Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 18-нйы өдрийн 3805 дугаарт бүртгэв.

ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛЫГ ОЛБОРЛОХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

Нэг. Зорилго ба хамрах хүрээ

1.1.Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн байгууламжийг барих, ашиглах болон ашиглалтаас гаргах явцад, түүнчлэн ашиглалтаас гаргасны дараа гарч болзошгүй цацрагийн эрсдэлээс хүн ам болон байгаль орчныг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2.Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах, туршилтын олборлолт, боловсруулалт хийх, тэдгээрт холбогдох барилга байгууламж барих, ашиглах, ашиглалтаас гаргах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд мөрдөнө.

1.3.Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд энэхүү дүрмийг “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Газар доор хүчлээр уусган уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалт”, “Баяжуулах боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” гэх мэт холбогдох дүрмүүдийн нэгэн адил заавал дагаж мөрдөнө.

1.4.Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтаас гарах цацраг идэвхт хаягдалд “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлын менежментийн дүрэм”-ийн дагуу менежмент хийнэ.

1.5.Боловсруулсан, үйлдвэрлэсэн, ачсан, экспортлосон ураны хүдрийн баяжмал буюу шар нунтгийн бүртгэл, тооллого, хяналтыг “Цөмийн материал, ураны хүдрийн баяжмалын бүртгэл, тооллогын журам”-ын дагуу гүйцэтгэнэ.

Хоёр. Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл

2.1.Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтын дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлын менежмент хийх, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх үйл ажиллагааг улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлтэйгөөр явуулна. Зөвшөөрөлд дараах материалыг хавсаргана. Үүнд:

2.1.1.Баталгаажуулсан аюулгүй ажиллагааны хөтөлбөр;

2.1.2.Баталгаажуулсан ашиглалтын үйл ажиллагааны хязгаарлалт ба нөхцөлүүд;

2.1.3.Хүн амын цацрагийн тунгийн хязгаарлалт.

Гурав. Зөвшөөрөл хүссэн өргөдөл

3.1.Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг хэрэгжүүлж, доор дурдсан ажлуудыг эхлэхээс өмнө улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргана. Үүнд:

3.1.1.цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгаа хийх;

3.1.2.цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын барилга, байгууламжийн угсралт;

3.1.3.хаягдлын сангийн далан барих, хаягдлын менежмент хийх булшлах;

3.1.4.туршилтын олборлолт, ашиглалт;

3.1.5.ашиглалт эхлэх;

3.1.6.аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц өөрчлөлт хийх;

3.1.7.байгууламжийг ашиглалтаас гаргах, уурхайг хаах ашиглалтын дараа газар нөхөн сэргээх;

3.1.8.цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг дуусгавар болгох.

3.2. 3.1-т заасны дагуу зөвшөөрөл авахыг хүсэх, олгосон зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг хүссэн өргөдөл гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

3.2.1.Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын барилга, байгууламж, хаягдлын сан барих, туршилтын олборлолт явуулах, зөвшөөрөл хүсэх, мөн зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг хүсэж өргөдөл гаргахдаа:

1)барилга угсралтын үеийн цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр;

2)зураг төсөл;

3)санал болгосон ашиглалтын хязгаар ба нөхцөлүүд;

4)ашиглалтаас гаргах ерөнхий төлөвлөгөө.

3.2.2.Ашиглалт эхлэх зөвшөөрөл хүсэх, мөн зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг хүсэж өргөдөл гаргахдаа:

1)ашиглалтын үеийн цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр;

2)санал болгосон ашиглалтын үйл ажиллагааны хязгаарлалт ба нөхцөлүүд;

3)ашиглалтаас гаргах ерөнхий төлөвлөгөө.

3.2.3.Ашиглалтаас гаргахаас өмнө зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг хүсэж өргөдөл гаргахдаа:

1)цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөө;

2)ашиглалтаас гаргах загварын үндэслэл;

3)ашиглалтаас гаргах эцсийн төлөвлөгөө;

4)ашиглалтаас гаргах үеийн цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр;

5)санал болгосон ашиглалтын үйл ажиллагааны хязгаарлалт ба нөхцөлүүд.

3.2.4.Байгууламжийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц өөрчлөлт хийхээс өмнө зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг хүсэж өргөдөл гаргахдаа:

1)өөрчлөлт оруулсан цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр;

2)ашиглалтын хязгаарлалт ба нөхцөлүүдэд өөрчлөлт оруулах саналын үндэслэл.

3.2.5.Зөвшөөрлийг дуусгавар болгохыг хүсэж өргөдөл гаргахдаа:

1)зөвшөөрлийг дуусгавар болгох үеийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр;

2)ашиглалтаас гаргасны дараах мониторинг, тандалт судалгааны хөтөлбөр.

Түүнчлэн эрх бүхий байгууллагаас хүссэн тохиолдолд аюулгүй ажиллагааны хөтөлбөрт дурдсан нэмэлт баримт бичгийг тус тус бүрдүүлнэ.

