Хэвлэх DOC Татаж авах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн
А-09 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

ОРГАНИК БОЛОХЫГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Түүхий эд, бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, үг, бичвэрийг хэрэглэх, загвар хэмжээ, төрлийг тогтоох арга хэмжээг энэхүү журмаар зохицуулна. 

1.2.Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Органик хүнсний тухай хууль, холбогдох журам, стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг Хамтын баталгаажуулалтын байгууллага, эсхүл хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулан, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлснээр органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг бүтээгдэхүүний шошгод тусгана. 

Хоёр. Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар

2.1.Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болон  Хамтын оролцооны байгууллагын баталгаажуулсан хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэх органик болохыг илэрхийлсэн тэмдэг нь Органик хүнсний тухай хуулийн 11.6-д заасны дагуу баталсан загвар, хэмжээ, төрөлтэй байна.

2.2.Шилжилтийн үед хэрэглэх тэмдэг, тэмдэглэгээ нь Органик хүнсний тухай хуулийн 11.6-д заасны дагуу баталсан загвар, хэмжээ, төрөлтэй байна.

Гурав. Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэхэд тавигдах шаардлага

3.1.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрчлэх тэмдгийн эрхтэйгээр бүртгэгдсэн байна.

3.2.Хамтын баталгаажуулалтын байгууллага болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас олгосон гэрчилгээ, түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл, албан хүсэлтийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 14 хоногт багтаан бүтээгдэхүүнийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

3.3.Шийдвэрт органик үйлдвэрлэл эрхлэгч түүхий эд, бүтээгдэхүүний шошгод хэрэглэх органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэмжээ, төрөл, бүртгэлийн хүчинтэй хугацааг заасан байна.

3.4.Бүртгэх шийдвэр гарсан өдрөөс эхлэн органик үйлдвэрлэл эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдлийг хэрэглэнэ.

3.5.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг www.organicmongol.com цахим хуудас, мэдээллийн сангаас татан авч, хэрэглэнэ.

3.6.Органик бүтээгдэхүүний шошго хамтын оролцооны байгууллага, хөндлөнгийн баталгаажуулалтын болон холбогдох хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.

3.7.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний орц тус бүр (технологийн боловсруулалтад ашигладаг нэмэлт хамаарна) нь органик буюу органик орцын хувь хэмжээ нь 100% байвал (Зураг1):

3.7.1.шошгоны нүүр хэсэгт, бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө Органик Хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1 ба 10.1.2 дахь хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “100% ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдгийг, Органик хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “100% ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээг, онцгойлсон, өөр өнгө, хэмжээ бүхий бичвэртэй “100% органик .......” “100% байгалийн цэвэр”, “100% байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл хэрэглэж болно.

3.7.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэх бөгөөд тэмдэглэгээ нь онцгойлсон, өөр өнгө, хэмжээтэй байж болно.  

3.7.3.шошгоны нүүр хэсгээс бусад хэсэгт баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. Баталгаажуулалтын байгууллагын лого, албан ёсны хаяг, цахим шуудан, утасны дугаарыг бичиж болно.

3.8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орц нь 90-99% байвал (Зураг2):

3.8.1.шошгоны нүүр хэсэгт, бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө Органик Хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1 ба 10.1.2 дахь  хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдгийг, Органик хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээг, онцгойлсон, өөр өнгө, хэмжээ бүхий бичвэртэй “Органик” “Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл хэрэглэж болно.

3.8.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу тусгах бөгөөд бичвэр нь онцгойлсон, өөр өнгө, хэмжээтэй байж болно.  

3.8.3.шошгоны нүүр хэсгээс бусад хэсэгт баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. Баталгаажуулалтын байгууллагын лого, албан ёсны хаяг, цахим шуудан, утасны дугаарыг бичиж болно.

3.9.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орц нь 70-89% байвал (Зураг3):

3.9.1.шошгоны нүүр хэсэгт, бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл хэрэглэхийг хориглох бөгөөд бүтээгдэхүүний оноосон нэрний доод хэсэгт хамгийн өндөр хувьтай 3 хүртэлх органик орцын нэрийг зааж, “Органик ......-тай бүтээгдэхүүн” мэдэгдлийг ашиглаж болно. Органик гэсэн үг нь шошгоны нүүр хэсэгт байгаа бусад үгнээс ялгарсан, өөр өнгө, хэмжээтэй байж болохгүй.

3.9.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу тусгах бөгөөд бичвэр нь бусад орцын талаар мэдээлсэн бичиглэлээс өөр өнгө, хэмжээтэй, онцгой байж болохгүй.

3.9.3.шошгоны нүүр хэсгээс бусад хэсэгт баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. Баталгаажуулалтын байгууллагын лого, албан ёсны хаяг, цахим шуудан, утасны дугаарыг бичиж болно.

3.10.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орц нь 69%-иас бага, эсхүл органик бус бүтээгдэхүүн байвал (Зураг4):

3.10.1.шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэхийг хориглоно.

3.10.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу тусгах бөгөөд бичвэр нь бусад орцын талаар мэдээлсэн бичиглэлээс өөр өнгө, хэмжээтэй, онцгой байж болохгүй.

3.10.3.энэ бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байхыг шаардахгүй.

3.11.Дан орцтой шилжилтийн үеийн органик хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн байвал:

3.11.1.органик хүнс үйлдвэрлэгч шошгоны нүүр хэсэгт Хүнсний тухай хуулийн 10.1.1 , 10.1.2-т заасан байгууллагатай органик үйлдвэрлэлд шилжих гэрээг байгуулсан өдрөөс хойш 18 сарын дараа “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдгийг, Органик хүнсний тухай хуулийн 10.2-т хэсэгт заасан байгууллагатай органик үйлдвэрлэлд шилжих гэрээг байгуулж, тангараг өргөсөн өдрөөс хойш 12 сарын дараа “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээг, “Органикт шилжиж байгаа” гэсэн мэдэгдэл хэрэглэж болно.

3.11.2.“Органикт шилжиж байгаа” гэсэн мэдэгдлийн бичвэр нь шошгон дээр байгаа бусад мэдээлэлтэй өнгө, хэмжээ, үсгийн фонтын хувьд ижил байна.

3.12.Багц бүтээгдэхүүний хувьд, тухайлбал, жимс, ногооны багц, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний баярын сагс гэх мэт, бүтээгдэхүүн тус бүр нь органик болох нь баталгаажсан тохиолдолд тухайн багцыг органик хэмээн шошголж, зах зээлд нийлүүлж болно.

3.13.Органик бүтээгдэхүүний бөөний сав, боодлыг энэ журмын 3.7, 3.8, 3.11 дэх хэсэгт заасан мэдэгдэл, тэмдэг тэмдэглэгээг ашиглан шошголох тохиолдолд баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ.

3.14.Нийлмэл найрлагатай орцын органик орц бүрдүүлэгч тус бүрийн (хүнсний нэмэлт, технологийн боловсруулалтад ашигладаг нэмэлт) нэрийг бүтнээр нь бичиж,  Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS CAC 1:2007 стандартад заасны дагуу жингийн буурах дарааллаар жагсаана.

3.15.Бүтээгдэхүүнд ашигласан амт, үнэр оруулагч /амтлагч/ нь бүтээгдэхүүний жингийн 2%-иас ихгүй байх тохиолдолд ерөнхий нэрээр илэрхийлж болно.