Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн байдал
Сүүлийн жилүүдэд өндөр ашиг шимт цэвэр, эрлийз мал нийт сүргийн 1.2 хувь болтлоо цөөрч, сүүний чиглэлийн үхэр, нарийн, нарийвтар ноост хонины тоо 1990 оныхоос 82.4-89.8 хувиар буурсан төдийгүй Орхон, Ерөө, Жаргалант, Сүмбэр үүлдрийн хонь, ноосны чиглэлийн Өнжүүл үүлдрийн ямааны тоо үлэмж хэмжээгээр цөөрч, удмын санд нь сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөлд хүрээд байна. Сүүний цэвэр үүлдрийн үнээ  10 дахин, эрлийз нь 15 дахин цөөрч нэг үнээнээс жилдээ дунджаар 1800 литр сүү ашиглаж байна. 2002 оны статистикийн мэдээгээр улсын хэмжээнд 61.6 мянган шувуу, 13.2 мянган гахай тоологдсон нь 1990 оныхоос 6-9 дахин цөөрсөн байна. Жилд    8.1 сая ширхэг өндөг, 1.1 мянган тонн гахайн мах үйлдвэрлэсэн нь өндөгний бодит хэрэглээний 17, шаардагдах гахайн махны    25 орчим хувийг эзэлж байгаа юм.
Сүргийн бүтцэд эр малын эзлэх хувь өсч, махны экспорт эрс багассанаар дотоод дахь мах үйлдвэрлэл нэмэгдэж, нэг хүний жилийн жишсэн дундаж хэрэглээ 120 кг-д хүрлээ. Гэвч бэлчээрийн малын мах нь гарц, чанар, найрлагын хувьд зах зээлийн эрэлт хэрэгцээг зарим талаар бүрэн хангахгүй байгаагаас мах, махан бүтээгдэхүүний экспорт дорвитой өссөнгүй.
Улсын хэмжээнд 2002 оны байдлаар 200 орчим тн нарийн, нарийвтар ноос үйлдвэрлэж байна.
Урьд нь ажиллаж байсан  тэжээлийн 13 аж ахуй, 27 үйлдвэр, 290 гаруй цех устаж, тэжээлийн ургамал тариалах ажил үндсэндээ орхигдон гахай, шувууны зориулалтын бүрэн найрлагат тэжээлийг импортоор авдаг болов. Газар тариалангийн үйлдвэрлэл уналтын байдалд орсон нь эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжид сөргөөр нөлөөллөө.
 
Хоёр. Хөтөлбөрийг боловсруулах шаардлага, үндэслэл
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн тулгуур төвүүдийн ойролцоо, мөн тариалангийн бүс нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, бүтээмж өндөртэй мал, амьтан үржүүлэх нь өнөөгийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнээс урган гарч байна.
Уур амьсгалын өөрчлөлт, манай орны нийгмийн хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил зэрэгтэй уялдуулан эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, импортыг бууруулах, хүн амыг хүрэлцэхүйц, чанартай хүнсний зүйлээр хангах шаардлага гарч байна.
 Засгийн газрын 2000-2004 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай тусгагдсан болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2003 оны үндсэн чиглэлд "Хүн амын мах, сүүний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ" гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.
Энэхүү хөтөлбөр нь сүү, махны чиглэлийн үхэр, мах-ноосны хонь, гахай, шувууны аж ахуйг тэргүүн ээлжинд хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна:
3.2.1. эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулах;
3.2.2. эрчимжсэн мал аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх, загвар нэгж бий болгож өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.3. эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр нь дараахь үе шаттай байна:
I үе шат–2003-2008 он: Эрчимжсэн мал аж ахуйг бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн байгуулахад дэмжлэг үзүүлэх;
П үе шат–2009-2015 он: Бүсийн тулгуур төвүүдийг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийн төвүүдийг түшиглэн хөгжүүлэх.
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1. Хөтөлбөрийн 3.2.1-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.1.1. Газрын тухай хуулинд эрчимжсэн мал аж ахуй эрхлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бэлчээр, хадлангийн газрыг эзэмшүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах;
5.1.2. Газрын төлбөрийн тухай хуулинд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээс авах бэлчээрийн төлбөрийн хэмжээг харьцангуй бага байлгах талаар нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах;
5.1.3. фермерийн аж ахуйн эрх зүйн орчинг тодорхой болгох;
5.1.4. өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн ажил, үйлчилгээний зориулалтын багаж, тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг судлан Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар төсөл боловсруулах;
5.1.5. эрчимжсэн мал аж ахуй шинээр эрхлэгчдийг эхний    3 жилд орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг судлан боловсруулах;
5.1.6. бүсийн тулгуур төв болон аймаг, сум бүр эрчимжсэн аж ахуй эрхлэх нутгийг нарийвчлан тогтоож, хяналтдаа авах;
5.1.7. сүү, махны чиглэлийн төрөлжсөн мал болон гахай, шувууны фермерийн аж ахуй байгуулах төслийг сонгон шалгаруулж, тэргүүн ээлжинд дэмжлэг үзүүлэх;
5.1.8. бүтээмж өндөртэй мал, амьтдыг үржлийн чиглэлээр өсгөн бойжуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжид гадаад орон, байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
5.2. Хөтөлбөрийн 3.2.2-т дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 5.2.1. сүү, махны үхрийн эрчимжсэн аж ахуйг Улаанбаатар болон бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төвийн ойролцоо нутагт үржүүлж, одоо байгаа цэвэр болон эрлийз үхрийн аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулах бодлого баримтлах;
5.2.2. мах-ноосны хонины эрчимжсэн аж ахуйг газар тариалангийн бүс нутагт үржүүлж, одоо байгаа цэвэр болон эрлийз хонины аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулах бодлого баримтлах;
5.2.3. гахай, шувууны аж ахуйг Улаанбаатар, бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төвүүд болон хүн ам олноор төвлөрсөн бусад газруудад хөгжүүлэх бодлого баримтлах;
5.2.4. бүсийн тулгуур төв, хүн ам олноор суурьшсан хот, суурингийн ойролцоо сүүний чиглэлийн ямаа үржүүлэхийг дэмжих;
5.2.5. сүүний үхрийн загвар аж ахуйн нэгжийг баруун бүсэд дөрөв, хангайн болон зүүн бүсэд тус бүр хоёр, төвийн бүсэд зургаа, Улаанбаатарын бүсэд дөрвийг бий болгоход дэмжлэг үзүүлж үржлийн сайн чанарын өсвөр бух, гунж бойжуулан сүүний чиглэлийн үхэр үржүүлэх аж ахуйн нэгжийг хангах чиглэлтэйгээр ажиллуулах;
5.2.6. махны үхрийн загвар аж ахуйн нэгжийг хангайн болон зүүн бүсэд тус бүр нэг, төвийн бүсэд дөрөвийг эхний ээлжинд бий болгоход дэмжлэг үзүүлж, үржлийн сайн чанарын өсвөр бух, гунж бойжуулан махны үхэр үржүүлэх аж ахуйн нэгжийг хангах чиглэлтэй ажиллуулах;
5.2.7. мах-ноосны хонины загвар аж ахуйн нэгжийг төвийн бүсэд хоёр, зүүн бүсэд нэгийг бий болгоход дэмжлэг үзүүлж үржлийн сайн чанарын өсвөр хуц, охин төлөг бойжуулан нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх аж ахуйн нэгжид нийлүүлэх чиглэлтэй ажиллуулах;
5.2.8. гахайн загвар аж ахуйн нэгжийг хангайн бүс болон баруун, зүүн бүсэд тус бүр нэг, төвийн болон Улаанбаатарын бүсэд тус бүр хоёрыг бий болгоход дэмжлэг үзүүлж өсвөр гахай бойжуулж иргэд, аж ахуйн нэгжийг хангах чиглэлээр ажиллуулах;
5.2.9. шувууны загвар аж ахуйн нэгжийг хангайн бүс болон баруун, зүүн бүсэд тус бүр нэг, Улаанбаатарын бүсэд дөрвийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх.
5.3. Хөтөлбөрийн 3.2.3-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.3.1. эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг чадвар дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах:
а/эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр гадаад оронд нарийн мэргэшлийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах;
б/хөдөө аж ахуйн чиглэлийн их, дээд сургуулиудад эрчимжсэн аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх;
в/эрчимжсэн мал аж ахуй эрхлэх ач холбогдлыг иргэдэд сурталчлах;
г/эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон сонирхогчдод тусгай хөтөлбөрөөр сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах.
5.3.2. шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр гадаадаас авах, үржлийн материал солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах:
а/цөм сүргийн малд зохиомол хээлтүүлэг хийх, үр, хөврөл үр шилжүүлэн суулгах зэргээр өсвөр мал бойжуулан борлуулах ажлыг дэмжих;
б/эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бүс нутагт олон улсын жишигт нийцэхүйц үржил селекцийн чиглэлийн аж ахуй, явуулын үйлчилгээг бий болгох;
в/өндөр ашиг шимт малын үр, хөврөл үрийг малын генийн санд хадгалах;
г/зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн мал, амьтдын бүтээмжийг нэмэгдүүлэх сонгон үржүүлгийн арга болон технологи, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн байрны зураг төсөл, техник, технологи боловсруулахад эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хүчийг төвлөрүүлэх;
д/эдийн засгийн бүсийн байгаль, уур амьсгалын нөхцөлд тохируулан тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, туршилтын ажил явуулах;
е/үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаа, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, технологийн үзэсгэлэнг улсын хэмжээнд зохион байгуулах;
ж/эрчимжсэн мал аж ахуйн ололт, амжилтыг урамшуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.
5.3.3. Малын төрөл, ашиг шимийн чиглэл, түвшинд тохирсон төгс чанарын тэжээлээр хангах нөхцөл бүрдүүлэх:
а/эрчимжсэн аж ахуйг технологийн зохистой хэмжээгээр эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардагдах эдлэн, бэлчээр, хадлангийн газрыг хууль тогтоомжид нийцүүлэн давуу эрхээр эзэмшүүлэх;
б/тэжээлийн зарим үйлдвэрийг сэргээх, бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх;
в/өвс бэлтгэх хурдавчилсан технологи нэвтрүүлж өндөр нягтралтай боох, нийлэг уутанд дарш хийх, олон найрлагат хорголжин, багсармал тэжээл, макро, микро элементээр баяжуулсан эрдсийн шахмал, уурагжуулсан, витаминжүүлсэн тэжээл үйлдвэрлэлийг дэмжих;
г/тариалангийн сэлгээнд нэг ба олон наст, үет, буурцагт тэжээлийн ургамал оруулах, тэжээлийн ургамлын үр үржүүлэх үүсгэл санаачилгыг дэмжих;
д/тэжээлийн нэг ба олон наст ургамлын үрийг дотооддоо үйлдвэрлэх, үрийн зохих нөөцтэй болох асуудлыг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах;
е/эдэлбэр газрыг хашиж хамгаалах, хөрсний үржил шимийг сэргээх, усан сан, усалгааны шуудуу барих, шинээр худаг, уст цэг гаргахад дэмжлэг үзүүлэх.
5.3.4.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дараахь чиглэлээр хоршин ажиллахыг дэмжинэ:
а/тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх;
б/махны төрөлжсөн аж ахуй эрхлэгчид мах боловсруулах үйлдвэрлэгчтэй; нарийн, нарийвтар ноос үйлдвэрлэгчид нэхмэл, сүлжмэл үйлдвэрлэгчтэй; сүү үйлдвэрлэгч нь сүү боловсруулах үйлдвэрлэгчтэй хоршин ажиллах;
в/эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид хоршин бэлчээр сайжруулах, тэжээл бэлтгэх, усалгаатай тэжээл бий болгох, бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг үйл ажиллагааг өргөжүүлэх;
г/эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид салбарын төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
д/мал бордох, мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор бий болгох.
 
Зургаа. Хүлээгдэж буй үр дүн
6.1. Эрчимжсэн мал ахуйг эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ.
6.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг чадвар дээшилнэ.
6.3. Малын үүлдэрлэг байдал сайжирч, бүтээмж нэмэгдэж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлого, амьжиргааны түвшин дээшилнэ.
6.4. Бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, суурин газрын хүн амын хүнсний хангамж дээшилнэ.
 
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, арга зүйгээр хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хангаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.
7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий  орон тооны бус зөвлөл хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллана.
7.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага оролцоно.
7.4. Хөтөлбөрт заасан эрчимжсэн аж ахуйг мал бүхий иргэд, байгууллага, аж ахуйн нэгж байгуулж ажиллуулна.
 
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн  эх үүсвэр, санхүүжилт
8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
      8.1. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө;
      8.2. Улсын төсөв;
      8.3. Урт хугацааны зээл;
      8.4. Олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламж, хөрөнгө оруулалт;
      8.5. Байгууллага, иргэдийн хандив.
 
Ес. Хөтөлбөрийн шалгуурыг хэмжих үзүүлэлт
Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуурыг дараахь үзүүлэлтээр хэмжинэ:
9.1. Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас хөтөлбөрийн дагуу гаргасан эрх зүйн баримт бичгүүд, түүний хэрэгжилт;
9.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд бизнесийн болон технологийн мэдлэг олгох чиглэлээр зохион байгуулсан сургалт, үзүүлэх сургууль, тэдгээрт хамрагдсан хүний тоо;
9.3. Бүсийн тулгуур төвүүдийн ойролцоо байгуулагдсан загвар болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэж байгаа аж ахуйн нэгж, шинээр бий болсон фермерүүдийн тооны өсөлт;
9.4. Улсын нийт мал сүрэгт өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувийн жин, нэгжээс авах ашиг шимийн өсөлт;
9.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлого болон амьжиргааны түвшингийн өсөлт;
9.6. Мах, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүний өсөлт, махны экспорт болон мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ;
9.7. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт, бууралт, хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг болон иргэдийн санал, гомдлын байдал;
9.8. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд газрыг урт хугацаагаар ашиглуулсан болон эзэмшүүлсэн байдал, түүнчлэн нөхөн сэргээсэн, тарималжуулсан талбай, талхлагдсан газрын багасалт зэрэг газрын төлөв байдлын үзүүлэлт;
9.9. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн гадаад орон, олон улсын байгууллагын төслүүд, түүний үр нөлөө.
 
 
 
 
 
----оОо----