Дөрөв. Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах цацрагийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага

4.1.Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгж нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.1.1.Эрх бүхий байгууллагаас олгосон холбогдох зөвшөөрөлгүйгээр туршилтын үйлдвэрлэл, барилга угсралт, ашиглалт, ашиглалтаас гаргах ажлыг эхлүүлэхгүй байх мөн байгууламжийг эзэнгүй орхихгүй байх;

4.1.2.Зөвшөөрөл дуусгавар болох хүртэл байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах, баталгаажуулж, нотлох, түүнчлэн зөвшөөрөл дуусгавар болсны дараа ч гэсэн байгууламж аюулгүй хэвээр байна гэдгийг нотлох;

4.1.3.Ялангуяа туршлага солилцох болон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг ашиглан аюулгүй ажиллагааг тасралтгүй дээшлүүлнэ;

4.1.4.Үндэсний болон олон улсын стандартад заасны дагуу аюулгүй ажиллагааны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг хамгийн түрүүнд анхаарна;

4.1.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэр байгууламжийн аюулгүй байдал алдагдах, ослын горимд шилжих зэрэг нөхцөл байдлаас хамгаалах зорилгоор үйлдвэрлэлийн эрсдэлийн даатгалыг Монгол Улсын үндэсний томоохон даатгалын компанид даатгуулсан байх бөгөөд уг даатгалын компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн даатгалын компанитай давхар даатгалын гэрээтэй байх шаардлагыг хангасан байна;

4.1.6.Зөвшөөрөл дуусгавар болохоос өмнө ашиглалтаас гаргахад шаардагдах бүх үйл ажиллагааны нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд ашиглахад бэлэн байлгана;

4.1.7.Ашиглалтаас гаргасны дараа болон зөвшөөрөл дуусгавар болох хүртэл шаардлагатай нөхөн сэргээлтийн ажилтай холбоотой, мөн Аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн дагуу ажлын талбайд тандалт судалгаа хийхтэй холбоотой үүрэг хэвээр байна;

4.1.8.Бүхий л үйл ажиллагаа, үүний дотор гэрээт гүйцэтгэгчдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь зөвшөөрөл эзэмшигчийн удирдлагын тогтолцооны дагуу явагдаж, хяналтад байна.

4.2.Зөвшөөрөл нь дуусгавар болсон хэдий ч үүргээ бүрэн биелүүлээгүй бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Тав. Удирдлагын тогтолцоо

5.1.Зөвшөөрөл эзэмшигч нь нөхцөл, шаардлагыг хангахын тулд удирдлагын тогтолцоогоо бүрдүүлэн баримтжуулах ба түүнийг хэрэгжүүлэн ажиллаж, хэрэгжилтийг үнэлэн дүгнэж, тасралтгүй сайжруулах ёстой:

5.1.1.эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, чанар, эдийн засгийн шаардлагуудыг аюулгүй ажиллагааны шаардлагаас салгаж авч үзэхгүй байх;

5.1.2.байгууллагын бүх шатанд хувь хүн болон хамт олноороо аюулгүй ажиллагааг тууштай анхаардаг аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлж хөгжүүлэх;

5.1.3.гүйцэтгэсэн ажил нь үе шат тус бүртээ батлагдсан аргачлал, заавар, зураг төсөл, бусад зохих журмын дагуу явагдсан гэдгийг батлах, тодорхой давтамжтайгаар хянадаг байх;

5.1.4.удирдлагын тогтолцоонд хэвийн ашиглалтын нөхцлүүд, ашиглалтын үед үүсч болзошгүй тохиолдлууд болон болзошгүй ослыг хамруулах;

5.1.5.удирдлагын тогтолцоонд байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад оруулах, ашиглалт, ашиглалтаас гаргах болон ашиглалтаас гаргасны дараах үе шатны аюулгүй ажиллагааг анхаарах;

5.1.6.удирдлагын тогтолцоог байнгын үр дүнтэй байлгахын тулд тогтмол хугацаатай хянах.

5.2.Зөвшөөрөл эзэмшигч нь удирдлагын тогтолцоонд дараах зүйлсийг баримтжуулах ёстой:

5.2.1.аюулгүй ажиллагааны бодлого;

5.2.2.зохион байгуулалт, бүтцийн тодорхойлолт;

5.2.3.чиг үүрэг, хариуцлага, эрх мэдлийн түвшин, ажлыг удирдаж, гүйцэтгэж, үнэлж буй хүмүүсийн харилцааны тодорхойлолт;

5.2.4.зөвшөөрөл эзэмшигчийн гэрээт гүйцэтгэгчидтэй харилцах харилцаа, үүний дотор гэрээт гүйцэтгэгчдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналтын тодорхойлолт;

5.2.5.ажлыг хэрхэн бэлтгэх, хэрэгжүүлэх, бүртгэх, үнэлэх, хянах, сайжруулахыг тайлбарласан нэмэлт мэдээлэл болон ажлын аргачлалын тухай тайлбар;

5.2.6.байгууламжийн аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий л мэдлэг, мэдээлэл, өгөгдлийг бүртгэж, хянах, бүртгэлийг хадгалах заалтуудын тодорхойлолт;

5.2.7.зөвшөөрөл дуусгавар болох хүртэл бүх үе шатанд ажилтнуудад мэдлэгийг зохистой дамжуулах тухай заасан заалтуудын тодорхойлолт;

5.2.8.ашиглалтын туршлага ба санал солилцох.

5.3.Байгууллагын цацрагийн удирдлагын хөтөлбөрийг боловсруулахад “Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаанд баримтлах цацрагийн удирдлагын хөтөлбөр боловсруулах зөвлөмж”-ийг ашиглана.

Зургаа. Бүртгэл хөтлөлт ба мэдээллийн хадгалалт

6.1.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад авах, ашиглалт, ашиглалтаас гаргах болон ашиглалтаас гаргасны дараах үе шатанд аюулгүй ажиллагаанд чухал ач холбогдолтой мэдлэг, мэдээлэл, бүртгэлийг зөвшөөрөл дуусгавар болтол бэлэн байлгаж, шинэчилсэн байх ёстой. Үүнд аюулгүй ажиллагааны үнэлгээ болон урт хугацааны бүртгэл, ялангуяа дараах зүйлстэй холбоотой мэдлэг, бүртгэл орно. Үүнд:

6.1.1.Ажлын талбайн онцлог шинж;

6.1.2.Зураг төслийн үндэслэл;

6.1.3.Зураг төсөл;

6.1.4.Байгууламжийн барилга угсралтын явц болон түүний өөрчлөлт;

6.1.5.Ашиглалтын түүх, үүний дотор ашиглалтын үед үүссэн тохиолдлууд болон ослууд;

6.1.6.Ураны хүдрийн баяжмалын бүртгэл тооцоо;

6.1.7.Хүн ам болон байгаль орчны цацрагийн шарлага;

6.1.8.Үүсэн гарсан цацраг идэвхт хаягдлын тоо бүртгэл;

6.1.9.Хаалтын дараах хаягдлын менежментийн системийн төлөв байдал.

6.2.Зөвшөөрөл дуусгавар болоход ажлын талбай болон байгууламжийг ашиглалтаас гаргасан тухай бүртгэл мэдээллийг хууль, дүрэм, стандартын хүрээнд урт хугацаанд тасралтгүй хянаж, хэрэглэхэд боломжтой байлгана.

Долоо. Зохион байгуулалт, бүтэц, хүний нөөц, сургалт

7.1.Зөвшөөрөл эзэмшигч нь:

7.1.1.аюулгүй ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхдээ үүрэг хариуцлага, эрх мэдлийн хүрээ, холбоо харилцааг маш ойлгомжтой байлгах, зохион байгуулалт, бүтцийг бий болгож, баримтжуулсан байх;

7.1.2.холбогдох бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг бий болгож, хадгалахын тулд хүний нөөц, ур чадвар, туршлага, мэдлэгийн нөөц бололцоогоо тодорхойлон баримтжуулж, зохион байгуулалтаа ирээдүйн төлөвлөгөөнийхөө дагуу цаг алдалгүй зохион байгуулан өөрчилж байх;

7.1.3.аюулгүй ажиллагаанд нөлөөлж болох үйл ажиллагаанд оролцож буй бүх ажилтанд тавигдах мэргэжлийн мэдлэг, туршлага, ур чадварын шаардлагыг тодорхойлоx;

7.1.4.ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, хадгалахын тулд, мөн үйл ажиллагаа тус бүрийг эхлэхээс өмнө ажилтнуудыг зохих түвшинд сургаж, бэлтгэх, мөн сургалтын хөтөлбөрийг бий болгон баримтжуулах;

7.1.5.байгууллагын хэмжээнд, аюулгүй ажиллагаа болон бүтээгдэхүүний чанарыг хангахад гэрээт гүйцэтгэгчийн нөөц бололцоо, ур чадвар, дүрэм журам хангалттай эсэхийг үнэлэх чадавхтай байх.

Найм. Байгууламжид тавигдах ерөнхий шаардлагууд

8.1.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь дараах шаардлагуудыг биелүүлэх ёстой:

8.1.1.цацрагийн хамгаалалтын шалгуур зарчмууд, шарлагын тунг аль болох бага байлгах (ALARA) зарчмын дагуу хүн ам болон байгаль орчныг хамгаалах зорилгоор байгууламжийн зураг төслийг зохион барилга угсралт, ашиглалтыг хэрэгжүүлэх, ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргасны дараах тандалт судалгаа явуулах;

8.1.2.байгууламжийг ашиглалтаас гаргасны дараа болон түүний дараа тодорхой хугацаанд хийгдэх байгууллагын идэвхгүй буюу маш бага идэвхтэй хяналтын аргаар аюулгүй байдал хангагдана гэдгийг батлах;

8.1.3.байгууламжийн бүтээн байгуулалт, ашиглалтын болон ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргасны дараах үе шатуудын турш аюулгүй ажиллагаа оновчтой түвшинд хэрэгжсэн гэдгийг батлах;

8.1.4.хаягдлын менежментийн систем нь хэвийн өөрчлөлтийн нөхцөлд байгууламжаас ялгарах хаягдлыг тусгаарлах болон хязгаарлах үүргээ хангаж чадна гэдгийг баталгаажуулах, хаягдлын менежментийн үйл ажиллагаа нь шаардлагатай хугацааны туршид тусгаарлах болон хязгаарлах боломжоор найдвартай хангана гэдгийг тогтоох;

8.1.5.Байгууламжийн аюулгүй ажиллагааг бүрэн хангахуйц хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх;

8.1.6.барилга угсралт, ашиглалт буюу ашиглалтаас гаргах үйл ажиллагаа зэрэг явагдах тохиолдолд хийгдэх ажлууд нь ашиглалтын буюу ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагаанд зөвшөөрөгдөхгүй нөлөөлөл үзүүлэхгүй байхад анхаарах.

Ес. Ажлын талбайн тодорхойлолт

9.1.Зөвшөөрөл эзэмшигч үүний дотор хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч дараах зорилгоор сонгосон ажлын талбайг судалж тодорхойлох хөтөлбөр бэлтгэж, баримтжуулж, хэрэгжүүлнэ:

9.1.1.хамгийн багадаа бүтэн жилийн хугацаанд, эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хоёр хүртэл жилийн хугацаанд ажиглалт хийж, барилга угсралтын өмнөх буюу уурхайн бүтээн байгуулалтын өмнөх ажлын талбай болон байгаль орчны суурь нөхцлүүдийг тогтоох;

9.1.2.байгууламжийн хэвийн нөхцөл, хэвийн өөрчлөлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх;

9.1.3.ажлын талбай болон байгууламжтай холбоотой нөхцөл байдлыг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа, тохиолдлыг таньж тогтоох;

9.1.4.аливаа үйл ажиллагаа болон тохиолдлоос үүдэн аюулгүй ажиллагаанд учруулах нөлөөллийн тухай ойлголтыг сайжруулах.

Арав. Зураг төсөл

10.1.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь ашиглалтын үйл ажиллагааны хэвийн нөхцөл, ашиглалтын үед үүсч болзошгүй хэвийн бус тохиолдол, болзошгүй ослын тохиолдол зэргийг харгалзан байгууламжийн зураг төслийн үндэслэлийг тогтоож, баримтжуулна.

10.2.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь байгууламжийн зураг төслийг дараах шаардлагуудын дагуу гаргана:

10.2.1.ашиглалтын үеийн болон ашиглалтаас гаргасны дараах ажлын талбайн аюулгүй ажиллагаа болон нөхөн сэргээлт хийхдээ сонгосон ажлын талбайн техник технологийн боломжуудын үндэслэл, онцлог шинжүүд, ашиглалтаас гаргасны дараах байгууламжийн хэвийн өөрчлөлтийн нөхцөл, ашиглалтаас гаргасны дараах байгууламжийн хэвийн хувьсал өөрчлөлтийн нөхцөл байдлыг алдагдуулж болзошгүй тохиолдлууд, хаягдлын менежментийн байгууламжид цуглуулах хаягдлын онцлог шинж зэргийг харгалзсан байх;

10.2.2.ашиглалт болон ашиглалтаас гаргасны дараах үе шатанд хүн ам болон байгаль орчны цацрагийн шарлагыг хянаж, цацраг идэвхт материалыг тусгаарласан байх;

10.2.3.инженерийн бүрэлдэхүүн хэсгүүд нь өөр хоорондоо болон хаягдал болон түүнийг агуулагч байгаль орчинтой физик, химийн хувьд хангалттай түвшинд зохицсон байх;

10.2.4.аюулгүй ажиллагаанд чухал ач холбогдолтой барилга байгууламж, системийн засвар үйлчилгээ, сорилт, хяналт шалгалт, мониторинг хийх нөхцөлөөр хангагдсан байх;

10.2.5.цацрагийн болон байгаль орчны хяналтын зохицуулалтыг хангалттай хэмжээнд бий болгосон байх;

10.2.6.цацрагийн хамгаалалтыг хангах, засвар үйлчилгээ болон хяналт шалгалт хийхэд дөхөм болгох, ашиглалтын үед үүсч болзошгүй тохиолдлууд, болзошгүй ослын тохиолдлууд үүсэх магадлал болон үр дагаврыг аль болох багасгахад чиглэсэн тоног төхөөрөмжүүдийг байгууламж дээр бэлэн байлгах.

Арван нэг. Мэдээлэл цуглуулах ба мониторинг

11.1.Зөвшөөрөл эзэмшигч нь туршилтын үйлдвэрлэл эсвэл барилга угсралтыг эхлүүлэхээс өмнө цацрагийн хяналтын хөтөлбөрийг боловсруулах, байгууламжийн хүн ам, байгаль орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийг үнэлэх зорилгоор байгаль орчны суурь судалгаа хийж, баримтжуулна.

11.2.Зөвшөөрөл эзэмшигч нь барилга угсралтыг эхлүүлэхээс өмнө барилга угсрах, ашиглалтад авах, ашиглах, ашиглалтаас гаргах болон шаардлагатай бол ашиглалтаас гаргасны дараах үе шатанд хэрэгжүүлэх системтэй мониторингийн хөтөлбөрийг боловсруулж, нэмэлт өөрчлөлт оруулж, баримтжуулна.

11.3.Зөвшөөрөл эзэмшигч нь мониторингийн хөтөлбөрт дараах зүйлүүдийг анхаарвал зохино:

11.3.1.хүн ам, байгаль орчныг хамгаалах;

11.3.2.хууль дүрмийн шаардлага, зөвшөөрлийн нөхцөлүүдийг хэрэгжүүлж байгаагаа нотлон харуулах;

11.3.3.байгууламжийн үйл ажиллагаа нь аюулгүй ажиллагааны хөтөлбөртэй нийцэж буйг баталгаажуулах;

11.3.4.байгаль орчны нөхцөлүүд болон байгууламжийн үйл ажиллагааны талаар ойлголт өгөх;

11.3.5.мониторингийн хөтөлбөр, ашиглалтын хэвийн үйл ажиллагаа болон ослын үеийн байдалтай холбоотой гаргах шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг олж авах;

11.3.6.ашиглалтаас гаргасны дараах мониторинг болон тандалт судалгааны хөтөлбөрт зориулсан суурь мэдээллээр хангах;

11.3.7.тунгийн үнэлгээ хийх.

11.2.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууллагын цацрагийн дотоод хяналт, шинжилгээний төлөвлөгөөтэй байх ба тус төлөвлөгөөг боловсруулахад “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн дотоод хяналт, шинжилгээний төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”-ийг ашиглана.

Арван хоёр. Аюулгүй ажиллагааны үнэлгээ

12.1.Зөвшөөрөл эзэмшигч нь барилга угсралт, ашиглалт, ашиглалтаас гаргах болон ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны үнэлгээ хийж, баримтжуулна:

12.1.1.барилга угсралт, ашиглалт, ашиглалтаас гаргах үеийн аюулгүй ажиллагааны үнэлгээ хийхдээ дараах зүйлсийг авч үзнэ. Үүнд: хэвийн ашиглалт, ашиглалтын үед гарч болзошгүй осол, зөрчлийн тохиолдлууд, болзошгүй ослоос үүдэлтэй мэргэжлийн шарлага болон хүн амын цацрагийн шарлага;

12.1.2.ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны үнэлгээнд дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд: хаягдлын менежментийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа, тохиолдол, онцлог үйл явдлыг тооцсон нөхцөл байдлын дүн шинжилгээ.

12.2.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь хүн ам, байгаль орчинд хор уршиг учруулахаас өмнө урьдчилан сэргийлэх, даван гарах арга хэмжээнүүдийг багтаасан хэд хэдэн давхар хамгаалалтын системтэй байх бөгөөд түүнийг аюулгүй ажиллагааны үнэлгээгээр баталгаажуулах ёстой. Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь аюулгүй ажиллагааны хөтөлбөрт аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх хугацаа, давтамж, үндэслэлийг тодорхой тусгасан байна.

Арван гурав. Аюулгүй ажиллагааны хөтөлбөр

13.1.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэгч] нь дараах шаардлагуудыг хангахын тулд байгууламжийн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан баримтжуулж, шаардлагатай үед нэмэлт өөрчлөлт оруулна:

13.1.1.ашиглалт, ашиглалтаас гаргах болон ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны шаардлагууд, ажилчид, хүн ам, байгаль орчны аюулгүй байдлыг хангах;

13.1.2.зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, хаалт,хаалтын дараах үйл ажиллагаа, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагааны техникийн үндэслэлийн үнэлгээг шилдэг туршлагын дагуу гүйцэтгэсэн байх;

13.1.3.ашиглалт, ашиглалтаас гаргах болон ашиглалтаас гаргасны дараах үе шатны аюулгүй ажиллагааны үнэлгээ, байгууламж болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагаа болон ашиглалтын найдвартай байдлыг үнэлсэн үнэлгээг харгалзан үзсэн байх;

13.1.4.ирээдүйд тохиолдох хүний хүчин зүйл, үүний дотор хүн амын суурьшил нэмэгдэх нөхцлийг харгалзан үзсэн байх;

13.1.5.аюулгүй ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг бүрэн авч үзэх, тэдгээрийн нөлөөллийн хэмжээг хангалттай хэмжээнд тодорхойлох;

13.1.6.тодорхойгүй байдлыг бүрэн тооцсон байх;

13.1.7.зэрэглэсэн хандлагын зарчмыг хэрэгжүүлсэн байх;

13.1.8.аюулгүй ажиллагааны хөтөлбөр болон бусад баримт бичгийн өөрчлөлтүүдийг хянах боломжоор хангасан байх;

13.1.9.нэмэлт баримт бичиг болон хэвлэмэл материалыг зохих ёсоор эшэлсэн байх.

13.2.Энэхүү дүрэмд нийцүүлэн боловсруулсан аюулгүй ажиллагааны хөтөлбөр нь дараах агуулгатай байна:

13.2.1.оршил;

13.2.2.ерөнхий мэдээлэл;

13.2.3.удирдлагын тогтолцоо;

13.2.4.ажлын талбай ба байгаль орчин;

13.2.5.байгууламжийн тодорхойлолт;

13.2.6.аюулгүй ажиллагааны үнэлгээ;

13.2.7.ердийн нөхцөлд байгууламжаас агаарт хаягдах цацраг идэвхт хаягдал;

13.2.8.ердийн нөхцөлд байгууламжаас гадагшлах шингэн цацраг идэвхт хаягдал;

13.2.9.байгууламжаас гарах цацраг идэвхт хатуу хаягдлын менежмент;

13.2.10.ашиглалтын хязгаарлалт ба нөхцөлүүд;

13.2.11.ажилчдыг цацрагаас хамгаалах;

13.2.12.цацраг идэвхт хаягдлын төлөвлөгдөөгүй алдагдал;

13.2.13.ажлын талбай дээрх болон ажлын талбайн гадна болзошгүй ослын үеийн төлөвлөгөө;

13.2.14.мониторинг;

13.2.15.аюулгүй байдал;

13.2.16.хянаж, шинэчлэх.

13.3.Аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үеийн цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр боловсруулах зөвлөмж”-ийг ашиглана.

13.4.Цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулахад “Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааны хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”-ийг ашиглана.

Арван дөрөв. Барилга угсралт

14.1.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууламжийг барихдаа дараах нөхцөлүүдийг хангасан байна:

14.1.1.зөвшөөрөл, зураг төсөл, аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн дагуу, боломжтой хамгийн сайн арга техникийг хэрэглэх;

14.1.2.ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны чиг үүргийг хадгалахуйц байх.

14.2.Зөвшөөрөл эзэмшигч нь дараах зүйлсийг үнэлэхийн тулд барилга угсралтын явцад мониторинг, тандалт судалгаа явуулж мэдээлэл бүрдүүлнэ:

14.2.1.хүн ам, гадаад орчны цацрагийн шарлага;

14.2.2.тухайн орчны бодит шинж чанар;

14.2.3.тухайн орчноос байгууламжид үзүүлэх хариу үйлдэл.

14.3.Зөвшөөрөл эзэмшигч нь зураг төсөл, барилга угсралтын явц, аргачлалын ямар нэгэн өөрчлөлтийг төлөвлөж, үнэлж, баримтжуулж, хэрэгжүүлэхдээ тухайн өөрчлөлтийн зүгээс аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэх зохицуулалтыг ашиглана. Эдгээр зохицуулалт нь тухайн өөрчлөлтүүд ашиглалтын болон ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагаанд үл зөвшөөрөгдөх нөлөөлөл үзүүлэхгүй байх явдлыг хангана.

14.4.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууламжийг аюулгүй барьж угсрах, хаягдлыг аюулгүй төлөвт байлгах, ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахуйц ашиглалтын хязгаарлалт болон нөхцөлүүдийг тогтоож, баримтжуулна.

Арван тав. Ашиглалт (үүнд туршилтын үйлдвэрлэл мөн хамаарна)

15.1.Зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үе шатанд аюулгүй ажиллагааг хангаж, аюулгүй ажиллагааны хөтөлбөрт тусгасан ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны чиг үүргийг тогтоож, хадгалахын тулд зөвшөөрөл болон холбогдох дүрэм журмын шаардлагад заасан нөхцөлүүдийн дагуу байгууламжийг ажиллуулах болон туршилтын үйлдвэрлэлийг явуулна.

15.2.Зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үед үүсч болзошгүй тохиолдлууд болон болзошгүй ослын тохиолдлуудыг илрүүлж, хариу арга хэмжээ авах зохицуулалт бий болгож, хэрэгжүүлнэ. Тэдгээр нь ашиглалтын болон ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.

15.3.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууламжийн аюулгүй байдлыг хангах, ураны хүдрийн баяжмал алдагдах болон ураны хүдрийн баяжмалыг зөвшөөрөлгүй авахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

15.4.Зөвшөөрөл эзэмшигч нь дараах зүйлсийг үнэлэхийн тулд ашиглалтын явцад мэдээлэл цуглуулах ба үүний тулд хяналт, тандан судалгааг эхлүүлж, үргэлжлүүлнэ:

15.4.1.хүн ам, гадаад орчны цацрагийн шарлага;

15.4.2.тухайн орчны бодит шинж чанар;

15.4.3.тухайн орчноос байгууламжид үзүүлэх нөлөөлөл.

15.5.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууламжийг аюулгүй ажиллуулах, ашиглалтын явцад байгууламжийг аюулгүй байдалд байлгах, ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангах ашиглалтын хязгаарлалт болон нөхцөлүүдийг тогтоож, баримтжуулж, хэрэгжүүлнэ.

15.6.Зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үе шат эхлэхээс өмнө ашиглалтаас гаргах болон ашиглалтаас гаргасны дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хянуулна.

15.7.Байгууламж, ашиглалтын хязгаарлалт ба нөхцөлүүд, ашиглалтын горим болон аргачлалын ямар нэгэн өөрчлөлтийг төлөвлөж, үнэлж, баримтжуулж, хэрэгжүүлэхдээ тухайн өөрчлөлт аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэх зохицуулалтуудыг ашиглах бөгөөд эдгээр зохицуулалт нь тухайн өөрчлөлтүүд ашиглалтын болон ашиглалтаас гаргасны дараах аюулгүй ажиллагаанд үл зөвшөөрөгдөх нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг хангасан байна. Байгууламж болон түүний үйл ажиллагаанд аливаа томоохон өөрчлөлт оруулах тохиолдолд зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулна.

Арван зургаа. Байгууламжийн ашиглалтын үеийн туршлага

16.1.Зөвшөөрөл эзэмшигч нь удирдлагын тогтолцооныхоо хүрээнд зөвшөөрөл дуусгавар болох хүртэл хугацаанд байгууламжийн бүтээн байгуулалт болон ашиглалтын бүх үе шатны аюулгүй ажиллагаанд чухал ач холбогдолтой туршлагыг системтэй цуглуулан, шүүж, шинжилж, баримтжуулахын тулд туршлага солилцох хөтөлбөр бий болгож, баримтжуулан, нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлнэ.

16.2.Энэхүү туршлага солилцох хөтөлбөрт ашиглалтын үеийн болон хаалтын дараах үеийн аюулгүй ажиллагааны чухал асуудлуудыг оруулна. Энэ мэдээллийг аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа болон үйлдлээс сэргийлэх, мөн барилга угсралтын зураг төсөл, загвар, шаардлагатай бол байгууламжийн ажиллагааг сайжруулахад ашиглана.

Арван долоо. Тайлагнах

17.1.Зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий байгууллагад тухайн жилийн байгууламжийн үйл ажиллагааны тайланг дараа жилийн I улиралд багтаан гаргаж өгөх ёстой бөгөөд тайландаа дараах мэдээллийг тусгана:

17.1.1.байгаль орчинд нийлүүлэх цацраг идэвхт хаягдал;

17.1.2.байгаль орчин ба хаягдлын эх үүсвэрийн хяналтын үр дүн;

17.1.3.ажиллах орчны цацраг идэвхт бохирдол;

17.1.4.ажилчид болон хүн амын авсан тун;

17.1.5.цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийн баяжмалын үйлдвэрлэл болон борлуулалт, шилжүүлэлт, тоо хэмжээ;

17.1.6.үйлдвэрлэлээс гарсан, менежмент хийгдсэн, цуглуулсан цацраг идэвхт хаягдал;

17.1.7.байгууламжид оруулсан өөрчлөлт.

17.2.Зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц гарсан осол болон түүний тохиолдлууд, мөн цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийн баяжмал алдагдсан болон хулгайлагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлнэ.

Арван найм. Засвар үйлчилгээ, арчилгаа, үзлэг шалгалт

18.1.Зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламж, систем, бүрэлдэхүүн хэсгүүд ашиглалтын болон хаалтын дараах аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу ажиллах боломжтой болохыг нягтлах, баталгаажуулахын тулд бичмэл заавар дээр суурилан засвар үйлчилгээ, арчилгаа, давтамжит хэмжилт, үзлэг шалгалтын хөтөлбөр боловсруулан, баримтжуулж, хэрэгжүүлнэ.

18.2.Зөвшөөрөл эзэмшигч нь аюулгүй ажиллагаанд чухал ач холбогдолтой засвар үйлчилгээ, давтамжит туршилт, үзлэг шалгалтын үр дүнг бүртгэж, үнэлгээ өгнө. Эдгээр үр дүнг ашиглан байгууламжийн загвар, барилга угсралт, ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг хянаж, ашиглалтын дараах аюулгүй ажиллагаанд үзүүлэх аливаа нөлөөллийг нь тогтооно.

18.3.Засвар үйлчилгээ, давтамжит туршилт, үзлэг шалгалтын хөтөлбөрийг тогтмол хугацаанд хянаж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулна.

Арван ес. Ослын үеийн бэлэн байдал

19.1.Зөвшөөрөл эзэмшигч [хэрэв зөвшөөрөл олгогдоогүй байгаа бол зөвшөөрөл хүсэх] нь ажилчид болон хүн амыг хамгаалах зорилгоор болзошгүй ослын үед хариу арга хэмжээ авах талаар ажлын талбай дээрх ослын үеийн төлөвлөгөө боловсруулан, баримтжуулж, хэрэгжүүлнэ.

