Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн а/292 дугаар тушаалын хавсралт

              ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН

              ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг, шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ.

1.3.Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслээс гэрэл дохионы өнгө, дуут дохионы хөг ая, чимээний түвшин болон давтамж, хугацаагаар ялгарна.

1.4.Нийтийн хэрэгцээний авто замаар зорчих шаардлагагүй, технологийн тээврийн хэрэгсэлд энэ журам хамаарахгүй.

 

Хоёр. Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх

 

2.1.Энэ журмын 1.2-т заасан байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ. Үүнд:

2.1.1.хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх

2.1.2.цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан;

2.1.3.дор дурдсан байгууллагын тээврийн хэрэгсэлд-улаан:

2.1.3.а.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;

2.1.3.б.шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

2.1.3.в.онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

2.1.3.г.гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын  тээврийн хэрэгсэл;

2.1.3.д.хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэл;

2.1.3.е.шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэл;

2.1.3.ё.гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл.

2.1.3.ж.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл. /ХЗДХС-ын 2020 оны А/26 дугаар тушаалаар нэмсэн/

2.1.4.хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;

2.1.5.цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд–шар.

2.2.Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага, тусгай дуут дохионы ноотыг “MNS 4979:2016” Монгол Улсын стандартаар тогтооно.

Гурав.Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх

 зөвшөөрөл олгох, бүртгэх

 

3.1.Энэ журмын 2.1-д заасан байгууллага нь тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тухай хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газарт бичгээр гаргана.

3.2.Энэ журмын 3.1-д заасан хүсэлтийг үндэслэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвшөөрснөөр цагдаагийн байгууллагын холбогдох нэгжээс тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийн хуудсыг 1 жил хүртэлх хугацаагаар олгож, бүртгэх ба уг зөвшөөрлийн хуудсыг тээврийн хэрэгслийн урд салхины шилэн дээр байрлуулна.

3.3.Цагдаагийн байгууллага тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгосон тээврийн хэрэгслийн мэдээллийг санд бүртгэж, шалгах төхөөрөмжид байршуулан хяналт тавина.

3.4.Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөгдсөн, байгууллагын бүртгэлээс хасагдсан тохиолдолд тусгай дуут болон гэрлэн дохиог авч цагдаагийн байгууллагад мэдэгдэн бүртгэлээс хасуулна.

 

Дөрөв. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох

 

4.1.Жолооч нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлд заасан өнгийн гэрлийг бүхээгийн дээр, гадна талд голлуулан /мотоциклын арын хэсэгт/, бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдахуйц байдлаар тавьж ашиглана.

4.2.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж яваа шуурхай ажлын тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгоно.

4.3.Тээврийн хэрэгсэлд энэ журамд зааснаас өөрөөр тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэхийг хориглоно.

4.4.Энэ журмын 4.2, 4.3 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хураан авч, бүртгэлээс хасна.

 

Тав. Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

5.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуульд заасан шийтгэл оногдуулна.

5.2. Зөрчлийн улмаас хураасан дохиолол хэрэгслийг Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

 

 

---оОо---