Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалын хавсралт

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ПАСПОРТЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон шинээр барьсан, өргөтгөл шинэчлэлт хийсэн барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах үйл ажиллагааны харилцааг энэхүү журмаар зохицуулна. 

1.2 Барилга, байгууламжийн бат бэх, найдваржилтийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэ журмын зорилго оршино. 

Хоёр. Ашиглалтын гэрчилгээний төрөл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа

2.1  Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5 –д заасан барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгоно.

2.2 Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ нь тухайн барилгын бат бэх найдваржилт, аюулгүй байдлын түвшингээр Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан төрөлтэй байна.   

2.3 Барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох үйл ажиллагааг Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага зохион байгуулж олгоно. Үүнд:

2.3.1 Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4-д заасан барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага;

2.3.2 Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;

2.3.3 Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага;

2.4 Өмчлөгч нь өөрийн эзэмшлийн барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ шинээр авах, гэрчилгээний төрлийг өөрчлүүлэх талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, албан бичгээр хүсэлт гаргана. 

2.5 Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг дараах баримт бичгийг үндэслэн олгоно. Үүнд:

2.5.1 Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42, 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан баталгаажсан паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт;

2.5.2 Барилгын тухай хууль /шинэчлэн найруулсан/-ийг  мөрдөж эхэлсэн өдрөөс хойш шинээр барьсан болон их засвар шинэчлэл хийж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ашиглалтад хүлээн авсан нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан ашиглалтад оруулах улсын комиссын акт, комиссын дүгнэлт;

2.6 Энэ журмын 2.3-д заасан байгууллага ашиглаж буй барилга, байгууламжийн хууль ёсны өмчлөгч, хуулийн этгээдээс ирүүлсэн паспортжуулалтын баримт бичгийг судалж, ашиглалтын гэрчилгээ олгох эсэх асуудлыг ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. Үүнд: дутуу баримт бичиг ирүүлсэн хугацааг тооцохгүй.

2.7 Энэ журмын 2.5.1, 2.5.2-д заасан баримт бичиг бүрдсэн бол харъяалах мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн, эрчим хүчний, харилцаа холбооны, нефтийн хяналтын улсын /ахлах/ байцаагч, Дэд бүтцийн хяналтын газрын /хэлтсийн/ удирдах албан тушаалтан тус тус гарын үсэг зурж, улсын байцаагчийн болон  байгууллагын тэмдэгээр баталгаажуулан, өмчлөгч хуулийн этгээдэд албан бичгээр хүргүүлнэ.

2.8 Ашиглалтын гэрчилгээ авахаар ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй бол  ажлын 7 хоногт багтаан энэхүү журмын 2.3-д заасан байгууллагаас өмчлөгч хуулийн этгээдэд үндэслэл бүхий албан бичиг  хүргүүлнэ.

 

Гурав. Гэрчилгээг шинэчлэх, дахин олгох үйл ажиллагаа

3.1  Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол энэ журмын 2.5.1, 2.5.2-д заасан баримт бичгийг дахин бүрдүүлж, шинээр авна.  

3.2 Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу ашиглаж буй барилга, байгууламж нь батлагдсан зураг төсөл, баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид нэмэлт хяналт шалгалт хийж болно.

3.3 Барилга, байгууламжийн бат бэх, найдваржилтийн төлөв байдалд Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасан хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын энэхүү дүрмийн 3.2-т заасан чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдын хийсэн хяналт шалгалтаар ашиглалтын гэрчилгээ нь тухайн барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдалтай нийцэхгүй нь тогтоогдвол дахин паспортжуулах талаар Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан байгууллагад санал хүргүүлнэ.

3.4 Аймаг, нийслэлийн Засаг даргын баталгаажуулсан дахин паспортжуулсан мэргэжлийн дүгнэлтээр ашиглалтын гэрчилгээний төрөл нь барилга, байгууламжийн бодит төлөв байдалтай нийцэхгүй нь баталгаажвал Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмчлөгчийн хүсэлтийг эс харгалзан, гэрчилгээний төрлийг шат бууруулан өнгийг өөрчилнө.

