A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.“Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 4.1.7 дахь заалт нэмсүгэй:

“4.1.7. бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх.”

3.“Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийн 1.3. дахь заалтын “төсөв болон зээлийн хүүгийн орлогоос” гэснийг “төсвөөс” гэж; 5.2.3 дахь заалтын “зээлийг олгох оролцогч банк болон” гэснийг “зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулж” гэж тус тус өөрчлөн, мөн дүрмийн 4.1.2 дахь заалтын ”зээлийн хүүгийн орлого” гэснийг, 4.2 дахь заалтын “Сангийн үйл ажиллагааны зардал нь зээлийн хүүгийн орлогын 2 хувиас илүүгүй байна.” гэснийг, 5.1.4 дэх заалтын “оролцогч банк болон” гэснийг тус тус хассугай.

4.Оюутны хөгжлийн зээлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

5.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авсны үндсэн дээр оюутны хөгжлийн зээлийн зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тогтмол бүртгүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

7.Энэ тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА