Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2017 оны 340 дүгээр
                    тогтоолын хавсралт

 

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ
ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг (цаашид “тэтгэмж” гэх) олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Нийгмийн халамжийн сангаас  эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмжийг санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банк хооронд байгуулсан гурвалсан гэрээний үндсэн дээр банк (цаашид “гэрээт банк” гэх)-аар дамжуулан олгоно.

Хоёр. Тэтгэмжид хамрагдах иргэний хүсэлтийг хүлээн авах,
бүрдүүлэх баримт бичиг

2.1. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн   6 дугаар зүйлд заасан эрх нь үүссэн Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

2.2. Энэхүү журмын 2.1-д заасан иргэн тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө:

2.2.1. жирэмсэн эхийн тэтгэмж авах иргэн:

2.2.1.1. өргөдөл; 
  
2.2.1.2. 1 хувь зураг;

2.2.1.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

2.2.1.4. баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

2.2.1.5. жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.

2.2.2. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах иргэн:

2.2.2.1. өргөдөл;
   
2.2.2.2. 1 хувь зураг;

2.2.2.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

2.2.2.4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;

2.2.2.5. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

2.2.2.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал эсхүл тодорхойлолт, хуулбарын хамт; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 96 дугаар тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2019-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2.2.2.7. баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

2.2.3. ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн:

2.2.3.1. өргөдөл;
 
2.2.3.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт; гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;

2.2.3.3. хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

2.2.3.4. ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;

2.2.3.5. баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

2.2.3.6. гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

2.2.4. гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах иргэн:

2.2.4.1. өргөдөл; 

2.2.4.2. 1 хувь зураг;

2.2.4.3. нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, хэрэв гэрлэлт цуцлуулсан бол гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, гэрлэж байгаагүй бол гэрлэсэн эсэх лавлагаа; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 96 дугаар тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2019-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2.2.4.4. баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

2.2.4.5. хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт);

2.2.4.6. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

Гурав. Тэтгэмжид  хамрагдах иргэний хүсэлтийг
хянан шийдвэрлэх

3.1. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.1-д заасан иргэнд ажлын 5 хоногт багтаан тэтгэмж авах эсэх талаар хариу мэдэгдэнэ.

3.2. Сум, хорооны нийгмийн ажилтан нь тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч хувийн хэрэг нээж, мэдээллийг Нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн сан (WAIS)-д бүртгэнэ.

3.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 3.2-т заасан иргэний мэдээллийг хянан Нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулна.

3.4. Хүүхэд асарсны тэтгэмжийг асарч байгаа хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр эхэд 36 хүртэлх сарын хугацаанд олгоно.

3.5. Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг давхар олгоно.

3.6. Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 27.1-д заасан Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр олгоно.

3.7. Тэтгэмж авагч, эсхүл хүүхэд нь нас барсан тохиолдолд энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд гэр бүлийн гишүүд 14 хоногийн дотор мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ.

3.8. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн, нас барсан, үрчилсэн, харьяатаас гарсан хүүхдийн регистрийн дугаар, овог, нэрийг сар бүрийн 5-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.9. Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын шимтгэл шинээр төлсөн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авч байгаа эхчүүдийн мэдээллийг сар бүрийн 8-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 96 дугаар тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2019-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3.10. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэтгэмж авч байгаа эхийн мэдээллийг энэхүү журмын 3.8, 3.9-т заасан мэдээлэлтэй сар бүр тулгалж нягтална.

3.11. Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

Дөрөв. Тэтгэмж олголт

4.1. Тэтгэмжийг сар бүрийн 20-ны өдрөөс хойш иргэн өөрийн биеэр гэрээт банкнаас очиж авна.

4.2. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас иргэн тэтгэмжээ өөрийн биеэр гэрээт банкнаас авах боломжгүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдсэн хүнд олгоно. Суманд нотариатч ажиллаагүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 10.2-т заасныг баримтална.

4.3. Тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн олгох бөгөөд энэ журмын 5.1-д зааснаар эрх дуусгавар болох хугацааг дараахь байдлаар тооцно: (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 96 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2019-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

          4.3.1. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх нь хүүхдээ    3 нас хүрэхээс өмнө ажилдаа орсон тохиолдолд тухайн сарыг дуустал хугацаанд, бусад тохиолдолд эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно;

          4.3.2. жирэмсэн эхийн тэтгэмжийг энэ журмын 5.1.3-т заасан тохиолдолд тухайн сарыг дуустал, бусад тохиолдолд эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно;

          4.3.3. ихэр хүүхдийн тэтгэмж ба гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно.


4.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага      0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн зардалд шаардагдах хөрөнгийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн халамжийн сангийн дансанд сар бүрийн 15-ны дотор шилжүүлнэ.

4.5. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах иргэдийн жагсаалтад үндэслэн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дансанд сар бүрийн 18-ны дотор шилжүүлнэ. 

4.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага    3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэдийн жагсаалтад үндэслэн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дансанд улирал бүрийн сүүлийн сарын 18-ны дотор хийнэ. 

4.7. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь жирэмсэн эхийн тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмжийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүрийн 20-ны дотор хийнэ.

4.8. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж олгох хөрөнгийг сар бүрийн 20-ны дотор, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн хөрөнгийг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор тус тус гэрээт банкинд шилжүүлнэ.

4.9. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд ихэр хүүхдийн тэтгэмж олгохдоо оршин суугаа газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг тус тус үндэслэнэ. 

4.10. Тэтгэмж авах эрх үүссэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн онд авч чадаагүй тохиолдолд дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Нэг жилээс дээш хугацаагаар тэтгэмжээ аваагүй нөхцөлд түүнийг нөхөн олгохгүй.

4.11. Оршин суугаа засаг, захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа иргэний хувийн хэрэгт сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага шилжсэн тухай бичилт хийж хуулбарлан хадгалах бөгөөд эх хувийг тухайн иргэнд өөрт нь өгнө. Иргэн шилжин очсон засаг, захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авна.

4.12. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тэтгэмж олгохдоо байнга оршин суугчийн үнэмлэхийг үндэслэнэ.

4.13. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах хугацаанд эхэд түүний ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс (түүнтэй адилтгах орлого) олгосон нь энэ журмын 3.9-д заасан мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд тухайн орлогын талаарх ажил олгогчийн тодорхойлолтыг хянан үзэж, тэтгэмжийг нөхөн олгох эсэхийг шийдвэрлэнэ.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 96 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2019-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

4.14. Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамрагдах хугацаанд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эхэд давхардуулан олгохгүй.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 96 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2019-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


Тав. Тэтгэмжийг зогсоох, түдгэлзүүлэх

5.1. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дараах тохиолдолд иргэний тэтгэмж олголтыг зогсооно.

5.1.1. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг хүүхэд нь 3 нас хүрсэн, үрчлүүлсэн, нас барсан, тэтгэмж авч байгаа эхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу олгосон хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орсон;

5.1.2. Монгол Улсын харьяатаас гарсан;

5.1.3. жирэмсний тэтгэмж авах хугацаа дууссан;

5.1.4. гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд нь 18 нас хүрсэн, үрчлэгдсэн, нас барсан зэрэг шалтгаанаар хүүхдийн тоо      3-аас бага болсон;

5.1.5. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь байнга оршин суухаа больсон;

5.1.6. Хуурамч материал бүрдүүлэн тэтгэмж авсан, олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

5.2. Энэхүү журмын 5.1.1-д заасны дагуу тэтгэмж олголт нь зогсоогдсон ч тодорхой хугацааны дараа ажилгүй болж хүүхдээ асарч байгаа тохиолдолд эх энэхүү журмын 2.2.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн тэтгэмж авах хүсэлтээ гаргаж болно.

Зургаа. Бусад

6.1. Энэхүү журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн иргэн, тэтгэмж авах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, сум, хорооны нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.

6.2. Иргэн илүү тэтгэмж авсан нь энэхүү журмын 3.8, 3.9-т заасан бүртгэл, мэдээллээр тогтоогдсон тохиолдолд илүү авсан тэтгэмжийг тухайн иргэнээр нийгмийн халамжийн санд нөхөн төлүүлнэ.

6.3. Тэтгэмж олгох үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, баг, хорооны Засаг дарга хяналт тавина.

 


-----oOo-----