Хэвлэх DOC Татаж авах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн А-09 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

 

ОРГАНИК ХҮНСИЙГ ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛД ТУЛГУУРЛАН ХАМТРАН БАТАЛГААЖУУЛАХ ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГҮҮЛЭХ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан, хамтран баталгаажуулах байгууллага /Цаашид “Хамтын баталгаажуулалтын байгууллага” гэх/-ыг Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд заасан нөхөрлөл хэлбэрээр байгуулна.

1.2.Хамтын баталгаажуулалтын байгууллага  нь гишүүн үйлдвэрлэгчийнх нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа Органик хүнсний тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журам, стандартад заасан шаардлагад нийцсэн эсэхийг харилцан бие биедээ хяналт тавих зарчмаар баталгаажуулан, баталгаажсан бүтээгдэхүүнээ орон нутгийн хэрэглэгчдэд санал болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.3.Энэ журмын 1.1-д заасан нөхөрлөлийн дундын хөрөнгө, эд хөрөнгийн хариуцлагыг Иргэний хуулийн 482 дугаар зүйлд зааснаар зохицуулна.

Хоёр. Хамтын баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага

2.1.Хамтын баталгаажуулалтын байгууллага /Цаашид “ХББ” гэх/-ын гишүүнээр анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч, боловсруулах үйлдвэр, хэрэглэгч байх ба дундын борлуулагч, сүлжээ дэлгүүр, органик хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, нийгэмлэг, итгэмжлэгдсэн лаборатори нь ХББ-д гишүүнчлэлтэй байж болно.

2.2.ХББ-ын гишүүн Органик хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомж, стандартыг мөрдөн, аливаа зөрчил гаргахгүй ажиллах, энэ журмын 2.4.5, 4.2 ба 4.7 дахь хэсэгт заасан хяналт, шалгалтад хамрагдахад татгалзах зүйлгүй гэдгээ баталгаажуулж, олон нийтэд нээлттэй хэлбэрээр тангараг өргөж, тангарагийн бичгийг үйлдэнэ.

2.3.ХББ-ын гишүүд  Органик хүнсний тухай хууль, журам, аргачлал, стандартыг (олон улс, бүс нутаг, үндэсний, Органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн олон улсын холбооны бүл стандарт) үндэслэн, өөрийн үйл ажиллагааны болон нутгийн хүмүүсийн  амьдралын хэв маяг, соёл, зан заншил, уламжлал болон орон нутгийн онцлогт нийцүүлэн хамтран ажиллах гэрээг байгуулна.

2.4.Энэ журмын 2.3-д заасан гэрээнд дараахь зохицуулалтыг тусгана. Үүнд:

2.4.1.удирдлагын хэвтээ тогтолцоог бүрдүүлэх, сонгуульт гишүүдийг сэлгэх, гишүүдийн оролцоог хангах;

2.4.2.органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлэх, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг баталгаажуулах, органик болохыг илэрхийлсэн тэмдэглэгээг хэрэглэх, олгосон баталгааг сунгах, хүчингүй болгох шийдвэр гаргах, тайлагнах;

2.4.3.тангарагийн бичгийн загвар, тангараг өргөх;

2.4.4.хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг болон тангарагийг зөрчихөд хүлээлгэх хариуцлагыг тооцох;

2.4.5.ижил төрлийн органик хүнс үйлдвэрлэгч ХББ-ын гишүүд харилцан бие биенийхээ, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч гишүүн нь анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч гишүүний үйл ажиллагааг тус тус хянаж, үнэлгээ өгөх, зөрчил, дутагдлыг илрүүлэх, гарсан зөрчлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;  

2.4.6.хяналт шалгалт хийх болон баталгаажуулалттай холбогдох зардлыг хуваарилах;

2.4.7.хяналт, шалгалтыг гүйцэтгэх явцад гарч болзошгүй сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

2.4.8.хяналт шалгалтад хамрагдсан гишүүний үйл ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэл болон тоо баримтыг эрх бүхий байгууллага болон албан тушаалтнаас бусад этгээдэд задруулахгүй байх;

2.4.9.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш байдлыг хангах;

2.4.10.ХББ-ын бүтэц, зохион байгуулалт, хяналт шалгалт, баталгаажуулалтын үйл ажиллагаа, органик үйлдвэрлэлийн талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх;

2.5.ХББ нь хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай мэдээллийг Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.6.ХББ-ын өдөр тутмын үйл ажиллагааг ХББ-ын бүх гишүүдийн хурлаас сонгогдсон  эрх бүхий төлөөлөгч хэрэгжүүлнэ.

2.7.ХББ нь оноосон нэр, тэмдэг, лого, хэвлэмэл хуудастай байна. Оноосон нэрний ард “ХББ” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ.

Гурав. Хамтын баталгаажуулалтын байгууллагын бүртгэл

3.1.ХББ-ыг Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу  хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэнэ.                          

3.2.ХББ нь хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг ирүүлнэ:

3.2.1.ХББ-аар бүртгүүлэх хүсэлт;

3.2.2.ХББ-ын талаарх ерөнхий мэдээлэл (Хавсралт 1-д заасан маягтын дагуу);

3.2.3.энэ журмын 2.2-т заасан тангарагийн бичгийн хуулбар, 2.4-т заасан хамтран ажиллах гэрээ;

3.2.4.орон нутгийн хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллагын тодорхойлолт.

3.3.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  энэ журмын 3.2-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан эсэхийг нягталж, дутуу бичиг баримтыг шаардах ба бүрдүүлбэр хангагдсан тохиолдолд хүсэлтийг хүлээн авснаас хойш  ажлын 21 хоногт багтаан ХББ-г бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргана.

3.4.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүртгэгдсэн ХББ-ын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд  Захиргааны гэрээ байгуулж, хяналт тавина.

3.5.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэгдсэн ХББ-гийн талаарх мэдээллийг органик үйлдвэрлэл, хүнсний мэдээллийн санд байршуулж, нийтэд мэдээлнэ.

Дөрөв. ХББ-ын баталгаажуулалтын үйл ажиллагаа

4.1.ХББ нь Органик хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, стандартын шаардлагад үйлдвэрлэгчийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нийцэж буй эсэхэд баталгаа олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй.

4.2.ХББ нь өөрийн гишүүдээс бүрдсэн баг томилон, хяналт шалгалт явуулж, тухайн багийн гаргасан дүгнэлтийг үндэслэн органик хүнсэнд баталгаа олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

4.3.ХББ нь энэ журмын 4.2-т заасан багт орж ажиллах гишүүнийг Органик хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомж, стандарт, байгууллагын стандарт, дүрмийг судлах, эдгээрт нийцүүлэн хяналт шалгалтын удирдамж аргачлал, хяналтын хуудсыг боловсруулах, үнэлгээ өгөх, хяналт шалгалтыг гүйцэтгэх, тайлагнах чиглэлийн сургалтад хамруулна.

4.4.Энэ журмын 4.2-т заасан багийн бүрэлдэхүүн, багийн гишүүн бүрийн эрх үүрэг, хариуцлага, шалгалтын төрөл, давтамж, хамрах хүрээг багтаасан удирдамж, шалгалтад ашиглах хяналтын хуудас, тайлангийн загварыг ХББ-ын хурлаас батална.

4.5.Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үнэлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт шалгалт явуулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, органик хүнсэнд баталгаа олгох, цуцлах шийдвэр гаргах үйл явцад ХББ-ын гишүүдийн  оролцоог хангасан байна.

4.6.Энэ журмын 4.2-т заасан багийн бүрэлдэхүүнд судлаач, эрдэмтэд, тухайн орон нутгийн байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллага, сургалтын байгууллага, нийгмийн эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулж болно. 

4.7.ХББ нь гишүүний үйл ажиллагаанд жилд нэг удаа төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг явуулна.

4.8.ХББ нь гишүүдийнхээ үйл ажиллагааны ноцтой зөрчлийн талаар иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, тухайн үйлдвэрлэгчид мэдэгдэн, бодитой үнэлж, хяналт шалгалтыг төлөвлөн, үл тохирол, зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.

4.9.Хяналт шалгалт явуулах, бүтээгдэхүүнд баталгаа олгох ажиллагааг хүнд суртал багатай, оновчтой хэлбэрээр явуулж, бүртгэл, тайлан мэдээ гаргах үйл явцыг хялбарчилж, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг (фото зураг, видео болон аудио бичлэг) ашиглаж болно.

4.10.ХББ нь энэ журмын 4.1-д заасан баталгааг олгохдоо мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын  дүнг үндэслэж болно.  

4.11.Энэ журмын 4.2-т заасан баг нь үнэлгээ өгөх явцыг хяналтын хуудас болон хяналт шалгалтын тайлангаар баримтжуулж, тухайн үйлдвэрлэгчид мэдээлэн, баталгаа олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох дүгнэлтийг гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

4.12.Баталгаа олгох шийдвэр нь шударга, ардчилсан зарчимд нийцсэн, ил тод нээлттэй байна.

4.13.ХББ нь Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаажсан бүтээгдэхүүнийг бүртгүүлж, шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэглэгээ тавих эрх олгох саналыг Хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.14.ХББ нь энэ журмын 2.3-д заасан гэрээ, түүний хэрэгжилт, органик үйлдвэрлэл эрхлэгч, баталгаажсан органик хүнсний төрөл, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, борлуулалт, зах зээлийн үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутам хүргүүлж, органик хүнсний хяналт, удирдлагын мэдээллийн систем, өөрийн байгууллагын албан ёсны цахим хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан олон нийт, хэрэглэгчдэд тогтмол мэдээлнэ.

Тав. ХББ-ын үйл ажиллагааны ил тод байдал

5.3.ХББ нь өөрийн үйл ажиллагаагаа нээлттэй, тогтвортой, шударга явж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын дараахь үйл ажиллагааг баримтжуулна. Үүнд:

5.3.1. ХББ-ын талаарх ерөнхий мэдээлэл (Хавсралт 1-д заасан маягтын дагуу);

5.3.2.тангараг (гарын үсэг зурсан бичмэл хувь, эсхүл аудио, видео бичлэг);

5.3.3.энэ журмын 2.4-т заасан гэрээ, түүний хэрэгжилтийн тайлан;

5.3.4.хяналт шалгалтын тайлан, хяналтын хуудас, үл тохирол, зөрчлийн тухай мэдээлэл, зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тухай тайлан;

5.3.5.гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, ирцийн бүртгэл;

5.3.6.баталгаа олгосон гэрчилгээний хуулбар хувь.

5.4.Энэ журмын 5.3-т заасан бүртгэлийн бичиг баримт нь олон нийтэд нээлттэй байна.

5.5.ХББ-ын үйлдвэрлэл эрхлэгч гишүүн бүр хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлнө.

5.6.ХББ-ын баталгаажуулалтын төлбөр, зарцуулалтын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.

5.7.ХББ нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгах, сурталчлан таниулах зорилгоор нийт хэрэглэгч, иргэд, гишүүн бус хөндлөнгийн байгууллага, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хамруулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг жилд 1-ээс дээш удаа зохион байгуулна.

5.8.ХББ нь гишүүд хоорондоо харилцан туршлага, мэдлэгээ хуваалцах, дамжуулах, түгээх, дадлагажих, газар дээр нь очиж зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт хэлэлцүүлгийг төлөвлөж, хэрэгжүүлэх ба гишүүддээ болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж ажиллана.

 

Хавсралт1

ХББ-ын талаарх ерөнхий мэдээлэл

ХББ-ын оноосон нэр:      

ХББ-ын лого;

ХББ-ыг байгуулсан он сар өдөр:      

Харъяа аймаг, хот, сум, дүүрэг :     

Үйл ажиллагааны чиглэл:     

МХЕГ-аас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид олгосон бүртгэлийн дугаар:     

ХББ-ын гишүүдийн тоо:      

ХББ-ын гишүүдийн хамтран ажиллах гэрээний хуулбар;

Эрх бүхий төлөөлөгчийн товч анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, цахим шуудангийн хаяг, утас;

ХББ-ын гишүүдийн дундын хөрөнгө:      

Үйл ажиллагаа тогтмол явуулах байр: Өөрийн/ түрээсийн

Хаяг:      

Утас:      Цахим хуудас:      Цахим шуудангийн хаяг:       Факс     

Тоног төхөөрөмжийн хангамж: компьютер, утас, цахим сүлжээ, авто тээврийн хэрэгсэл;

Органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн хяналт шалгалт явуулах, баталгаа олгох боловсон хүчний чадавхи, туршлага /нотлох баримтыг хавсаргах/;

Гишүүдийн овог нэр /хэрвээ гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага бол нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, иргэн бол овог нэр, регистрийн дугаар, хаяг /     

ХББ-ын гишүүдийн үйлдвэрлэлд ашиглаж буй газрын хэмжээ, га-аар, хаяг, кадастрын зураглал:

Тариалангийн талбайн хэмжээ:      

Бэлчээрийн хэмжээ:      

Байгалийн ургамал, жимс түүх талбайн хэмжээ:      

Бусад: