Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 36 дугаар
                                                                          тогтоолын 1 дүгээр хавсралт

 

“ҮЙЛДВЭРЖИЛТ 21:100” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2018-2021)


Нэг. Ерөнхий мэдээлэл

1.1. Хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэслэл

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3 дахь заалт, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48 дахь зорилтыг тус тус үндэслэн энэхүү үндэсний хөтөлбөрийг боловсруулсан болно.

1.2. Нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал

Монгол Улсын статистикийн мэдээллийн санд боловсруулах үйлдвэрийн чиглэлээр бүртгэлтэй 11229 аж ахуйн нэгж байгаагаас 5781 нь үйл ажиллагаа явуулж байна. Харин 5448 нь үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үүний 2351 нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбар 2016 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд 8.1 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 10 орчим хувиар буурсан, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны байдлаар 12,9 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй, 15,2 их наяд төгрөгийн борлуулалттай байна.

Манай орны аж үйлдвэрийн салбарын бүтэц уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан бөгөөд экспортын бүтээгдэхүүний 95 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эд байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 оны гүйцэтгэлээр 10,5 тэрбум америк долларт хүрч, үүнээс экспорт 6,2 тэрбум, импорт 4,3 тэрбум америк доллар байна. Экспортын бүтцийг авч үзвэл, нийт экспортын 5.4 хувь нь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл эзэлж байна.

Монгол Улс 2017 оны жилийн эцсийн байдлаар 66.2 сая мал тоолуулж өмнөх оноос 9.9 хувиар өссөн нь малаас гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдэхээр байна. 2017 онд 373.1 мянган тонн мах, 803.4 сая литр сүү, 9400 тонн ноолуур, 29.0 мянган тонн ноос, 14.0 сая ширхэг арьс, шир бэлтгэжээ. Манай улсад түүхий эдийн гарал үүсэл тодорхойгүй, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, боловсруулалтын түвшин хангалтгүй, техник, технологи хуучирсан, хүний нөөц дутагдалтай, чанар, стандартын хяналтын тогтолцоо бүрдээгүй, дэд бүтэц, ложистик хөгжөөгүй зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал байна. Иймээс дэвшилтэт технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлийн боловсруулах түвшинг ахиулах, эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийг байгуулах, мэргэжилтэй ажилтан сургаж бэлтгэх нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал байна.

Монгол банкны мэдээгээр 2000-2016 онд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт нийт 8.5 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд нийт зээлийн 20.7 хувь нь    1 хүртэл жил, 65.7 хувь нь 1-5 жил, 13.6 хувь нь 5 болон түүнээс дээш жилийн хугацаатай зээл тус тус эзэлж байна. Нийт олгосон зээлийн 13.7 хувь нь хугацаа хэтэрсэн байх бөгөөд арилжааны банкны зээлийн хүү нь жилийн 18 орчим хувь байгаа нь үйлдвэрлэл хөгжүүлэх хөрөнгө оруулалт болж чадахгүй байна.

Албан бус секторт ажиллагсадын тоо нэмэгдсэн, худалдаан дахь тарифын болон тарифын бус зохицуулалт дутагдалтай, дотоодын үйлдвэрлэгчид татвар төлдөг байхад бараа, бүтээгдэхүүн импортлогч худалдаачид татвар төлдөггүй зэрэг тэгш бус байдлаас хамаарч үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын бараатай өрсөлдөх, үйлдвэрлэл хөгжих боломж нөхцөл хязгаарлагдмал байна. Иймд үйлдвэрлэл хөгжихөд ээлтэй, дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах, хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

Үйлдвэрлэлийн салбарт тулгарч байгаа эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийн санаачилга, оролцоонд тулгуурлахын зэрэгцээ хөрөнгийн эх үүсвэрийг дунд хугацаанд зөв төлөвлөж, улсын болон орон нутгийн төсөв, Хөгжлийн банк болон арилжааны банкны зээл, бусад боломжит санхүүгийн эх үүсвэрийг оновчтойгоор хуваарилах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжин хөгжүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг боловсруулсан болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Энэ хөтөлбөр нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарт хамаарна.

2.3. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна:     

      2.3.1. үйлдвэрлэлийг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, стандартыг нэвтрүүлэн нутагшуулж, олон улсын болон бүс нутгийн түвшинд хүргэх;

      2.3.2. түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, түүхий эдийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх;

      2.3.3. боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутагт үйлдвэрүүд байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

      2.3.4. боловсруулах үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага, эрэлтэд нийцүүлэн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

      2.3.5. зорилтот зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тээвэр-ложистикийг боловсронгуй болгож, маркетингийн үйл ажиллагааг хөгжүүлэн дотоод, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх.

Гурав. Хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат

3.1. Хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

      3.1.1. Нэгдүгээр үе шат: 2018-2019 он;

      3.1.2. Хоёрдугаар үе шат: 2020-2021 он.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

        4. Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

4.1. Хөтөлбөрийн 2.3.1-д заасан зорилтын хүрээнд:

      4.1.1. ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн бэлтгэл, тээвэрлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх, түүхий эдийн санг бий болгох, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдааг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

      4.1.2. түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, үйлдвэрүүд дотооддоо хоршин ажиллах үйл ажиллагааг дэмжсэн зохицуулалтын талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах;

      4.1.3. дотоодод үйлдвэрлэх боломжгүй зарим үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг татварын уян хатан бодлогоор дэмжих асуудлыг судалж холбогдох хуулийн төсөл боловсруулах;

      4.1.4. боловсруулах үйлдвэрүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах болон эргэлтийн хөрөнгийн зориулалттай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох баримт бичгийн төсөл боловсруулах;

      4.1.5. үйлдвэрлэл, экспортыг дэмжих хөгжлийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, арга хэрэгсэл бий болгох арга хэмжээ авах;

      4.1.6. үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагааг салбарын хөгжлийн бодлоготой уялдуулах, сангийн тогтвортой эх үүсвэрийг төсвийн хуульд тусган бүрдүүлэх арга хэмжээг авах;

      4.1.7. импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд тарифын зохицуулалт хийх замаар бодлогын дэмжлэг үзүүлэх;

      4.1.8. боловсруулах үйлдвэрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, үйл ажиллагааг сайжруулах, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

      4.1.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд "Ерөнхий гэрээ байгуулах     журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

      4.1.10. боловсруулах үйлдвэрлэлийн салбарын технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх;

      4.1.11. бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний эрүүл ахуй, аюулгүй байдлыг зохицуулсан тарифын болон тарифын бус зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээ авах;

      4.1.12. үйлдвэрийн техник, технологийн чиглэлээрх үндэсний стандартыг боловсронгуй болгох, олон улсын дэвшилтэт стандартуудыг нутагшуулан нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх.

4.2. Хөтөлбөрийн 2.3.2-т заасан зорилтын хүрээнд:

      4.2.1. түүхий эд бэлтгэх, хадгалах, чанарыг хамгаалах, тээвэрлэх үе шатанд мөрдөх стандарт, арга зүй, үнэ цэнийн сүлжээг бий болгох чиглэлээр сургалт явуулах;

      4.2.2. орон нутагт түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулах лабораторийн чадавхийг сайжруулах;

       4.2.3. түүхий эдийн гарал үүсэл, бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сүлжээг бий болгох;

       4.2.4. түүхий эд бэлтгэх, чанарын хамгаалалт, тордолт хийх төвийг малчдын бүлэг, хоршооны үйл ажиллагаатай уялдуулан сумдад байгуулах;

       4.2.5. хөдөө аж ахуйн биржийн арилжаанд малчдын оролцох боломжийг нэмэгдүүлэх, малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрт түүхий эд бэлтгэлийн агуулах, тээвэр, тоног төхөөрөмжөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

       4.2.6. алслагдсан бүс нутагт элеватор барих, төв, суурин газрыг түшиглэн зоорь, агуулах байгуулах.

4.3. Хөтөлбөрийн 2.3.3-т заасан зорилтын хүрээнд:

      4.3.1. үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг байгуулж, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг кластер хэлбэрээр уялдуулан хөгжүүлэх;

      4.3.2. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа технологийн шинэчлэл хийсэн үндэсний үйлдвэрт хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох арга хэмжээ авах;

      4.3.3. өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгуулах асуудлыг судалж боловсруулах;

      4.3.4. инновацийг дэмжиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

      4.3.5. боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний төв, инкубатор төвийг байгуулах;

      4.3.6. боловсруулах үйлдвэрүүдэд франчайзинг нэвтрүүлэх замаар гадаадын тэргүүлэх компаниудын өндөр технологи, инновацийг үйлдвэрлэлд нутагшуулах;

      4.3.7. соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж  экспортыг нэмэгдүүлэх;

      4.3.8. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн төлөвлөлттэй уялдуулан үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээнд хүндрэл гарахаас сэргийлж, шинээр баригдах үйлдвэрийг бүс нутагт эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлэх;

      4.3.9. экспортын баримжаатай үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх болон тоног төхөөрөмжийг шинээр худалдан авах, өргөтгөхөд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

4.4. хөтөлбөрийн 2.3.4-д заасан зорилтын хүрээнд:

      4.4.1. хөнгөн, хүнсний салбарын үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг холбогдох яамтай хамтран шинэчлэн боловсруулж батлуулах;

      4.4.2. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд ажиллах ажилтныг олон улсын стандартад нийцүүлэн сургаж бэлтгэн, тасралтгүй чадавхижуулах;

      4.4.3. боловсруулах үйлдвэрийн удирдах болон инженер, техникийн ажилтнуудыг нарийн мэргэжлээр өндөр хөгжсөн оронд давтан сургах, туршлага судлуулах, чадавхжуулах менежментийн болон технологийн сургалтыг зохион байгуулах;

      4.4.4. боловсруулах үйлдвэрийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны сургалтын болон төгсөлтийн дадлагын хугацааг уртасгах, сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангах, үйлдвэрт цалинтай дадлага хийх боломжийг бүрдүүлэх;

      4.4.5. боловсруулах үйлдвэрт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай ажилтныг тухайн мэргэжлээр нь их, дээд сургуульд элсүүлэн суралцуулж, инженер техникийн ажилтныг бэлтгэх;

      4.4.6. үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд батлан хамгаалах болон бусад цэргийн алба хаагчдыг оролцуулах, асрамжийн газрын төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаадын өндөр хөгжилтэй орны үйлдвэрлэлийн

салбарт ажиллаж байгаа монгол иргэдийг эх орондоо ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

      4.4.7. шинээр байгуулагдсан болон өргөтгөх үйлдвэрийн ажилтны тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах.

4.5. Хөтөлбөрийн 2.3.5-д заасан зорилтын хүрээнд:

      4.5.1. худалдаа, үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, чанарыг сайжруулах, хилийн боомт дахь байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан хялбаршуулж, худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх;

      4.5.2. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

      4.5.3. үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг олон улсын худалдааны сүлжээнд хамруулах, хөнгөлөлтийн системийг бүрэн ашиглах;

      4.5.4. худалдааг хөнгөвчлөх талаар хоёр болон олон талт хэлэлцээр байгуулах замаар худалдааны тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах чиглэлээр ажиллах;

      4.5.5. үндэсний бренд, газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, олон улсад сурталчлах;

      4.5.6. олон улсын мэргэжлийн үзэсгэлэн, худалдаанд оролцох чиглэлээр үйлдвэр эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх, хил орчмын бүсэд зохион байгуулах үзэсгэлэн, худалдааг тогтмолжуулах;

      4.5.7. үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний цахим худалдааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах;

      4.5.8. Улаанбаатар хотын баруун, зүүн талд мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, үйлдвэрийн аргаар боловсруулсан махны төрөлжсөн бөөний худалдааны төв байгуулж, борлуулалтад дэмжлэг үзүүлэх;

      4.5.9. Сав, баглаа боодлын захиалгын болон худалдааны цэгийг байгуулж ажиллуулах.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүний үр нөлөө, шалгуур үзүүлэлтүүд

5.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд үйлдвэрийг түүхий эдээр хангахад чиглэгдсэн “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр, Газар тариалангийн бүсэд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл, Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах төсөл, Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл, Махны үйлдвэрт суурилсан жишиг кластерийн төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк төсөл, Малчдын орон сууц үйлдвэрлэлийн төсөл зэрэг тэргүүн ээлжинд хэрэгжих хөтөлбөр, төслүүдийг дэмжиж, уялдааг хангаж ажиллана.


5.2. Бүс, орон нутагт боловсруулах 100 үйлдвэр байгуулагдаж эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр, экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин өснө.

5.3. Хөтөлбөрийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ хийж үнэлнэ:

Шалгуур үзүүлэлт

 

нэгж

Суурь түвшин, он

Зорилтот түвшин, он

Мэдээллийн эх сурвалж

2016

2021

1.

Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин

хувь

9

15

ГЕГ-ын статистик-2016, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

2.

Арьс, ширэн түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшин

хувь

36

60

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

3.

Ноос, ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшин  

хувь

20

60

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

4.

Хүн амын хэрэгцээнд үйлдвэрийн аргаар боловсруулж нийлүүлсэн махны үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ

хувь

6

30

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

5.

Хүн амын хэрэгцээнд үйлдвэрийн аргаар боловсруулж нийлүүлсэн сүүний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ

хувь

9

40

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

6.

Шинээр байгуулагдсан үйлдвэрийн тоо

тоо

-

100

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

7.

Шинээр бий болгох ажлын байр

(хүний тоо)

тоо

-

6000

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

8.

Олон улсын түвшинд хүрсэн стандартын нийт стандартын дүнд эзлэх хэмжээ

хувь

42

50

Улсын стандартчлалын стратеги төлөвлөгөө 2017

5.4. Хөтөлбөр хэрэгжих явцад улсын болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин зэргээс шалтгаалан үр ашиг, ач холбогдол бүхий шинээр байгуулсан үйлдвэрийг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих үйлдвэрийн тоонд тооцож болно.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах
            хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

         6. Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

 

6.1. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

6.2. Улсын болон орон нутгийн төсвийн дэмжлэг;

6.3. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө;

6.4. Концессын гэрээ;

6.5. Бусад эх үүсвэр.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад жил бүр хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ хийх ажлыг Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 7.5 дахь заалтын дагуу хийнэ.

7.2. Хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ хийх ажлыг хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

7.3. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар үндэсний хөтөлбөрт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүл