Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 12 дугаар
тогтоолын хавсралт

 

“МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хэрэгжилтийг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын малын гоц халдварт өвчин буурахгүй байгаа нь эдгээр өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар төрөөс онцгойлон анхаарч урт хугацааны зорилтот хөтөлбөр, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьдаг шаардлагуудыг хангах зорилгоор өөрийн орны мал сүрэгт гарсан гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх голомтыг устгах, хяналтад оруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүнд хийх мал эмнэлэг, ариун цэвэр, аюулгүй байдлын магадлан шинжилгээ, баталгаажуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Дэлхийн худалдааны байгууллага нь гишүүн орнуудын үндэсний мал эмнэлгийн албыг магадлан итгэмжилдэг тогтолцоонд шилжихээр бэлтгэж байгаа өнөө үед манай улс үндэсний мал эмнэлгийн тогтолцоог чадавхжуулах бэлтгэл ажлыг даруй эхлүүлэх хэрэгцээ, шаардлага бий болоод байна.

Хэдийгээр манай улсад мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох боломж нэмэгдэж байгаа боловч мал эмнэлгийн тогтолцоо олон улсын жишигт нийцээгүйгээс мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн ариун цэврийн хяналт, баталгаажуулалт хийгдэхгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн эмх замбараагүй, түүнийг хянах тогтолцоо бүрдээгүй байна.

Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, батлагдсан стратеги, төлөвлөгөө байвч хэрэгждэггүй, мал эмнэлгийн болон хяналтын байгууллагын ажлын уялдаа өвчний гаралт, тархалт нэмэгдэх, өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байна.

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газраас бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлогч улс орнуудаас тавьдаг шаардлагад нийцүүлэх, мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг цогц, оновчтой болгох нь “Мал, амьтны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр”    гэх)-ийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан нөхцөлийг хязгаарлан эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, халдварт өвчингүй тайван байдлаа дотооддоо болон гадаад оронд баталгаажуулан хадгалж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:

        2.2.1. мал эмнэлгийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

        2.2.2. мал, амьтны гоц халдварт болон халдварт, шинэ болон дахин сэргэж байгаа өвчнийг эрт илрүүлэх тандалтыг өргөжүүлэх замаар өвчнийг хяналтад авч, халдварт өвчингүй тайван байдлыг лабораторийн шинжилгээний үр дүнг харгалзан бүс нутгаар баталгаажуулах;

        2.2.3. мал, амьтны гоц халдварт, зооноз, шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг шинжлэх ухааны нотолгоо, тархвар зүйн судалгааг үндэслэн төлөвлөх замаар бүс нутгаар нь хяналтад авах;

        2.2.4. мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг сайжруулах замаар гоц халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох;

        2.2.5. мал эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, малын эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

        2.2.6. малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг мал, амьтны эрүүл мэнд, түүнтэй шууд холбогдох нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллээр хангаж, үр дүнг сурталчлан таниулах.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа:

Хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Хөтөлбөрийн 2.2.1 дэх зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

        3.1.1. мал, амьтны гоц халдварт, зооноз, халдварт өвчинтэй тэмцэх төлөвлөгөө (2018-2022)-г шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;

        3.1.2. мал эмнэлэг, ариун цэвэр, оношилгооны лабораториудыг сүлжээгээр ажиллах журам, бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг шинээр боловсруулж батлуулан хэрэгжүүлэх;

        3.1.3. мал, амьтны гоц халдварт, зооноз, халдварт болон паразиттах өвчинтэй тэмцэх зааврыг шинэчлэн өвчний тохиолдол, оношилгоо, хариу арга хэмжээнд баримтлах заавруудыг өвчин тус бүрээр боловсруулж батлуулан мөрдүүлэх;

        3.1.4. малын шилжилт хөдөлгөөн, мал аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнд тавигдах дотоодын стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

        3.1.5. мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд мөрдөх журам, стандартуудыг боловсруулж мөрдүүлэх.

3.2. Хөтөлбөрийн 2.2.2 дахь зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

        3.2.1. мал эмнэлгийн салбарын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээг бий болгох;

        3.2.2. бүсийн оношилгоо, шинжилгээний лабораторийг зүүн, хангайн, баруун бүсэд өргөтгөн байгуулж дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх;

        3.2.3. төв, орон нутгийн мал эмнэлэг, ариун цэвэр, оношилгооны лабораторийн барилга, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, лабораториудад шаардлагатай эм, урвалж, оношлуур, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт хийх, зохих нөөцийг бүрдүүлж бэлэн байдлыг хангах;

        3.2.4. шинжлэх ухааны тооцоо, судалгаанд тулгуурласан тандан судалгаа хийх загварыг сум, аймаг, бүсийн түвшинд боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нэгтгэх, тандалт, шинжилгээний ажлын эдийн засгийн үр ашгийг тооцох;

        3.2.5. сум, аймаг, бүсийн түвшинд олон улсын худалдаанд саад тотгор учруулдаг, хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зарим өвчин (бруцеллез, сүрьеэ, шүлхий, бог малын мялзан)-өөс эрүүлжсэн болох талаар олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулан мэдээлэх;

3.3. Хөтөлбөрийн 2.2.3 дахь зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

          3.3.1. бүх шатны мал эмнэлгийн байгууллагуудад вакцин, эм бэлдмэлийг хадгалах хөргүүр, хүйтэн хэлхээгээр тээвэрлэх ложистик сүлжээг байгуулах;

        3.3.2. мал, амьтны гоц халдварт, зооноз, шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг тандан судалгааны үр дүнд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлэх;

        3.3.3. дархлаажуулалтын чанар, үр дүнг тархвар зүйд суурилсан тандан судалгаа, лабораторийн шинжилгээний аргаар үнэлэж хянах;

        3.3.4. мал, амьтны гоц халдварт, зооноз, халдварт өвчний эрсдэлийн дүн шинжилгээнд үндэслэн шаардлагатай вакцин, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын багаж, хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх; 

        3.3.5. гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины дотоодын үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлж, вакцины хэрэгцээг дотоодоос бүрэн хангах.

3.4. Хөтөлбөрийн 2.2.4 дэх зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    3.4.1. мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдсон чанар, эрүүл ахуй, хорио цээрийн гэрээ, хэлцэлийг гадаад улстай шинэчлэн байгуулж өргөжүүлэх;

    3.4.2. экспортын зориулалттай махны үйлдвэрийг түшиглэн худалдааны хорио цээрийн шаардлагад нийцсэн мал эмнэлгийн хяналтын цэг, цэвэрлэгээ халдваргүйтгэлийн байгууламжийг байгуулах;

    3.4.3. мал, амьтны дотоодын шилжилт хөдөлгөөний хяналтыг сайжруулах;

        3.4.4. Архангай аймгийн Цахир сумын “Солонготын давааны ам”, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр”, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Таацын голын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”-нд байгуулсан мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааг тогтворжуулж, хүний нөөц, техникийн бэлэн байдлыг бэхжүүлэх;

        3.4.5. зэрлэг ан, амьтдын шилжилт хөдөлгөөн, өвчлөлтийн байдалд байнгын судалгаа, тандалт хийн өвчнийг эрт илрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

3.5. Хөтөлбөрийн 2.2.5 дахь зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

        3.5.1. мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж тогтмолжуулах;

        3.5.2. мал эмнэлгийн клиник болон сургалтын загвар аж ахуйг шинээр байгуулж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвартай малын эмч бэлтгэх, давтан сургах;

        3.5.3. мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны түвшинд ажиллах малын эмчийг захиалгаар бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

        3.5.4. лабораторийн ажилтанг мэргэшүүлэх сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах;
        3.5.5. мал эмнэлгийн лабораторийн ажилтны цалингийн зэрэглэл, урамшуулалын тогтолцоог бий болгох, тогтвор суурьшилтай ажиллах нийгмийн баталгаагаар хангах асуудлыг боловсруулж холбогдох яам, байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.

