Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 

2018 оны 02 дугаар сарын 28–ны өдрийн 

ээлжит бус 10 дугаар хуралдааны

10/04 дүгээр тогтоолын хавсралт

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид тусгай зөвшөөрөл гэх\-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах, уг зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлэх бөгөөд аймгийн Засаг даргын дэргэд орон тооны бус зөвлөл ажиллана.

1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох  хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэхүү журмын хүрээнд зохицуулагдана.

1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон энэхүү журмын дагуу тусгай зөвшөөрөл  олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай асуудлыг Аймгийн орон тооны бус зөвлөлийн саналыг үндэслэн аймгийн Засаг дарга  шийдвэрлэнэ.

1.5. Энэхүү журам нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ.

1.6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий газруудын үйл ажиллагаа явуулах өвөл, зуны цагийн хязгаарыг аймгийн Засаг дарга тогтоож батална.

Хоёр. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг  бүрдүүлнэ.

2.2. Аж ахуйн үйл ажиллагааны Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичигт  эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факс, цахим хаяг  зэргийг  тодорхой дурдсан байна.

2.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1.6  дах хэсэгт заасны дагуу  үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

3.1. Аж ахуйн нэгж нь дараах нөхцөл, шаардлага хангасан байна.Үүнд:

3.1.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1, 6.9-д заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллээ бүртгүүлж эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх;

3.1.2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч Худалдааны үйлчилгээ, Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015¤, Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007¤, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага  MNS 4946:2005¤ стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;

3.1.3.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;

3.1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хориглосон газарт байршаагүй байх;

3.1.5. Сумдын Засаг даргын Тамгын газартай Худалдаа, үйлчилгээ эрхлэх, аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газартай хог хаягдлын гэрээ, багийн Засаг дарга, СӨХ-той хамтран ажиллах гэрээг тус тус  байгуулсан байх ;

3.1.6. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, НӨАТ-ын баримт олгодог байх;

3.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

3.1.8. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон байх;

3.1.9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т  заасны  дагуу анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор орчныг хянах  гэрэлтүүлэгтэй болгох, 30-аас доошгүй хоног бичлэг хадгалах цахим сан үүсгэсэн байх;

Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

4.1. Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ /шинээр олгох, сунгах/ Аймгийн Засаг даргад гаргах ба энэхүү журмын 2.1-2.3-т заасан материалыг ирүүлнэ.

4.2. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Аймгийн орон тооны бус зөвлөл нь  өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж аймгийн Засаг даргад санал, дүгнэлтээ танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.3 Хууль, тогтоомжид заасан болон энэхүү журмын 2.1-2.3, 3.1-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу, шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

4.4 Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 3.1-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёр жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох буюу сунгана.

4.5.Тусгай зөвшөөрлийг үйлчилгээний төрөл, стандартаас хамааран дараах төрлөөр олгоно.Үүнд:

4.5.1. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

а/ Ресторан/Зоогийн газар/;

б/ Баар;

в/ Кафе;

4.5.2 Худалдааны чиглэлээр:

а/ Хүнсний дэлгүүр;

б/ Минимаркет;

в/ Супермаркет;

г/ Хайпермаркет;

д/ Бөөний төв;

е/Агуулах худалдаа.

4.6 Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно.

4.7. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар Стандарт,  хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, сумдын Засаг даргын Тамгын газар, хүсэлт гаргагчид албан бичгээр болон онлайнаар хүргэж, darkhan.gov.mn сайтад байршуулна.

4.8. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аттестатчилалын шалгалтыг зохион байгуулж зөрчил илэрсэн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Тав. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

5.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж  тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.Үүнд:

5.1.1. Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч тэмдэгтийн хураамжаа төлж зөвшөөрлөө аваагүй;

5.1.2. Аймаг, сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг зөрчсөн;

5.1.3. Аж ахуйн нэгж өөрөө хүсэлт гаргасан нөхцөлд;

5.2. Энэхүү журмын 4.8-д заасан үндэслэл бий болсон болон холбогдох мэргэжлийн байгууллагаас Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн санал дүгнэлтийг Аймгийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.

Зургаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

6.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.Үүнд:

6.1.1. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлсэн, ашиглуулсан,  худалдсан, барьцаалсан ;

6.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;

6.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан;

6.1.4. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

6.2.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зөрчсөн.

6.3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг байнга  буюу удаа дараа / 2 ба түүнээс дээш / эсхүл ноцтой зөрчсөн.

Долоо . Хяналт

 

7.1. Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, эрх олгосон төрийн болон төрийн бус байгууллага хяналт тавина.

7.2. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид холбогдох байгууллагууд  энэ журмын 3.1-д заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийх ба 24 сард 1 удаа аттестатчилалын шалгалтыг явуулна.

 

Найм . Маргаан шийдвэрлэх, хариуцлага

8.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

8.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

________________оОо________________