Хэвлэх DOC Татаж авах

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын 2017 оны 12 сарын 25-ны

               өдрийн А/368 дугаар тушаалын хавсралт

 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ

 ХЭМЖЭЭГ ТОГТООХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

             1.1.Энэхүү аргачлалыг хот, суурин газрын хог хаягдлын менежментийг төлөвлөх, хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэх, төсвийн төсөл боловсруулах, хог хаягдал гаргасны хураамж тогтоох, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болон түүнд шаардлагатай машин техник, хогийн цэгийн хүчин чадлыг тодорхойлохтой холбоотой тооцоо хийхэд ашиглана.

             1.2.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа  иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлын нормативыг энэхүү аргачлалын дагуу тогтооно.

            1.3.Сум, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ болон айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа хог хаягдлын нормативыг батална.

            1.4.Нормативын гол үзүүлэлтүүд нь хог хаягдлын хэмжээ, жин, дундаж нягтрал, хог хаягдал үүсэх хоногийн болон улирлын харилцан адилгүй коэффициентоор илэрхийлэгдэнэ.

            1.5. Хог хаягдлын нормативыг гурван жил тутамд, шаардлагатай тохиолдолд түүнээс өмнө шинэчлэн тогтоож болно.

Хоёр. Айл өрхийн энгийн хог хаягдлын нормативыг тогтоох

2.1. Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн хог хаягдлын нормативыг энэхүү аргачлалын дагуу тогтоож, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хянан баталгаажуулж, хог хаягдлын мэдээллийн санд бүртгэнэ.

              2.2.Айл өрхөөс гарах хог хаягдлын нормативыг тогтоохдоо амьдарч байгаа суурьшлын бүсийн онцлог, төрлөөс хамаарч дараах байдлаар ангилна:

                  2.2.1.  төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны;

                  2.2.2.  гэр хорооллын;

    2.2.3.  сумын төв, бусад суурин газрын;

                 2.2.4.  төв, суурин газраас алслагдсан;

               2.3. Хог хаягдлын нормативыг зуны улирал (4 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал) болон өвлийн улирал (10 дугаар сараас 3 дугаар сарыг дуустал)-ын онцлогийг харгалзан тогтоох бөгөөд жилийн хог хаягдлын нормативыг энэ хоёр улирлын дунджаар тооцож гаргана.

             2.4.Хог хаягдлын нормативыг тогтоох судалгаанд төв, суурин газраас алслагдсан айл өрхийн 10-аас доошгүй хувь, сумын төвийн оршин суугч айл өрх, иргэдийн 5-аас доошгүй хувь, аймгийн төвд оршин суугч айл өрхийн 2-оос доошгүй хувь, нийслэл, томоохон хотуудын айл өрхийн 0,5 хүртэл хувийг тус тус хамруулна.

              2.5.Хэмжилт хийхэд 0,75 м3 эзлэхүүнтэй стандарт хогийн сав ашиглах бөгөөд сонгосон айл өрхөд хогийн савыг байрлуулж, хог хаягдлыг хог тээвэрлэх машинд ачихаас өмнө тэгшилж, нягтруулалгүйгээр өндөр, өргөнийг нь хэмжиж эзлэхүүнийг тодорхойлно. Хог хаягдлын жинг тээвэрлэхээс өмнө граммын нарийвчлалтайгаар хэмжинэ.

              2.6.Нэг төрлийн их хэмжээний хог хаягдлыг хэмжих тохиолдолд хог ачих хоосон машины жинг эхлэн хэмжиж, дараа нь хогтой машины жинг килограммын нарийвчлалтайгаар хэмжинэ.

              2.7.Өвлийн улиралд үнсийг бусад хог хаягдлаас тусад нь цуглуулж хэмжилт хийнэ.

              2.8.Хэмжилт бүрийн үр дүнг дараах маягтад өдөр бүр тэмдэглэнэ. Анхан шатны хэмжилтийн материал бэлтгэх ажлыг хэмжилт эхлэхээс өмнө гүйцэтгэнэ. Гарсан дүнг нь эргэлзээтэй байвал дахин хэмжилт хийнэ. 

......... он ........ сар ......... өдөр

Хэмжилт хийсэн газрын хаяг, байршил, нэр

  -----------------------------------------------------------------------------------------------------------------

Хогны

савны

дугаар

Хогны саван дах хог хаягдлын өндөр

h( м)

Хогны савны талбай

s( м2 )

Хогны саванд байгаа хог, хаягдлын эзлэхүүн

h x s (м3 )

Хогны савны хогтой байх үеийн жин a(кг )

Хогны савны жин

b ( кг)

Хогны цэвэр жин

а-b

(кг)

1-n хүртэл

 

 

 

 

 

 

Нэг өдөрт гарсан хогийн хэмжээ

 

 

 

 

 

 

 

M= n(a-b) бөгөөд M- нэг өдөрт гарсан хогийн хэмжээ,

n- хэмжилт хийгдсэн хогийн савны тоо

а-хогийн савны хогтой байх үеийн жин,

b- Хогийн савны жин Y=q*M,

Y- хэмжилт хийсэн өдрүүдэд гарсан нийт хогийн хэмжээ

q- хэмжилт хийсэн өдрийн тоо,

М- нэг өдөрт гарсан хогийн хэмжээ

2.9. Орон сууцын болон гэр хорооллын айл, өрхийн овор, хэмжээ ихтэй хог хаягдлыг нийт эзлэхүүний 5 хувиар нэмж тооцно.