3.6. Хөтөлбөрийн 2.2.6 дахь зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

         3.6.1. мал, амьтны эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

       3.6.2. малчдад зориулсан мэдээллийг нээлттэй болгох замаар тэдний мэдлэгийг дээшлүүлж, мал эмнэлгийн үйлчилгээнд тавих хэрэглэгчийн хяналтыг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх;

        3.6.3. мал, амьтны өвчлөл, мал эмнэлгийн үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулсан сургалт, сурталчилгаа зохион байгуулах. 

Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

        4.1.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ 2017 оны жилийн эцсийн үзүүлэлтийг суурь болгон явц болон үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

1

Зорилт 1. Мал эмнэлгийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Хууль батлагдсанаар шинээр болон шинэчлэгдэн боловсруулсан  мал эмнэлгийн салбарын захиргааны эрх зүйн хэм хэмжээний журам, заавруудын тоо

тоо

2017

22 журам

2020

22 журам

Тоо

2017

70 заавар

2020

70 заавар

2

Зорилт 2. мал, амьтны гоц халдварт болон халдварт, шинэ болон дахин сэргэж байгаа өвчнийг эрт илрүүлэх тандалтыг өргөжүүлэх замаар өвчнийг хяналтад авч, халдварт өвчингүй тайван байдлыг лабораторийн шинжилгээний үр дүнг харгалзан бүс нутгаар баталгаажуулах

Халдварт өвчингүй статустай газар нутгийн хэмжээ

Хувь

2017

0

2020

10

3

Зорилт 3. мал, амьтны гоц халдварт, зооноз, шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг шинжлэх ухааны нотолгоо, тархвар зүйн судалгааг үндэслэн төлөвлөх замаар бүс нутгаар нь хяналтанд авах

Гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг өвчний вакцинжуулалт хийж байгаа аймгийн тоо

 

тоо

2017

Шүлхий вакцинжуу-лалт-11 аймагт, бог малын мялзан 5 аймагт

2020

Шүлхий вакцинжуу-лалт-3 аймагт, Бог малын мялзан-0

4

Зорилт 4. Мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг сайжруулах замаар гоц халдварт өвчний тархалтыг багасгах

Мал эмнэлгийн хяналтын цэгээр дамжин өнгөрсөн мал, тээврийн хэрэгслийн тоо

тоо

2017

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

2020

Үйл ажилла-гааны хэрэгжил-тээр

5

Зорилт 5. Мал эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, малын эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

Сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо

тоо

2017

40

2020

200

6

Сургалтад хамрагдсан малын эмчийн тоо

Тоо

2017

150

2020

2000

7

Сургалтад хамрагдсан лабораторийн эмчийн тоо

тоо

2017

100

2020

500

8

Зорилт 6. Малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг мал, амьтны эрүүл мэнд, түүнтэй шууд холбогдох нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллээр хангаж, үр дүнг сурталчлан таниулах

Сургалтад хамрагдсан малчны тоо

тоо

2017

0

2020

30000

9

Сургалтад хамрагдсан хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр цехийн мэргэжилтний тоо

тоо

2017

0

2020

5000

Тав. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

        5.1.1. улсын төсөв, олон улсын байгууллага, гадаад орны зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

        5.1.2. гоц халдварт, халдварт, зооноз өвчин дэгдсэн онцгой байдлын үед улсын болон орон нутгийн төсөв;

        5.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

        5.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран жил бүр хийж гүйцэтгэнэ.

6.2. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын            хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж дүгнэлт, зөвлөмж бүхий тайланг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.3. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа үр дүнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.

6.4. Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

6.5. Үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно.

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох Засгийн газрын агентлаг, мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

7.2. Хөтөлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг тухайн шатны Засаг дарга, хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллага хариуцна.

 

 

---o0o---