Хэвлэх DOC Татаж авах

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2017 оны 146 дугаар тушаалын хавсралт

 

ХАТУУ ТООЦООТ БАГАЖ, ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ БОЛОН ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар төмөр замд ашиглах хатуу тооцоот багаж, хэрэгслийг /цаашид “хатуу тооцоот багаж” гэх/ үйлдвэрлэх, ашиглах, хүлээлцэх болон хадгалах үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Энэхүү журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, суурь бүтэц болон салбар зам барьж байгуулах, засварлах эрх бүхий этгээд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.

 

Хоёр. Хатуу тооцоот багажны төрөл

 

2.1.Төмөр замын хатуу тооцоот багаж дараах төрөлтэй байна:

2.1.1.Хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, мөн түүний өөрөө өнхрөх хөдөлгөөнийг хязгаарлан тогтоох тоормосны ивүүр /цаашид “ивүүр” гэх/;

2.1.2.Хөдлөх бүрэлдэхүүний дугуй дор тавьж замд оруулах мэлхийвч /цаашид “мэлхийвч” гэх/;

2.1.3.Хөдлөх бүрэлдэхүүний дугуй дор тавьж замд оруулах дов /цаашид "дов" гэх/;

2.1.4.Замын дээд бүтэц угсрах, засварлах ажилд ашиглах амтай ба амгүй бүх төрлийн тусгай түлхүүр /цаашид “замын ажлын тусгай түлхүүр” гэх/;

2.1.5.Замын хадаас сугалагч ацат царил /цаашид “царил” гэх/;

2.1.6.Зам төмөр, дэрийн бэхэлгээний системийн тусгай түлхүүр, багаж, хэрэгсэл;

2.1.7.Цахилгаан шилжүүлэгчтэй сумын шилжүүлгийг гараар шилжүүлэн эргүүлэгч /цаашид "сум шилжүүлэх түлхүүр" гэх/

2.2.Хатуу тооцоот багажийг холбогдох журам, заавар, технологийн картад заасан буюу зориулалтын дагуу ашиглана.

 

Гурав. Хатуу тооцоот багаж хэрэгслийг ашиглахад тавигдах шаардлага

3.1.Төмөр замын хатуу тооцоот багажийг үйлдвэрлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1.Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлдвэрлэх болон худалдаххатуутооцоотбагажны жагсаалтыг баталж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 25.4-т заасны дагуу бүртгүүлнэ.

3.1.2.Хатуу тооцоот багаж дээр үйлдвэрлэгч нь өөрийн тусгай таних тэмдэг, байгууллагын нэрийн товчилсон үсэг, багажны хувийн дугаар, үйлдвэрлэсэн огноог цохиж бичнэ. Багажийг устгасан тохиолдолд дугаарыг дахин давхардуулан олгохгүй.

3.1.3.Үйлдвэрлэсэн багаж нэг бүрт бүртгэл хөтөлнө. Бүртгэлийг тухайн байгууллагын даргын томилсон ажилтан хадгална.

3.1.4.Багажийг тухайн чиглэлийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн албан бичгээр ирүүлсэн захиалгыг үндэслэн олгоно.

3.1.5.Үйлдвэрлэгч, худалдагч нь хатуу тооцоот багажийг хаана, хэнд, хэдийд худалдсан тухай бүртгэлтэй байна.

3.1.6.Энэхүү журмын 3.1.4-т зааснаас бусад этгээдэд болон үйлдвэрлэсэн газрын тусгай таних тэмдэг, хувийн дугааргүй хатуу тооцоот багажийг худалдах, худалдан авах, ашиглахыг хориглоно.

3.2.Тэмдэггүй хатуу тооцоот багажийг импортоор оруулахыг хориглоно.

3.3.Хатуу тооцоот багажид эзэмшигч нь ялгах тэмдэг, хувийн бүртгэлийн дугаарыг цохимол аргаар тавина.

3.4.Суурь бүтцийн хэмжээнд хатуу тооцоот багажууд нь тогтоосон нэг загвар, бүтэц, өнгөтэй байна.

 

Дөрөв. Хатуу тооцоот багажийг эзэмших, ашиглах

4.1.Ивүүрийг төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж эзэмшиж ашиглана.

4.1.1.Төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам талбай эзэмшигч, ашиглагчид байх ивүүрийн тоо, тэдгээрийг ашиглах горимыг өртөөний болон салбар замын хэвгий, бэхлэх шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүний тоо, тэдгээрийн бүтэц байдал, байгаль цаг уурын нөхцөл зэргийг харгалзан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-д заасны дагуу тухайн өртөө, зөрлөгийн техник захирамжийн акт, салбар зам ашиглах орон нутгийн заавраар тогтооно.

4.1.2.Галт тэрэгний зүтгүүрт байвал зохих ивүүрийн тоог уг зүтгүүрийн эргэлтийн мөрийн өртөө, зөрлөг, замын хэвгийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.

4.1.3.Сунгуу уруудууртай хоорондын зам дахь төмөр замын хамгаалалттай гармын жижүүрийн байранд байх ивүүрийн тоо, ивүүр хадгалах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

4.1.4.Нийтийн болон дагнасан хэрэглээний зам талбай эзэмшигч нь өөрийн замын аяс, хөдлөх бүрэлдэхүүний бүтэц, зохион байгуулалт, тоог харгалзан тооцоолсон ивүүртэй байна.

4.2.Дов, мэлхийвчийг сэргээн босгох галт тэрэг, өртөөний шуурхай ажлын баг, техник үзлэгийн газар, зам засварын хүнд машин механизмд хадгална.

4.3.Зөвхөн сэлгээний зүтгүүрт замаас гарсан хөдлөх бүрэлдэхүүнийг замд буцааж оруулахад зориулсан хоёр ширхэг дов байхыг зөвшөөрнө.

4.4.Замын ажлын тусгай түлхүүр, хадаас сугалагч ацат царил, зам төмөр, дэрийн бэхэлгээний системийн тусгай түлхүүрийг зөвхөн суурь бүтэц эзэмшигч болон шинээр суурь бүтэц барих, замын засвар, үйлчилгээг хариуцах эрх, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага аж ахуйн нэгжийн хэсэг, тасаг, цех эзэмших эрхтэй. Төмөр замын гармын жижүүр, сумчны байранд замын ажлын тусгай түлхүүр хадгалж, ашиглах эсэхийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

4.5.Сум шилжүүлэх түлхүүрийг цахилгаан төвлөрүүлэлттэй өртөө, зөрлөгийн жижүүрийн өрөөнд тусгай хайрцагт ломбодож, хадгална. Суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон журмын дагуу олгож, ашиглана.

 

Тав. Хатуу тооцоот багажийг хадгалах

5.1.Хатуу тооцоот багажийг эзэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж нь дараах үүрэгтэй:

5.1.1.Хатуу тооцоот багажийг цоожтой бат бэх найдвартай саванд хадгална.

5.1.2.Хадгалж байгаа хатуутооцоот багажны нэрсийн жагсаалт, тоо ширхгийгтусгасан бүртгэлтэй байна.

5.1.3.Хатуу тооцоот багажны хадгалалтад ашиглагч, эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж байнга хяналт тавих үүрэгтэй. Хатуу тооцоот багажийг ажил гүйцэтгэгч ажилтанд олгох, буцаан авахдаа бүртгэл хөтөлнө.

5.1.4.Бүртгэлийн дэвтэрт олгосон хүний нэр, албан тушаал, гарын үсэг, хугацаа, хүлээн авсан хүний нэр, албан тушаал, хугацаа, олгосон багажны төрөл, тэмдэг, дугаар зэрэг байна.

 

Зургаа. Хатуу тооцоот багаж хүлээлцэх

6.1.Хатуу тооцоот багаж хадгалагддаг ажлын байранд ажилчид ээлж солилцоход ивүүр болон царил, замын ажлын тусгай түлхүүрийг нэг бүрчлэн дугаар, тэмдгийг тулгаж, тоолж тусгай дэвтэрт тэмдэглэн гарын үсэг зурж хүлээлцэнэ.

6.2.Замын ажлын түлхүүр, зам төмөр, дэрийн бэхэлгээний системийн тусгай түлхүүр болон хадаас сугалагч ацат царил нь тухайн байгууллага, түүний хэсэг, тасаг, цехийн удирдлагын мэдэлд байна.

6.3.Зүтгүүрт байх хатуу тооцоот багаж /ивүүр, дов/-ийг үндсэн буюу эргэлтийн депогоос зүтгүүр хүлээн авахад депогийн жижүүр, халаагч машинч, зүтгүүрийг хүлээн авч байгаа машинчид хүлээлгэн өгөх ба хэрэв зүтгүүрийн бригад хооронд ажил хүлээлцвэл, тэдгээр багажийг нэг бүрчлэн тоо ширхэг, дугаар, тэмдгийг тулгаж хүлээлцэн, зүтгүүрийн ширээний дэвтэрт тэмдэглэж гарын үсэг зурна. Зүтгүүрийн бригад нь үндсэн буюу эргэлтийн депод ирмэгц зохих журмаар хатуу тооцоот багажийг хүлээлгэн өгнө.

6.4.Хатуу тооцоот багажийг хариуцсан ажилтан нь ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа тоолж, бүртгэлтэй тулгана. Хэрэв дутуу байвал энэ тухай холбогдох удирдах ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.

 

Долоо. Хатуу тооцоот багажны ашиглалтыг хянах

7.1.Хатуу тооцоот багаж эзэмшигч этгээд нь бүртгэл, жагсаалтыг жил бүрийн IV улиралд багтаан Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газарт хүргүүлнэ. Хэрэв жагсаалтад өөрчлөлт орсон бол холбогдох тайлбар /ашиглалтаас хассан акт, устгасныг нотолсон баримт, алдагдсан тухай мэдэгдэл, мөн авсан арга хэмжээ/-ыг хавсаргана.

7.2.Хатуу тооцоотбагажийг үйлдвэрлэгч, борлуулагч, эзэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж нь хатуу тооцоот багажны хадгалалт, хамгаалалтад өдөр тутмын хяналт тавих үүрэгтэй.

7.3.Эдгээр этгээд нь хатуу тооцоот багажны тооллогыг улиралд нэгээс доошгүй удаа хийх ба эвдэрч, гэмтэн ашиглах бололцоогүй болсон хатуу тооцоот багажийг хураан авч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа хариуцсан улсын байцаагч, байгууллагын томилсон комиссын /фото зураг болон дүрс бичлэгээр баримтжуулан/ хяналтын дор устгаж, акт бүрдүүлэн данснаас хасна. Устгасан болон шинээр ашиглах хатуу тооцоот багаж, хэрэгслийн акт болон бусад холбогдох баримт бичгийг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа хариуцсан улсын байцаагчид хүргүүлнэ.

7.4.Хатуу тооцоот багажийг алдаж үрэгдүүлбэл цаг тухайд нь байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.

7.5.Эзэмшигч, ашиглагч нь хатуу тооцоот багажийг алдсан үрэгдсэн тохиолдолд эзэмшигч байгууллагын дотоод хяналт хариуцсан албан тушаалтан, тагнуулын болон цагдаагийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллагын төмөр замын тээврийн хяналтын асуудал хариуцсан нэгжид нэн даруй мэдэгдэнэ.

7.6.Алдагдсан хатуу тооцоот багаж олдсон тохиолдолд ашиглах боломжтой бол төрийн захиргааны төв байгууллагын төмөр замын тээврийн хяналтын асуудал хариуцсан нэгж, Тагнуулын ерөнхий газарт мэдэгдээд ашиглана.

7.7.Энэ журамд заагдаагүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төмөр замын хатуу тооцоот багажийг үйлдвэрлэх,борлуулах, эзэмших, ашиглах, хадгалахыг хориглоно.

 

Найм. Хариуцлага

8.1.Энэ журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд зөрчлийн шинж байдал, учруулсан хор уршгийг харгалзан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо--