

1.Гармыг автомат байгууламжаар тоноглохдоо батлагдсан зураг төсөл, түүнд тусгагдсан бүдүүвч (схем)-ийг хэрэглэнэ.

2.Зохицуулалттай гармын дохиолол ба хаалтны маягийг энэхүү журмын шаардлага ба орон нутгийн нөхцлөөс хамааруулан нэг маягийн зураг төслийн дагуу тогтооно.

3.Ойртох хэсгийн уртыг галт тэрэгний хурд, гармуудын тооцооны урт, гармаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хамгийн бага хурд зэргээс хамааруулан тогтооно. Гэхдээ галт тэрэг гарманд ойртон ирж байгааг мэдээлэх тооцоот хугацаа дараах хэмжээнээс бага байж болохгүй:

  • Автомат гэрлэн дохиололтой болон автомат хаалттай бол 40 секунд;
  • Урьдчилан мэдэгдэх (анхааруулах) дохиололтой бол 50 секунд.

 

Төмөр замын гарам, мал тууж гаргах гарц, хиймэл төхөөрөмжүүдийн өмнө байрлахавто замын тэмдэгтүүд

Хот, суурин газраас зайдуу байрлах хамгаалалттай,хаалтаар тоноглогдсон гарам

 

 

 

Хот, суурин газарт байрлах хамгаалалттай, хаалтаар тоноглогдсон гарам

Хот, суурин газраас зайдуу байрласан хамгаалалтгүй, дохиоллоор тоноглогдсон гарам

Хот, суурин газар байрласан хамгаалалтгүй, автомат гэрлэн дохиоллоор тоноглогдсон гарам

Гармын дохиоллын байгууламжаар тоноглогдоогүй IY зэргийн гарам