Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр
      тогтоолын хавсралт
   


ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэний зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага (цаашид “төрийн цэргийн байгууллага” гэх)-д сайн дураар цэргийн жинхэнэ албыг гэрээгээр хаахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Цэргийн гэрээт алба нь байлдагч, түрүүчийн болон ахлагч, офицерын гэсэн төрөлтэй байна.

1.3. Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах иргэний тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

1.4. Төрийн цэргийн байгууллага өөрийн албаны онцлогт нийцүүлэн ахлагч, офицероор цэргийн гэрээт албанд элсүүлэх мэргэжил, албан тушаалын жагсаалтыг баталж мөрдүүлэх бөгөөд жагсаалтыг төрийн бодлого, хууль тогтоомж болон албаны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодотгож, өөрчлөлт оруулж болно.

1.5. Ахлагч, офицероор цэргийн гэрээт албанд элсүүлэх мэргэжил, тооны дээд хязгаарыг цэргийн байгууллагуудын саналыг үндэслэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр батална.

1.6. Төрийн цэргийн байгууллагад цэргийн жинхэнэ албыг гэрээгээр хааж байгаа иргэн (цаашид “цэргийн гэрээт алба хаагч” гэх)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу цэргийн цол олгоно. Офицероор цэргийн гэрээт алба хаах иргэнд түүний эзэмшсэн мэргэжил, гүйцэтгэх үүргийг нь харгалзан томилгоот албан тушаалын цол олгож болно.

1.7. Цэргийн гэрээт алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг батлан хамгаалах, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосны дагуу дагаж мөрдөнө.

1.8. Онцгой байдлын байгууллагад цэргийн гэрээт алба хаах ахлагч, офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг онцгой байдлын байгууллагын албан хаагчийн нэгэн адил тогтооно.

Хоёр. Иргэнийг цэргийн гэрээт албанд элсүүлэх

2.1. Цэргийн гэрээт алба хаах иргэн цэргийн дараах байгууллагад хүсэлт гаргана:

2.1.1. байлдагч, түрүүчээр алба хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад;

2.1.2. ахлагчийн алба хаах иргэн төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар,  Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

2.1.3. офицерын алба хаах иргэн Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад.

2.2.  Цэргийн гэрээт алба хаах иргэн Цэргийн албаны тухай хуулийн     19.2.3, 19.2.4, 19.2.5-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

2.3. Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах иргэн энэхүү журмын 2.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

2.3.1. хугацаат цэргийн алба хаасан байх;

2.3.2. бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;

2.3.3. 29 хүртэлх настай байх.

2.4. Цэргийн гэрээт албыг ахлагч, офицероор хаах иргэн энэ журмын       2.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

2.4.1. дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;

2.4.2. мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын шалгуур үзүүлэлт, ажлын байрны шаардлагыг хангасан байх;

2.4.3. Цэргийн албаны тухай хуулийн 10.5, 11.4, 11.5-д зааснаас хэтрээгүй настай байх;

2.4.4. мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

2.5. Энэхүү журмын 2.2-2.4-т заасан шаардлагыг хангаж, шалгалтын дүнгээр тэнцсэн иргэнийг цэргийн гэрээт албанд элсүүлж, алба хаалгах тухай шийдвэрийг энэхүү журмын 2.1-д заасан цэргийн анги, байгууллагын захирагч, дарга гаргана.

Гурав. Гэрээ байгуулах

3.1. Энэхүү журмын 2.5-д заасны дагуу цэргийн гэрээт алба хаалгах шийдвэр гарсан иргэнтэй Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан цэргийн гэрээт алба хаах гэрээ байгуулна.

3.2. Төрийн цэргийн байгууллагууд албаны онцлогтоо нийцүүлэн цэргийн гэрээт алба хаах гэрээний загварыг баталж мөрдүүлнэ.

3.3. Цэргийн гэрээт алба хаах гэрээнд дараах асуудлыг тусгана:

3.3.1. гэрээний хугацаанд алба хаах цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбар, эрхлэх албан тушаал;

3.3.2. алба хаах хугацаа;

3.3.3. цалин хөлс, нэмэгдлийн хэмжээ;

3.3.4. талуудын эрх, үүрэг;

3.3.5. талуудын хүлээх хариуцлага;

3.3.6. гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа;

3.3.7. бусад асуудал.

3.4. Цэргийн гэрээт алба хаах гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.

Дөрөв. Цэргийн гэрээт алба хаах

4.1. Цэргийн гэрээт алба хаагчийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг цэргийн жинхэнэ алба хаагчийн нэгэн адил холбогдох хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.

4.2. Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа Цэргийн албаны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно.

4.3. Иргэн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт алба хааж болно.