19.2.Энэхүү ослын үеийн төлөвлөгөө нь болзошгүй ослын үр дагавартай шууд хамааралтай байх бөгөөд дараах арга хэмжээг тусгана:

19.2.1.ослын үед байгууламжийн үйл ажиллагааг хэвийн болгох;

19.2.2.ослоос шалтгаалан бий болох бусад үр дагавраас сэргийлэх буюу бууруулах.

19.3.Зөвшөөрөл эзэмшигч нь ослын үеийн төлөвлөлт хийх зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

19.3.1.үүрэг хариуцлага, эрх мэдлийг тодорхой хуваарилсан зохион байгуулалт, бүтцийг бий болгож, хэрэгжүүлэх;

19.3.2.ажлын талбай дээрх ослын үеийн төлөвлөгөөнд үндэслэн ослын үед голомтод ажиллагчдыг хянахад шаардагдах мэргэшсэн боловсон хүчин, тоног төхөөрөмжийг шаардлагатай үед бэлэн байлгах;

19.3.3.зөвшөөрөл эзэмшигч ажлын талбайн гаднах ослын үеийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх талаар мэдээлэл, тайлбар, тодруулга өгөх;

19.3.4.ослын үеийн бүх үе шатанд хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулах, ослын үед хариу арга хэмжээ авах эрх үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах зэрэгт шаардлагатай зохицуулалтыг хийх.

19.4.Зөвшөөрөл эзэмшигч нь тогтмол хугацаанд ослын үеийн дасгал сургуулилалт хийх бөгөөд зарим дасгал сургуулилалт дээр эрх бүхий байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.

19.5.Дасгал сургуулилтад шаардлагатай бол ослын үед хариу арга хэмжээ авах гадны байгууллагуудаас оролцуулна.

19.6.Ажлын талбай дээрх хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг олж авсан туршлага дээрээ үндэслэн хянаж, шинэчилж байх ёстой.

19.7.Ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үед ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”-ийг ашиглана.

Хорь. Хаалт буюу ашиглалтаас гаргах

20.1.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууламжийг ашиглалтаас гаргахдаа хаалтын дараах шаардагдах аюулгүй ажиллагааны чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

20.2.Зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтаас гаргасны дараа үүсч болох нөхцөл байдлыг урьдчилан тооцож, байгууламжийг ашиглалтаас гаргах зураг төслийн үндэслэлийг тогтоож, баримтжуулна.

20.3.Зөвшөөрөл эзэмшигч нь зураг төслийн үе шатанд хаалтын үеийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, баримтжуулж, үйлдвэрлэл эхлэхээс өмнө болон ашиглалтын явцад 3 жилийн хугацаатайгаар эсвэл ажлын талбайн нөхцөл буюу байгууламж мэдэгдэхүйц өөрчлөгдсөн эсвэл хууль эрх зүйн шаардлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан тохиолдолд илүү ойр давтамжтайгаар хянах бөгөөд үйл ажиллагаа дуусахаас 5-аас доошгүй жилийн өмнө эрх бүхий хяналтын байгууллагад илгээж эцсийн төлөвлөгөөг хянуулан батлуулна.

20.4.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууламжийг ашиглалтаас гаргахдаа хаалтын төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгасан байна:

20.4.1.ажлын талбай болон үйл ажиллагааны тухай тайлбар (ажлын талбайн тодорхойлолт);

20.4.2.зөвшөөрөл ба хууль, эрх зүйн үндэслэл;

20.4.3.сонирхогч талын оролцоо;

20.4.4.эцсийн төлөв байдал, ашиглалтаас гаргах зорилт, ашиглалтын дараах гэсэн нэр томьёоны тодорхойлолт;

20.4.5.шаардлагатай эцсийн төлөв байдалд хүрэхийн тулд харгалзан үзсэн хувилбарууд;

20.4.6.ашиглалтаас гаргах үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө;

20.4.7.зэрэгцээ нөхөн сэргээлтийн арга хэмжээ;

20.4.8.хугацаанаас өмнө ашиглалтаас гаргах заалт;

20.4.9.туршилт, судалгаа;

20.4.10.ашиглалтаас гаргах үеийн болон ашиглалтаас гаргасны дараах мониторинг, тандалт судалгаа;

20.4.11.зөвшөөрлөөс татгалзах ба зөвшөөрөл дуусгавар болох;

20.4.12.ашиглалтаас гаргасны дараах ажиллагаа;

20.4.13.ашиглалтаас гаргах үеийн ба ашиглалтаас гаргасны дараах зардлын тооцоо;

20.4.14.төсөөлөл ба тодорхойгүй байдлын хураангуй.

20.5.Зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтаас гаргах ерөнхий болон эцсийн төлөвлөгөөг боловсруулахдаа “Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах байгууламж, тэдгээртэй холбоотой бусад байгууламжийн хаалтын ерөнхий ба эцсийн төлөвлөгөө болон өртгийн тооцоо боловсруулах зөвлөмж”-ийг ашиглана.

20.6.Зөвшөөрөл эзэмшигч нь хаалтын үйл ажиллагааны явцад аюулгүй ажиллагааг хангах бөгөөд хаалтын дараах хэвийн нөхцөл байдал, аюулгүй байдлыг хангах шаардлага, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлсон байна.

20.7.Зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтаас гаргах үйл ажиллагаа, аргачлалын ямар нэгэн өөрчлөлтийг төлөвлөн, үнэлж, баримтжуулан, хэрэгжүүлэхдээ тухайн өөрчлөлтийн аюулгүй ажиллагааны ач холбогдолд нийцэх зохицуулалтуудыг ашиглана.

20.8.Ашиглалт болон хаалтын дараах цацрагийн аюулгүй байдалд нөлөөлөх аливаа өөрчлөлтийг хаалтын арга хэмжээнд оруулахдаа зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулна.

Хорин нэг. Ашиглалтаас гаргасны дараах үе шат ба хяналтаас чөлөөлөгдөх

21.1.Зөвшөөрөл эзэмшигч нь хаалтын дараа зөвшөөрөл дуусгавар болох хүртэл хаалтын дараах хяналт болон тандан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

21.2.Тухайн хяналт буюу тандан судалгаагаар нөхөн сэргээх арга хэмжээ авах шаардлагатай болох нь тогтоогдвол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөлд заасны дагуу тус арга хэмжээг хэрэгжүүлнэ.

21.3.Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлөө дуусгавар болгохын тулд аливаа хяналт, тандан судалгааны хөтөлбөрийн үр дүнг аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн агуулгатай нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагад хангалттай түвшинд нотлох, газар ашиглалтад хязгаарлалт тавихыг санал болгох, зөвшөөрлөөс хойших үе шатанд тохиромжтой гэж үзсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлэх арга замыг санал болгож, үндэслэл гаргана.

21.4.Үйлдвэр, уурхайг хаасны дараах арга хэмжээнд зарцуулах хангалттай хэмжээний санхүүгийн нөөцийг төрийн дансанд байршуулна.

21.5.Оператор компани нь үйлдвэр, уурхайг хаасны дараах мониторинг, арчилгааны үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхөөс өмнө холбогдох эрх бүхий байгууллагад цацрагийн болон байгаль орчны хяналтын эцсийн тайлан ба хаалтыг дүрэм стандартын шаардлагад нийцүүлэн бүрэн гүйцэтгэсэн тайланг холбогдох баримт бичгүүдийн хамт гаргаж өгнө.

21.6.Уурхай болон боловсруулах үйлдвэрийг хаасны дараа болон оператор компани нь үүргээ хангалттай гүйцэтгэсэн нь баталгаажсаны дараа эрх бүхий байгууллага нь оператор компанийн үүргийг “байгууллагын хяналт” хийх эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. /Байгууллагын хяналт гэж уурхай болон нөхөн сэргээсэн талбай, хаягдлын далангийн нөхөн сэргээлт зэргийг удаан хугацааны туршид хянах, арчлах эрх авсан байгууллагын хяналт, үнэлгээ, арчилгааны үйл ажиллагааг хэлнэ/.

21.7.Байгууллагын хяналтыг гүйцэтгэх боломжит субъект нь төрийн байгууллага байж болно. Хяналтын тогтолцоонд энэхүү үүргийг шилжүүлэх зохицуулалтыг тодорхой тусгасан байна.

21.8.Энэхүү зохицуулалт нь байгууллагын хяналтыг тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүгээр хангах асуудлыг агуулсан байна.

21.9.Эрх бүхий байгууллага нь уурхай болон боловсруулах үйлдвэрийн нөлөө орсон газрыг ирээдүйд худалдан авах байгууллага, иргэнд зөвлөгөө өгнө. Зөвлөгөө нь дараах мэдээллийг агуулсан байна:

21.9.1.цацраг идэвхт материалын шинж чанар ба нөлөөлөлд орсон талбайн хэмжээ;

21.9.2.тус газрыг ашиглахад тавих шаардлагууд, хориглох зүйлс;

21.9.3.хэмжилт шинжилгээ, хяналт ба засвар үйлчилгээ хийх хэрэгцээ, шаардлага.

21.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус газрын худалдан авагчид дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгнө. Энэхүү үйл ажиллагааг холбогдох хяналтын байгууллага хянаж баталгаажуулна.

21.11.“Байгууллагын хяналт”-ын зохион байгуулалт, зохицуулалт ба үйл ажиллагаа нь тодорхой байна.

21.12.Энэхүү хяналт нь идэвхтэй (хяналт, шалгалт ба засвар үйлчилгээ, нөхөн сэргээх ажил, тор татах гэх мэт) ба идэвхгүй (газар ашиглалтыг хянах, анхааруулах санамж тэмдэг байрлуулах гэх мэт) гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

21.13.Хаалтын загварын боломжит хувилбаруудад, байгууллагын хяналт хийх шаардлагууд, зохион байгуулалтыг тусгасан байна.

21.14.Загвар гаргахдаа байгууллагын идэвхтэй хяналтын хэрэгцээ шаардлага аль болох бага байхаар тооцоолно.

21.15.Ирээдүйд боломжит хугацааны туршид хүний эрүүл мэнд,байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хийсэн аюулгүй ажиллагааны үнэлгээнд үндэслэн хөтөлбөрийг боловсруулна.

21.16.Зөвшөөрөл эзэмшигч нь байгууллагын хяналтын хөтөлбөр болон түүнийг зохион байгуулах хугацааг тодорхойлох бөгөөд холбогдох хяналтын байгууллагаар батлуулна.

21.17.Хүний нөлөөлөл, инженерийн бүтцийн алдаа дутагдал болон байгалийн үзэгдлийг аюулгүй ажиллагааны үнэлгээнд тусгана.

21.18.“Байгууллагын хяналт”-ын хөтөлбөрийн хэсэг болох хаагдсан байгууламжийн байрлал, үзүүлэлтүүд, тус газрын ашиглалтын хязгаарлалт, хэрэгжиж буй хяналт засвар арчилгааны тайланг хууль, дүрмийн дагуу гаргана.

21.19.Холбогдох хяналтын байгууллагаас хяналт болон засвар арчилгааны үр дүнг харгалзан хяналтыг дуусгах ба түүний бүрэлдэхүүн хэсгийг өөрчлөх асуудлыг зохицуулна.

21.20.Талбайн мэдээлэл, холбогдох байгууллагын хяналт, тус хяналтын хэрэгцээ шаардлага, үндэслэл нь хэвлэгдсэн байх ба хүн амд нээлттэй байна.