 

Дөрөв. Ашиглаж байгаа барилга, байгууламжийг паспортжуулах

 

4.1. Тухайн нутаг дэвсгэрт ашиглаж байгаа бүх төрлийн барилга, байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааг Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.4-т заасны  дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулан хэрэгжүүлж, паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтийг баталгаажуулна.

4.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, мэргэжил арга зүйн удирдлага, баталгаажсан багаж тоног төхөөрөмж, техникээр хангах, техникийн асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий 7-оос доошгүй гишүүдээс бүрдсэн орон тооны бус паспортжуулалтын зөвлөлтэй байна.

Зөвлөлийг аймаг, нийслэлийн дэд бүтэц хариуцсан орлогч дарга ахална.

4.3. Зөвлөл нь аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалтан 4, барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын зөвлөх зэрэг дэв бүхий инженер 3  гэсэн бүрэлдэхүүнтэй байна. 

4.4. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна.

4.5. Зөвлөл нь үйл ажиллагаандаа  хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, гишүүдийн олонхийн саналаар  шийдвэр гаргах зарчмыг баримтална.

4.6. Зөвлөл нь  үйл ажиллагаагаа аймаг, нийслэлийн Засаг даргад жилд 2 удаа танилцуулж тайлагнана. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Барилгын тухай хуулийн 35.1.4-д заасан байгууллагын орон тооны нэгжийн ажилтан байна.

4.7. Зөвлөл нь паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт бүрийг хэлэлцэж, баталгаажуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.8. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42-т заасан мэргэжлийн дүгнэлтийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гаргана.

4.9. Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар, “Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар”, “Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар”, “Өрөгт бүтээцэн барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Угсармал барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Цутгамал төмөр бетон барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Инженерийн шугам сүлжээнд газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” чиглэлийн норм ба дүрэм, зааврыг мөрдөж,  паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргана.

4.10. Паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор барилга, байгууламжид үзлэг хийж, энэ  журмын 4.9-д заасан норм ба дүрмийн дагуу судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргана.

Барилга, байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг барилга бүтээцийн инженер ахална.

4.11.Паспортжуулалтын мэргэжлийн  дүгнэлт нь дараах хэсгээс бүрдэнэ:

4.11.1. Паспортжуулах ажлыг зохион байгуулсан аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх паспортжуулалтын орон тооны бус зөвлөлийн даргын гарын үсэг, тамга тэмдгээр  баталгаажсан нүүр хуудас;

4.11.2. Паспортжуулалтын   мэргэжлийн дүгнэлт гаргасан инженерүүдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий хуудас /нүүр хуудасны ар талд/;

4.11.3. Гарчиг;

4.11.4. Паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах үндэслэл;

4.11.5. Паспортжуулалтын багийн бүрэлдэхүүн, он, сар, өдөр;

4.11.6. Барилга байгууламжид үзлэг хийсэн аргачлал, буурь хөрсний инженер геологийн судалгааны дүгнэлт, ашигласан тоног төхөөрөмж, тооцооны программ;

4.11.7. Барилга, байгууламжийн түүх, үзлэг хийх үеийн үндсэн болон бусад хийц бүтэц, инженерийн шугам сүлжээний иж бүрэн төлөв байдал;

4.11.8. Үзлэгийн явцад үндсэн бүтээцэд хийсэн инженерийн тооцоо, баталгаажсан багаж, тоног төхөөрөмжийн болон бусад судалгааны ажлын үндсэн үзүүлэлт, үр дүн;

4.11.9. Барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдлын нэгдсэн дүгнэлт;

4.11.10. Цаашид авах арга хэмжээний санал;

4.12. Паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтэнд барилга, байгууламжийн гүйцэтгэлийн болон хэмжилтийн зураг төсөл, хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн шинжилгээний дүн, ашиглалтын төлөв байдлын гэрэл зураг зэргийг тус тус хавсаргана.

 

            Тав. Барилга, байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг

 

   5.1. Өмчлөгч, эзэмшигч нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ашиглалтын гэрчилгээг барилгын дотор талд нүдэнд харагдах газарт ил байрлуулах;

   5.2. Өмчлөгч, эзэмшигч нь ногоон өнгийн гэрчилгээтэй барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан барилгын үндсэн бүтээцийн бат бэх, найдваржилт болон ашиглалтын үеийн аюулгүй байдлын ногоон өнгийн гэрчилгээний түвшинг байнга хангуулах арга хэмжээг холбогдох норм дүрмийн дагуу  авч хэрэгжүүлэх;

   5.3 Өмчлөгч, эзэмшигч нь барилга, байгууламжийн ашиглалтын явцад Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан үүргээ бүрэн хангуулж ажиллах бөгөөд мөн хуулийн 46.1.14-т заасан хугацаанд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

5.4 Өмчлөгч нь өөрийн эзэмшлийн барилга, байгууламжийг паспортжуулах, гэрчилгээжүүлэх зардал, санхүүжилтийг хариуцах;

5.5 Барилга, байгууламжийг паспортжуулах ажилд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтийн төлөв байдалд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын жишиг үнэ”-ийг мөрдөх;

5.6. Барилга, байгууламжийн өмчлөгч өөрчлөгдсөн бол ашиглалтын гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл хийлгэх;

5.7. Ногоон өнгийн гэрчилгээтэй, ашиглалтын аюулгүй байдлын шаардлага хангасан нь улсын комиссын акт, комиссын дүгнэлт, паспортжуулалтаар тогтоогдсон барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх;

 

Зургаа. Хориглох зүйл

6.1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3-т заасан барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхгүй байх нь зүйтэй.

   6.2. Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.2-т заасан шар өнгийн гэрчилгээтэй буюу засвар шинэчлэлт хийсний дараа ашиглалтын шаардлага хангах боломжтой нь паспортжуулалтаар тогтоогдсон барилга, байгууламжид холбогдох арга хэмжээг 1 жилийн хугацаанд авч хэрэгжүүлэн, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д заасан ашиглалтын үеийн бат бэх, найдвартай ажиллагааны ногоон өнгийн гэрчилгээний түвшинг хангуулсны дараа ашиглалтын үйл ажиллагааг эрхлэнэ.

6.3. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн аваагүй эсхүл паспортжуулаагүй барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгохыг хориглоно.

 

Долоо. Архивлах

7.1. Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг эрх бүхий өмчлөгч хуулийн этгээдэд нэг эх хувийг олгож, хуулбар хувийг мэргэжлийн хяналтын байгууллагын архивт хадгална.

7.2 Энэхүү журмын 4.2-т заасан зөвлөлөөр хэлэлцэгдэж баталгаажсан паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт нь 2 эх хувь үйлдэгдэх бөгөөд өмчлөгч хуулийн этгээдэд нэг хувийг олгож, үлдсэн хувийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын архивт цахим болон цаасан хэлбэрээр хадгална.

 

Найм. Бусад

8.1. Ашиглалтын гэрчилгээ олгохтой холбоотой гомдлыг Мэргэжлийн хяналтын дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах бөгөөд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.

8.2. Барилга, байгууламжийг паспортжуулах ажлыг чанаргүй эсхүл буруу  гүйцэтгэснээс үүсэх үр дагавар, зардлыг паспортжуулалтын зөвлөл, паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргасан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хариуцна. 

Паспортжуулалттай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх паспортжуулалтын зөвлөлд гаргах бөгөөд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.

8.3. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, комиссын дүгнэлтийн үнэн зөвийг тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан байгууллага, өмчлөгч хуулийн этгээд хариуцна.

8.4. Өмчлөгч нь өөрийн барилга, байгууламжийг гэрчилгээжүүлээгүй буюу Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.2, 49.2.3-т заасан шар болон улаан өнгийн гэрчилгээтэй барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа эрхэлсэнээс үүсэх үр дагавар,  хариуцлагыг хүлээнэ.   

 

Ёс. Хариуцлага

 

9.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага оногдуулна.

 

 

 

               --------------000-------------