4.4. Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчийн сургалтыг цэргийн алба хаасан хугацаа, гүйцэтгэх үүрэгтэй нь уялдуулан зохион байгуулах бөгөөд сургалтын шатлалыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын сургалт хариуцсан нэгж тогтооно.

4.5. Цэргийн гэрээт албыг ахлагч, офицероор хаах иргэн цэргийн жинхэнэ алба хаагаагүй тохиолдолд цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөнө.

4.6. Цэргийн бэлтгэл сургалтыг энэхүү журмын 2.1-д заасан цэргийн анги, байгууллага нэгдсэн журмаар зохион байгуулах бөгөөд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага батална.

4.7. Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчийг цэргийн хэрэгт мэргэших, хос мэргэжил эзэмшихэд нь алба хааж байгаа цэргийн анги, байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.

4.8. Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч нь үндсэн сургалт, бэлтгэлээс хөндийрөхгүйгээр үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, мэргэжил, боловсрол эзэмших зорилгоор оройн болон зайны сургалтад хамрагдаж болно.

4.9. Гэрээний хугацаа дуусч байгаа цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч цаашид их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд түүнд шалгалтад орох бэлтгэлийг хангахад алба хааж байгаа цэргийн анги, байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

4.10. Цэргийн гэрээт алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр оролцуулж болно.

4.11. Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, даргын шийдвэрээр цэргийн ангийн байнгын байрлалаас гадна байрлаж болно.

4.12. Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч нь “Цэргийн гэрээт алба хаагчийн үнэмлэх”-тэй байна. Үнэмлэх нь цэргийн гэрээт алба хаагчийн алба хааж байгаа тухайн цэргийн нэгтгэл, анги, байгууллагын дугаар, томилгоот албан тушаал, алба хаах хугацааг сунгасан тухай болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан байна.

Тав. Цэргийн гэрээт алба хаагчийн цалин, бусад хангамж

5.1. Цэргийн гэрээт алба хаагчийн цалинг Засгийн газраас тогтоосон төрийн тусгай албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг үндэслэн тухайн албан тушаалын зэрэглэл, шатлалын дагуу тогтоож олгоно.

5.2. Цэргийн гэрээт алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цэргийн цолны цалин, онцгой нөхцөл, цэргийн мэргэжлийн зэрэг, хилийн болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ.

5.3. Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцно.

5.4. Цэргийн гэрээт албаны ахлагч, офицерын алба хаах хугацаанд иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна.

Зургаа. Цэргийн гэрээт алба дуусгавар болох

6.1. Цэргийн гэрээт алба хаагчтай байгуулсан гэрээ Цэргийн албаны тухай хуулийн 18.1-д зааснаас гадна дараах тохиолдолд дуусгавар болно:

6.1.1. дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон;

6.1.2. ар гэрийн гачигдлын улмаас гэрээг цуцлах хүсэлт гаргасан;

6.1.3. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол гарсан;

6.1.4. хүндэтгэх шалтгаангүйгээр анги, байраа орхин явсан;

6.1.5. орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан мэргэжлийн дагуу өөр цэргийн нэгтгэл, анги, байгууллагад шилжих болсон боловч тухайн алба хаагч ажиллах боломжгүй байгаа тухай бичгээр мэдэгдсэн.
6.2. Цэргийн гэрээт алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-д заасан цэргийн алба хаагчийн нийтлэг үүрэг болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болно.

6.3. Цэргийн гэрээт алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд түүнд олгох тэтгэвэр, тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.

6.4. Халагдаж байгаа цэргийн гэрээт алба хаагчтай байгуулсан гэрээг дүгнэж, холбогдох тооцоог хийсний дараа түүнд нийгмийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг олгоно.

6.5. Цэргийн гэрээт алба хаах хугацаа дууссан алба хаагчийг энэхүү журмын 2.1-д заасан цэргийн анги, байгууллагын захирагч, даргын тушаалаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

Долоо. Хүлээлгэх хариуцлага


7.1. Цэргийн гэрээт алба хаагч нь цэргийн дүрэмт хувцас болон бусад хангалтыг тогтоосон нормын дагуу эдэлнэ. Гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тохиолдолд цэргийн гэрээт алба хаагч эдэлгээний хугацаа дуусаагүй хувцас, хэрэглэлийн үнийг гэрээнд заасан хувиар тооцож нөхөн төлнө.

7.2. Цэргийн гэрээт алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд эдэлгээний хугацаа дуусаагүй хувцас, хэрэглэлийн үнийг төлөхөөс чөлөөлөгдөнө.

7.3. Цэргийн гэрээт алба хаагч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн жинхэнэ алба хаагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.

7.4. Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


------оОо------