2.10. Хувийн орон сууц барих, орон сууц засварлахад үүсэх хатуу хог хаягдлын нормативыг жилд 1 м2 талбайд 0,01 тн хог хаягдал ногдохоор тодорхойлно.

2.11. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, парк, цэцэрлэгийн хог хаягдлын нормативыг жилд 1 м2 талбайгаас 15 кг хог хаягдал гарна гэж тооцно.

Гурав. Нэг хүнд ногдох хог хаягдлын нормативыг тогтоох

              3.1.  Нэг хүнд ногдох хог хаягдлын нормативыг тогтоохдоо амьдарч байгаа суурьшлын бүсийн онцлог, төрлөөс хамаарч орон сууц болон гэр хорооллоор ангилах бөгөөд хог хаягдал, овор, хэмжээ ихтэй хог хаягдал, барилгын болон засварын ажлаас үүсэх хог хаягдлын хэмжээний нийлбэрийг тухайн хүн амын тоонд хуваах замаар тооцоолно.

V= (V1+V2+V3)/N;

V- нэг хүнд ногдох хог хаягдлын норматив;

V1- орон сууц (гэр хорооллоос) гарч байгаа хог хаягдлын жилийн дундаж хэмжээ /тн/;

V2- овор хэмжээ ихтэй хогхаягдал (нийт гарч байгаа хог хаягдлын жингийн 5  хувиар нэмж тооцно);

V3- Хувийн орон сууц барих, орон сууц засварлахад гарах хаягдал (1.0 м2 талбайд 0,01 тн байхаар тооцно);

N- нийт хүн амын тоо.

        Дөрөв. Аж ахуйн нэгж, байгууллага, салбарын

           хог хаягдлын нормативыг тогтоох

4.1.Салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын нормативыг энэхүү аргачлалын 2.5-2.11-т заасны дагуу тогтооно.

           4.2. Аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хог хаягдлын нормативыг дараахь нэгжээр тооцож тогтооно:

Хог хаягдлын эх үүсвэрийн төрөл

Тооцох нэгж

Нийтийн болон дотуур байр

1 иргэн

Зочид буудал, амралтын газар

1 ор

Хүүхдийн цэцэрлэг, ясли

1 хүүхэд

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль

1 сурагч

Шинжлэх ухаан, судалгааны байгууллага

1 ажилтан

Номын сан, музей

1 ажилтан

Кинотеатр, соёлын төв

1 суудал

Цэнгэлдэх хүрээлэн, спортын ордон

1 суудал

Сүм, хийд болон олон нийтийн амралт зугаалгын бүсийн цэвэрлэгээний

1 м2талбай

Худалдааны төв, зах, дэлгүүрийн худалдаа, үйлчилгээний

1 м2талбай

Ресторан, бар, кафе

1 үйлчлүүлэгч

Агуулах, сав

1 м2талбай

Үсчин, ахуйн үйлчилгээний цогцолбор, гутал засвар, хувцас засвар, оёдлын цех

1 ажилтан

Албан байгууллага, ажлын өрөө

1 ажилтан

Төмөр замын буудал, автотээврийн товчоо, нисэх онгоцны буудлын цэвэрлэгээний

1 м2талбай

Эрүүл мэндийн байгууллага

1 орны ашиглалтын фонд 1  үзлэг тутам

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн амралт, зугаалгын бүсийн цэвэрлэгээний

1 м2 талбай

Цэргийн анги эгтгэл

1 албан хаагч

Үйлдвэрлэл

Хүчин чадал, нэгж бүтээгдэхүүн

Барилгын хог хаягдал

1 м2 талбай

Мал аж ахуй

тоо

4.3. Аж ахуйн нэгж, байгууллагын нэг өдөрт гаргах хог хаягдлын нормативыг энэ аргачлалын 4.2-т заасан хүснэгтэд тусгасан тооцох нэгж болон ажиллах өдрийн үржвэрийг нийт гарсан хог хаягдлын хэмжээнд хуваан тогтооно.

V=L/ (NxA);

 

V- нэг өдөрт гарах хог хаягдлын норматив хэмжээ;

L- жилд гарах нийт хог хаягдал /тн/

N- тооцох нэгжийн нийлбэр;

A- жилд ажиллах өдрийн тоо.

              4.4. Энэхүү аргачлалаар тооцоолон гаргасан нэг жилд үүсэх хог хаягдлын хэмжээ нь тухайн обьектуудад бодит байдлаар хуримтлагдсан хог хаягдлын жилийн хэмжээнээс 5 хувиас илүү зөрж болохгүй. Хэрэв тооцооны болон бодит дүн 5 болон түүнээс дээш хувиар зөрсөн тохиолдолд нормативыг шинэчлэн тогтооно. 

 

 

 

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар